Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/770

 

2022           07          29                                 2022/ШЦТ/770

 

 

 

                        

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Хохирогч Д.А,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Тд холбогдох эрүүгийн 2209009500827 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ........... тоотод байх хохирогч Д.Аийн тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс авч 524,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 572 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209009500827 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 04-08 дугаар тал),

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 09-11 дүгээр тал),

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 15-16, 19-20 дугаар тал),

            -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

            -Яллагдагч Х.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгчийн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.

            Хохирогч Д.А шүүх хуралдаанд “...Нөүтбүүкийг эвдэж арыг нь салгаж байгаад эд зүйлийг нь авсан байсан. Хэвийн ажиллагаатай болгочихвол гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлгийг гаргаж хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй бол,

Шүүгдэгч Х.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ............ тоотод байх хохирогч Д.Аийн тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс авч 524,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-08 дугаар тал),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-11 дүгээр тал),

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Хохирогч Д.Аийн “...Тэгсэн өнөөдөр 14 цагийн үед 30 орчим насны нэг залуу манай амбаарыг онгойлгоод ороод гарч ирэхээр нь би барьж аваад цагдаа дуудсан. ...хаалгыг нь модоор даруулаад хадчихсан байсан. Тэгсэн чинь чимээ гарахаар нь би буугаад очсон чинь доод талаар нь ханз татаад орчихсон байсан. ...нөүтбүүкийг задлаад хард диск, Дивиди рам хоёрыг нь салгаад цүнхэндээ хийчихсэн байсан. ...нөүтбүүкийг хойд талаар нь ханз татаад тэр хоёрыг аваад цүнхэндээ хийчихсэн байсан ...хашааны дунд хэсэгт байх модон амбаараас эрэгтэй хүн гараад ирсэн. Би түүнээс амбаараас юу авсан талаар асуухад өөрөө цүнхнээсээ нөүтбүүкийн хард, рам 2 гаргаж ирсэн. Түүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19-20 дугаар тал),

-Яллагдагч Х.Тгийн “...би 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй хашаанд байсан амбаарт ороход дотор нь хуучин хүн ашиглаж байсан эд зүйлс байсан. Би 1 ширхэг рам, хард 2 аваад гарахдаа үүдэнд нь эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн намайг яаж байгаа юм гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Х.Т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн тусгайлан хамгаалсан обьект болох хашаа, амбаар луу хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдснийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн хангажээ.

Тиймээс шүүгдэгч Х.Тг “бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч Д.Аийн хулгайд алдсан хард, рам 524,400 төгрөгөөр (хавтаст хэргийн 31-32 дугаар тал) үнэлснийг оролцогчдод танилцуулжээ.

 

Хохирогч Д.А өөрийн хард, рамыг биет байдлаар буцаан авсан болох нь “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” (хавтаст хэргийн 33 дугаар тал)-ээр нотлогдож байх тул хохирогч Д.Ат гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч Д.А “хэвийн ажиллагаатай нөүтбүүк байсныг задлаад эвдчихсэн байсан. Тиймээс буцаагаад хэвийн ажиллагаатай болгож засварлуулахад тодорхой зардал гарна. Хэдэн төгрөгөөр засагдахыг мэдэхгүй. Энэ хүн нөүтбүүкийг маань хэвийн ажиллагаатай болгоод өгчихвөл өөр санал гомдол байхгүй” гэх мэдүүлгээс хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг нэхэмжилж байна гэж үзэх үндэслэлтэй тул эд зүйлээ засварлуулахад зарцуулагдсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Тгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг “2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол шүүгдэгч “хохирогчийн нэхэмжлэх мөнгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д.А гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН