| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2018/00485/и |
| Дугаар | 506 |
| Огноо | 2018-07-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 19-26 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ74121309, О овогт Г-ын О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 19-26 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ69071016, Х овогт Ж-ийн Ц-эд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Ж.Ц, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр Ж.Ц-тэй 1993 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1994 оны 9 дүгээр сарын 06-нд хүү Ц.Ж, 1997 оны 2 дугаар сарын 20-нд хүү Ц.У, 2001 оны 10 дугаар сарын 05-нд хүү Ц.О, 2004 оны 12 дугаар сарын 22-нд хүү Ц.Б, 2007 оны 5 дугаар сарын 27-нд охин Ц.О нар төрсөн. Нөхөртэйгээ хамт амьдрах хугацаанд үл ойлголцол байнга гарч, байнгын хэрүүл маргаантай байсан. Мөн намайг зодсоны улмаас цагдаагийн байгууллагаар шалгагдаж, шүүхээр хүртэл орж байсан. Миний бие нь бүдүүн гэдэсний хагалгаанд орсон, байнгын зовиуртай байдаг, амьдралынхаа үлдсэн хугацаанд амар тайван баймаар байна. Ж.Ц-тэй үзэл бодол, зан харилцааны зөрүүтэй байдлаас шалтгаалан цаашид хамтран амьдрах сонирхол алинд нь ч байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дундын өмчлөлийн маргаан байхгүй, мөн хүүхдүүдээ өөрийнхөө асрамжидаа авахтай холбогдуулан тэтгэлэг шаардахгүй” гэв.
Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний эхнэр Г.О-ийн хамт 25 жилийх хамт амьдарсан. Энэ хүү хугацаанд 4 хүү, 1 охинтой болсон. Хамтарч амьдрах сүүлийн 3 жилийн хугацаанд өрх гэрийн талаар санал гарахад үл ойлголцол байнга гарч, хэрүүл маргаан ихсэх болсон нь үнэн. Г.О-ийн гэрлэлтээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрч байгаа ч дарааах нөхцөл, саналууд байна. Үүнд: Ц.Б Ц.О нар ээжтэйгээ хамт амьдрах нь сэтгэл санаа болон хайр халамжийн хувьд илүү байна гэж үзээд хүүхдүүд зөвшөөрвөл ээжтэйгээ хамт амьдрахыг зөвшөөрч байна. Тусдаа амьдрах орон байр, санхүү мөнгөний асуудлаа шийдтэл өөрөө болон хүүхдүүдийнхээ хамт гэртээ байхыг зөвшөөрч байна. Би 2 хүүхэдтэйгээ дуртай өдөртөө утсаар ярих бас тэд надтай ярих зуны амралтаараа гэртээ ирж амрахыг зөвшөөрч байна. Мөн би өөрийн санхүү мөнгөний боломжоороо хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, ирэх очих унааны зардлыг би хариуцах болно. Мөн дээд сургуульд сургах сургалтын төлбөрийг төлөхөд боломжоороо тусална. Г.О-ийн бие гэнэт муудах, амьдрах орчин муудвал гэртээ ирэхийг зөвшөөрч байна. Г.О тусдаа амьдрах хугацаандаа гэрлэлтээ дахин сэргээлгэх хамтарч амьдрах санал тавибал би хүлээж авах болно. Доорх онцгой нөхцөлийг санал болгож байна. Хэрэв хүүхдүүд надтай утсаар ярих, амралтаар явуулахгүй байх, миний талааар муугаар тайлбарлан яривал хүүхдүүдийн болон миний эрх зөрчсөн гэж үзээд шүүхэд мэдүүлэх болно. Г.О нь хагалгаа эмчилгээнд орвол санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Бие нь эрс муудвал гэртээ авч ирээд өөрийн биеэрээ асран хамгаалах болно. Хэрэв миний бие гэнэтийн шалтгаан, өвчний улмаас нас барвал Ц.О, Ц.Б хоёрт хөрөнгөө хуваан өгөх болно. Г.О нь тусдаа амьдрах хугацаандаа өөр нөхөртэй болбол 2 хүүхдээ өөр дээрээ авна. Бас дээр дурдсан нөхцөлүүд хэрэгсэхгүй болно. Ямар нэгэн шалтгаанаар буюу жишээ нь хүүхдийн бие муудах гэх мэт шалтгаанаар хэн нэгэн нь утсаар залгахад ажилтай байгаад аваагүй бол дараа нь залгавал авах ёстой. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамжийн талаарх маргаан бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ж.Ц-эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Г.О, Ж.Ц нар 1993 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болж, 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 1994 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ц.Ж, 1997 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүү Ц.У, 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Ц.О, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Ц.Б, 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдөр охин Ц.Отгонцэцэг нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцаа болон гэр бүлийн хүчирхийлэлтэй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Г.О, Ж.Ц нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас төрсөн хүү Ц.Жинсодов, Ц.Улаанхүү нар насанд хүрсэн бөгөөд насанд хүрээгүй 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.О, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Б, 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.О нарыг хэн хэн нь эх Г.О-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхдүүдийн саналыг харгалзан хүү Ц.О, Ц.Б, охин Ц.О нарыг эх Г.О-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Шүүх хүүхдүүдийг эх Г.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О овогт Г-ын О, Х овогт Ж-н Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.О, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Б, 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.О нарыг эх Г.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Жаргалсайханд даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ