Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/772

 

2022           07          29                                 2022/ШЦТ/772

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох 2209012331156 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “О” зочид буудалд үйлчлүүлж байх үедээ хохирогч Д.Бгийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 190,000 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Сийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 211,000 төгрөгийн хохирол учруулан нийт 2 хүнд 401,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 626 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209012331156 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-Хохирогч Ш.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-Насанд хүрээгүй гэрч О.Тгийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 15-17 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

  Шүүгдэгч Х.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Т нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “О” зочид буудалд үйлчлүүлж байх үедээ хохирогч Д.Бгийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 190,000 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Сийн эд зүйл /ган хутга, үнэртэй ус/-ийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 171000 төгрөгийн хохирол учруулан нийт 2 хүнд 361,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Д.Бгийн “...5 сарын 06-ны шөнийн 02 цагт ороод унтаад өглөө 8 цагт сэртэл миний гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх “Хаан” банкны карт алга болсон байсан ...би хяналтын камерын бичлэгийг үзэхэд 03 цагийн үед эд зүйл авсан этгээд явж байгаа бичлэг байх бөгөөд царай дүрслэгдсэн байсан” гэх мэдүүлэг..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-Хохирогч Ш.Сийн “...шөнө 03 цагт сэртэл өрөөнд хүн орж ирчихсэн байхаар нь хөөж гаргаад өрөөгөө цоожлоод унтсан. Тэгээд өглөө 10 цагт сэртэл өмд, куртик алга болчихсон үүргэвчтэй цүнхний дотор зүйлсийг гутлын тавиур дээр асгаад хаячихсан цүнхэнд байсан эд зүйлсээс үнэртэй ус, хутга, эм алга болчихсон байхаар нь гайхаад хайж байгаад 401 тоот өрөөнөөс өмд, куртикээ олтол куртикний халааснаас хэтэвч, машины түлхүүр өмдний халааснаас 4 ширхэг 10.000 төгрөг алга болсон байсан... Өглөө 11 цаг 50 минутын үед 85490135 дугаараас холбогдоод “57 дээр ирээд эд зүйлсээ аваарай, би өөр тийшээ явах гэж байна, өөр хүнээр өгүүлье” гэхээр нь би 2 цагдаатай хамт очиход ...Т гээд 13 настай хүүхэд ирж хэтэвч, машины түлхүүр өгсөн. ...209 гантай хутга, энэ онд эхнэрээс бэлгэнд авсан үнэртэй ус зэргээ алдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

-Насанд хүрээгүй гэрч О.Тгийн “...2022 оны 5 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед хамаатны ах М.А фэйсбүүк чатаар залгаад Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургууль дээр хүрээд ир гээд утсаа тасалсан. Тэгээд гэрээсээ гараад явж байтал А ах дахин залгаад 32-ын тойрог дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудал дээр буугаад А ахын гэр рүү очоод хашааных нь гадаа А ах, Бааска гээд А ахын найз хоёртой уулзсан чинь хар өнгийн элгэн түрийвч, машины түлхүүр өгөөд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн автобусны буудал дээр аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд явж байтал надаас түрийвч, түлхүүр хоёр авах хүн миний дугаар луу залгаад би зам заалгаж байгаад 35 дугаар сургуулийн автобусны буудал дээр аваачиж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

 

-Эд зүйлд үзлэг хийсэн “№1 гэсэн бичлэгийг нээж үзэхэд хар өнгийн савхин хүрэмтэй, дотор талдаа цагаан өнгийн подволктой, жинсэн өмд, пүүзэн гуталтай, 20-25 орчим насны эрэгтэй хүн 401 тоот өрөөнөөс гарч байгаа бичлэг байв. 401 тоот өрөөнөөс гараад шууд 407 тоот өрөөнд орж байгаа бичлэг байв. №2 гэсэн бичлэгийг нээж үзэхэд тухайн хүн 407 тоот өрөөнөөс гарч ирж байгаа бичлэг байх ба 407 тоот өрөөний хаалгыг бага зэрэг хаагаад хаалганы заагаар хараад зогсож байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд 407 тоот өрөөнд орж гарч ирээд хаалганы заагаар хэсэг харж зогсож байгаад 401 тоот өрөөнд орж байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-17 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Х.Т нь хохирогч нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байх ба Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Д.Б, Ш.С нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан, хулгайлсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч Д.Бгийн хулгайд алдсан гар утасны хохирлыг 190,000 төгрөгөөр, хохирогч Ш.Сийн хулгайд алдсан ган хутгыг 150,000 төгрөгөөр, үнэртэй усыг 21,000 төгрөгөөр тус тус (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал) үнэлжээ.

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаниас дээрх эд зүйлсийг үнэлэхдээ уг хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар хийсэн гэжээ. Тодруулбал, Зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар хөрөнгийг үнэлэхдээ уг хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгон авч дуудлага худалдааны анхны үнийн судалгаа, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдах, худалдан авах хэлцлийн үнэ, мөн Монгол банкны тухайн өдрийн ханшийн мэдээллээр тооцон тохируулга хийн зах зээлийн үнэлгээг тогтоодог байна.

 

Хохирогч Ш.Сийн хулгайд алдсан гэх хутганы үнэлгээг дээрх шууд харьцуулалтын аргаар тогтоосон, харин үнэртэй усыг ямар нэртэй үнэртэй ус байсныг хохирогч тодорхой мэдүүлээгүй, эхнэр нь Улаанбаатар их дэлгүүрээс худалдаж авч надад бэлэглэсэн гэх боловч худалдан авсан талаарх баримт байхгүй хэдий ч үнэлгээг 21,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогчдод танилцуулахаар хохирогч Ш.Сөд утсаар мэдэгдсэн байх бөгөөд хохирлын талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

 

Харин шүүгдэгч Х.Т хохирогч нарын хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 361,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд 190,000 төгрөгийг, хохирогч Ш.Сөд 171,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Х.Тгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох” саналыг, шүүгдэгч “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа, прокурорын гаргасан ялын санал дээр хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлан авч болохгүй гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч Х.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тг 07 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгчид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Тгээс 371,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд 190,000 төгрөгийг, хохирогч Ш.Сөд 171,000 төгрөгийг тус тус олгосугай.

  7. Шүүгдэгч Х.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН