Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 01977

 

2018 оны 06 сарын 14 өдөр              Дугаар 102/ШШ2018/01977                                 Улаанбаатар хот

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дүгээр хороо,  дүгээр хороолол,  тоотод байрлах “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар Бичил хороолол, дүгээр байрны тоотод оршин суух, Х овогт Д.Б-д холбогдох барьцаалан зээлдэх гэрээний үлдэгдэл төлбөр 6.100.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 3.500.000 төгрөг гаргуулах сөрөг  нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянав.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б-тай манай компани 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, “Барьцаалан зээлдэх гэрээ” байгуулан, 10.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн.

           Гэтэл Д.Б гэрээгээр тохирсон хугацаа болох 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр болоход үндсэн зээл, хүүгээ төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч сар бүр 500.000 төгрөг төлсөн бөгөөд нийт 9.500.000 төгрөг төлснөөс үндсэн зээлд 3.900.000 төгрөг, нэг сарын хүүд 600.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөгийг тооцоод, одоо үлдэгдэл 6.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

   

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцоно. Хариуцагч Д.Б тус барьцаалан зээлдэх газартай 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан зээлж авсан.

           Дээрх зээлээс 9.500.000 төгрөг өгснөөс үндсэн зээлд 3.900.000 төгрөг, нэг сарын хүүд 600.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөгийг тооцоод, үлдэгдэл 6.100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч сар бүр 600.000 төгрөг төлж байсан гэж хэлж байгаа талаар би сайн мэдэхгүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ манай дээр 3 зээлтэй байдаг. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

         

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Д.Б микро автобусаа тавиад 10.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг “Н” гэсэн газраас аваагүй н.Бямбасүрэн эгчээс би очиж бэлнээр нь авсан. Х.Гантулгын ээж нь. Нэхэмжлэгчийн 6.100.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Яагаад бэ? гэхээр хүүгийнхээ зээлэнд би сар болгон 600.000 төгрөгийг төлөөд, энэ мөнгийг зээлнээс хасаарай гээд мөнгө хүлээж авдаг эдний ажилтан н.Оюумаад өгдөг байсан. Энэ талаар гэрчээр асуухад надаас 600.000 төгрөг, сүүлд хэд хэдэн удаа өгсөн мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. 600.000 төгрөгийг сар бүр өгөөд байхад 500.000 төгрөг өгсөн гээд тооцсоныг ойлгохгүй байна. 600.000 төгрөгөөр мөнгөө бодоод, энэ зээл хаагдсан гэж бодож явтал шүүхэд өгчээ. Миний хувьд 3 зээлтэй байснаас 1 зээлийн 1.000.000 төгрөг үлдсэн. Би гайхаж байна. Зээлнээс хасаарай гээд мөнгө өгөөд байдаг байхгүй. Энэ явдлаас болоод Г.Бямбасүрэн эгч бид хоёр муудаад мөнгөө “Ариг” банкаар шилжүүлдэг болсон.

         Иймээс миний тооцоогоор 14.830.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцгээ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Б 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж аваад, 14.830.000 төгрөг болгож төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул илүү төлсөн 3.500.000 төгрөгийг “НХГ” ХХК-иас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүхэд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд Д.Б 9.500.000 төлсөн байдаг.

Гэрээний дагуу хүүд 600.000 төгрөг, алдангид 5.000.000 төгрөг, үндсэн зээл 3.900.000 төгрөгийг хасаж тооцсон. Хариуцагч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 6.900.000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.830.000 төгрөг төлсөн гэх боловч төлбөр төлсөн нь баримтаар нотлогдохгүй байна. Иргэн н.Бямбасүрэнгийн данс руу төлсөн төлбөрүүдээ зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж байгаа нь Д.Цэцгээ өөрөө н.Бямбасүрэнгээс 5.500.000 төгрөгийн зээл аваад уг зээлд зориулан төлсөн төлбөрийн баримтуудыг “НХГ” ХХК-д төлсөн хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэл зохих баримтын хүрээнд нотлогдохгүй хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч Д.Б холбогдуулан барьцаалан зээлдэх гэрээний үлдэгдэл төлбөр 6.100.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч 3.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлээ төлж дуусаад илүү төлөлт хийсэн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

         

          1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

         

          Нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч Д.Б нар 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 6150 дугаартай “Барьцаалан зээлдэх гэрээ” байгуулж, 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд суудлын микроавтобусыг барьцаа болгохоор тохирч, гэрээг бичгээр байгуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож, талууд энэ тал дээр маргаагүй болно.

          Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 6150 дугаартай “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-г зохигчид бичгээр хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулснаас үзэхэд нэхэмжлэгч 6.100.000 төгрөгийг шаардах эрхтэй.

         Шүүхийн хэлэлцүүлгийн явцад “нэхэмжлэгч зээлдэгчийг сар бүр 500.000 төгрөг төлсөн, хариуцагч 600.000 төгрөг төлсөн гэж ымаргасан боловч” гэрч “НХГ” ХХК-ийн ажилтан Г.Оюумаа “Д.Б“НХГ” ХХК-иас 10.000.000 төгрөгийн зээл авсан. Д.Цэцгээ эгч сар бүр зээлэнд 600.000 төгрөг өгдөг байсныг би аваад П.Бямбасүрэн эгчид өгсөн. Цааш нь яаж тооцож хасдаг байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч, зээлдэгчийн зээлэнд төлсөн 600.000 төгрөгийг яагаад 500.000 төгрөгөөр тооцож хассанаа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад барьцаалан зээлдэх газар сарын хүүг 6 хувиар тохиролцсон байх тул 600.000 төгрөгөөр төлөлтийг хийсэн байна гэж дүгнээд, хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 19 сарын хугацаанд  600.000 төгрөгөөр бодоход 19 /сар/ х 600.000 төгрөг=11.400.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ.

         Үүнээс 11.400.000-600.000 /сарын хүү/=10.800.000 төгрөг байна.

         10.800.000 төгрөг-10.000.000 /үндсэн зээл/= 800.000 төгрөгийн илүү төлөлттэй гэж үзээд, талуудын хооронд байгуулсан гэрээгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ”....анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         2. Хариуцагчийн гаргасан сөрөг шаардлагын тухайд:

 

         Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 6150 дугаартай “Барьцаалан зээлдэх гэрээ”-ний үүрэгт хариуцагчийн илүү төлсөн 800.000 төгрөгийг, 3.500.000-800.000= 2.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.          

      Хавтас хэргийн 19-57 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй баримтууд гэж үзэн үнэлээгүй бөгөөд бусад бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон

ТОГТООХ  нь:

 

 1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгүүдэд зааснаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баттулгад холбогдох барьцаалан зээлдэх гэрээний үлдэгдэл төлбөр 6.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Н” ХХК-иас 800.000 төгрөг гаргуулан, хариуцагч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА