| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2018/01830/и |
| Дугаар | 01978 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 01978
2018 оны 06 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2018/01978 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Д аймаг, Баян-Уул сум, дугаар баг, Хар чулуутад оршин суух А овогт А.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, дугаар хороо, “Драгон” төвийн замын урд байрлах “Д.С” ХХК-д холбогдох 17.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунням, хариуцагчийн төлөөлөгч А.Бямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОД ОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ДС ХХК-ийн захирал А.Бямбатай хурдны адуу өгч, төлбөрийн хариуд суудлын машин авахаар тохиролцон, 4.500.000 төгрөгт нь автомашин авсан боловч эвдэрхий машин байсан тул айлын хашаанд орхисон.
Дараа нь А.Бямба манайд адуугаа авахаар очихдоо миний зааж өгөөгүй орос баргын хурдан удмын азарган үрээг бугуйлдан бариулж боож алсан.
Иймээс автомашины үнэ 7.500.000 төгрөг, боож алсан адууны үнэ 10.000.000 төгрөг, нийт 17.500.000 төгрөгийг ДС ХХК-иас гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Бямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б надтай зарын дагуу холбогдон, анх 78-00-УБЦ улсын дугаартай “Volkswegan passet” маркийн автомашиныг “Зээлийн гэрээ” байгуулан худалдаж аваад, оронд нь хурданы адуу өгөхөөр тохиролцон, дахин 33-93-УБЧ улсын дугаартай “Daewoo Tosca” маркийн автомашиныг авсан.
Өмнө нь авсан машины эвдрэлийн талаар надад хэлээгүй. Энэ машин чинь явахгүй байна гэж авчирч үзүүлээгүй, өөрийн ашиглалтын явцад эвдэрсэн бол би хариуцах үндэслэлгүй бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр автомашиныг чанарын доголдолгүйг баталсан үзлэг оношлогооны баримттай хамт аваад явсан. Үнэхээр адуугаа авъя гэж бодож байгаа бол энэ сайхан амьтадыг хэл амтай аваад яахав буцааж болно. Харин адуу боож үхсэн талаарх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. А.Б өөрөө мэдэж байгаа бид хоёр хараад зогсож байсан. А.Б-ын малчин, нутгийн залуу хоёр бугуйлдаад, эмнэг хангал адуу зүтгэж байгаад унасаныг энэ хүн өөрөө очиж үзээд, хүзүүн дээр нь гараараа дараад үхсэн байна, та нар замдаа явахдаа хаяачих гээд миний машинд ачуулсан.
Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч А.Б, хариуцагч ДС ХХК-д холбогдуулан 17.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд хэдийгээр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулаагүй ч нэхэмжлэгч 5 адууны оронд хариуцагчаас 78-00-УБЦ улсын дугаартай “Volkswegan passet”, 33-93-УБЧ улсын дугаартай “Daewoo Tosca” маркийн суудлын автомашин авсан талаараа маргаагүй болно.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлж хийсэн тул “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “надад өгсөн эхний машин хотоос гарч чадалгүй эвдэрсэн тул айлын хашаанд орхисон. Буцааж өгмөөр байна. Мөн А.Бямба миний хурдан удамын адууг боож алсан тул мөнгийг гаргуулах....“ гэх тайлбарыг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн хариуцагчид хийж өгсөн “Тодорхололт” зэрэг баримтуудаар хариуцагч эвдэрхий машин өгсөн, адууг боож алсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.950 төгрөгнөөс 245.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 64.500 төгрөгийг улсын орлогоос гаргуулан, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар А.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ДС ХХК-д холбогдох 17.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 64.000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА