Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 88

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Балдандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Буд овогт Батчулууны Балдандоржид холбогдох эрүүгийн 201615000282 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1994 оны 03 дугаар сарын 24-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав ээжийн дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн “Хашаат” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Буд овгийн  Батчулууны Балдандорж. РД: ЙВ 94032454

Шүүгдэгч Б.Балдандорж нь согтуурсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг “Хашаат” гэх газар иргэн Ц.Бавуутай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Балдандорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой Ц.Бавуу бид хоёр Н.Лхагвасүрэн ахынд очиж хуруудсан. Тэгээд шөнө 1 цаг болж байхад Ц.Бавуутай хамт гэртээ ирсэн. Ц.Бавуу манайд ирээд надаас хэрүүл гуйгаад, манай аавыг төлөг, хургаар нь дуудаад доромжлоод байсан. Түүнээс болж бид хоёр маргалдсан. Бид хоёр нэлээн маргалдаад ноцолдож байгаад Ц.Бавуу явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Ц.Бавуугийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-нд 20 цагийн орчим Н.Лхагвасүрэн ахынд очсон. Намайг очиход Б.Балдандорж, Н.Лхагвасүрэн ахынд хуруудах гээд ирсэн байсан. Бид нар шөнө 02 цаг хүртэл айраг ууж, хуруудаж байгаад шөнө 2 цагийн орчим Б.Балдандорж бид хоёр харих гээд  гарсан. Гараад Б.Балдандоржийнд очсон. Тухайн үед би хоёр гурван удаа л архинаас нь уусан өөр бол уугаагүй, айраг бол зөндөөн уусан. Гэхдээ согтуу нь гайгүй байсан. Харин Б.Балдандорж архинаас уусан. Айраг бас нилээн уусан. Жаахан халамцуу байсан. Б.Балдандорж өмнө нь манай эгчийн хүүхэдтэй сууж байгаад салчихсан юм. Манай эгчийн хүүхэд одоо жирэмсэн байгаа. Гэтэл Б.Балдандорж манай эгчийн хүүхдийг ерөөсөө эргэж ирэхгүй, асуухгүй байгаа юм. Тэгэхээр нь би Б.Балдандоржид уурлаад чи яагаад манай эгчийн хүүхдийг жирэмсэн болгочихоод асуухгүй, бие нь яаж байна гэж эргэж очихгүй байгаа юм гэж асуусан. Тэгээд Б.Балдандоржийн аавыг нь хурга, төлөг гэж хочилдог болохоор нь Нутгынхан хэзээ ийм олигтой болчихсон юм гэж, Б.Балдандорж өөдөөс маргасан. Тэр үед Б.Балдандорж бид хоёр тэдний хоёр гэрийнх нь дунд суугаад жаахан маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаж авч байгаад нэг их зодоон хийлгүй салсан. Тэгсэн чинь Б.Балдандорж гэр лүүгээ орсон. Би босоод явах гэхэд гэтэл Б.Балдандорж араас ирээд миний нуруу руу дүрчих шиг болсон. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ. Намайг хутгалчихаж байгаа юм уу, гэж асуутал аав, ээжийг маань доромжиллоо гээд миний хүзүүнд хутга тулгаад зүсчихсэн. Би намайг алчихлаа гэж хэлчихээд гэр лүүгээ мотоцикльтойгоо явсан. Манайх нилээн зайтай болохоор мотоцикль дээр нэлээн цус алдаж гэртээ харьсан. Тэгээд ахынд очоод Б.Балдандорж намайг алчихлаа гэж хэлээд мотоцикльтойгоо газар унасан. Тэрнээс хойш юу болсон талаар нь мэдэхгүй, нэг сэрсэн чинь сумын эмнэлэгт шингэн залгуулчихсан хэвтэж байсан. Өөр юм болоогүй. Би эхнэрээ дуудаж өргөдөл бичиж өгөөд эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай хүү ахындаа хуруудана гэж явсан. Тэгээд шөнө Бавуутай орж ирсэн. Тухайн үед нөхөр бид 2 бага гэрт унтаж байсан. Жаахан байж байснаа гэрийн зүүн талд ноцолдоод байгаа бололтой байсан. Би унтаж байсан болохоор гэрээс гараагүй. Удалгүй Ц.Бавуу яваад өгч байгаа бололтой байсан. Өөр юу болсон талаар мэдэхгүй. Хаан банкны 5543058355 тоот дансанд Ц.Бавуугийн хохирлын мөнгө болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Сэжигтэн Б.Балдандоржийн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Лхагвасүрэн ахынх айраг уу. хуруудая гэхээр нь 19 цагийн орчим Н.Лхагвасүрэн ахынд очсон. Ц.Бавуу бас очсон байсан. Н.Лхагвасүрэн ахын гэрт айраг ууж хуруудаж байгаад шөнө 2 цагийн орчимд Ц.Бавуу бид хоёр Н.Лхагвасүрэн ахынхаас харих гэж өөр, өөрийнхөө мотоциклийг бариад гарсан. Бид хоёртой өөр хүн хамт яваагүй. Ц.Бавуу, Н.Лхагвасүрэн ахынхаас гараад мотоциклиор хөдлөхдөө танайхаар оръё гэж надад хэлсэн юм. Ц.Бавуу бид хоёр манайд очсон. Бид хоёрыг манайд очиход ээж, аав хоёр манай жижиг гэрт унтаж байсан. Бид хоёр жижиг гэрээр орсон чинь Ц.Бавуу манай аавыг төлөг, хургаар нь дуудаад байхаар нь би Ц.Бавуутай маргалдсан. Манай аавын хочийг төлөг гэдэг юм. Бид хоёр гэрээс гараад хоёр гэрийн дунд очоод маргасан. Гэтэл Ц.Бавуу намайг цохиод авсан. Тэгэхээр нь би Ц.Бавууг цохиод авсан. Тэгээд өөдөөс барьж авах гээд байхаар нь би жижиг гэрт ороод хутга аваад гэрээс гарч Ц.Бавууг айлгах гээд заамдаж аваад хүзүүнд нь хутга тулгачихаад авах гэсэн чинь хүзүүг нь зүсчих шиг болсон. Тэгээд түлхсэн чинь Ц.Бавуу газар доошоо хараад унасан. Тэгэхээр нь араас нь дээлний гаднаас нь хутгаараа хатгаад авсан юм. дүрчихнэ гэж бол бодоогүй. Гэтэл Ц.Бавуу жаахан байж байгаад мотоциклио унаад яваад өгсөн. Би гэртээ ороод унтсан. Харанхуй байсан болохоор би Ц.Бавуугийн хүзүүг нь зүсэж, нуруу руу нь хутгаар дүрснээ мэдээгүй. Яваад өгөхөөр нь зүгээр юм байх гэж бодоод унтаад өгсөн. Өглөө цагдаа ирээд намайг Ц.Бавууг хутгалсан байна гэхээр нь л мэдсэн. Би хүзүүнд нь хутга тулгачихаад авсан чинь сүүлд нь хүзүүнээс нь цус гарах шиг болсон юм. Нуруунд нь бол хутга орчихно гэж мэдээгүй өнгөцхөн хатгаад авсан юм. өөр юм болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 294 дугаартай: “... Ц.Бавуугийн биед нуруу, хүзүүний зүүн хацрын зүсэгдсэн шарх, хүзүү, нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.      Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаа хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Балдандоржийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50, 52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Балдандоржийн ял шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Балдандоржийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Балдандорж нь согтуурсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг “Хашаат” гэх газар иргэн Ц.Бавуутай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Бавуугийн “... Тэр үед Б.Балдандорж бид хоёр тэдний хоёр гэрийнх нь дунд суугаад жаахан маргалдсан. Бид хоёр барилцаж авч байгаад нэг их зодоон хийлгүй салсан. Тэгсэн чинь Б.Балдандорж гэр лүүгээ орсон. Би босоод явах гэхэд гэтэл Б.Балдандорж араас ирээд миний нуруу руу дүрчих шиг болсон. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ. Намайг хутгалчихаж байгаа юм уу, гэж асуутал аав, ээжийг маань доромжиллоо гээд миний хүзүүнд хутга тулгаад зүсчихсэн. Би намайг алчихлаа гэж хэлчихээд гэр лүүгээ мотоцикльтойгоо явсан. Манайх нилээн зайтай болохоор мотоцикль дээр нэлээн цус алдаж гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/, гэрч Ч.Нямсүрэнгийн “...Жаахан байж байснаа гэрийн зүүн талд ноцолдоод байгаа бололтой байсан. Би унтаж байсан болохоор гэрээс гараагүй. Удалгүй Ц.Бавуу яваад өгч байгаа бололтой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 294 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-26/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 27/, Шүүгдэгч Б.Балдандоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Балдандоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Балдандоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Балдандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Б.Балдандорж нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Балдандоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Балдандорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Балдандоржийн эзэмшлийн хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгах, хохирогч Ц.Бавуугийн цээжний рентген зураг 1 ширхэг, томографикийн СД 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Бавууд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буд овогт Батчулууны Балдандоржид бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Буд овогт Батчулууны Балдандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Балдандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж, хохирогч Ц.Бавуугийн цээжний рентген зураг 1 ширхэг, томографикийн СД 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Бавууд буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Балдандоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  Б.Балдандоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР