| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2018/1473/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 566
С.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаяр,
хохирогч Х.Ичинхорлоо,
яллагдагч С.Мгийн өмгөөлөгч У.Сайнбилэг,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1311 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн С.Мд холбогдох 1706 01648 0313 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөнхөөдэй овгийн Сийн М, 1980 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ... түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;
С.М нь Ж.Мөнхсайхан, Э.Төгөлдөр, Цолмон, Б.Энхжаргал, Л.Энхцэцэг нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсгийн 414 тоотод оршин суух Х.Ичинхорлоогийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, 17 нэр төрлийн эд зүйлс хулгайлж, нийт 974.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн,” 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.4 дэх заалтад заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг гүйцэд тогтоогоогүй.
...Урьд мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэрийн заалтуудыг гүйцэт биелүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хавтас хэргийн хамт прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Х.Ичинхорлоо нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “өмнө нь манайд удаа дараа хулгайч орж байсан.” гэсэн. С.М нь үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлсэн дээрх үйлдэлд буюу өмнө нь гэрээс нь хулгайд эд зүйл алдагдсан гэх асуудлыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 170603026 дугаартай хэрэг нээн шалгаж байгаа болох нь хэрэгт авагдсан прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолоор тогтоогдож байна. Харин дээрх хэрэгт яллагдагч С.Мг буруутгах, яллагдагч С.М өмнө нь хохирогчийн гэрт нэвтэрч хулгай хийсэн болохыг нотолсон баримтууд хэрэгт байхгүй. Яллагдагч С.М нь бусадтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө хохирогч Х.Ичинхорлоогийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 17 нэр төрлийн эд зүйл хулгайлж 974.040 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Дээрх баримтуудтай хохирогч Х.Ичинхорлоо нь мөрдөн байцаалтын шатанд бүрэн танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин учирсан хохирлоо тогтоолгох талаар хүсэлтийг прокурорт гаргаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогчийн гэрээс хулгайд алдагдсан эд зүйл тодорхой, үнэлгээ ойлгомжтой, хохирогч нь үнэлгээтэй танилцсан, яллагдагч нь учруулсан хохирлоо төлсөн байхад хохирогчийн гэрээс өмнө нь алдагдсан эд зүйлсийг нарийвчлан тогтоолгохоор буцааж байгаа нь үндэслэлгүй буюу эрүүгийн хэрэгт хамааралгүй ажиллагааг хийлгэхээр буцаасан гэж үзэхээр байна. Хохирогчийн гэрээс 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эд зүйл хулгайд алдагдсан гэх хэрэгт эрүүгийн 170603026 дугаартай хэрэг, 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө яллагдагч С.Мтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн үйлдлийг тусгаарласан эрүүгийн 180607186 дугаартай хэрэг тус тус Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч С.Мгийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн этгээд, сэдэлт, учирсан хохирол зэрэг нь тодорхой, нотлогдсон байх тул тус хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэмт хэрэг гарах үед тэнд байсан хүмүүсийг хамт шалгахгүйгээр дан ганц С.Мг шалгаж байгаа нь буруу гэж үзэж байна. Хохирлоо хурдан барагдуулахын тулд хурдан шийдвэрлүүлмээр байна. Би С.Мгаас 974.000 төгрөгийг авсан нь үнэн. Хулгайлсан зүйлсээс буцааж өгсөн зүйл байхгүй. Чацарганы суулгацуудыг Мөнхсайхан гэдэг залуу авсан гэж С.Мгийн мэдүүлснийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
С.Мгийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Мгийн үйлдэл шалгагдан тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсан хохирол төлбөрийн асуудал бол энэ гэмт хэргийн хувьд бүрэн тогтоогдсон. Түүнийг нь С.М төлж барагдуулсан. Урьд нь 3, 4 жилийн өмнө хулгай орсон гэдэг асуудлыг С.Мгаас нэхэмжилдэг нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Энэ хулгайн гэмт хэрэгт хамааралгүй юм. Мөнхсайхан гэх залуугийн талаар С.М нь мэдүүлж гарын үсэг зурсан гэх асуудалд С.М нь бичиг үсэг мэддэггүй хүн учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Хамт гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэйгээ шийдвэрлүүлмээр байна гэж хэлсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1311 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэтгэлцээнд үндэслэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох замаар хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээний дотор хэлэлцэн шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийн, шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, С.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.
Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан “...Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэл оролцоог ялган зааглаагүй...” гэсэн боловч Баянзүрх дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хэрэгт хамтран оролцсон гэх этгээдүүдийн хэргийг тусгаарласан тул С.Мд холбогдох хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэв.
Иймд прокурор Ч.Батбаярын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1311 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1311 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцтэл С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц. ОЧ