Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0104

 

 

 

 

 

 

      2021 оны 02 сарын 03 өдөр                                     128/ШШ2021/0104      

              

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К” ХХК   

Хариуцагч: ХУДГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: ““К” ХХК-ийн газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “К” ХХК-д газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч ХУДГЗБА-ны Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“К” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “... “К” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-277 дугаар тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газар “Зайсангийн ам”-д аялал жуучлалын зориулалтаар 2.9 га газрыг эзэмшихээр болсон.

Улмаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/261 дугаартай гэрчилгээ авч “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээ байгуулах гэсэн боловч Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн Газрын алба зэрэг байгууллагын ажлын уялдаа холбоо, шат дамжлага, эргэх холбоо, процессын журам, ээлжийн амралт, шилжилт хөдөлгөөн, сонгууль, томилгоо, бүтцийн өөрчлөлт зэрэг биднээс үл хамаарах шалтгааны улмаас бүтэн жил гаран хугацааны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр газар ашиглах тухай” 2015/205 тоот гурвалсан гэрээ анх байгуулсан.

Үүнээс өмнө газар ашиглах гэрээ байгуулаагүй учир “К” ХХК нь газраа ашиглах, үр шимийг нь хүртэх, бүтээн байгуулалт хийх гэх мэт ямарч боломжгүй байсан ба хуульд зааснаар “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч эзэмшигчтэй байгуулсан гэрээд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгодог.

Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба “К” ХХК-аас гэрээ байгуулаагүй байх үе буюу 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл газрын төлбөр, түүний алдангийг нэхэмжилсэн тул холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтантай уулзсны үр дүнд гэрээ байгуулсан өдрөөс хойшхи газрын төлбөрийг төлөхөөр болж, шинэчлэн гэрээ байгуулах гэрээний төсөлд “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон Богдхан-Уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга гарын үсэг зурж, Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн боловч түүний дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болох Хан-Уул дүүгийн Газар зохион байгуулалтын алба нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19/1819 дүгээр албан бичгээр гэрээний төслийг буцаасан тул “К” ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албан дарга нарт хандан гомдол гаргасан.

Хариуг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16/2337 дугаар албан бичгээр өгснийг бид 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Улмаар “К” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад “Гурвалсан гэрээ батлуулах тухай”, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 02 дугаар улирлыг дуусталх газрын төлбөрийг шинэчилсэн гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан тул гурвалсан гэрээг баталгаажуулж өгөх, мөн төлбөр бүрэн барагдуулсантай холбоотой тооцоо нийлсэн акт гаргуулах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргасан.

Уг хүсэлтүүдийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрч гурвалсан гэрээг баталгаажуулж гарын үсэг зурсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албан хүсэлтэд дурдсан “газрын төлбөр барагдуулсан тухай” тооцоо нийлсэн актыг “К” ХХК-д гаргаж өгөлгүй эс үйлдэхүй гарган нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул компанийн зүгээс Нийслэлийн Засаг д/аргад гомдол гаргасан.

Хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10/3681 тоот албан бичгээр өгч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16/2574 дугаартай “...газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул тооцоо нийлсэн акт хийгдээгүй болно” гэсэн албан бичгийг хаваргасан тул хуульд заасан 30 хоногийн хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6040 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэлийг буцаасан.

Уг нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжийг нэхэмжлэл гаргагч “К” ХХК гардаж аваагүй бөгөөд захирамж гарсан өдрөөс хойш  30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийн дахин гаргаж байгааг хүлээн авна уу.

Аливаа хуулийн этгээд нь аж ахуйн үйл ажиллагаа чөлөөтэй явуулах, бизнес эрхлэх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн ямар нэгэн эрхийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй.

Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба компанийн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байгааг нэхэмжлэл гаргагчийн зүгээс захиргааны захирамжилсан үйл ажиллагаа гэж үзэж байна.

Дээр дурдсанаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газырн хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2019/93 тоот гурвалсан гэрээгээр “К” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг төлөхгүй байраар, харин 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх газрын төлбөрийг 1 м.кв газрын төлбөрийг 1320 төгрөгөөр төлөхөөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны 1 м.кв төлбөрийг 1920 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон юм.

Гэвч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба уг гурвалсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөөгүй эс үйлдэхүй гаргаж, “К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд “К” ХХК нь газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “К” ХХК-д газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ХУДГЗБА шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “К” ХХК нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 тоот тушаалаар Богдхан-Уул дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалты бүсэд аялал жуучлалын зориулалтаар 29604 м.кв газар ашиглах зөвшөөрөлтэй.

Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “...Байгаль орчны сайдын газар ашиглах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно.

Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нугтйн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна..” гэж заасан байдаг.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2019/73 дугаартай гурвалсан гэрээний 2.5-д “Газрын төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасны дагуу газрын төлбөрийг тус албанаас нэхэмжилсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

ҮНДЭСЛЭЛ:

              Нэхэмжлэгч нь ““К” ХХК-ийн газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “К” ХХК-д газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-277 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн аманд “К” ХХК-д 2.9 га талбайтай газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “К” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/205 дугаар гэрээний 2.5-д “Газар ашиглах хугацаа, а/ эхлэх: 2015-09-08, б/ дуусах: 2020-09-08” гэж заасан байна.

Мөн дээрх 2015/205 дугаар гэрээний дөрвийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх” гэж заасан байна.

Тус 2017 оны 2015/205 дугаар гэрээний болзол, нөхцлийг хүлээн зөвшөөрч “К” ХХК-ийн захирал Х.Дэлгэрцэцэг нь тус гэрээнд гарын үсэг зурсан байна.

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №2019/93 тоот гэрээний 2.5-д “ газрын төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ”, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд болон 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” дугаар 2015/205 тоот болон 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” №2019/93 тоот гэрээнүүдээс үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар ашиглагчийн нэн түрүүнд биелүүлэх үндсэн үүрэг байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар ашиглах гэрээ байгуулагдсан өдрөөс хойшхи хугацааны газрын төлбөрийг төлөх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байх хэдий ч холбогдох хуулиудаас үзэхэд газрын төлбөр төлөх нь газар ашиглагчийн үндсэн үүрэг байх ба дээрх 2019/93 дугаар болон 2015/205 дугаар гэрээнүүдэд газар ашиглаж эхлэх хугацааг 2015-09-08-ны өдрөөс 2020-09-08-ны өдрийг дуустал гэж, газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөхөөр, мөн тус гэрээнд газрын төлбөрийг сайдын шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно гэж тус тус заасан, уг гэрээг “К” ХХК-ийн захирал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг  түдгэлзүүлсэн тул 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх газрын төлбөрийн төлөх ёсгүй гэсэн агуулгаар маргаж байна.

Харин хариуцагч нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг  түдгэлзүүлсэн боловч нэхэмжлэгч уг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоол гарахаас өмнө нь үйлчилж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолын дагуу тооцож газрын төлбөрөө төлөх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газрын төлбөр төлөх нь газар ашиглагчийн үндсэн үүрэг ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 527 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн хэдий ч нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоол гарахаас өмнө нь үйлчилж байсан  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоолын дагуу тооцож газрын төлбөрөө төлөх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан ““К” ХХК-ийн газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “К” ХХК-д газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай тооцоо нийлсэн акт гаргаж өгөхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” -ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ