Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2335

 

МАГАДЛАЛ

 

2017.11.10                                                     Дугаар  2335                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Б З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х М” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 101 646 964 төгрөгийн зардал гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Манай компани үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2014 оноос “Х М” ХХК-ийн барьж буй 2 давхар үйлчилгээний төвтэй, 37 автомашины зогсоол бүхий 166 айлын орон сууцны барилгын зар сурталчилгааг хариуцан ажиллахаар харилцан тохиролцож, 2016 оны 9 сар хүртэл үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Бидний зүгээс тухайн орон сууц болон оффисын талбайг худалдан борлуулахтай холбоотой зар сурталчилгааны ажлыг байнга хийж, үйл ажиллагааны талаар тухай бүрт захиалагч талд мэдэгдэж байсан. Захиалагчийн зүгээс бидний ажлын үр дүнг үнэлж орон сууцны цогцолбортоо манай компанийн нэрийг өгч Баяжих цогцолбор хэмээн нэрлэсэн. Нэхэмжлэгч талаас орон сууцыг борлуулах, зорилгоор хэд хэдэн телевиз, зар мэдээ сонинд байнга зар өгч, барилга орон сууцны экспод оролцох, хүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулах, олон нийтэд танигдсан жүжигчдийн тоглолтыг ивээн тэтгэж тухайн орон сууцыг сурталчилж их хэмжээний зардал гаргасан. Анх тохиролцсоны дагуу орон сууц борлуулалтын 1 хувиар тооцож манай компанид хөлс төлөх, харин сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотой зардлыг хариуцагч “Х М” ХХК нь ажлын хөлснөөс гадна тухай бүр төлөхөөр амаар харилцан тохиролцсон ба 2014 оны 7 сарын 30-ны өдөр урьдчилгаа болгож 20 000 000 төгрөгийг зардалд өгсөн. Үүнээс өөр сурталчилгаатай холбоотой гарсан зардлыг төлөөгүй. Тус орон сууцны барилга угсралтын ажил дуусч, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс хүлээн авч, барилга бүрэн ашиглалтанд орсон ба хариуцагч компанийн тавьж байсан төлбөрийн нөхцөл, байрны үнэ, банкны зээлд хамрагдахгүй зэрэг нөхцөл байдлаас болж анх тооцоолж байснаар байр зарагдаагүй. Хариуцагчийн зүгээс дээрх орон сууц зарагдахгүй байгаа явдал нь өөрсдийнх нь буруутай бодлого, үйл ажиллагаанаас хамаарч байхад бидний сурталчилгааны ажлаас шалтгаалсан гэж үзэж 2016 оны 9 сараас эхлэн өөрсдөө хариуцахаар болсон. Бидний хувьд 2016 оны 11 сард сурталчилгааны ажлыг дуусгавар болгож, гарсан зардал, холбогдох баримт бичиг, эд зүйл, сурталчилгааны материал зэргийг “Х М”       ХХК-ийн албан ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Ийнхүү гэрээ дуусгавар болгосонтой холбоотой гаргасан зардлыг “Х М” ХХК-тай тохиролцохоор холбогдсон боловч ямар нэг байдлаар төлбөр төлөх арга хэмжээ авалгүй биднийг хохироосоор байна. Манай компанийн хувьд дээрх зардлуудыг бусдаас зээлж санхүүжүүлж байсан ба 2014 оноос хойш гэрээ дуусгавар болох хүртэл нийт 121 646 964 төгрөгийн зардал гаргасан бөгөөд зардлын дэлгэрэнгүй жагсаалтыг тодруулж задалж бичиж өгсөн. Үүнээс “Х М” ХХК-ийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зар сурталчилгаатай холбоотой ажлын зардалд өгсөн 20 000 000 төгрөгийг хасч тооцож, 101 646 964 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шүүхэд гаргасан тайлбаргүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б З” ХХК-ийн хариуцагч “Х М” ХХК-иас 101 646 964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б З” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компанийг шүүхэд ирүүлэхээр хэд хэдэн удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус компаниас холбогдох этгээд ирээгүй. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүгч №101/11132017/12714 дугаартай захирамж гаргаж хариуцагчийн төлөөлөгч буюу "Х М" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганцогыг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардуулан өгснөөс хойш хуульд заасан 14 хоногийн дотор хариу тайлбарыг гаргаж өгөөгүй. Шүүгч нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр товолсон. Уг хуралд хариуцагч талаас төлөөлж хүн ирээгүй бөгөөд шүүхийн зүгээс шүүх хурлын товыг хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан. Улмаар шүүх хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр товолсон ба дээрх хуралд хариуцагч талаас төлөөлж хүн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэхээр болж шүүх хурлыг хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйл 72.3-т "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77-р зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ", тус хуулийн 42 дугаар зүйл 42.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбараа гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Нэхэмжлэгчийн хувьд 2014 оны 07 сараас эхлэн хариуцагч компанийн явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд таниулах талаарх бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хугацаанд гарсан зардлаа гаргуулахаар шүүхэд хандсан. Манай компанийн хувьд "Х М" ХХК-ийн захиалан бариулсан Б З цогцолборын сурталчилгааны ажил онц их хэмжээний анхаарал хандуулан бусад үйл ажиллагааг зогсоосон байдаг. Тухайн зар сурталчилгааны үйл ажиллагааг явуулан зардал гаргах үед ийнхүү маргаан үүсэж шүүхэд хандана гэж тооцоолоогүй бөгөөд тухай бүрт нь өөрсдийн компанийн нэрээр зардал гаргаж байсан ба шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн байна.

Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан буюу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааныг нээж хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дугаар зүйл 104.1-т заасны дагуу нэхэмжлэгч талд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгөөгүй бөгөөд мөн тус хуулийн 103 дугаар зүйл 103.3-т заасны дагуу шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуарлдааны нарийн бичгийн даргаас татгалзан гаргах үндэслэл, хүсэлт байгаа эсэхийг асуулгүй хэргийг хэлэлцэж эхэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Б З” ХХК нь хариуцагч “Х М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 101 646 964 төгрөгийн зардал гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, шүүхээс тогтоосон хугацаанд тэрээр тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан    шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэвч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт хуульд нийцээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу гаргасан зардал гаргуулах гэсэн агуулгатай байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний төрөл тодорхойгүй, эрх зүйн ямар харилцаа үүссэнийг шүүх тодруулах байжээ.

Хэргийн 21 дэх талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь зуучлалын гэрээний урьдчилгаа гэж 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байхад шүүх “талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноор тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэх учиртай байна. Нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний дагуу, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж байгаа алин болох талаар тодруулах нь нэхэмжлэл үндэслэлтэй эсэх хууль зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулах, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02881 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 666 185 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                          А.МӨНХЗУЛ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ