Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0113

 
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан Нэхэмжлэгч: “Х” ХХК Хариуцагч: НЗД Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг “зөвшөөрсөн” гэх дүгнэлтийн дагуу “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, энэхүү дүгнэлтийн дагуу “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг НЗДд даалгах” Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0989 дүгээр шийдвэр Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр Хэргийн индекс: 128/2023/0583/З ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь НЗДд холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг “зөвшөөрсөн” гэх дүгнэлтийн дагуу “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, энэхүү дүгнэлтийн дагуу “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг НЗДд даалгах”-аар маргасан байна. 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0989 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 3. Давж заалдах гомдлын агуулга: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0989 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компанийг төлөөлөн энэхүү гомдлыг гаргаж байна. 3.1. Ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нь “нэхэмжлэгчийн 2017 онд гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2023 онд шийдвэрлэж, 6 жилийн хугацаанд нэхэмжлэгчийг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хамгийн чухал нь итгэл найдвараар хохироосон Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа”-г бүхэлд нь зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа болно. 3.2. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргадаг байна. Тодруулбал, тус зөвлөлийн ажиллах дүрмийн 1.1-т зааснаар зөвлөл нь нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг нь хангах чиг үүрэгтэй байх бөгөөд энэхүү зөвлөлөөс гарсан дүгнэлт нь Засаг даргын шийдвэрийн шууд үндэслэн болдог нь эндээс харагдаж байна. Зөвлөл өөрөө дангаараа асуудлыг шийдвэрлэх, хариу өгөх эрхгүй этгээд бөгөөд зөвлөлийн хурлаар шийдвэрлэсний дагуу газрын албанаас ирүүлсэн албан бичгүүдийг шүүх тухай бүр хариу ирүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-д “шуурхай, тасралтгүй байх;”, 4.2.8 “хууль ёсны итгэлийг хамгаалах.” Зарчмуудыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар хуульчилсан байдаг. Харин маргаан бүхий захиргааны акт нь хүсэлтийг 6 жилийн хугацаанд эцэслэн шийдвэрлээгүй байхад уг захиргааны акт нь гарсан бөгөөд дээрх хоёр зарчмын хүрээнд гараагүй хууль бус шийдвэр гэж үзэж байна. 3.3. Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус зөвлөлөөс “Х” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг зөвшөөрсөн дүгнэлт гаргасан байтал тус дүгнэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжийг НЗДас гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй байна. 3.4. Мөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар үндэслэлээр Мэргэжлийн зөвлөл нь “Х” ХХК-ийн газрын эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг дахин авч хурлаар хэлэлцүүлсэн нь тодорхойгүй, нэгэнт шийдвэрлэсэн асуудлаа дахин дахин хурлаар оруулах, өмнөх шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй атал ийнхүү хурлаар хэлэлцэж байсан нь хууль бус гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0989 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. ХЯНАВАЛ: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 2. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас НЗДд холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг “зөвшөөрсөн” гэх дүгнэлтийн дагуу “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, энэхүү дүгнэлтийн дагуу “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг НЗДд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 3. Хэргийн үйл баримтаас үзэхэд: 3.1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 133009/0053 дугаар бүхий 550 м.кв газрыг иргэн Ч.Болдбаатарт эзэмшүүлсэн байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу уг газрыг нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар “Х” ХХК-д үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0232914 дугаартай гэрчилгээ олгожээ. 3.2. Улмаар нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/557 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санал, дүгнэлтийн дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй хавсралтад заасан 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн дуусгавар болгосон байх ба үүнд “Х” ХХК-ийн газар багтсан байна. 4. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасан. 4.1. Нэхэмжлэгчээс “2017 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай” хүсэлт гаргасан гэх боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй ч Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/5636 дугаартай “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон байх тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэсэн албан бичгээс үзвэл нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 5 жилийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан байна. 4.2. Маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, хэрэгт авагдсан газрын мэдээллийн сангийн кадастрын болон сансрын зургаас үзвэл “Х” ХХК-ийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 133009/0053 дугаар бүхий 550 м.кв газар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токиогийн гудамж, Оросын шинжлэх ухааны соёлын төв /РЦНК/, Топ мебель дэлгүүрийн эсрэг талд, авто замын зүүн талд байрлах, зүүн хойноос баруун урагш сунасан байршилтай газарт үерийн далан дамнуулж олгогдсон, одоо нийтийн эзэмшлийн авто зогсоолоор ашиглагдаж байгаа болох нь тогтоогдож байна. 5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, НЗД дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан. 5.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай 2017 онд гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газрын албанаас хүлээн авч, хянаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бий болсон талаар удаа дараа хариу мэдэгдсэн. 5.2. НЗДас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/557 дугаар захирамж гаргасан хэдий ч 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан хариу өгснөөр “Х” ХХК-ийн маргаан бүхий газрыг эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 5.3. Үүнээс хойших хугацаанд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтүүд, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хуралдааны дүгнэлтүүд ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй буюу нэхэмжлэгчийн дуусгавар болсон газар эзэмших эрхийг сэргээх, сунгах үндэслэл болохгүй. 5.4. Түүнчлэн хэрэгт авагдсан маргаан бүхий газрын кадастрын зураг /2021.02.07-ны өдрийн/, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/1207 дугаар албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2499 дүгээр албан бичгүүдээр төвийн цэвэр усны ф200 мм-ийн голтой шугам нь тухайн газартай бүхэлдээ давхацсан болох нь тогтоогдож байна. 5.5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно”, 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад завсар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж зааснаас үзвэл тухайн газрыг анхнаасаа эзэмшүүлж болохгүй, орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих боломжгүй газар байх тул нэхэмжлэгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 6. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “... шүүхийн дүгнэлтээс нэхэмжлэгч нь 6 жилийн турш хүсэлт гаргасан учир ийнхүү 6 жилийн хугацаанд хянаж үзээд эцэст нь 2023 онд шийдвэр гаргасан гэж ойлгогдож байгаа бөгөөд энэ нь 2017-2023 он хүртэл 6 жилийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа хэтрүүлсэн нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн байна” гэжээ. 6.1. “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж “... Геодези, усны байгууламжийн газар болон шугамын хангагч байгууллагаас санал авах шаардлагатай” гэсэн үндэслэлээр хойшлуулах дүгнэлт гаргасныг Газрын албаны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02-06/2180 дугаар албан бичиг, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж “... далантай” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03-06/4043 дугаар албан бичиг, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр хуралдаан, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар мөн адил хэлэлцүүлж эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02-06/2132 дугаар албан бичиг, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж “... гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03-06/7620 дугаар албан бичиг, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05-08/5304 дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, мөн газрын албаны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01-08/122, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/486 дугаар албан бичгүүдээр өмнөх хүсэлтүүдэд хариу өгсөн талаар тус тус мэдэгдсэн байна. 6.2. Дээрхээс үзвэл НЗДас “Х” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 6.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0989 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ