Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/483

 

 

 

 

 

 

 

 

    2022         6          15                           2022/ШЦТ/483

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Д.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дүгээр сарын **-нд Ховд аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Сүрлэг Уул” ХХК-д инженер ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын ** дугаар гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Гарден Вилла” хотхон *** дугаар байр, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 995 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, **** дугаарын регистртэй,

Ц овогт Д-ын Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Кензо” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Х.Нг зодож түүний биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн доод зовхинд шарх, цус хуралт, хамрын нуруу, зүүн зовхи, дух, хамар, зүүн хоншоорт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би эхнэр болон найзынхаа хамт тухайн баараар үйлчлүүлсэн. Хохирогчийг би зодсон, надаас өөр хүн зодож цохиогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогч өнөөдөр хохирлын ийм баримт гаргаж өгч байгаад гайхаж байна. Гэхдээ хохирлыг нь төлөх болно. Сүүлд хохиролд гэж ХААН банкны дансаар 190.000 төгрөг шилжүүлсэн гэв. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х-ийн Н “... 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед Цамбагаравт найз Эынд очиж байж байгаад тэндээ машинаа орхиод ганцаараа шөнийн 03 цагийн үед “Кензо” баар руу ороод бүжиглэж байтал үл таних эрэгтэй ирээд намайг түлхээд байсан. Бүжиглэж байгаад тэр эрэгтэйтэй муудалцаж заамдалцаад би тэр эрэгтэйг түлхээд, бид хоёр хамтдаа шалан дээр унасан. Тэнд байсан үл таних хүмүүс дундуур орж ирж салгаад бид хоёр ширээ ширээндээ суусан. Тэгээд би тамхи татах гээд явж байгаад түрүүний маргалддаг эрэгтэйтэй тааралдсан бөгөөд хоёулаа гараадхая гэхээр нь гараад баарны хойд тал руу замын хажууд очоод заамдалцаж байгаад тэр эрэгтэй миний хамар руу нэг удаа цохьсон. Миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод зогсож байтал хажуунаас түлхээд зүүн нүдний хэсэг рүү нэг удаа өшиглөчихөөд намайг тэнд орхиод явчихсан. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг бааранд байсан үл таних эрэгтэй өшиглөж, гараараа цохиж учруулсан. Би дунд зэргийн согтолттой байсан. Эмчилгээ хийлгэсэн зардлуудаа нэхэмжилнэ/хх-н 26/ гэж,

гэрч Т-ийн Э “... 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой 00 цаг өнгөрч байхад найз Н над руу залгаад Кензогийн урд талд хүрч ирээд намайг аваадхаач, би хэдэн залуучуудад зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад “Кензо” баарны гадна иртэл Нгийн зүүн нүд нь хавдчихсан ганцаараа баарны үүдэнд зогсож байсан. Юу болсон талаар асуухад бааранд үл таних хоёр залуутай маргалдаад гарч ирээд нэг нь цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гадна юм яриад зогсож байтал үл таних нэг эмэгтэй, хоёр эрэгтэй “Кензо” баарнаас гарч ирээд зам гараад явсан. Гэтэл Н нөгөө зодсон залуу гараад явж байна гэхээр нь бид хоёр араас нь дагаад замын эсрэг талын “Рич” баарны гадна очсон. Тэр үед “Рич” баарны гадна цагдаа нар зогсож байсан бөгөөд Н цагдаа нар дээр очиж үл таних залууд зодуулсан талаараа хэлсэн” /хх-н 19-20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Д.Т “... 2022 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад эхнэр О, найз Ц нарын хамт Цамбагаравын замын хойд талд “Болор” нэртэй караокед хэсэг сууж байгаад 02 цагийн үед “Кензо” баар руу орж нэг нэг шил пиво аваад ууж байгаад бүжиглэхээр боссон. Бүжгийн талбайд бүжиглэж байгаад үл таних эрэгтэйтэй хэд хэд шүргэлцсэн. Тэр үл таних эрэгтэй бид хоёр заамдалцаад тэр эрэгтэй намайг түлхсэн бөгөөд бид хоёр хамтдаа шалан дээр унасан. Тухайн үед манай эхнэр, найз хоёр бүжиглэж байгаад ирээд бид хоёрыг салгаад бид нар эргээд ширээндээ суусан. Сууж байгаад би ганцаараа тамхи татах гээд тамхины өрөө рүү орох гэж явж байтал шатан дээр нөгөө үл таних эрэгтэйтэй дахиад тааралдсан. Бид хоёр дахин маргалдаад, гарч үзэлцье гээд гадагшаа гарсан бөгөөд баарны үүдэнд гарч ирээд зогсож байтал тэр эрэгтэй чамайг зодох харанхуй газар олдох байлгүй гээд явахаар нь би араас нь дагаад явсан. Явж байгаад дахиад маргалдаад заамдалцаж байгаад би тэр залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод, хоорондоо ноцолдож байтал баарнаас Ц гарч ирээд бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд би баар руу ороод эхнэрийгээ явъя гээд хувцсаа аваад гараад явж байтал цагдаа нар ирсэн” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Х.Н-гийн биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн доод зовхинд шарх, цус хуралт, хамрын нуруу, зүүн зовхи, дух, хамар, зүүн хоншоорт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 6485 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 22-23/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Д.Т-ын гэм буруутайг нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц овогт Д-ын Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Т-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, АСАП сангийн лавлагаа /хх-н 50-52/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 995 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 59-61/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирлыг шүүх дараах байдлаар дүгнэв.

Хохирогч Х.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 190.000 төгрөгийн хохирлын баримт гаргасан байна. /хх-н 39/ Энэ 190.000 төгрөгийн баримтаас “MED TRAUMA” эмнэлэг буюу “Дуб” ХХК-д тушаасан 130.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байна.

Харин “Худалдан авалт” 60.000 төгрөг гэсэн Капитрон банкны тооцооны хуудас /билл/ нь хэн гэж хүн, юу худалдаж авсан нь тодорхой бус тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө хохирогч Х.Н-гээс шүүгчийн туслахад “ЭМ БИ ЖИ МЕД” эмнэлгийн үзлэгийн төлбөрийн 40.000 төгрөгийн баримт, тухайн эмнэлгийн “Нэхэмжлэх” гэх 2.128.000 төгрөгийн баримт тус тус өгсөн байна.

Эдгээр баримтаас 40.000 төгрөгийн баримтыг хохирлын нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

 

Дээр дурдагдаж буй хохирлын нийт баримтуудыг тооцож үзэхэд 130.000+40.000=170.000 төгрөгийн баримт хохирлын нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд шүүгдэгч Д.Т ХААН банкны дансаар хохирогч Х.Н-д 190.000 төгрөг төлсөн байгаа нь тэрээр нотлох баримтын хүрээнд төлбөл зохих 170.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг илүү төлжээ.

Ирээдүйд хийгдэх эмчилгээний зардлыг урьдчилсан байдлаар шийдвэрлэж болохгүй тул “Нэхэмжлэх” 2.128.000 төгрөг” гэсэн баримтын дагуух хохирлыг шүүх энэ удаад хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.Н-гийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Тод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Д-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Т торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Т хохирогч Х.Н-д 190.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

хохирогч Х.Н-гийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        О.ЖАНЧИВНЯМБУУ