Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/495

 

 

 

 

 

 

 

 

   2022          6             16                                     2022/ШЦТ/495                                     

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

хохирогч Ч.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн * дугаар хороо, “Бэгдү” хотхон ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, *** дугаарын регистртэй, Х овогт С-ын Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53/9 дүгээр байрны гадна хохирогч Ч.Аыг “... нөүтбүүкээ 30 минут хэрэглүүлээч, барьцаанд тавьчихаад буцаагаад авчраад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Dell i5” загварын зөөврийн компьютерыг нь залилан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх “залилах” гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Аын хохирлыг 2 сарын дотор барагдуулах болно. Аыг би дунд сургуульд байхаас нь таньдаг, найз нөхдийн холбоотой байсан гэв.

 

Хохирогч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний нөүтбүүкийг түр хэрэглээд өгье гэж хэлж аваад сүүлдээ утсаа авахаа больсон. 2 сая төгрөгөөр хохирохоос гадна өөр зөндөө зардал гарсан. Би оюутан учраас 9 сард хичээл эхлэхээс өмнө даруйхан компьютертэй болмоор байна. Хохирол барагдуулбал гомдолгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ч-ын А “... би 2018 онд Э гэх залуутай фейсбүүк цахим хаягаар дамжуулж анх танилцаж байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Э бид хоёр найз нөхдийн холбоо хамааралтай болж хааяа уулзах болсон. Э нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр над руу фейсбүүк цахим хаягаараа надад нөүтбүүкээ түр хэрэглүүлээч би 30 минут л барьцаанд тавьчхаад эргүүлээд өгье гээд гуйгаад байсан. Би эхэндээ үгүй гэсэн боловч Э нь надаас маш их гуйгаад байхаар нь би аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Э нь тухайн өдрийнхөө 21 цагийн үед манай гэрийн ойролцоо ганцаараа ирсэн. Надаас нөүтбүүк аваад явах үед нь “би чамайг автобусны буудал хүртэл хүргээд өгье” гэж хэлэхэд Э нь яахын яахын гээд яваад өгсөн. Би нөүтбүүк өгсний дараагаар буюу маргааш өдөр нь Эд хандаж нөүтбүүкээ эргүүлээд авъя гэхэд Э нь над руу чат бичих ээ бараг болиод удахгүй эргүүлээд өгнө гэх зэргээр намайг аргалж эхэлсэн. Э нь анх надаас нөүтбүүк авахдаа би өөрийнхөө нөүтбүүкийг барьцаанд тавьчихсан юм. Одоо төлөх хугацаа нь болчихсон авахгүй бол миний нөүтбүүкийг зарах гээд байна. Би чиний нөүтбүүкийг өөр газарт өндөр үнээр барьцаанд тавьчихаад өөрийнхөө нөүтбүүкийн төлөлтийг хийгээд авчихъя. Дараагаар нь би өөрийнхөө нөүтбүүкийг барьцаанд тавиад чиний нөүтбүүкийг эргүүлээд аваад өгнө, удахгүй гэж гуйж байгаад авсан. Надаас нөүтбүүк авах үедээ Э нь ганцаараа ирж уулзсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна” /хх-н 28-29/ гэж,

гэрч О-ын Г  “... 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр намайг гэрт байх үед Э нь фэйсбүүк чатаар над руу “андаа манай гэрийн ийшээ хүрээд ир” гээд дуудаад байсан. Яг ямар зорилгоор гэдгээ надад хэлээгүй. Би улмаар Эы гэрт орох үед Э нь өөрийнхөө өрөөнд ганцаараа фейсбүүк ороод сууж байсан. Тэгээд “яасан бэ, яах гэж дуудаад байгаа юм” гэхэд Э нь хоёулаа нэг охиноос очоод нөүтбүүк аваадахъя гэсэн. Тэгэхээр нь “чи тэгээд нөүтбүүкээр яах гэж байгаа юм” гэхэд Э нь “би нөүтбүүкийг нь барьцаанд тавина, надад мөнгөний хэрэг байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “чи наад охиныхоо нөүтбүүкийг барьцаанд тавьчхаад дараа нь яаж мөнгийг нь эргүүлж төлөх гэж байгаа юм” гэхэд Э нь “би өөрөө аргалаад буцаагаад аваад өгчихнө, чи зүгээр дагаад яв” гэсэн. Тэгээд бид хоёр хамтдаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын автобусны буудал дээр очих үед Э нь намайг “чи наанаа хүлээж бай, би нэг охиноос нөүтбүүк авчихаад эргээд ирнэ” гэсэн. Би Хархорин захын автобусны буудал дээр Эыг хүлээгээд байж байхад Э нь нэг их удалгүй 10-15 минутын дотор нэг нөүтбүүк барьчихсан хүрээд ирсэн. Тэгээд “чи одоо энэ нөүтбүүкээ яах гээд байгаа юм” гэхэд Э нь намайг дагуулаад Өргөө кино театрын урд талд байх шар өнгийн 3 давхар барилга руу явсан. Тус газрын гадаа очоод Э нь “би орчихоод гараад ирье” гэж хэлсэн. Удалгүй Э нь “нөүтбүүкийг нь 800.000 төгрөгөөр барьцаанд тавьчихлаа, мөнгийг нь миний Голомт банкны 3255106793 дугаарын данс руу хийсэн шүү” гэж хэлсэн. Бид хоёр тус газраас гараад хорооллын “Дарк Си” гэх нэртэй писи тоглоомын газарт очиж хамт тоглонгоо хоносон. Тус мөнгийг Э гаргасан. Маргааш нь Эаас салаад явсан. Гэтэл Э нь дахин ломбардын данснаас миний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн байсан. Э дахиад А гэх охины нөүтбүүкийг 200.000 төгрөгт тавьсан байсан. Би уг мөнгийг нь эргүүлээд Эы явуул гэсэн данс руу явуулсан. Мөн Эы миний дансанд хийсэн бүх мөнгийг өөрийнх нь хэлснээр явуул гэсэн бүх данс руу нь явуулж байсан. Эд өөрийн гэсэн нөүтбүүк байхгүй. Гэртээ суурин компьютертой тэрийгээ барьцаанд тавьж байгаагүй. Э надад хэлэхдээ би нэг охиноос нөүтбүүк аваад барьцаанд тавих гэж байгаа юм надад мөнгөний хэрэг гарсан гэж хэлж байсан. Яг юунд хэрэглэх гэж байгаа талаараа хэлж байгаагүй. Би өөрөө энэ охины нөүтбүүкийг ломбардыгаа чөлөөлөөд өгчихнө гэж хэлж байсан. Би тэр нөүтбүүк ломбардад тавьсан мөнгөнөөс огт хэрэглээгүй. Тухайн өдөр Этай хамт писинд тоглодог өдөр Э нь чиний дансанд миний мөнгө байгаа юм чинь чи өөрийнхөө данснаас тооцоог хийчих гэж байсан болохоор би өөрийн данснаасаа мөнгийг нь төлж байсан. Би Эаас ямар ч мөнгө аваагүй. Э нь саяхан надад “би цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхдөө чамд 400.000 төгрөгийг өгсөн гээд хэлсэн шүү, цагдаа чамаас асуувал чи 400.000 төгрөг авсан гэж хэлээрэй” гээд байсан. Гэхдээ би худал мэдүүлэг өгч чадахгүй болохоор үнэнээр нь мэдүүлж байна” /хх-н 13-14/ гэж,

гэрч Б-ын С “... би 2022 оноос эхэлж Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байх “Од” төвийн В1 давхарт ломбардын газар ажиллуулж байгаа. 2022 оны 03 дугаар сарын 11-ний оройны 21-22 цагийн үед манай ломбардад С овогтой Э гэх залуу ганцаараа орж ирээд “Дэлл Ай5” загварын нөүтбүүкийг 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Харин маргааш өглөө нь нэмээд 400.000 төгрөгөөр нэмж барьцаанд тавьсан. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Э нь ганцаараа ирээд 932.000 төгрөг төлөөд тус нөүтбүүкийг аваад явсан. ...Э нь тухайн үед ганцаараа орж ирдэг байсан. Нөүтбүүкээ буцааж авахдаа ч ганцаараа орж ирээд авсан” /хх-н 20-21/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч С.Э “... би 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мөнгөний хэрэг гараад мөнгө хайж байсан. Эхэндээ А “үгүй” гэж хэлж байсан боловч би ятгасаар байгаад түүний “Дэлл Ай5” загварын нөүтбүүкийг авахаар болж өөрийн найз Гомбод хандан “хоёулаа хамт А дээр очоод нөүтбүүк аваадахъя” гэж хэлээд Гомбо бид хоёр хамтдаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрин хороололд байх Аын гэр рүү явсан. Аын гэрийн ойролцоо автобусны буудал дээр Гомбо үлдэж би Ааас нөүтбүүкийг нь авч явсан. Улмаар Аын нөүтбүүкийг Баянгол дүүргийн 7-р хороонд байх ломбардын газарт 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Барьцаанд тавих үед Гомбо гадаа сууж байсан. Харин би 400.000 төгрөгийг Гомбо найзынхаа 3255106793 дугаарын данс руу шилжүүлж авсан. Тэгээд бид 2 “Дарк Си” гэх нэртэй писи тоглоомын газарт тоглож хоносон. Маргааш өглөө нь “Фүлл” нэртэй ломбардын эзэн ахтай утсаар ярьж Аын “Дэлл Ай5” загварын нөүтбүүк дээр нэмж 400.000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг мөн Гомбо найзынхаа данс руу шилжүүлж авч үргэлжлүүлэн Гомбо бид 2 тоглож суусан. Улмаар хэд хоногийн дараа мөнгө дуусаж Аын нөүтбүүк ломбардад үлдэх гээд байсан болохоор Аын нөүтбүүкийг үл таних хүнд 1.200.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгө нь миний Хаан банкны 5024900735 дугаарын данс руу орсон. Энэ мөнгөөр ломбардын өрөө өгсөн. Үлдсэн мөнгийг нь хувьдаа захиран зарцуулсан” /хх-н 94-97/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогч Ч.Аын эзэмшиж байсан “Дэлл Ай5” загварын нөүтбүүкийн зах зээлийн үнэлгээг “Ашид билгүүн” ХХК “... зах зээлийн хандлагын аргаар 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн” /хх-н 31-33/ гэжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Эаас 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Ад олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Эы хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 37-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 58-60/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Эд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, түүнчлэн эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хохирлыг төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтласан болно.

 

Шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

 

                            ТОГТООХ нь:

 

1. Х овогт Сын Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шүүгдэгч С.Э зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах зорилгоор шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үүрэг хүлээлгэсүгэй.

6. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Эд анхааруулсугай.

7. Шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Ад олгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Эд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ