Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/491

 

 

 

 

     2022       6             16                                      2022/ШЦТ/491

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч Б.Ууганбаяр

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн **** оны ** дугаар сарын **-нд Ховд аймагт төрсөн, 64 настай, эмэгтэй, Б дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, 100 айл Нийтийн байр *** тоотод суух хаягтай,

ял шийтгэл: 1978 оноос 2019 оны 06 дугаар cap хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн ял шийтгэл хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай,

** дугаарын регистртэй, Б овогт Ч-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мамба дацан” хийд дотор үйлчлүүлж байсан хохирогч Д.Ш-ын цүнх дотроос 600.000 төгрөгтэй /бэлэн мөнгө/ хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэх “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг Зүүнхараад байдаг манай охин, хүргэн хоёр шилжүүлсэн байна лээ. Дахиж хулгай хийхгүй. Миний бие муу байгаа тул хэд хоног хөдөө нар салхинд гарч биеэ тэнхрүүлмээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ын Ш “... би 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг 30 минутын үед “Мамба дацан” хийд дээр ном бичүүлэхээр төрсөн дүү Ц-ын хамт сандал дээр сууж байтал хажууд нэг 60 гаруй насны эмэгтэй ирж зогсоод “та хоёр дараалсан 7 тоотой хар өдөр хурал яах гэж бичүүлж байгаа юм бэ, би бичүүлснээ болиод маргааш уншуулъя гэж бодож байна” гэж хэлсэн. Тэгээд би босоод ханан дээр байсан номын тариф уншиж байтал тэр эмэгтэй яг миний хажууд зогсож байсан. Би тарифаа уншиж дуусаад эргээд номоо бичүүлэхээр ирээд цүнхнээсээ хэтэвчээ авах гэтэл миний хэтэвч байхгүй байсан. Сүүлд бодоход тэр хажууд байсан эмэгтэй миний хажуугаас маш хурдан гараад явсан байсан. Би дүүгийнхээ хамт лам дээр нь очиж хэлээд камерыг нь шалгах гэтэл камер нь ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Хэтэвчинд Төрийн банкны карт, иргэний үнэмлэх, 600.000 гаруй төгрөг, дээрээ 2 тоотой 1 ширхэг зоосон евро байсан/хх-н 14-15/ гэж,

гэрч Д-ын Ц  “... тухайн өдөр би төрсөн эгч Шын хамт “Мамба дацан” хийд дээр ном бичүүлэхээр зааланд сууж байхад хажууд нэг эмэгтэй ирээд хоёр аниа хоёр хар давхацсан өдөр ном бичүүлж яах гэсэн юм бэ, муу шүү дээ гэж хэлсэн. Гэтэл манай эгч тээнэгэлзээд хараад байсан. Би “муу өдөр тусмаа сайн” гэж хэлээд би номоо уншуулж байх үед манай эгч хойд талын цонхон дээр ирээд номоо бичүүлэхээр зогсож байх шиг байсан. Яг тэр үед эгч түрүүвчтэй мөнгө алга байна гэж хэлээд харахад нөгөө эмэгтэй байхгүй байсан. Тухайн газрын хяналтын камерыг шалгуулах гэтэл ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Би түрийвчинд нь хэдэн төгрөг байсныг нь сайн мэдэхгүй байна. 600.000 орчим төгрөг байсан гэж санаж байна” /хх-н 22-23, 46/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Ч-ийн Б “... 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр би Төв Гандан доторх Мамба дацан дотор ном уншуулах гэж байсан бөгөөд миний хажууд үл таних эмэгтэй хүн байсан. Би тэр хүнтэй хамт сандал дээр суугаад оочирлож байхад хар өнгийн цүнх нь онгорхой, түрийвч нь ил харагдаад байхаар нь тухайн түрүүвчийг мэдээгүй байхад нь аваад яваад өгсөн. Тэр хүний түрийвчинд байсан мөнгөөр тамхи авч татаад, кофе аваад ууж өөрийнхөө хэрэгцээнд зарцуулчихсан. Тэр түрүүвчинд байсан мөнгийг би ганцаараа үрж дууссан. Түрүүвчинд 600.000 төгрөг бол байгаагүй, 215.000 төгрөг л байсан. Гэхдээ би тухайн хүнд учруулсан хохирлоо барагдуулж 600.000 төгрөгийг эргүүлж өгнө. Би тухайн хүний түрүүвчийг гудамжинд хаячихсан, одоо байхгүй. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, би дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Ч-ийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.Ш “... гомдолтой байна, хохирлоо төлүүлнэ” /хх-н 14/ гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “600.000 төгрөгийг ХААН банкаар шилжүүлсэн тухай” баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Ч.Б-гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78-79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 90-105/ үүнд: шүүгдэгч Ч.Б нийт 13 удаа шүүхээр ял шийтгүүлсэн байх ба хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэж шийдвэрлэж байжээ.

 

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч

гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Ч.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх хуралдааны явцад улсын яллагч Б.Ууганбаяр нь шүүгдэгч Ч.Бд хуульд байхгүй ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргаж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нь улсын яллагчаас гаргасан ялын саналыг дэмжиж шүүгдэгч Ч.Б-гийн Нийгмийн халамжийн сангаас авдаг сар бүрийн 155.000 төгрөгөөс тодорхой хэмжээгээр суутгуулж торгох ялыг гүйцэтгүүлэх тухай хүсэлт тавьсаныг ноцтой алдаа гэж онцлон тэмдэглэж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцож яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн хуульч нар хуульд байхгүй ялаар яллах, өмгөөлөх байр сууриа илэрхийлэхгүй байхыг цаашид анхааруулья.

 

Шүүгдэгч Ч.Б цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч-ийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ч.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өөрчлөн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Б бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бд авагдсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ