| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00293/и |
| Дугаар | 00432 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00432
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.О-ийн,
Хариуцагч: ХХҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, гэрч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өрх толгойлон амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан хүүхэдтэй эмэгтэй. Улсад 15 жил тасралтгүй ажилласанаас Хөдөлмөрийн хэлтэст сүүлийн 4 жил ажилласан. Энэ хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар үйлчлэгчийн ажлаас халагдаж, миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа эргэж орсон. Гэтэл намайг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дахин урьд намайг халсан 2016 оны бүтцийн өөрчлөлтийг үндэслэж, ажлаас хууль бусаар халсан юм. Тухайн үед намайг ажлаас халахдаа гаднаас Ц.Цэвээнгэрэл гэгчийг шинээр авч, үйлчлэгчээр ажиллуулсан. Намайг ажилд орох үед Хорлоо гэгч ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад гаднаас шинээр авсан Ц.Цэвээнгэрэлээ Хорлоогийн оронд үндсэн ажилтнаар тушаал гаргаж авсан атлаа намайг дахин өөрсдөө орон тооны цомхтгол нэрийдлээр 2016 оны бүтцийн өөрчлөлтийг дахин үндэслэн ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй байна. Намайг ажилд авсанаас хойш манай байгууллагад орон тоо цөөрүүлсөн бүтэц хийгдээгүй юм. Хэрэв гаднаас Ц.Цэвээнгэрэлийг ажилд аваагүй байсан бол би үндсэн ажилтайгаа байх байсан. Ц.Цэвээнгэрэлийг үйлчлэгч биш, асрах ажилтан тусгай албан тушаал гэж надад тайлбарласан. Тэр адилхан цэвэрлэгээ хийдэг, асруулагчийн хувцас хунарыг угааж өгдөг ажил хийдэг. Миний бие асаргааны ажилтны сертификаттай. Намайг дахин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1, 40.5 дахь хэсэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б\21 дүгээр тушаалыг үндэслэн ажилтны тоог цөөрүүлэх нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа туйлын гомдолтой байна. Иймд намайг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн ХХҮГ-ын дарга Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн байгууллага нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, удирдах дээд байгууллагаас баталсан бүтэц, орон тоо, цалингийн сандаа захирагдан үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагын 1 ажлын байранд 2 хүнийг эгүүлэн томилсон шат шатны шүүхийн шийдвэр гарсан явдал нь байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, Төсвийн тухай хууль зөрчих сөрөг үр дагаварыг бий болгож байна. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалын хавсралтаар үйлчилгээний ажилтан 4 байхаар заасан. Иймд тухайн байгууллагын үйлчилгээний онцлог, үйл ажиллагааны чиг үүрэг, ачааллаас хамааран дараах 4 ажилтан зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн. Угтах үйлчилгээний ажилтан -1 /дээд боловсролтой/, Нярав-1, Жолооч-1, Үйлчлэгч /цэвэрлэгч/-1. Үйлчлэгчээс бусад 3 үйлчилгээний ажилтан мэргэжил, ур чадвар шаардагдах ажлын байр болно. Орон тоо, бүтцээр 1 үйлчлэгч ажиллах боломжтой. Гэтэл Хөдөлмөрийн хэлтэст 1, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст 1, нийт 2 үйлчлэгч ажиллаж байсан. Хуулийн хүрээнд орон тоо нь цөөрсөн тул Хөдөлмөрийн хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байсан Ж.О-т ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэтгэмж олгож үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Б.П нь тухайн үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сард жирэмсний болон амаржсаны амралттай, улмаар төрж, нярай хүүхдээ асарч байсан. Иймд Б.П-ын ажлын байр хадгалагдаж үлдэх ёстой гэж үзсэн. Гэтэл Ж.О нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр танай шүүхэд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон тул 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/24 тоот тушаалаар үйлчлэгчээр томилж ажиллуулсан. Тухайн үед Б.П нь эргэж ажилдаа орох хүсэлт гаргасан ба Б.П-д дахин үйлчлэгчийн орон тоо байхгүй тул ажилд авах боломжгүй, 3 нас хүртэл хүүхдээ асарч байх талаар зөвлөсөн хэдий ч Б.П мөн л танай шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэнээр Б.П нь үйлчлэгчийн ажилд эргэн орох боломж бүрдсэн. Б.П-г удаа дараа ажилд орохоор хүсэлт гаргасан боловч байгууллагын зүгээс хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөг үргэлжлүүлэхийг санал болгосон боловч зөвшөөрөөгүй, шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж, тус газраас удаа дараа мэдэгдэл ирүүлсний эцэст батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд Ж.О-т 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгож улмаар ажлаас чөлөөлж Б.П-г үйлчлэгчийн ажлын байранд томилон ажиллуулж байна. Ж.О нэхэмжлэлдээ асрах ажилтан Ц.Цэвээнгэрэлийн ажлын байранд ажиллах боломжтой байсан гэжээ. Энэ ажлын байр нь тус байгууллагын бүтэц, орон тоогоор зохицуулагддаггүй. Хэвтрийн ахмад настан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч, хамгаалдаг учир төрөлжсөн асрамжийн стандартаар зохицуулагддаг ажлын байр. Асрах ажилтан Ц.Цэвээнгэрэлийн ажлын байр Ж.О-ийн ажлын байртай ямар нэгэн хамааралгүй бөгөөд манайд асрах ажилтнаар ажиллаж байсан Л.Хорлоо өндөр насны тэтгэвэрт гарсан тул ажлын байрны шаардлага хангасан гэж үзэн Ц.Цэвээнгэрэлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байна. Ж.О нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, группын тэтгэвэр авдаг, хөнгөвчилсөн цагтай, байнга даралт ихэсдэг даралтын эм байнга уудаг. Ийм хүнд хэлбэрийн асаргааны хүмүүсийг асрах боломж байхгүй, ингэж дур зоргоороо дахин дахин үйлчлэгч болохгүй бол асрагч хийнэ гэх мэтээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд дарамт учруулж болохгүй гэж үзэж байна. Иймд Ж.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Увс аймгийн ХХҮГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн ХХҮГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Ж.О-ийг тус газрын үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8.10 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна.
Дээрх тушаалд баримталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаал, түүний хавсралтаас үзэхэд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийт 4 үйлчилгээний ажилтан байхаар заасан байх ба уг ажилд “Угтах үйлчилгээний ажилтан-1, Нярав-1, Жолооч-1, Үйлчлэгч буюу цэвэрлэгч-1” тус тус ажиллаж байгааг хариуцагч тайлбарласан.
Мөн тус газарт үйлчлэгчээр ажиллаж байсан Б.П нь “хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авахгүй байсны улмаас шүүхэд хандаж, ажилдаа эгүүлэн тогтоолгосон, ингээд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан Ж.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг зөв хэрэглэж, Ж.О-т 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн, ажилтан түүнийг хүлээн авсан, мөн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Харин нэхэмжлэгч “Цэвээнгэрэлийн оронд намайг асрагчаар ажиллуулах боломжтой байсан” хэмээн тайлбарласан боловч Цэвээнгэрэл тус газрын ямар ажлын байранд ажилладаг нь тодорхой бус, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар, шүүх Ж.О-ийг Цэвээнгэрэлийн ажлын байранд ажиллуулах талаар зааж, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн ХХҮГ-ын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА