Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/501

 

 

 

 

 

 

 

 

    2022         6           20                                      2022/ШЦТ/501

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн ** дугаар байр, ** тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эмээ, 06-08 насны хоёр хүүхдийнхээ хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, “Алтай” хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** дугаарын регистртэй, Г овогт Б-ын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны ** дугаар байрны гадаа хохирогч Г.Быг “найз охинтой хэрэлдлээ” гэх шалтгааны улмаас толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд шарх, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний холбогдсон хэрэг прокурорын уншсан тогтоолтой тохирч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Хохирогчийг зодсон буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яалт ч үгүй манай найз охиныг хэл амаар доромжилж, янз бүрээр хараагаад байснаас болж би түүнийг цохьсон. Тухайн үед би зөндөө уучлалт гуйсан. Би болон манай найз охин согтуу байсан. Цаашид өөртөө анхаарах ёстой юм байна гэдгийг би маш сайн ойлгож авлаа гэв.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ийн Б “... 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Алтай хотхоны замаар байран дундуур ороод явж байтал замын хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба эмэгтэй нь миний унаж явсан машины жолоочийн эсрэг талын арын хаалга руу өшиглөсөн. Тэгээд би зогсоод “яаж байгаа юм бэ” гэтэл яадаг юм гэж хэлээд багажийн хэсэг рүү барьж явсан пивоороо цохисон. Тэгэхээр нь “чи одоо тэнэг юм уу” гээд хэлсэн чинь тэр хүүхэн намайг “халтар банди минь” гэсэн. Миний машины арын гупер руу дахин өшиглөхөд хажууд нь байсан залуу хараад зогсож байсан. Тэгээд байхаар нь эмэгтэй хүн зодолтой биш гээд балай тэнэгээр нь дуудсан. Гэтэл намайг эхнэртэй нь муудалцаад байна гэж бодоод цаанаас нэг үл таних эрэгтэй хүн хүрч ирээд “чи миний эхнэртэй муудалцдаг хэн юм бэ” гээд намайг цохисон. Тэр үед нөгөө эмэгтэй болон хажууд нь хамт байсан эрэгтэй нар над дээр овоорсон. Тэр гурав над руу дайраад тэр хавийн оршин суугчид болон харуул нь гарч ирээд салгасан. Тухайн үед нүдээ арчих үед миний баруун талын нүднээс цус гараад байсан. Намайг зодсон гэх хүмүүсийг харвал танина” /хх-н 30-32/ гэж,

гэрч Н-гийн Б “... тухайн өдөр би дүү Б болон түүний найз охин О нарын хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны ** дугаар байрнаас гараад Бэрсийн хажууд явж байтал зам дагуу нэг саарал өнгийн машин хөдлөх үйлдэл хийсэн. Тэгж байх үед О дайрлаа ш дээ гэж хэлээд машиныг нь цохисон. Жолооч гарч ирээд “чи тэнэг юм уу, гичий минь” гэж хэлсэн. Саарал өнгийн машины жолоочтой О хэрэлдээд байсан ба тухайн үед би Ог салгасан. Ог салгаад байж байтал З нөгөө ахтай хэрэлдээд одоо ингээд явчих л даа гэж хэлсэн. Нөгөө машины жолооч явахгүй хэрүүл хийгээд байсан. Тэгээд бид гурав цаашаа салсан. З тухайн үед тэр ахыг цохисон талаар би анзаараагүй. Миний харж байснаар уг машины жолооч З болон О нарыг зодсон зүйл байхгүй, харин хэрүүл маргаан үүсгээд байсан” /хх-н 40-41/ гэж,

гэрч С-гийн Н “... орцноос гараад Б түрүүлээд байрны саравч руу явж байсан бөгөөд араас нь Б ах бид хоёр явж байтал байрны хойд талаас нэг машин гарч ирээд тухайн машины жолооч ах машинаасаа бууж ирээд намайг “янхан гичий” гэж орилоод явах гэж байтал нь би машиных нь ар тал руу өшиглөсөн. Жолооч машинаас дахин бууж ирээд хараагаад орилоод байж байтал Б хүрээд ирсэн. Тэгсэн нөгөө жолооч ах намайг зүй бусаар хараагаад байсан. Гэтэл Б-ийн уур нь хүрээд жолоочийн толгой хэсэгт баруун гараараа нэг удаа л цохисон. Тэгээд Б ах салгаад бид гурав гэртээ орсон санагдаж байна.” /хх-н 52/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ын Б “... Б, О бид гурав манай гэрт 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 3-ыг хувааж уусан. Тэгээд манай гэрээс гарч би түрүүлээд саадан дээр очоод хүлээж байсан. О, Б хоёр удаад байхаар нь би араас нь очиход мөнгөлөг саарал өнгийн машины жолоочтой манай найз охин О хэрэлдэж байсан. Тэр машины жолоочоос зөндөө уучлалт гуйсан боловч гичий, янхан, порно од гэх мэтээр хараалын үг хэлж байсан. Тэгээд уг машины жолоочтой би хэрэлдсэн. Чи битгий давраад байгаарай, зөндөө уучлалт гуйж байхад гэж хэлээд бид хоёр зодолдсон. Бид хоёрыг зодолдож байхад Б ах бид хоёрыг салгасан. Би Г.Б-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний биед ямар нэгэн шарх, сорви гэмтэл байхгүй байсан тул шүүх эмнэлэгт үзүүлсэн зүйл байхгүй” /хх-н 73-74/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Г.Б-ын биед баруун нүдний дээд зовхинд шарх, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 4158 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 56-57/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Б.Бийн гэм буруутайг нотолно.

 

Шүүгдэгч Б.Бт холбогдох энэ гэмт хэрэг хэдийгээр санаатай үйлдэгддэг гэмт хэрэг боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн, нөгөөтэйгүүр гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г овогт Б-ын Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 85/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, АСАП сангийн лавлагаа /хх-н 88-96/, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 99-102/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 104-107/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол /хх-н 109/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Б “... надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-н 32/

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Б-ын эмчилгээ буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламж үйлчилгээний зардалд 85.000 төгрөг зарцуулсан /хх-н 35/ байх ба энэ зардлыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Н.Мөнгөнсүх гаргасан байна.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хохирогч Г.Б нь 2022 оны 3 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 85.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Боос гаргуулж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сан банк дахь 10090020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” /хх-н 37/ гэжээ.

 

Иймд дээрх зардлыг шүүгдэгч Б.Боос гаргуулж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Б урьд өмнө 2 удаа ял шийтгүүлсэн байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

1. Г овогт Б-ын Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 85.000 /наян таван мянга/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 10090020080 тоот данс/ олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ