Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00436

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: “Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: И.А-т холбогдох,

      Түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 819.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч И.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

         Нэхэмжлэгч “Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллагын D-124 тоот талбайг түрээслэгч И.А нь 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны түрээс төлсөн. Тооцоог нэг бүрчлэн нийлж үзэхэд 819.200 төгрөгийн өртэй байгааг төлүүлж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч И.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2015 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл зах дээр үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед зогсож байсан түрээсээ бага багаар хийж байсан. Миний бие өвдөж, ходоод шархтай, гэртээ нилээд хэвтсэн. Хотод шинжилгээнд ороод өвчин сэдрээд зах дээр бараг зогсоогүй учир би түрээсийн мөнгийг төлж барагдуулж чадахгүй. Би одоо ажилгүй гэртээ өвчтэй байгаа. Банкны хугацаа хэтэрсэн зээлтэй, нөхөр ажилгүй” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ нь хариуцагч И.А-т холбогдуулан түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 819.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.          

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...“Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ-тай 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр И.А нь 8,1 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 1 м.кв-ыг 12.000 төгрөгөөр тооцож, нийт 97.200 төгрөгийн сарын түрээсийн төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан. 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч хэрэгт талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ” авагдаагүй, үүнийгээ “тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өгөхөд амжилтгүй болсон ба нэг жилийн дараа ирээд гэрээгээ авах гэхэд “устгасан” гэсэн хариу өгсөн” гэж тайлбарлаж байна.

        Гэтэл тус шүүхийн Тамгын газраас тухайн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон хэргүүдийг хэзээ, хэрхэн устгалд оруулсан, ямар журмын дагуу уг ажиллагаа хийгдсэн, тухайн устгагдсан баримтад хэдээс, хэдэн оны, ямар ямар өргөдөл гаргагч нарын хүсэлт, баримтууд байсан болохыг тодруулж, холбогдох лавлагаа, мэдээллийг нэхэмжлэгч авах бүрэн боломжтой бөгөөд нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

         Хэдийгээр хариуцагч И.А нь нэхэмжлэгч “Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ-тай түрээсийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 2015 оны 4, 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөр төлсөн хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч хэрэгт бичгээр байгуулсан гэрээ авагдаагүй байх тул тухайн гэрээг хэн, хэзээ хэрхэн байгуулсан, талууд ямар талбай түрээслэхээр тохиролцсон, сарын төлбөр хэд байсан, түрээсийн гэрээний хугацаа хэзээ дуусгавар болох байсан, талууд ямар эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон болохыг тогтоох боломжгүй байна.

        Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна”, мөн зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

        Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй, өөрийн шаардах эрхийн үндэслэлээ нотлоогүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасныг баримтлан хариуцагч И.А-т холбогдох түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 819.200 төгрөг гаргуулах тухай “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасныг баримтлан хариуцагч И.А-т холбогдох түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 819.200 төгрөг гаргуулах тухай “Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Шинэ-Улаангом” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА