Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/549

 

 

 

 

 

 

 

   2022          6           29                                     2022/ШЦТ/549                                     

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Ууганбаяр

шүүгдэгч Ц.Я, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням

хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Цолмон

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний ба барилгын үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын **дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414 дүгээр байр, ** тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** дугаарын регистртэй, Б овогт Ц-ын Я

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.Я нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хороонд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” цогцолборын *** тоотод хохирогч Б.Эыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 7 удаагийн үйлдлээр нийт 36.952.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Я шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Юуны түрүүнд Э эгчээс уучлалт гуйж, намайг уучлаарай гэж хэлэх байна. Би Э эгчийг залилсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хохирлоос өмнө 5 сая төгрөг өгсөн, намайг цагдан хориотой байх хугацаанд манай ар гэрээс 3 сая төгрөгийн хохирогчид өгсөн талаар миний өмгөөлөгч надад хэлсэн. Үлдсэн хохирлыг нь төлж барагдуулах болно. Би хэд хэдэн хүнээс авлагатай юм. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Манай компани олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг юм. Анх Ятай ажлын шугамаар танилцаад, хятад хүмүүстэй бизнес хийдэг гэхлээр нь итгээд нийт 36.952.000 төгрөгөө янз бүрийн байдлаар цувуулж өгсөн. Гэтэл мөнгийг маань авснаасаа хойш сураггүй алга болоод цагдаагаар баригдах үедээ “одоо өгчихье” гэж хэлээд 5 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Дахиж мөнгө өгөхгүй алга болж байгаад хэрэг шүүх дээр байх хугацаанд 3 сая төгрөг өгсөн. Нийт 8 сая төгрөг аваад байна, үлдэгдэл 28.952.000 төгрөгийн авлагатай. Хохирлоо төлүүлж авбал гомдол санал гэх зүйлгүй гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Э “... би Гранд плаза төвийн 1003 тоотод улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Манбу” ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг юм. 2019 оны 10 дугаар сарын үед улс хоорондын тээвэр зуучлал хийлгэхээр Я гэх залуу орж ирж уулзаад анх танилцаж байсан. Үүний дагуу манай компани Дорнод аймгийн Баянтүмэн өртөөнөөс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулж БНХАУ-ын Манжуур өртөө хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх захиалгыг өгсөн. Энэ хугацаанд Я гэх залуутай сайн танил болсон юм. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Я нь ажлын байран дээр орж ирээд “эгч ээ, Оюу толгой ХХК-д халдвар хамгааллын хувцас оруулж ирэх тендерт оролцох гээд байна, манай эхнэр Оюу толгойд нягтлан бодогч ажилтай юм, тендерт оролцохын тулд баталгаа болгож 20.000.000 төгрөг зайлшгүй хэрэгтэй байна. Та надад туслаач, 10 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй 20.000.000 төгрөгийг маш яаралтай өгөөч” гэхээр нь цаашид хамтран ажиллах юм чинь гэж бодоод хүлээн зөвшөөрч ажлын байран дээр байхдаа 20.000.000 төгрөгийг бэлнээр Я-т өгсөн. Энэ үед манай хүү Л.Т байсан юм. Мөнгө өгөхдөө тус компанийн гүйцэтгэх захирал А.Анхбатын нэрээр зээлийн гэрээ байгуулсан.

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Я нь “Улсын онцгой комисс дээр явж байна. Хятад улсаас иргэд орж ирэх гээд байна, яаралтай 5.500.000 төгрөг хэрэгтэй байна. Та С  гэдэг хүний данс руу шилжүүлчих” гэхээр нь ХААН банкны 5011184669 тоот данс руу нөхөр Лхагвадоржийн ХААН банкны 5021637620 тоот данснаас шилжүүлсэн юм. Уг мөнгийг шилжүүлж өгөх үед ямар нэгэн хүү алданги тооцох талаар яриагүй яаралтай шилжүүлчих гэж утсаар ярьсан юм.

Үүнээс хойш Я нь ажил дээр ирээд “эгч ээ, хил хаачихсан учраас цемент үнэтэй болоод ашигтай байна. Танд болон надад ашиг гарна. Надад Хөтөлийн цементийн үйлдвэрт таньдаг хүн байгаа, тэр хүнээрээ яриулж байгаад олон вагон цемент аваад зарж ашиг олно. Зөвхөн үндсэн тээвэр зуучлалын ажлаас гадна хамтарч ажиллаж мөнгө олмоор байна, цементийн урьдчилгаа 3.500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надад 3.250.000 төгрөг байна гэж хэлсэн. Давааням гэх хүний ХААН банкны 5003591913 тоот данс өгөхөөр нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Л.Тийн данснаас 3.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Ятай утсаар ярьж цемент хэзээ ачигдах гэж байна гэхэд өдөр хоногоор хойшлуулаад байсан бөгөөд нэг ширхэг ч цемент ирээгүй.

Мөн Я нь “Хятад улсаас иргэд ирнэ. Тухайн хүмүүс төмрийн хүдрийн орд газар авна” гэдгийг анхнаасаа ярьж байсан бөгөөд тус газар руу явж ирмээр байна гээд манай нөхөр Лхагвадоржийг дагуулаад Булган аймгийн нутаг руу 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр явсан. Тэгээд “тус уурхайг үзлээ, хүмүүс нь зарах юм байна” гэж хэлсэн. Харин Хятад улсын иргэд авахыг Я нь төлөөлж очсон бөгөөд “тус уурхайг Хятад улсын иргэд авна гэж байна, яаралтай иргэдийг оруулж ирээд авчихвал мөнгөтэй болно эгч ээ, миний автомашины лизингийн эргэн төлөлт хэрэгтэй байна. Уурхайгаа хүмүүст зарчхаад мөнгөтэй болоод өмнөх мөнгөтэй чинь өгнө. Та 5.000.000 төгрөг өгчхөөч” гэхээр нь 4.800.000 төгрөгийг гэрийн гадна Яын машинд бэлнээр өгч, үлдэгдэл 200.000 төгрөгийг Сундуйсүрэн гэх хүний 5011184669 тоот данс руу 5720634181 тоот данснаас шилжүүлж өгсөн.

2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр утсаар яриад “эгчээ би Хэнтий аймгийн Батноров сумын нутагт хадам аавынхаа даалгавраар сонгуулийн ажилд явж байна. Таны мөнгийг аваад удаачихлаа, хүү алдангитай нь өгнө өө, манай баз хүргэн Австрали улсаас ирж байгаа. Надад мөнгө өгөх ёстой юм. Сонгуулийн ажилд явж байгаад их мөнгө өгнө тэр хүртэл надад 1.050.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь энэ хүний ажил бүтэж урьд өгсөн мөнгөө авна гэж бодоод хүү Л.Тийн ХААН банкны 5920298673 тоот данснаас 5019493668 тоот О гэх хүний данс руу 1.050.000 төгрөгийг шилжүүлсэн.

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “500.000 төгрөг өгчих, надад яаралтай хэрэгтэй байна” гэхээр нь өөрийн 5720634181 тоот данснаас А гэх хүний ХААН банкны 5039814250 тоот данс руу интернэт банк ашиглаж шилжүүлсэн.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр над руу Я нь утсаар яриад “нөгөө Хятадууд ирээд тусгаарлалтад оруулчихсан. 21 хоног тусгаарлах ёстой байхад нь би Улсын онцгой комиссын хүмүүстэй уулзаж шөнөжингөө архи дарс ууж виски уугаад зочид буудалд хоноод гарах гэсэн чинь мөнгө дутаад байна. Надад 800.000 төгрөг байна. Та 1.652.000 төгрөг шилжүүлээд өгчих” гэхээр нь зөвшөөрч компанийн данснаас мөнгө авч байгаад бэлнээр өгсөн юм.

Ингээд нийтдээ Я нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны хооронд 36.952.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан” /хх-н 94-95/ гэж,

гэрч Л-ийн Т “... “Манбу” ХХКомпани нь гаалийн зуучлал болон тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг, манай гэр бүлийн компани юм. Я гэгч хүн манай компани дээр ажил төрөл ярьдаг байсан. Манай ээж Ятай ажил ярилцаж байхад Я нь манай ээж Э-аас 20.000.000 төгрөг зээлэхээр ярилцаж манай ээж зөвшөөрсөн. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Транс банкны байгууллагын данснаас 20.000.000 төгрөгийг бэлнээр авч, Я гэгчид бэлнээр 20.000.000 төгрөгийг өгсөн. Дахин 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Гранд Плаза цогцолбор доор байрлах АТМ-ээс 5.500.000 төгрөг байгууллагын данснаас бэлнээр авч, уг мөнгийг Яын хэлсэн 501184669 гэсэн Сундуйсүрэн гэгчийн данс руу хийсэн. 2020 оны 5 дугаар сарын 31-ны өдөр би гадуур явж байхад ээж Э залгаж “Я руу мөнгө шилжүүлэх гэсэн юм, чи шилжүүлчих” гэж хэлэхээр нь интернэт банкаар 3.250.000 төгрөгийг Яын хэлсэн 5003591913 ХААН банкны данс руу шилжүүлсэн. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” дэлгүүрийн хойд талын зогсоол дээр аав Лхагвадорж, ээж Э нарын хамт Я гэгчийн машинд байхад манай ээж Э намайг АТМ-рүү гүйлгэж би бэлнээр 4.800.000 төгрөгийг байгууллагын данснаас авч авчирч өгөхөд манай ээж Я-т 4.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн өөрийнхөө интернэт банкнаас Я-ын хэлсэн 5011184669 данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би ээж Э-ын хамт Баянзүрх дүүргийн “Амгалан” зах дээр явж байхад Я нь манай ээжтэй ярьж мөнгө авахаар болоход нь “Амгалан” зах дотор байрлах АТМ-ээс байгууллагын данснаас 1.050.000 төгрөгийг авч, өөрийн 5920295673 гэсэн данс руу хийж Я-ын хэлсэн 5019493668 данс руу 1.050.000 төгрөгийн шилжүүлсэн. Ямар учраас Ят манай ээж Э өгөөд байсныг би мэдэхгүй” /хх-н 67-68/ гэж,

гэрч Б-ын О “... Я гэгчийг зүс танина. Миний хувьд Улаанбаатараас Сайншанд хүртэл хүн тээвэрлэдэг бөгөөд Я нь тээвэрт хэд хэдэн удаа зорчсон. Үүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Миний хувьд Хэнтий аймаг руу ямар нэгэн тээвэрт явдаггүй, ихэвчлэн Улаанбаатараас Сайншанд руу тээвэрт явдаг. Тухайн үед Я нь надад тээврийн хөлсний маань мөнгө гэж 1.050.000 төгрөг өгсөн. Гэхдээ өмнө нь тээвэрт явсан хөлсний мөнгө үү, эсвэл өмнөх тээврийн хөлсний мөнгө үү гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан миний тээвэрт явсан ажлын хөлс Я гэгчээс орж ирэх ёстой байсан. Тухайн үед сонгуулийн ажил хэдэн сард болж байсныг сайн санахгүй байна. Миний хувьд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээр л сонгуулийн ажилд явж байсан. Гэхдээ Я гэгчтэй нэг ч удаа сонгуулийн ажилд явж байгаагүй, энэ хүнийг сонгуулийн ажил хийж байсан талаар ч мэдэхгүй” /хх-н 73/ гэж,

гэрч Н-ийн А “... Я нь манай хадам ах, би түүний төрсөн дүү С-тай суусан юм. Би Ят өөрийн данс болон картаа түр ашиглуулж байсан. Цагдаагийн байгууллагаас дуудахад миний дансанд 500.000 төгрөг орсон талаар мэдсэн. Миний банкны карт одоо болтол Ят байгаа. Ямар ажил төрөл хийдгийг нь мэдэх зүйлгүй, зөвхөн баяр ёслолоор л таардаг, тэр болгон уулзаад байдаггүй” /хх-н 76-77/ гэж,

гэрч Т-ын Д  “... би Я гэгч хүнийг танихгүй, огт уулзаж байгаагүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. 5003591913 тоот данс нь миний эзэмшлийн дансны дугаар. Миний ажилладаг “Агар дүнз” ХХК-ний захирал М  Я гэгчид Хөтөлөөс цемент авч өгнө гээд 3.250.000 төгрөгийн урьдчилж авсан юм. Учир нь манай “Агар дүнз” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулдаг. Гэвч цемент захиалаад хүмүүстэй ярьсан боловч цемент нь олдоогүй. Тэгээд надаас нэхээд байсан болохоор би Ят буцаад 3.250.000 төгрөгийг өөрт нь шилжүүлсэн” /хх-н 79-80/ гэж тус тус  мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Ц-ын Я “... миний бие Э эгчтэй 2019 онд ажил хэргийн шугамаар танилцаж байсан бөгөөд тухайн үед бид хоёр хамтарч Дорнод аймгаас Манжуур руу нүүрс гаргахаар бэлтгэл ажлаа ханган хамтарч ажиллаж байсан боловч Ковид-19 цар тахал өвчин гарч хил хаасны улмаас бид хоёр хамтарч нүүрс гаргаж чадаагүй юм. Би одоо яг хэзээ авч байснаа сайн санахгүй байгаа ч Э эгчээс цувуулж авсаар 7 удаагийн үйлдлээр нийт 36.950.000 төгрөгийг ажил хөөцөлдөнө гэх мэт шалтгаан хэлж авч байсан. Би Э эгчээс авсан уг мөнгөнүүдийг хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан бөгөөд уг мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг 2021 оны 11 сард эргүүлэн өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь одоогоор төлж чадаагүй байгаа” /хх-н 143/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Дээрх мэдүүлгээс гадна гэрч Н.А-ын 5039814250 дугаартай “ХААН банк”-ны дансны хуулга /хх-н 102/, гэрч Б.О-ын 5019493668 дугаартай “ХААН банк”-ны дансны хуулга /хх-н 103-116/, гэрч Л.Тийн 5320298673 дугаартай “ХААН банк”-ны дансны хуулга /хх-н 117-122/, гэрч Т.Даваанямын 5003591913 дугаартай “ХААН банк”-ны дансны хуулга /хх-н 126-132/, Н.С-гийн 5011184669 дугаартай “ХААН банк”-ны дансны хуулга /хх-н 123-125/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

“Залилах” гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь объектив талын хувьд бусдын эд зүйлс, өмч хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг, субъектив талын хувьд шунахайн сэдэлттэй, шууд санаатай, хүсэж үйлдсэн байдаг.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.Я-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Я-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 169/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 172-174/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 175-176/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 177-179/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 162/, гэх мэт баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх шүүхийн шийдвэрүүд нь шүүгдэгч Ц.Яын хувийн байдлыг харуулсан баримтууд мөн гэж үзэн,

гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд ял шийтгэл оногдуулж,

түүнчлэн эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хохирлыг төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд “... өмнө нь нэг удаа 5.000.000 төгрөг өгсөн, саяхан 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн байна лээ. Нийт 8.000.000 төгрөг аваад байна. Үлдэгдэл 28.952.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Хохирлоо төлүүлсөн тохиолдолд гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн, хохирлын тооцоон дээр талууд маргаагүй тул шүүгдэгч Ц.Яаас 28.952.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-ын Яыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Яыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Яын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд оруулан тооцож,

түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагаар тогтоосугай.

 

4. Ялтан Ц.Я 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Ят авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өөрчлөн, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Ят Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан талаар Хил Хамгаалах Ерөнхий газарт шүүхийн албан бичгээр даруй мэдэгдсүгэй.

 

7. Нийт 36.952.000 төгрөгийн хохирлоос 8.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Я-аас 28.952.000 /хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.

 

8. Шүүгдэгч Ц.Ят Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг /хохирлыг/ арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

9. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ят анхааруулсугай.

 

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ят авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ