Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д-,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Д.А-,

Шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-ы А-ад холбогдох эрүүгийн 2213000000139 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Х-ы А-, регистрийн дугаар:БЛ............

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А- нь 2022 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт байрлах,үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хохирогч Б.Е-ын “Солонгос бараа” нэртэй дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу бахь хэрэглэн дэлгүүрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 18 кг, 515 грамм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.666.330 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2.Шүүгдэгч Х.А- мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-: “Шүүгдэгч Х.А-ыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй, харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Б. Эрүүгийн 2213000000139 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 12, 24 дэх тал/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 19-20, 26-27 дахь тал/,

4. Эд зүйл хулээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,

5. Хохирогч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 32 дахь тал/,

6. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

7. Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

8.Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн БӨА 22-0158 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,

9.Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22/30 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

10.Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22/31 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

11. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн БӨА 22- 0173 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дахь тал/,

12. Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

13. Шүүгдэгч Х.А-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

В.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.А-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Г.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1.Шүүгдэгч Х.А- нь 2022 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутагт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хохирогч Б.Е-ын “Солонгос бараа” нэртэй дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу бахь хэрэглэн дэлгүүрийн цоожийг эвдэн нэвтэрч, 18 кг, 515 грамм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,666,330 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 12, 24 дэх тал/,

4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 19-20, 26-27 дахь тал/,

5.Эд зүйл хулээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/,

6.Хохирогч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 27-ны шөнө гэртээ унтах гэж байхад 01 цаг 40 минутын үед гадаа байдаг дэлгүүрийн хаалгыг хаах дуу чимээ гарсан. Тэгээд юу болсон бол гэж бодоод гадаа гараад дэлгүүрийн хаалгыг үзэхэд цоожийг нь эвдсэн байхаар нь хаалгыг онгойлгоод дэлгүүр дотор орж үзэхэд 26 шуудай ноолуур оруулсан байснаас 2 шуудай ноолуур алга болсон байсан. Би өөрөө ноолуурын ченж хийдэг. Бага зэрэг ноолуур худалдаж авдаг байсан. Тэр 26 шуудай ноолуурыг би малчдаас нэг килограммыг 92,000 төгрөгөөр нийт 200 кг ноолуурыг 18.400.000 төгрөгөөр худалдаж аваад 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед дэлгүүрт оруулаад цоожилсон байсан. Байсан ноолуурыг тооцож үзэхэд 2 шуудайнд хийсэн 18 кг 400 гр ноолуур алга болсон байсан. Би ноолуурыг авч ирээд дэлгүүрт оруулж байхад Х.А-, Х.Т- гэх манай сумын хоёр залуу ирээд нэгж асуугаад явсан. Тэд нар ноолуур оруулж байгааг харсан. Эхнэр Т.А- тус ноолууруудыг оруулахад жин дээр тавьж хэмжин, килограммыг нь шуудайны гадна талд бичсэн байсан. Тухайн үед бүртгэл хөтөлсөн байсан ба ямар ноолуур алга болсныг харахад 8,8 болон 9,6 гэж хар бэхээр бичсэн 2 шуудай ноолуур байхгүй байсан. Тоо бичихээс өөр ямар нэгэн онцлог шинж тэмдэгтэй гэдгийг мэдээгүй. Би нийт 18.4 кг ноолуур алдсан ба тухайн ноолуурын 1 кг-ыг 92.000 төгрөгөөр тооцож үзэхэд 1,692,800 төгрөг болж байна. Манай дэлгүүрээс өөр алга болсон эд зүйл байхгүй. ...хулгайлагдсан 2 шуудай ноолуурыг хэсгийн төлөөлөгч А.Н-аас хүлээн авч тухайн үед хэмжиж үзэж, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж надад өгсөн. Миний бие хулгайд алдсан зүйлсээ бүрэн хүлээн авсан учир ямар нэгэн гомдол байхгүй. Х.А-ыг уучилсан болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 32 дахь тал/,

7. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 01 цаг 40 минутын үед унтах гэж хэвтсэнээс хойш 5-10 минутын дараа гэрийн хажуу талаас тачигнасан дуу гарсан. Тэгээд нөхрөө босгоод гараад хараад ир гэж явуулсан. Нөхөр Б.Е- гарчаад орж ирээд манай Солонгос барааны дэлгүүрт хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гараад очиход дэлгүүрийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Бид нар тус цоожийг аваад дэлгүүр дотор ороод дээд талын булан хэсэгт өрж тавьсан байсан ноолуурыг харахад нийт 26 шуудай ноолуур байх ёстойгоос 2 шуудай ноолуур байхгүй байсан. Хэдэн кг ноолуур байсан гэдгийг мэдэхгүй, 26 шуудай ноолуур байснаас 2 шуудай ноолуур дутуу байсан. Би тус ноолууруудыг оруулахад жинг дээр тавьж, хэмжээд хэмжээг нь шуудайны гадна талд бичсэн байсан. Тухайн үед бүртгэл хөтлөн ямар ноолуур алга болсныг харахад 8.8 болон 9.6 гэсэн хар бэхээр бичсэн 2 шуудай ноолуур байхгүй байсан. Тухайн ноолууруудыг 1 килограммыг нь 92,000 төгрөгөөр сүүлийн 2-3 хоногт худалдан авсан ноолуур байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

8.Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Х.А- манайхаас гарч явахад шөнийн 00 цаг орчим болж байсан. ... Анх Б.Е-ыг Солонгос бараа нэртэй дэлгүүртээ ноолуур оруулж байхад 11 цагийн орчим байсан. Тэр үед гадаа бүрэнхий байсан бөгөөд түүнийг дэлгүүртээ ноолуур оруулж байхыг Х.А- бид хоёроос өөр харсан хүн байхгүй. Х.А- бид хоёр хамт тэдний дэлгүүрт очиход Б.Е- ноолуур оруулж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

9.Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн БӨА 22-0158 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,

10.Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “...хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан гэх цоож нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн байна. Цоожийг эвдлэгч багаж хэрэгсэл ашиглан эвдэж онгойлгосон байна. Цохих буюу хөших хүчний үйлчлэлээр эвдэж онгойлгосон байна” гэх 22/30 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

11.Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “...Шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гутлын улны мөрийн хувийн онцлог шинж тэмдэг нь тоо болон чанар хангалтгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй. Харин хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь тодорхой хэсэг гутлын улны дардастай харьцуулах боломжтой. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөр нь  Х.А-аас хураан авсан гэх баруун талын гутлын улны дардастай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. Х.А-ын гутлын улны дардастай хэмжээ, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх 22/31 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

12.Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн БӨА 22- 0173 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дахь тал/,

13.Шүүгдэгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө манай дотуур байрны хажууд байдаг Б.Е-ын Солонгос бараа нэртэй дэлгүүр нь ноолуур авдаг учир тухайн дэлгүүрээс ноолуур хулгайлж авахаар 02 цаг 30 минутын үед ганцаараа явганаар очиж дэлгүүрийн хаалганы цоожийг өөрт байдаг бахиар эвдэж дотогш орсон. ...шуудайтай ноолуураас хоёр шуудай ноолуурыг авч гараад сумын төвд ойрхон байдаг уулын бэлд нуучихаад гэртээ ирж байж байгаад Б.Е дэлгүүртээ хулгай орсон гэдгийг мэдээд ноолуураа хайж байгаа байх гэж бодоод буцаж очоод нуусан 2 шуудай ноолуураа авч дэлгүүрт нь очиж Б.Е- болон түүний эхнэр нь байхад хүлээлгэж өгөөд уучлалт гуйсан. Тухайн үед өглөөний 7 цаг болж байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

14.Шүүгдэгч Х.А- нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэснийг түүний өмгөөлөгч Д.А- дэмжиж, гэм буруугийн асуудлаар улсын яллагчтай мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Д. Эрх зүйн дүгнэлт.

1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

2. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.  

3.Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Х.А- нь хохирогч Б.Е-ын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Солонгос бараа” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, ноолуур хулгайлахын тулд учрах саадыг арилгах зорилгоор идэвхтэй үйлдлээр тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу бахь хэрэглэн дэлгүүрийн цоожийг эвдэж, 2 шуудай 18 кг, 515 гр ноолуур хулгайлж өөрийн эзэмшилдээ авч, тухайн хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй  захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

4. Эрүүгийн хуулийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Х.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бахь нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх ойлгодтод хамаарч байна.

5.Шүүгдэгч Х.А- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

6. Иймд шүүгдэгч Х.А-ын дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Е.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

2.Шүүгдэгч Х.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Е-д 1,666,330 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга гурван зуун гуч/ төгрөгийн хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь хохирогчийн алдсан 18 кг, 515 гр хэмжээтэй 2 шуудай ноолуурыг шүүгдэгч Х.А-аас хураан авч, хохирогч Б.Е-д бүрэн бүтэн хүлээлгэж өгснөөр хохирогч Б.Е- нь Х.А-ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.А-аас гаргуулж, хохирогч Б.Е-д олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлагын оногдуулах үндэслэлийн талаар

1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс шүүгдэгч Х.А- учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Х.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа бүрэн  хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.А-ыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

6.Шүүгдэгч Х.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх боловч тэрээр шууд санаатай үйлдлээр, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх үндэслэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй байна.

7.Харин шүүгдэгч Х.А- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа өөрийн үйлдлийг буруу гэдгийг ухамсарлаж, ууланд нуусан байсан 2 шуудай ноолуурыг сайн дураараа хохирогч Б.Е-д гарган өгч, хохиролгүй болгосон байх тул түүний энэ байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.А-ын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа сайн дураараа ухамсарлан ойлгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан зэрэг нөхцөл байдал нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх урьдач нөхцлийг хангаж байна.

9.Иймд шүүгдэгч Х.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, шүүгдэгч Х.А-ад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

10. Шүүгдэгч Х.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн, богино түрийтэй, хос гутал 1-ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, цагаан өнгийн цоож 1 ширхэг, бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж шийдвэрлэв.

12. Шүүгдэгч Х.А-ад 1 жилийн хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Х-ы А-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.А-ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ад шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.А- нь энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн, богино түрийтэй,  хос гутал 1-ширхгийг шүүгдэгч Х.А-ад буцаан олгож, цагаан өнгийн төмөр цоож 1 ширхэг, бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгч Х.А-ын эдлэх хорих ялыг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА