Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00368

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төлөөлөн нэхэмжлэгч: 1968 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, эмэгтэй, 50 настай,  бүрэн дунд боловсролтой,  Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар багт оршин суух, Ш овогт С. Е  ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох,

Б.А ийн эд хөрөнгөд учирсан хохирол 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00088/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: төлөөлөн нэхэмжлэгч С.Е , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1982 онд Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, Булган аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэлтийн тасагт ахлах мөрдөгч ажилтай, З овогт Ж. Б түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Батболд, гэрч Б.Н , Г.Б , Т.М , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Төлөөлөн нэхэмжлэгч С.Е  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Е  миний бие 2014 онд хулгайн хэрэгт холбогдон гэм буруутайд тооцогдож шүүхээр шийтгүүлж  2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн. Уг хэрэг шалгагдаж байх үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай бэр охин Б.А ийн эзэмшлийн **-**ОРХ улсын дугаартай, “Ssang Yong istana” маркийн тээврийн хэрэгслийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч /Т.М /-ийн тогтоолоор битүүмжилж Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгч Баатархүүд хүлээлгэн өгч, сумын цагдаагийн кубоны хашаанд хадгалсан юм. Би 5 сар гаруй цагдан хоригдож байгаад гарч ирсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.А  гэж олон удаа тайлбарлаж хэлсэн боловч машиныг өгөөгүй. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, **-**ОРХ улсын дугаартай “Ssang Yong istana” маркийн тээврийн хэрэгслийг 5 ширхэг дугуй, саарал өнгийн машины дугуйны обудын хамт эзэмшигч Б.А т буцаан олгохоор шийдвэрлэсэн. Надтай хамт шийтгэгдэж байсан П.Энхболд давж заалдах шатны шүүхэд болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч дээрхи хоёр шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Улсын дээд шүүхийн тогтоолыг гардаж аваад бэр Б.А ийн хамтаар мөрдөн байцаагч Т.М тай очиж уулзахад бид хоёрыг Баян-Агт сум руу явуулсан. Тус суманд очоод машинаа цагдаагийн хашаанаас авах гэтэл байхгүй, өөр эзэнгүй хашаанд аваачаад тавьчихсан байсан. Мөн 4 дугуй, 4 амаржин, зөв талын цап /хосоороо/, жанам, баруун талын том жижиг толь /суурьтайгаа/, хойд толь, шил арчигч /хосоороо/, дугуйн гайх /18 ширхэг/, зөв талын хос накалад /базагчтайгаа/, үзүүрийн 46-ын гайх, шпилк /10 ширхэг/, речакны толгой, урд хойд номерууд, машины түлхүүр, бичиг баримт зэрэг эд зүйлс байхгүй тоногдсон байдалтай байсан. Тэр дор нь мөрдөн байцаагч Мөнхбатад энэ тухай хэлэхэд “би зохицуулж өгнө” гээд 3 сар хүлээлгэсэн. Уг асуудлаар бэр Б.А ийн хамт зөндөө хөөцөлдөж явсан. Цагдаагийн газрын дарга дээр нь ороод ч шийдэж өгөөгүй. 2016 оноос хойш машины урд талын хоёр гэрэл дохио, баруун талын босоо тэнцүүлэгч, өндгөн тулгуур, зөв талын рулийн аппаратны үзүүрийн тяаг, баруун талын дээд гар, зөв талын ухрахын гэрлийн мэдрэгч, хөгжим, парны удирдлага, хянах самбар рычакны самбар зэрэг эд ангиуд нэмж алга болсон. 2013 оны 11 дүгээр сард уг машиныг худалдаж аваад бичиг баримтыг нь шилжүүлж амжаагүй байхдаа машиныг битүүжлүүлсэн. 2018 оны 1 сард худалдан авах гэрээ хийж бичиг баримтаа шилжүүлж авсан. Хэрэг шийдвэрлэснээс хойш нэмээд олон эд анги алга болсон, машиныг авч засварлах боломжгүй тул үнийг нь нэхэмжилж байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх үедээ бусдын эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгөийг хадгалж хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж Б.А т 4.500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул дээрхи хохирлыг Булган аймаг дахь Цагдаагийн газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэргэлэнболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Энхболд, С.Е  нар 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цэцэрлэг сум, Булган аймгийн Баян-Агт сумаас “Истана” маркийн автомашинтай 9 тооны үхэр хулгайлан Баян-Агт сумын төвөөр дайран өнгөрч байхад нь тус суманд цагдаагаар ажиллаж байсан Баатархүү уг автомашиныг саатуулах гэсэн боловч сумын төвөөс гарч зугтааж байхдаа чулуу мөргөж автомашины явах эд анги, урд салхины шил хагарсан байдалтай зогсож байхад нь саатуулсан байдаг. Уг автомашиныг тээвэрлэж авч явах боломжгүй байсан тул битүүмжилж тухайн үед ажиллаж байсан цагдаа Баатархүүд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан нь хэргийн материалд эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлд тодорхой харагдаж байгаа. Уг асуудлаар С.Е  нь өөрийн бэр Б.А ийн хамт 2017 онд гомдол гаргаж гомдлын дагуу автомашины эвдрэл хохирлын асуудлыг Цагдаагийн газар хариуцахгүй иргэн Баатархүү хариуцах тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарсан байгаа. С.Б нь Булган аймаг дахь Цагдаагийн газарт 2014 онд ажиллаж байгаад 2015 онд дутагдлаар албанаас чөлөөлөгдсөн болно.

Иймд манай Цагдаагийн газар нь С.Е гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн автомашиныг очиж үзэхэд уг машиныг засварлах боломжтой гэж үзсэн. Эрүүгийн хэргээс тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг авахад уг автомашин нь А.Бат-Эрдэнэ гэх хүний эзэмшлийнх байсан. Б.А т автомашиныг худалдан борлуулах итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа нь дууссан учраас А.Бат-Эрдэнийн машиныг Б.А , С.Е  нар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд гэрч Т.М  мэдүүлэхдээ: 2014 оны 11 дүгээр сард Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгчөөс мах ачсан “Истана” маркийн машин сумын төвөөс гараад зугтаалаа гэсэн мэдээлэл ирсэн. Биднийг дуудлагын дагуу очиход машин чулуу мөргөж урд салхины шил хагарсан байдалтай зогсож байсан. Тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилж Баян-Агт сумын хэсгийн байцаагч Б.Баатархүүд хүлээлгэж өгсөн. Уг автомашиныг сумын төв дээр цагдаагийн кубоны гадаа үлдээгээд явсан. Эрүүгийн хэргийг мөрдөн байцаагч Д.Лувсансамдан шалгасан бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийг хэрэгт хавсаргаж шилжүүлсэн байсан. Хэрэг шийдэгдсэнээс хойш С.Е  нь надтай ирж уулзсан бөгөөд тээврийн хэрэгслээ авахаар Бая-Агт сум руу явсан. Тэнд очоод тээврийн хэрэгсэл тоногдсон байна гэж утсаар ярьсан. Хэдэн зураг авчирч өгсөн санагдаж байна. Хэргийг би шалгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Анх дуудлагаар очиход машин чулуу мөргөж зогссон, тос масло нь гоожсон, салхины шил нь хагарсан байсан гэв.

Шүүх хуралдаанд гэрч Б.Н  мэдүүлэхдээ: Миний бие 2015 оны 12 дугаар сард Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож очиход “Ssang Yong istana” маркийн автомашин нь тус сумын цагдаагийн кубоны байрны гадаа  байсан. Хэсгийн төлөөлөгчийг эзгүй үед тухайн автомашиныг тоноод байна гэсэн мэдээлэл ирдэг байсан. Энэ талаар Цагдаагийн газрын дарга Ганбат,  мөрдөн тасгийн дарга Шинэбаяр нарт хэлж байсан. Мөн журмын хашаанд хийх талаар удаа дараа санал тавьж байсан.  Баян-Агт сумын 90 жилийн ой болох гэж байгаа тул машинаа өөр тийшээ зөө гэсэн үүрэг өгсөн тул шинээр томилогдсон хэсгийн төлөөлөгч бид хоёр ярьж байгаад цэцэрлэгийн хашаанд трактороор чирүүлээд оруулж тавьсан. Машины дугуйг кубоны гражид хийсэн байсан. Уг хашаа нь манаачтай хашаа байсан бөгөөд манаачид хүлээлгэж өгсөн акт үйлдсэн эсэхийг би сайн мэдэхгүй. Миний бие 2015 оны 6 дугаар сар хүртэл тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. Энэ талаар шинээр томилогдсон хэсгийн төлөөлөгч мэдэж байгаа байх. Машиныг цэцэрлэгийн хашаа руу оруулахад толь болон бусад эд ангиуд нь байсан гэв.

   Шүүх хуралдаанд гэрч Г.Б  мэдүүлэхдээ: Тухайн үед газрын даргаар Батбаяр томилогдон ирсэн байсан. С.Е гийн өргөдлийг шийдвэрлэ гэж надад цохсон байсан бөгөөд тус өргөдлийг хүлээн авч танилцахад манай байгууллагад хамааралгүй, алба хаагч нарт хамааралтай асуудал байсан тул хохирлоо иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүл гээд өргөдлийг буцаасан. Манай байгууллага хариуцахгүй гэж үзсэн. Би машиныг газар дээр нь очиж үзээгүй гэв.  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Төлөөлөн нэхэмжлэгч С.Е  нь Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан Б.А ийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4.500.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага, түүний төлөөлөгч нар эс зөвшөөрч уг тээврийн хэрэгсэл нь иргэн А.Бат-Эрдэнийн эзэшлийн эд хөрөнгө  байх тул Б.А , түүний төлөөлөгч С.Е  нар нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ.

Төлөөлөн нэхэмжлэгч С.Е  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдож, уг хэрэгт холбогдуулан **-**ОРХ улсын дугаартай “Ssang Yong istana” маркийн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж Булган аймгийн Баян-Агт суманд цагдаагаар ажиллаж байсан Б.Б хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 49-51/   

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор С.Е г Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлээр ялаас өршөөж, 2014 оны 11 дүгээр арын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, **-**ОРХ улсын дугаартай “Ssang Yong istana” маркийн тээврийн хэрэгсэл, 5 шихрэг дугуй, саарал өнгийн обуд зэргийг уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.А т буцааж олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 22-37/

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж төлөөлөн нэхэмжлэгч С.Е  болон Б.А  нар нь уг тээврийн хэрэгслийг хүлээн авахаар Булган аймгийн Цагдаагийн газарт удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй, тээврийн хэрэгслийн /4 амаржин, зөв талын цап /хосоороо/, жанам, баруун талын том жижиг толь /суурьтайгаа/, хойд толь, шил арчигч /хосоороо/, дугуйн гайх /18 ширхэг/, зөв талын хос наклад /базагчтайгаа/, үзүүрийн 46-ын гайх, шпилк /10 ширхэг/, речакны толгой, урд хойд номерууд, машины түлхүүр, бичиг баримт/ зэрэг эд анги тоногдож алга болсон нь зохигчдын тайлбар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 38-48, 172-180/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заажээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Цагдаагийн байгууллага нь хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд тус байгууллагын албан хаагч нар нь албан үүргээ гүйцэтгэхдээ хууль тогтоомж зөрчиж, мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж Б.А т хохирол учруулсан байх тул алба хаагчийн ажиллаж буй байгууллага хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Б.А ийн эзэмшлийн **-**ОРХ улсын дугаартай “Ssang Yong istana” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 он/ 133, 134 дүгээр зүйлд заасныг баримтлан тухайн үед Баян-Агт сумын цагдаагаар ажиллаж байсан Б.Б хүлээлгэн өгсөн байх бөгөөд Б.Б нь  2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр албанаасаа чөлөөлөгдөхөд уг тээврийн тээврийн хэрэгслийг хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй орхигдож, тээврийн хэрэгсэл тоногдож, зарим эд зүйлүүд нь алдагдсан байх тул хохирлыг Цагдаагийн байгууллага хариуцан төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 49-51, 127/  

Төлөөлөн нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн итгэмжлэл нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А.Б **-**ОРХ улсын дугаартай “Ssang Yong istana” маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах хэлцэл хийхэд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Б.А т олгосон байх ба энэ итгэмжлэлээр Б.А ийг уг тээврийн хэрэгслийг худалдан авсан гэж үзэх боломжгүй юм. Харин 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр А.Бат-Эрдэнэ нь уг тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг хийж 2700 000 төгрөгөөр Б.А т худалдсан нь худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 199/  ,

С.Е  нарт холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжилсэн **-**ОРХ улсын дугаартай “Ssang Yong istana” маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 4500 000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 7-8/ байгаа хэдий ч 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээр буюу 2700 000 төгрөгийг хариуцагч Булган аймгийн Цагдаагийн газраас гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Хариуцагч байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйийн 498.2-т заасныг баримтлан Булган аймгийн Цагдаагийн наүраас 2700 000 /хоёр сай долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Б.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1800 000 /нэг сая найман зуун мянган / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 /наян зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Цагдаагийн газраас 58150 /тавин найман мянга нэг зуун/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                    Л.ДАРЬСҮРЭН                                                                                                                                                                                                                                                                                                             Р.ҮҮРИЙНТУЯА