Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2022/0072/Э |
Дугаар | 74 |
Огноо | 2022-08-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 74
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хэрэгт холбогдох үедээ Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх тасгийн хэрэг бүртгэх албанд гаалийн ахлах байцаагч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Б /РД: / холбогдох эрүүгийн 2220000000006 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гаалийн амралтын газарт хохирогч Г.Ууганбаярыг албаны даргад чинь зодуулчихлаа гэж хэлээд гэр рүү орох гэхэд нь түүнтэй маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиж, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд язарсан шарх гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус, тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай гаалийн газраас ахлах болон түүнээс дээш албан тушаалтнууд оройн хоол идэх цайллага болсон юм. Ууганбаяр надаас түрүүлээд согтчихсон агсам согтуу тавиад, дарга цэрэг рүү агсарч яваад байсан. Тухайн үед Зөрчлийн албаны дарга Бат, Ууганбаяртай цуг хашааны гадна маргаан үүсгэсэн байсан. Би өөрөө хараагүй. Тэгээд Ууганбаяр ирж таараад надад, танай албаны дарга намайг зодож байна, чи өмгөөлөөч гэснээ би даргад хэлнэ гээд гэр рүү орно гэхээр нь би оруулахгүй гээд хориод, түүнээсээ болоод барьцалдсан. Би нүүр, уруул руу нь цохисон. Мэдээж бид барьцалдсан болохоор би ч гэсэн адилхан цохиулсан. Миний үйлдэл л хөнгөн гэмтэл учруулсан байсан. Тухайн зодоон хурдан болж өнгөрсөн. Ууганбаярын биед учирсан гэмтлийг би учруулсан. Батын үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болсонд гомдол санал байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Миний хувьд хохирогч Ууганбаяртай тухайн хэрэг болсноос 3, 4 хоногийн дараа уулзаад биед нь эмчилгээний зардал, хохирол байгаа эсэхийг асуусан. Бид 2013 оноос хойш хамт ажиллаж байгаа хүмүүс. Эмчилгээндээ зарцуулаарай гээд 1,000,000 төгрөг өгсөн. Миний хувьд энэ явдалд маш их харамсаж, гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдын ажил амьдралдаа дахин алдаа гаргахгүйг хичээж, өөртөө анхааруулж амьдарна. Маш их сургамж боллоо. Цаашид гаргасан үйлдэл маань ажилд ороход нөлөөлөх болов уу л гэж бодож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үр дагаврыг ойлгож мэдсэн байгаа гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 01/
Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн хяналт шалгалтын албаны эрэлч нохой хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч ажилтай. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд тухайн өдөр гэртээ амарч байсан урьд өдөр нь манай ажлынхан 11-ний өдөр уулзаж хамт сууцгаанаа гэж яригдаж байсан тухайн өдрөө уулзаагүй байж байгаад 12-ны өдөр 17 цагт Гаалийн амралтын газрын гэрт ирээрэй гэсэн, тэгээд би 19 цагийн үед амралтын газар руу очиход манай ажлын хүмүүс цуглаад тэнд Гаалийн газрын дарга Отгонсүх, Зөрчлийн албаны дарга Ш.Бат, ахлах байцаагч Булгантамир нар болон бусад алба хаагчид хоол унд, архи дарс болчихсон сууцгааж байсан. Миний бие ороод хамт ажилладаг хүмүүс учир хоол унд идээд, архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн тэнд байсан хүмүүс бүгд л уусан халамцуухан байцгаасан, Батжаргал, Энхбаатар, Намхай нар архи уухгүй байгаа бололтой байсан. Миний бие бол их архи уугаагүй, уугаад ч байдаггүй. Тэгээд орой 23 цаг хүртэл сууцгааж байгаад би гэрээс гараад гадаа ил бие засах болоход Ш. Бат гэх хүн надтай хамт бие засах таараад бид хоёр 5, 6 алхам зайтай зэрэгцэж зогсоод бие засчихаад эргээд өмдөө татаад буцаад эргээд харахдаа би “цаг агаарын тухай яриад хүйтэрч байна шүү, салхитай байна” гэж хэлтэл Ш.Бат нь ямар нэгэн зүйлийн талаар яриагүй гэнэт л миний баруун талын чих чамархай хэсэгт гараараа 1 удаа цохих үед нь би манараад газар сөхрөөд доошоо сөгдөөд 4 хөллөөд унасан чинь толгой, ар хэсэгт, мөн баруун гуя, баруун хөлний шагай, шилбэ, нуруу зүүн хөл гэх мэт газар руу цохиод, өшиглөөд байхаар нь “та болиоч, яаж байгаа юм бэ? таныг би яасан юм бэ?” гэж хэлэхэд Ш.Бат нь “нохойны пиздааг алчихая” гэж хэлэх сонсогдсон. Би зодуулсан газраасаа зугатаагаад мөлхөөд босож ирээд гэрт орох гээд яваад очтол гэрийн үүдний шатан дээр ахлах байцаагч Булгантамир зогсож байсан, би түүнд хандан би “албаны даргад чинь зодуулчихлаа шүү дээ” гэж хэлээд гэр рүү орох гэсэн чинь Булгантамир нь “Чи намайг зодчихоод юм уу?” ийшээ ороорой” гэж хэлээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан чинь Намхай ахлах байцаагч дундуур орж ирээд салгаад “дүү нар нэгнийгээ ингэж болохгүй” гэсэн чинь Булгантамир нь миний хамар ам уруулын дээд хэсэгрүү 1 удаа цохиход миний хамар амнаас цус гарч эхэлсэн би доошоо суусан чинь Булгантамир нь толгой, нуруу руу өшиглөсөн цохисон, Намхай ахлах болиулах гээд байсан боловч Булгантамир нь энд тэндээс цохиод байсан, энэ үед миний хамар амнаас цус гараад гарын алганд цусаар дүүрч байсныг харуулаад “одоо болиоч дээ би чамд ямар гэм хийсэн юм бэ?” гэж хэлсэн тэгтэл Булгантамир нь Намхайтай барьцалдах хооронд нь гэр рүү гүйгээд орсон чинь Ш.Бат гэрт ороод ирчихсэн гэрийн хойморт суучихсан байсан, ... Б.Булгантамир нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надаас уучлалт гуйсан хохирол төлбөрийг барагдуулсан учир надад гаргах гомдол санал байхгүй... Дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, шанаанд зулгаралт, цээжний урд талд цус хуралт зүүн гуяанд цус хуралтын гэмтлийг Б.Булгантамир надад учруулсан. Баруун хөлний шагай хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлийг хальт гишгэх байдлаар үүссэн байж магадгүй. Түүнээс баруун хөлний шагай хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлийг хэн нэгний буруутай үйлдлээс үүссэн гэж хэлж мэдэхгүй байна. Миний биед учирсан гэмтэл шарх одоо бүрэн эдгэж зүгээр болсон, өөр мэдэгдэх зүйлгүй байгаа. Би шүүх хуралд суухгүй, надад өөр гаргах гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 6, 7, 2хх-ийн 241/
Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2021 оны 12-р сарын 12-ны өдөр манай Замын-Үүд дэх Гаалийн газрын амралт чөлөөт цаг өнгөрүүлдэг газар ажлын бус цагаар дарга, ахлахууд цуглаж ажил төрлөө яриад мах шөл чанаад сууцгаасан юм. Би орой 17, 18 цагийн үед очсон юм. Тухайн газарт Гаалийн газрын дарга Отгонсүх, зөрчлийн албаны дарга Ш.Бат, хяналт шалгалтын албаны дарга Алтансүх, ахлах байцаагч Булгантамир болон бусад ахлах байцаагч нар байсан. Тэнд хоол унд идээд ганц нэгэн шил архи ууцгаасан, миний бие архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Би ахлах байцаагч Батжаргалын хамт Замын-Үүд сумын төврүү яваад буцаад ирсэн чинь Ууганбаярын хувцас нь урагдчихсан, шанаа нь халцарсан байдалтай Отгонсүх даргатай яриад сууж байсан би Ууганбаярыг “хүргээд өгөх үү?” гэсэн чинь явах шинжгүй байгаад байсан тэгээд би эргэж гараад явах хүн байвал хүргээд өгье” гэж бодоод машинаа халаагаад урд хаалган дээр байж байсан чинь жолооч Энхбаатар утасдаад “Та Ууганбаярыг хүргээд өгчих автобуснаас буучихлаа, хүргэж өгмөөр байна” гэхлээр нь гэрийн үүдэн дээр алхаад очсон чинь Булгантамир, Ууганбаяр нар зогсож байсан, тэгэхлээр нь би Ууганбаярыг “за миний дүү хүргэж өгье” гэсэн чинь Ууганбаяр нь “би гэрлүү орно, Бат даргатай уулзана, намайг зодсон” гэж ярьж байсан чинь Булгантамир нь Ууганбаярт хандан хэлэхдээ “Чи намайг яачихаад гэлээ дээ чамайг оруулахгүй” гэсэн Тэгтэл Ууганбаяр хажуугаар нь гараад гэрлүү орох гэсэн чинь Булгантамир нь Ууганбаярын нүүрэн хэсэгт нь гараараа 2 удаа цохиод, хөлрүү өшиглөхөөр нь би дундуур ороод 2 тийш нь салгаад нэг нэг гараараа бариад зогссон чинь Булгантамир нь Ууганбаярын толгойруу цохиод доогуур өшиглөөд байхаар нь би Ууганбаярыг орхиод Булгантамирыг тэвэрч аваад Ууганбаяраас холдуулсан чинь Ууганбаярын хамар амнаас нь цус гараад “Булгантамираа би чамд ямар гэм хийсэн юм бэ? одоо болно шүү дээ” гээд гаран дээрээ цусаа гоожуулаад байсан, тэгэхлээр нь би Булгантамирыг түлxээд холдуулчихаад Ууганбаярыг сугадаад машинруу явж байсан чинь жолооч Энхбаатар “хүүе хүүе” гээд орилохоор нь эргээд харсан чинь Булгантамир араас гүйж ирж байсан Бугантамир гартаа хутга барьчихсан байхаар нь би Ууганбаярыг орхиод би Булгантамирыг бариад авсан ... Г.Ууганбаярын цамц нь урагдчихсан, баруун шанаан тус газарт нь зулгарсан шархтай улайсан, уруул нүүр нь бага зэрэг хавдсан харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21/
Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...23 цагийн үед Г.Ууганбаяр нь гаднаас уруулын дээд талаас цус гарчихсан, цэнхэр өнгийн цамц нь урагдчихсан гаднаас орж ирж байсан, ширээний цаад талд очоод сууж байсан цаг орой болсон байсан болохоор би ширээн дээгүүрх эд зүйлийг цэгцэлж байсан Г.Ууганбаяр нь “би нохойны байцаагч болохоор намайг адлаад байна, би хүн биш юм уу?” гэх мэтийн зүйл ярьж байгаад гэрээс гараад явсан. Маргааш өглөө нь Г.Ууганбаяр нь надруу залгаад Б.Булгантамир нарт зодуулаад хөл гишгэж болохгүй байна, хүүхдээ хүргэж өгчихөөд гэрлүүгээ орж байна” гээд шатанд дээр явж байгаа юм уу? гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... хүмүүс зодолдоод байгаа харагдахаар нь яваад очсон чинь Ууганбаяр доод талд нь Булгантамир дээр нь гарчихсан Намхай салгах гээд байж байсан. Намхай бид хоёр салгасан, Ууганбаяр тэднийг салгасан дараа ахаа намайг ингэж зодож байна шүү дээ гээд нүүр ам нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24/
Med trauma Hospital эмнэлэгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1хх-ийн 34-36/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “1. Г.Ууганбаярын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Г.Ууганбаярын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, баруун шанаанд зулгаралт, цээжний урд дээд талд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, баруун хөлийн шагай хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/016 тоот дүгнэлт /1хх-ийн 37-39/
Шүүгдэгч Б.Булгантамир нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 76/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “1.Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 04/016 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Ирүүлсэн материалууд шинжилгээнд тэнцэнэ.
3.Г.Ууганбаярын биед учирсан дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, баруун шанаанд зулгаралт, цээжний урд дээд талд цус хуралт зүүн гуянд цус хуралт, баруун хөлийн шагай хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Г.Ууганбаярын биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 589 тоот шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 3-6/
Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “ яллагдагч Ш.Батад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 04 дугаартай тогтоол /2 хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Булгантамирын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буругийн талаар:
Шүүгдэгч Б.Булгантамир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гаалийн амралтын газарт хохирогч Г.Ууганбаярыг “ албаны даргад чинь зодуулчихлаа” гэж хэлээд гэр рүү орох гэхэд нь “ намайг зодчихоод ор” гэж хохирогчтой маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохих, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, баруун шанаанд зулгаралт, цээжний урд дээд талд цус хуралт зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Хохирогч Г.Ууганбаярын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэн 04/016 тоот дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 589 тоот дүгнэлтийг тус, тус гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэхүү дүгнэлтэнд хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол, хүсэлт гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Булгантамирын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-хохирогч Г.Ууганбаярын гэмт хэргийн улмаас хэрхэн яаж хохирсон, тухайн үед болсон асуудлын талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 хх-ийн 6, 7, 2хх-ийн 241/,
-Эрүүгийн хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлан өгч, мэдүүлэг авсан гэрч Г.Удвалмядаг, Ц.Намхай, Б.Батжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
-хохирогч Г.Ууганбаярын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/016 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 589 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Булгантамирын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул гэм буруутайд тоцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогчид эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч Г.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд “ ...Миний биед учирсан гэмтэл шарх одоо бүрэн эдгэж зүгээр болсон, өөр мэдэгдэх зүйлгүй байгаа. Би шүүх хуралд суухгүй, надад өөр гаргах гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлгийг / 2хх-ийн 241/ өгсөн, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
Түүнчлэн дээрх хуулийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг анхаарах бөгөөд шүүгдэгч Б.Булгантамирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Булгантамирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Булгантамир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ховогт Б.Б /РД: 8/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б р нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД