Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/1076/З |
Дугаар | 128/ШШ2021/0094 |
Огноо | 2021-02-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2021/0094
2021 оны 02 сарын 02 өдөр 128/ШШ2021/0094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: НЗД, НГЗБА
Гуравдагч этгээд: “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх, “М” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, өмгөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Ж.Энар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“М” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Тус шүүхэд хянагдаж байгаа МХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн а/47 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ...1. “М” ХХК-ийн нийтийн эдэлбэр бус газраас хассан Нийслэлийн Засга даргын 2006 оны 87 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Хууль бусаар Б ХХК-д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газар /Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар Б ХХК-д олгосон газар/-ыг хүчингүй болгосны үндсэн дээр “М” ХХК-д газар эзэмших эрх олгохыг даалгуулах,
3. Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 5/36 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр тодруулсан шаардлагуудаа хуулийн хүрээнд дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагуудаа тодруулж, багасгаж байна. Үүнд:
1. “М” ХХК-ийн эзэмшил газраас нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа гэх үндэслэлээр хууль бусаар хассан нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үйлдэл, үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар дээрх Б ХХК- ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх,
3. “М” ХХК-ийн ...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах газрыг эзэмших тухай 2017 оны 10 дугаар сарын 17, 2019 оны 06 сарын 28-ны өдрүүдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргаж байгаа болно.
... Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/984 тоот захирамжаар Б ХХК-д маргаан бүхий газар эзэмшүүлсэн. Энэ захирамжаар бусдын орц гарц нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлсэн. Газар эзэмших хүсэлт гаргахдаа шаардлага хангаагүй, дуудлага худалдаа явуулаагүй байдлуудыг харгалзан үзээгүй. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг холбогдох хяналтын байгууллага батална гэж заасан. Уг заалтын дагуу батлагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/79 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Хүнсний үйлдвэрт эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тээврийн хэрэгслийн явах зам, орох гарах хаалгууд нь түүхий эд ба бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх болон ажиллагсдын явах замтай давхцахгүй, технологийн урсгалын дагуу байна гэж заасны дагуу М ХХК-ийн эцсийн бүтээгдэхүүний зөөвөрлөдөг хэсэг нь манай компанийн хойд талд байрлах маргаан бүхий газар бөгөөд тус газраар дамжуулан бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөг байсантай хэргийн оролцогчид маргадаггүй.
... Мөн манай компани төмөр замаар бараа бүтээгдэхүүнээ зөөвөрлөж махаа экспортод гаргадаг байсан нь хэрэгт авагдсан манай компаний гаалийн бүрдүүлэлтийн лавлагаа Улаанбаатар төмөр замын статистик, бүртгэл мэдээллийн технологийн албаны 2010-2012 он хүртэлх М ХХК-ийн ачааны хэмжээнээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл манай компани өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд маргаан бүхий газар болон түүн дээр байрлах төмөр замыг зайлшгүй ашиглах шаардлагатай. Моор гаргахын тулд төмөр зам зайлшгүй ашиглах ёстой.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/954 дугаар захирамжаар Б ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь манай компанийн орц гарцын хэсгийг хааж манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 87 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх, 2.1.3 дахь хэсэгт хээрийн судалгаа хийх гэсэн заалтыг хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй байна. Тус журмын 5 дахь хэсэгт суурин судалгаа хийх зохицуулалтыг тусгасан ба 5.2 дахь хэсэгт шинээр газар эзэмшүүлж ашиглуулж байгаа тохиолдолд, 5.2.2 дахь хэсэгт тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах, 5.2.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах гэж заасан байна.
Мөн журмын 6 дахь хэсэгт хээрийн судалгаа хийх зохицуулалтыг тусгасан ба 6.2 дахь хэсэгт хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ гээд, 6.2.2 дахь хэсэгт бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах, 6.2.4 дэх хэсэгт шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж тухайн нэгж талбар дээр хөрш залгаа хөршүүдийг байршуулах бөгөөд тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна, 6.3 дахь хэсэгт энэ журмын 6.2.4-д заасан шаардлагатай гэсэнд дараах тохиолдол хамаарна гээд 6.3.1 дэх хэсэгт хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэж заасан байна. Дээрх журамд заасан ажиллагааг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан огт хийж гүйцэтгээгүй бөгөөд манай орц гарц байгаа хэсэгтэй давхцуулж газар эзэмших эрхийг олгосон нь газрын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасныг зөрчсөн буюу орц гарцыг хаасан. Бодит байдал дээр манайх өөрийн урд хэсгээр түүхий эдээ оруулдаг. Баруун талаар манай ажилчид ордог. Хойд хэсгээр эцсийн бүтээгдэхүүнээ зөөвөрлөдөг. Зүүн талд Б ХХК байдаг. Тиймээс маргаан бүхий газар буюу хойд хэсгийг манайх орц гарцаар ашиглахгүй бол хүнсний аюулгүй байдлын дүрмийг зөрчинө. Тээврийн хэрэгслийн зам орох гарах гарц, ажилтнуудын явах зам давхцах нөхцөл байдал тогтоогдоно гэж үзэж байгаа. Энэ байдлыг хариуцагч байгууллага шалгаж тогтоох ёстой байтал орц гарцыг тогтоогоогүй нь хууль, журамд нийцээгүй байна.
Хоёрдугаарт нийтийн эзэмшлийн газар гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/955 тоот захирамжаар Б ХХК-д нийтийн эзэмшлийн зориулалттай газрыг эзэмшүүлсэн нь дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.3 дахь хэсэгт зам, шугам сүлжээний газар, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна гэж заасан. Маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газар мөн болох нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас тус шүүхэд ирүүлсэн түүхчилсэн лавлагаа, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 5/36 тоот албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамжаас тодорхой харагдана. Дээр дурдсан зохицуулалтыг зөрчиж хууль бусаар Б ХХК-д газар эзэмших эрх олгосон нь нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглах манай эрхийг ноцтой зөрчиж байна.
Хариуцагч, гуравдагч этгээд нар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарладаг. Мөн маргаан бүхий А/954 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байна. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 тоот тогтоолын 1.3 дахь хэсэгт инженер шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зам шугам сүлжээний газар хамаарахгүй гэж зааснаас үзэхэд нийтийн эзэмшлийн зам талбайд газар эзэмших эрх олгох хуулийн заалт байхгүй байна.
Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн зорилт нь иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдгаараа онцлогтой бөгөөд энэ хуульд заасан бусад үндэслэлээр иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрх олгох үндэслэл байхгүй байна. Б ХХК нь газар эзэмших хүсэлт гаргахдаа холбогдох хууль журмыг ноцтой зөрчсөн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2,3 дугаар зүйлд заасны дагуу Б ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд газар эзэмших өргөдөл, хүсэлт гаргах ёстой ба шаардлага хангаагүй тохиолдолд өргөдөл хүсэлтийг буцаагаагүй.
Б ХХК-ийн 2018 оны газар эзэмших талбайн хэмжээ өөрчлөх тухай 1/32 тоот албан бичгээс үзэхэд ерөнхий захирал Б.******* гэх хүн тухайн хуулийн этгээдийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна. 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Үүнээс үзэхэд тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд газар эзэмших өргөдөл гаргасан байна.
Гуравдагч этгээд нь газрын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжид заасан газар эзэмших тухай хүсэлт гаргах хуулийн шаардлага хангах шаардлагагүй гэж тайлбарладаг. ... газрын хэмжээ нэмэгдүүлэх асуудлыг тусад нь зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй байна. 2008 оны А/954 дугаар захирамж нь сул талбайд газар эзэмших эрхийг шинээр олгож байгаа. Тухайн газар дээр газар эзэмших харилцаа шинээр үүсэж байгаа тул холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцэх ёстой. Гуравдагч этгээд хууль тайлбарлаж, хуулийн заалтыг явцуу утгаар бусдад ойлгуулж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэн сахин биелүүлэх үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна.
... Шүүх хуралдаанд хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь тухайн газарт дуудлага худалдаа явагдаагүй, төсөл сонгон шалгаруулаагүй гэж тайлбарласан.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах замаар тухайн газрыг эзэмших эрхийг олгох ёстой байсан.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт иргэнд эзэмшүүлэх газрын хэмжээг заасан байхад Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/954 дүгээр захирамжаар агуулах үйлдвэрлэлийн зориулалтаар Б ХХК-д 15753 м.кв талбайг нэмэгдүүлэн өгч байгаа нь тус хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар төсөл сонгон шалгаруулна дуудлага худалдаа явуулна гэж заасан. Хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх үндэслэл Б ХХК-д байхгүй. Учир нь тухайн газрыг агуулах үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байгаа тул дуудлага худалдаа явуулсны үндсэн дээр хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна.
... 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй. Уг хүсэлтүүдийн агуулга нь манай компани газрын хэмжээгээ нэмэгдүүлэх тухай хүсэлт байсан. Уг хүсэлтийг бүртгэсэн бүртгэл хяналтын карт хэрэгт авагдсан. Гэтэл манай хүсэлтийг шийдвэрлээгүй байж 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК-ийн хууль бус захирал нь газрын хэмжээгээ нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргахад уг хүсэлтийг шийдвэрлэж газрын хэмжээг нэмэгдүүлсэн. Мөн бидний өгсөн хүсэлтийг хууль журамд нийцүүлэн газрын хэмжээг ихэсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл уг хоёр компани нэг газарт давхцуулан хүсэлт гаргаж байгаа тохиолдолд тухайн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчим хэрэгжих ёстой байсан. Тиймээс манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хуульд журамд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах шаардлага гаргасан.
Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасны хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг 12 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 21400 м.кв газрыг ашиглах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон. Нэхэмжлэгч компани уг газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарлаад байна. Энэ нь зөвхөн ашиглах эрхтэй олгосон. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар тус компанийн хүсэлтийг шийдвэрлэхдээ төмөр замын хамгаалалтын хэсгийг хасч эзэмшил газрын талбайн хэмжээг 17970 м.кв болгон өөрчилж эзэмшүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж гэрчилгээгээ гардан авсан байна. Ашиглах эрх нь барьцаанд тавих, бусдад шилжүүлэх эрхгүй. Эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх эрх үүсдэг. Газар ашиглах эрхийг өмчлөх болгон өөрчлөхөд анзаарагдсан зүйл бол газар дээр объектууд байсан. Тухайн объектуудын өмчлөх эрх бүхий этгээд нь М ХХК гэдэг нь нотлогдохгүй байсан.
Тиймээс нөхцөл байдлыг харгалзаж үзээд багасгасан. Үүнийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрсөн. Улмаар нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтийн дагуу хууль ёсны ашиг сонирхолд нь нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 950 дугаар, 2018 оны 952 дугаар захирамжаар 17970 м.кв газрын эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэж байсан. Б ХХК-д анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/03 дугаар захирамжаар 7,4 га газрыг ашиглуулах эрх олгож, 2012 оны А/244 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээг 28359 м.кв хэмжээтэй болгон өөрчилж 2017 оны А/923 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б ХХК-ийн газар эзэмших талбайн хэмжээг өөрчлөх тухай өөрсдийнх нь гаргасан 1832 дугаар албан бичиг, нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийнх нь дагуу газарт байрлах эд хөрөнгийг өмчлөгч этгээд мөн болохыг өөрсдөө нотлох баримтуудыг ирүүлсэн.
Нэхэмжлэгч тал болохоор шинээр газар олгож байгаа мэтээр тайлбарлаж байна. 2002 оны хуулиас өмнөх Зөвлөлт Холбоот улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой хууль ёсоор тухайн объектыг худалдаж авсан гэдгийг гэрчлэх, хууль ёсны өмчлөгч мөн болохыг гэрчлэх бичиг баримтууд байгаа. Гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж шийдэх нь уг компанийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэж байсан тул баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт хүсэлтийг хүлээн авсан баримт авагдсан. Манай хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байна гэсэн ойлголтоор тайлбарлаад байна. Бичиг баримтын бүрдэл дутуу гэх хариуг албан бичгээр өгч байсан нөхцөл байдал байна.
... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан үл хөдлөх эд хөрөнгийн тухайд маргаан үүсээгүй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой газрын асуудлыг шийдвэрлэх нь хууль ёс, шударга ёсонд нийцэж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1-р шаардлагын хувьд “М” ХХК нь 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар Нийслэлийн засаг даргын захирамжаар 21400м2 газрыг нэхэмжлэгч компанид ашиглуулахаар шийдвэрлэж байсан байдаг.
Улмаар 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 11-р хороонд 17970м2 газрыг эзэмшүүлэхээр багасгаж шийдсэн, үүнийг нэхэмжлэгч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль эрх зүйн актынхаа хүрээнд багасгасан хэмжээгээрээ газрын албатай гэрээгээ байгуулаад энэ асуудал одоог хүртэл хүчин төгөлдөр явж байгаа. 2006 оны захиргааны актыг өнөөдөр энд 2019 онд нэхэмжлэл гаргаад асуудлаа шийдүүлнэ гээд байгаа нь хууль бус байна. 2006 оны юмыг тухайн үед нь нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байсан бол нэхэмжлэл гаргаад явах байсан зөвшөөрсөн учраас шаардлага гаргаагүй 2019 он хүртэл явсан байх. Тухайн үедээ энэ асуудлаараа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ нь 87-р захирамжтай ямар ч хамааралгүй, шалтгаант холбоогүй байна. Энийг шүүх өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд хүлээн авч шийдэх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2016 онд дуусчихсан. Энийг тодруулахаар шүүх ажиллагаа явуулсан, энэ дээр нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан асуудал байдаггүй, тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн манаачийн фүтик гэж яриад байгаа тэрийг 2018 онд бариагүй, анх Орос талаас хүлээж авахад тэр нь байсан. Өмнөх шүүгч үзлэг хийсэн, сая ч гэсэн үзлэг хийсэн байгаа тэр дээр тодорхой харагдаж байгаа. 2008 оны А/954 дүгээр захирамжийн хүрээнд болохоор хариуцагч талаас ч хариу тайлбартаа тодорхой дурдсан.
Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх хэмжээнийхээ хүрээнд дуудлага худалдаа зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Төмөр замын эдэлбэр газрыг хууль ёсны дагуу Зам тээврийн сайдын тушаалаар Б ХХК нь уг төмөр замын газрыг эзэмшиж байгаа учраас уг газрыг нь Б ХХК-д өгөх нь хууль зүйн үндэстэй байна гэж үзээд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ захирамжийг гаргасан байгаа. Энэ дээр ямар нэгэн хууль зөрчиж олгосон юм байхгүй. Өнөөдрийг хүртэл яг М ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Б ХХК нь яаж хохироогоод байгаа вэ гэдэг талаар нэхэмжлэгч талаас тодруулга хийгээгүй, тодорхой бус байдаг. М ХХК нь махны экспорт хийх гэхээр орох, гарах гарцгүй болчхоогүй, энэ компани нь сүүлийн 8 жил энэ төмөр замыг ашиглаагүй байгаа, түүгээр байнга вагон явж хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх юм байхгүй.Тийм үйл ажиллагаа явуулдаг байсан бол тэнд үзлэгээр харагдана, илт хууль бус ийм шаардлага гаргаж байна. Харин эсрэгээрээ гуравдагч этгээд болоод энэ компанитай гэрээ байгуулсан хүний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөд энэ компани сүүлийн 3 жилийн хугацаанд хохироод явж байгаа. 3 дахь шаардлагын тухайд газрын албанд 2014.1.06-ны өдрийн 5/36 тоот албан бичгээр М ХХК-д энэ газрын асуудлын талаар хариу өгчихсөн, хэрэгт ч авагдчихсан байна. 2017, 2018 оны хүсэлт шийдээгүй гэж яриад байна энэ бол 2014 оны хүсэлтээ давхцуулж өгөөд байсан учраас дахиж хариу өгөөгүй юм байна лээ. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, эрх ашиг нь яг яаж зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд удаа дараа гаргаж байгаа учраас үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагуудын хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлага бол өнөөдөр өгсөн 3 шаардлага гэж ойлгож байна. 2006 оны 87-р захирамжийг илт хууль бус болохыг гэж байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох гээд байх шиг байгаа юм. Уг захирамжийн хувьд аль хуулийн хүрээнд шийдэх юм бэ. Энэ хүмүүсийн яриад байгаагаар бол одоо үйлчилж байгаа 2016.7.01-ээс мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдүүлэх гээд байх шиг байгаа юм. Энэ ч утгаараа энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлд захиргааны актын 7-8 шинжийг заасан байгаа. Захиргааны ерөнхий хууль 47.1.6 гэж байгаа боловч энэ талаараа огт ярихгүй байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль буцаж үйлчлэх юм уу, үгүй юм уу. Буцаж үйлчлэх тухай асуудал Эрүүгийн хуульд байдаг. Захиргааны ерөнхий хуульд буцаан хэрэглэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй. Энэ ямар үндэслэлээр гаргаж ирж байгаа шаардлага вэ. Нэхэмжлэлд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хамгийн гол үндэслэл болох нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой. Гэтэл 2001 онд анх 3 жилийн хугацаатай ашиглалтаар авсан газраа 2006 онд эзэмшилд өгсөн, 2018 онд дахиад 15 жил болгоод сунгуулсан. Эрх ашиг нь хөндөгдсөн зөрчигдсөн асуудал ярих гэж байгаа бол 2006 оноос хойш 3 удаа сунгагдаад явсан байна. Энэ хугацаанд яагаад өнөөдөр 12 жилийн дараа энэ асуудлыг тавьж байгаа юм бэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нэхэмжлэл гаргах эрхгүй.
Нэхэмжлэлийн 1-р шаардлагын тухайд ийм байна. 2006 онд 87-р захирамжаар газар ашиглах эрх олгосон, Газрын тухай хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр газрын ашигтай шинж чанарыг ашиглахаар гэрээ байгуулсан гэж хариуцагч тайлбартаа хэлсэн. Тэр ч утгаараа Б ХХК-ийн өмчлөлийн төмөр замын газрыг ашиглаад л байж байсан. Төмөр замын аюулгүй байдлыг хангах үүднээс 3443м2 газар нь 2 салаа төмөр замын аюулгүйн бүсийн дундын эзэмшлийн газар байгаа. Яг аль хэсгийн газар вэ гэдэг нь хэрэг зургаар тодорхой байгаа. Нэхэмжлэлийн 2-р шаардлагын тухайд Б ХХК-д газар олгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй. Б ХХК газар олгосон угаасаа энэ компани нь 7,4 га газрыг 1997 онд Засаг даргын захирамжаар аваад аваад тодорхой хэмжээгээр хөрөнгө гаргаж үл хөдлөх хөрөнгө гаргуулж байсан. Өөрийн эзэмшиж байсан газраа л 2018 онд буцааж авсан. Кадастрын газраас ирсэн зураг дээр маш тодорхой байгаа. Энэ 2 аж ахуйн нэгжийн хооронд газрын маргааны давхцал байхгүй гэж тодорхой байгаа. Нэгэнт газар нь давхцаагүй маргаангүй юм бол эдний эрх ашиг яаж хохирох вэ?. Нэхэмжлэгч ганц л ярьдаг зүйл нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалт, бид махаа л зөөж чадахаа байлаа, энэ стандартыг хангахгүй байна гэдэг. Энэ үйлдвэр бидний ойлгож байгаагаар 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй нөхцөл байдал, үнэн худал нь мэдэгдэхгүй 2017, 2018 оны баахан гэрээ авч ирдэг.
Миний санаж байгаагаар 2016 он онд Нийслэлийн Засаг даргын захирамж гараад Улаанбаатар хотод амьд мал оруулж ирэхийг хориглосон. Эдний үйлдвэр амьд мал оруулж ирээд үйлдвэрийн аргаар нядлаад экспортод гаргаж байсан гэдэг. Энэ үйлдвэр үйл ажиллагаа явуулах нь Б ХХК-иас болоогүй Засаг даргын захирамжтай холбоотой энэ үйл ажиллагаа нь зогсчхоод байгаа. Тэгэхээр А/954-р захирамж эдний эрх ашгийг хөндөөд байна гэдэг нь байж боломгүй юм. Маргаан бүхий газар дээр холбогдох эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгө барьж байгаа бол энийг буулгах эрх нь Засаг дарга мэдэгдэл өгөөд буулгуулдаг. Тэр утгаараа Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байхдаа өчнөөн удаа нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн асуудал байдаг. Энэ тохиолдолд энэ объектууд тухайн үед Зөвлөлтийн цэргээс авахад байсан харуулын байр байгаа. Энэ нь Б ХХК-ийн газар дээр л байсан эд, одоо ч байж л байгаа. Гэтэл энийг улаан цайм маргаантай газар дээр барчихсан гэж байна. Хэрэв маргаантай газар гэдэг юм ярьж байгаа бол яг төмөр замын дагуу 2 салаа замын дагуу 3443 м2 газар л байгаа.
Түүнээс илүү маргалдах эрх нэхэмжлэгчид байхгүй. Б ХХК өөрийнхөө эзэмшиж байсан 15 га газрыг хүсэлт гаргаад буцаагаад л авсан. Энэ дээр ямар нэгэн давхцал байхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх битгий хэл манааны футик хэзээ барьсныг ч мэдэхгүй таамгаар ярихгүй. 3-р шаардлагын тухайд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Газрын асуудалтай холбоотой техникийн зөвлөлийн хурлаар ороод хариу өгчихсөн байгаа. Энэ асуудлаар хариуцагч илүү тодорхой ярих байх. Энэ асуудлыг шийдсэн холбогдох хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Хавтаст хэрэгт Зөвлөлт холбоот улсын цэргийн агуулахын гол объектуудыг хүлээлгэж өгсөн бүх баримтыг Орос хэлээс Монгол хэлрүү хөрвүүлээд өгчихсөн.
Газар олгохдоо энэ үл хөдлөх хөрөнгүүд Б ХХК-ийн өмчлөлийн эд зүйлүүд байна гэдгийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын лавлагааг үндэслэн Засаг дарга захирамж гаргасан байдаг, энэ дээр маргах зүйл байхгүй энэ талаар хариуцагч тодорхой хэлсэн. Ингээд өөрсдийнхөө зөрчигдсөн эрхийг тодорхойлж, шаардлагаа тодорхойлж чадахгүй байгаа энэ объектуудын хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект биш. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлах тухай” бичгийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар, албан ёсоор дараах байдлаар тодруулан тодорхойлсон болно. Үүнд:
1. “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх,
3. “МХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах 21400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 3 жилийн хугацаатай “М*******” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хугацааг сунгах тухай” 87 дугаар захирамжаар “М” ХХК-д газар эзэмшүүлэхдээ тус компанийн газрын хэмжээг 3430 м.кв хэмжээгээр багасгаж, үлдэх 17970 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай “М” ХХК-д эзэмшүүлсэн байна.
Тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №1/5622 тоот албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар “М” ХХК-ийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулахдаа ямар үндэслэлээр 3430 м.кв газрыг хассан талаарх тайлбар, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №02-06/3852 тоот албан бичгээр “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхдээ баталгаат хэмжээ тогтоосон эдэлбэр газрын схем зурагт нийт талбайн хэмжээг 17970 м.кв гэж тогтоосныг үндэслэн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн гэсэн хариуг ирүүлсэн болно.
Маргаан бүхий газар буюу “М” ХХК-ийн эзэмшиж байсан газраас хассан 3430 м.кв хэмжээтэй газар дээр “Б” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын салаа зам, бараа ачиж буулгах бетонон тавцан, төмөр бетонон гадна хашаа зэрэг эд хөрөнгүүд байрлаж байгаа болох нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №2/3178 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын мэдээллийн сангийн зургийг сансрын зурагтай давхцуулсан зургууд болон кадастрын мэдээллийн сангийн архивын зургуудаар тогтоогдож байна.
“М” ХХК-ийн одоо эзэмшиж байгаа газрын хойдын талын /ертөнцийн зүгээр/ хэсгээс хассан 3430 м.кв газартай маргаж байгаа гэдгийг нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн зөвшөөрдөг ба маргаан бүхий газрын байршилтай талууд маргаагүй болно.
“Б” ХХК-ийн 1264 дугаартай Газар ашиглах гэрчилгээнээс[1] үзэхэд тус компанид анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот шийдвэрээр 7,4 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/923 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах, 28359 м.кв газрыг агуулах үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай “Б ХХК-д эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/954 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн газрын хэмжээг 15753 м.кв-аар нэмэгдүүлж, нийт 44112 м.кв хэмжээтэйгээр агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай “Б” ХХК-д эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь “маргаан бүхий газрыг нийтийн эзэмшил газар гэсэн үндэслэлээр манай байгууллагад эзэмшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээдийн эзэмшилд газрын тухай хууль тогтоомж болоод төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс экспортын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжгүй болгосон, газрын харилцаан дахь тэгш байдлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон” гэсэн агуулгаар маргаж байна.
Харин нэхэмжлэгчийн маргаж байгаа газар дээр “Б” ХХК-ийн өмчлөлийн төмөр зам болон бараа ачиж буулгах бетонон тавцан, автопүү зэрэг эд хөрөнгө байрлаж байгаатай нэхэмжлэгч маргадаггүй болно.
Хариуцагч нь маргаан бүхий газарт гуравдагч этгээдийн өмчлөлийн төмөр зам байрлаж байгаа учир үүнийг үндэслэн тухайн газрыг “Б” ХХК-д эзэмшүүлж шийдвэрлэсэн тул Засаг дарга хууль тогтоомж зөрчөөгүй” гэсэн агуулгаар маргаж байна.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “”төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг”, 3.1.21-д “дагнасан хэрэглээний талбай эзэмшигч” гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний талбай бүхий хуулийн этгээдийг”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцээс бусад төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно” гэж тус тус заасан ба үүнээс үзэхэд төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болохоор байна.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан байна.
Гуравдагч этгээд “Б” ХХК нь маргаан бүхий газарт байрлах төмөр замын салаа зам, бараа ачиж буулгах бетонон тавцан, төмөр бетонон гадна хашаа, автопүү, ... зэрэг эд хөрөнгийн өмчлөгч болох нь цэргийн ангиудын эд хөрөнгийг борлуулах асуудлыг зохицуулах Оросын талын эрх бүхий байгууллага болох С******* компанийн 8434-36С дугаартай Хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ[2], 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ч” ХХК-ийн Тодорхойлолт, 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн 15392 тоот гэрчилгээ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмшүүлэх ёстой байтал дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр гуравдагч этгээдэд эзэмшүүлж хууль зөрчсөн” гэсэн агуулгаар маргаж байна.
Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд 2002 оны Газрын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд “Б” ХХК-ийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх тухай шийдвэрийг хариуцагч гаргасан байх тул шинээр газар эзэмших эрх олгосон гэж үзэхгүй, дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах шаардлагагүй юм.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна.
Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаа газар дээр “М” ХХК-ийн биш харин “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд байрлаж байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжуудын холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Иймд дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулалтын үндсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/954 дүгээр захирамжийг гаргах ёстой байтал хууль зөрчсөн, манай компанийн дуудлага худалдаанд оролцох эрхийг хаасан гэсэн агуулгаар тайлбарлаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “маргаан бүхий актаар “Б” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсний улмаас гуравдагч этгээд уг төмөр замын зүүн талаар төмөр торон хашаа татаж “М” ХХК-ийн агуулахын ачиж буулгах талбайн төмөр зам руу гарах хэсгийг хаасан, ингэснээр манай компанийн хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх технологийн горим алдагдаж байна” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч “М” ХХК нь маргаан бүхий газар дээр байрлаж буй салбар төмөр замаар тээвэрлэлт хийх шаардлагатай тохиолдолд төмөр замын өмчлөгчтэй Иргэний хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийх замаар тохиролцож технологийн горимын дагуу хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх, тээвэрлэх боломжтой.
Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжийг холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж маргаж байна.
2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны актыг илт, илэрхий хууль бусад тооцох үндэслэлүүдийг тусгайлан тоочиж заасан ба хуульд заасан эдгээр илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.
Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэж тус тус заасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь дээрх хуульд заасан захиргааны актыг илт, илэрхий хууль бусад тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээр тайлбарласан хууль зүйн үндэслэлүүд болон үйл баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар болон 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжуудыг хариуцагч хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан, эдгээр захирамжууд нь холбогдох хуулийн зохицуулалтуудад нийцсэн буюу хууль зүйн үндэслэлтэй байх тул “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Маргаан бүхий газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх болон “МХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Шүүх нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “маргаан бүхий газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх болон “МХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчдад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн тул Маргаан бүхий газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх болон “МХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчдад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар дээрх “Б” ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх, “МХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА