Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0966/З |
Дугаар | 221/МА2024/0185 |
Огноо | 2024-03-14 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0185
М.Лын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч М.Л
Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөл
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Л
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тн
Хэргийн индекс: 128/2023/0966/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Лаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...
2.1. Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч Мягмарын Л нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Худалдаа, үйлдвэрлэл "ОБ" ХХК-д Нефть хангамжийн операторчноор 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Худалдаа үйлчилгээний "ТПетролеум" ХХК-д Нефть хангамжийн операторчноор 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Худалдаа, үйлдвэрлэл "ОБ" ХХК-ийн Нефть баазад шатахууны ачигч, буулгагчаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, ШТС-03-н нефть хангамжийн операторчноор 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тогтоолгохоор өргөдөл гаргасан.
2.2. Гомдлын шаардлагын зөвлөл нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 32 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 266 дугаар тогтоолоор баталсан "Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм"-ийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 14 дэх заалтыг үндэслэн иргэний гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
2.3. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөлд өргөдөл гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 32/42 тоот тогтоолоор Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын салбар зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн "Гомдол хэрэгсэхгүй болгох тухай" 15 тоот тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.4. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн 14-т (Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотор уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резерваур, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефт хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер инженер) дэх зүйлд заасан хортой нөхцөлд хамрах ажил мэргэжлийн жагсаалтыг зааж өгч зохицуулсан.
2.5. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн 14 дэх заалт нь Нефт боловсруулах үйлдвэр, нефть хангамж гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч М.Л нь шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан. Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 27 тоот тушаалын хавсралтын 4 (БНМАУ-н Сайд нарын Зөвлөлийн Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолоор батлагдсан "Улсын тэтгэврийг Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор ба хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт"-д заагдсан ажил мэргэжлээр 1995 оноос хойш ажилласан иргэдэд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баримтална) дэх заалтад тодорхой зааж өгсөн байгаа.
2.6. Иргэн М.Лаас Худалдаа, үйлдвэрлэл "ОБ" ХХК-д Нефть хангамжийн операторчноор 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 31- ний өдөр хүртэл, Худалдаа үйлчилгээний "ТПетролеум" ХХК-д Нефть хангамжийн операторчноор, 2003 оны 09 дүгээр сарын 01-нээс 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл, Худалдаа, үйлдвэрлэл "ОБ" ХХК-ийн Нефть баазад шатахууны ачигч, буулгагчаар 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, ШТС-03-н нефть хангамжийн операторчноор, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан болохоо тогтоолгохоор гаргасан өргөдлийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын салбар зөвлөлд ажилладаг 5 гишүүн болон Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөлийн 7 гишүүн хэлэлцээд хортой нөхцөлд ажиллаж байгаагүй, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн 14 дэх заалтын ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй байгаа талаар шийдвэрлэсэн.
2.7. Ийм учраас уг маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой авч үзэлгүй, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн 14 дэх заалт болон Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 27 тоот тушаалын хавсралтын 4 дэх заалтыг тус тус нотлох баримтад тулгуурлан шийдвэрлээгүй, хуулийг буруу ойлгож буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2024/0061 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч тогтоох хэсэгт баримталсан хуулийн нэрийг буруу заасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
1. Нэхэмжлэгч М.Лаас “ОБ” ХХК-д “нефть хангамжийн операторчин”, “шатахууны ачигч, буулгагч”-аар тус тус ажилласан хугацааг “Хөдөлмөрийн хортой нөхцөл”-д тооцуулахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг заахдаа салбар тус бүрээр заасан, 14 дэх заалтад “Нефть боловсруулах үйлдвэрийн” гэж заасан учраас тухайн заалтын ажил мэргэжлүүд нь худалдаа, үйлчилгэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ойнбирж”, “Тпетролиум” ХХК-ийн ажилтанд хамаарахгүй гэж маргасан.
3. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч М.Лын эрхэлж байсан ажил мэргэжил болох “нефть хангамжийн операторчин” болон “шатахуун ачигч буулгагч”-аар ажиллаж байсан ажил мэргэжил нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д хамаарахаар байна ...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн тогтоолыг хүчингүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой авч үзэлгүй, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2 дугаар зүйлийн 14 дэх заалтыг тус тус нотлох баримтад тулгуурлан шийдвэрлээгүй, хуулийг буруу ойлгож тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа ...” гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна:
4.1. Нийгмийн даатгалын тухай 1994 оны хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.” гэж тусгайлан эрх олгосны дагуу гарсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын[1] 1 дэх заалтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг хавсралтаар баталжээ.
4.1.1. Уг тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын (цаашид Жагсаалт гэх) “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-д “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.
4.1.2. Харин жагсаалтын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14-өөс бусад хэсэгт нефть буюу шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.
4.2. Үүнээс үзвэл уг тушаалаар Монгол Улсад “нефть”-ийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх газар”-ын бүх ажлын байрны ажил мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тус тушаалаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг 14-т зааснаар зохицуулсан гэж үзнэ.
4.3. Тийм учраас нэхэмжлэгчийн ажил олгогч болох шатахуун борлуулах худалдаа үйлчилгээ эрхэлдэг “ОБ” ХХК болон “Тпетролиум” ХХК нь дээрх 77 дугаар тушаалын 3 дахь заалтад “Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийн нэрийг уг жагсаалттай нийцүүлэн нийгмийн даатгалын дэвтэрт тодорхой бичиж байхыг аж ахуйн нэгж, байгууллагад даалгасан”-ны дагуу “Шатахуун түгээх газар”-т ажилладаг нэхэмжлэгчийн ажлын байрны ажил мэргэжлийн нэрийг Жагсаалтын 14-д нийцүүлэн “нефть хангамжийн операторчин”, “шатахууны ачигч буулгагч” гэж тус тус тодорхой зааж, ажилд томилон, нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн нь хэрэгт авагдсан байна.
4.4. Түүнчлэн дээрх сайдын 77 дугаар тушаалын 4 дэх заалтад “Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжлийн нэр ажил олгогчийн буруугаас энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж байх”-ыг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудад үүрэг болгожээ.
4.4.1. Үүнээс үзвэл “ажил олгогчийн буруугаас ажлын байрны нэр нь жагсаалттай зөрчилдсөн” бол Зөвлөл хэлэлцэж “хортой” нөхцөлд ажилласан эсэхийг шийдвэрлэж байх” чиг үүрэг, бүрэн эрхийг олгосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл “зөрчилдсөн” гэдэг нь ажил олгогчийн ажлын байрны нэр жагсаалтад байхгүй нэршилтэйгээр, эсвэл дутуу хагас бичигдэх зэргээр жагсаалтыг шууд үндэслэн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох боломжгүйгээс гарсан зөрөөг Гомдлын шаардлагын зөвлөл хэлэлцэж, тухайн даатгуулагчийн ажлын байрыг “хөнгөлөлтэй” нөхцөлд хамаарах эсэхийг тогтоож шийдвэрлэх эрх олгогдсон байна.
4.5. Маргааны тохиолдолд ажил олгогч ажлын байрны нэрийг зөв бичсэн боловч жагсаалтын 14 дэх өгүүлбэр нь “Нефть боловсруулах үйлдвэр” гэж эхэлсэн нь эргэлзээ төрүүлснээс нэхэмжлэгч болон нийгмийн даатгалын хэлТ(өөрөө “хортой” нөхцөлийг шийдвэрлэх эрхгүй)-ийн хооронд зөрөө гарсан нь дээрхтэй адилтгаж болохоор байх тул хариуцагч Гомдлын шаардлагын зөвлөл хүлээн авч шийдвэрлэх бүрэн эрх олгогджээ.
4.5.1. Хариуцагч нь уг бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн ажлын байр нь “нефть”-тэй шууд харьцдаг “хортой” нөхцөлд хамаарах эсэхтэй нь холбоотойгоор хэлэлцэж шийдвэрлэлгүй, зөвхөн Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж Жагсаалтын 14 дэх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
5. Харин анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ... 2/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж заасныг хэрэглэсэн байх боловч тогтоох хэсэгтээ “Нийгмийн даатгалын тухай хууль” гэж буруу бичсэн байх тул Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
6. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт “... тухайн асуудлын талаар шүүхийн маргаан байсан эсэх, цаашид гарах эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч М.Лтай ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан гэх хариуцагч Гомдлын шаардлагын зөвлөлөөр шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, өөр дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тогтоосон зөвхөн нэг хувь хүний мэдээлэл бүхий тэтгэвэр тогтоолтын хувийн хэргийг бүхэлд нь авч үнэлсэн, Гомдлын шаардлагын зөвлөлийн гишүүдийг “хувийн үзэмжээр шийдсэн” гэх зэргээр дүгнэснийг тус шүүх маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлд хамааруулж дүгнээгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийгмийн даатгалын” гэсний ард “сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] ХНХСАйдын 2023.12.28-ны өдрийн 221 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон