Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 89

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжигэн овогт Юмчиндоржийн Нямсүрэнд холбогдох 201615000255 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, Геодизийн техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 11-156 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Илжигэн овогт Юмчиндоржийн Нямсүрэн /РД: ТЕ72011661/

Шүүгдэгч Ю.Нямсүрэн нь согтуурсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 01 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг “Бөөрөлжүүт” гэх газар өөрийн эзэмшлийн 31-74 УНТ улсын дугаартай Тоёота “Приүс-20” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.7.а дахь хэсэгт заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч А.Пүрэвийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ю.Нямсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч А.Пүрэв мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Батнасан, Болдбаатар хоёртой театрын дээвэр янзалчихаад 2016 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн орчимд Уянга сум руу машинаар явсан. Тэгээд ганц 2 хоночихоод Уянга сумын Бөөрөлжүүтэд дэлгээ /алт гарсан газрыг нэрлэсэн/ гарсан байна, шороо угаах уу? гэж тэр хоёрыг хэлэхээр нь зөвшөөрөөд хамт очиж шороо угаасан. Гэтэл тэр шорооноос гайгүй шар юм олоод нилээн оройтсон болохоор тухайн Бөөрөлжүүт гэх газарт майхан барьж хонохоор болсон. Тэгээд хоол хийж идчихээд Батнасан бид 2 майхандаа 23 цагийн орчимд унтсан. Харин Болдбаатар машинаа майхны хажууд тавиад машиндаа унтсан. Бид нарыг унтах гэж байхад хажууханд байсан гэрт хүмүүс дэмбээдээд шуугилдаад байсан. Тэр айлын гадна “Приүс-20” маркийн машин зогсож байгаа харагдсан. Тэгээд бид нарыг унтаж байхад гэнэт түжигнээд явчихсан. Тэгээд сэрээд босох гэтэл дээрээс юм дарчихсан байсан. Би тэр дарсан зүйлийг харахад машин байсан. Хажууд Батнасан байсан. Тэгээд хөдөлж болохгүй байхаар нь наад машинаа аваач гэсэн чинь хэдэн хүн машиныг өргөөд намайг гаргасан. Гэтэл миний бөгсөн бие өвдөөд босож чадахгүй байсан болохоор ямар хүмүүс байсныг нь анзаараагүй. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа ирээд намайг аваад явсан. Эмнэлэгт ирж үзүүлэхэд миний аарцаг ясыг гэмтэлтэй байна гээд аймгийн эмнэлэгт хэвтүүлсэн. Би аймгийн эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Одоо хэвтэрт байгаа. Би болон Батнасан, Болдбаатар бид хэд огт согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Машины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг мэдээгүй. Унтаж байсан болохоор осол яаж гарсныг ч мэдээгүй. Миний аарцаг яс цуурсан. Нэг хавирга хугарсан гэмтэл учирсан. Энэ хүмүүс намайг байнга эргэж тойрч байгаа. Батнасан, Болдбаатар хоёрт ямар гэмтэл учирсныг мэдэхгүй. /хх-ийн 28-30 хуудас/

            Иргэний нэхэмжлэгч Д.Батнасан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн орчимд хамт ажилладаг Пүрэв ах, Болдбааатар нарын хамт Болдбаатарын машинаар Арвайхээр сумаас Уянга сум орох гээд явсан. Тэгээд

Уянга суманд 2 хоночихоод 3 дахь өдрөө майхандаа унтаж байгаад осолд орсон. Би
тэр өдөр Пүрэв ахтай хамт майхан дотор унтаж байсан. Харин Болдбаатар машин
дотроо унтаж байтал гэнэт дээрээс юм дарчих шиг болсон. Би тэгээд амьсгаа
давчдаад амьсгалж чадахгүй байсан чинь 1 хүн харанхуйд майхан урах шиг болсон.
Тэгээд тэр машиныг Пүрэв ах бид хоёрын дээрээс хүмүүс өргөж гаргасан. Намайг майхнаас гарч ирэхэд бид хоёрын дээрээс машин дарчихсан, тэр машиныг хүмүүс өргөөд холдуулсан байсан. Тухайн машин Болдбаатарын машиныг мөргөөд зогссон байсан. Жолоон дээр нь согтуу бололтой нэг хүүхэн сууж байсан. Пүрэв ах, Болдбаатар бид гурвыг тухайн өдөр унтах гэж байхад хажууханд айлд хүмүүс дуулалдаад байсан. Тэр айлын хүмүүс машин барьж ирээд тухайн ослыг гаргасан байна лээ. Тухайн ослоос болж миний хавирганы толгой мултарч, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан. Пүрэв гуай бол босож чадахгүй хэвтэрт байгаа. Аарцагны яс нь цуурсан байна гэсэн. Болдбаатарын машинд нь гэмтэл учирсан байна лээ. Одоо миний бие чих хатуураад жаахан бие өвдөөд байна. Манай
майханд Пүрэв ах бид 2, Болдбаатар машиндаа ганцаараа, харин тэр машин барьж
явсан хүүхэн хүүхэдтэйгээ байсан гэсэн. Би унтаж байсан болохоор тэр машинд
ямар хүн байсныг мэдээгүй. Пүрэв ах, Болдбаатар бид 3 согтууруулах ундааны зүйл
хэрэглээгүй эрүүл байсан. Харин тэр машин барьж явсан Нямсүрэн гэх хүүхэн
хэрэглэчихсэн юм шиг байсан. Жолоон дээрээ сууж байсан. /хх-ийн 48-
49 хуудас/

            Гэрч Д.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би иргэн А.Пүрэв, Д.Батнасан хоёртой хамт Арвайхээр сумын Хөгжимт драмын театрыг янзалчихаад 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Уянга сумын Бөөрөлжүүт гэх газарт дэлгээ хийгээд хүмүүс орж шороо угааж байна, гайгүй гарч байна гэхээр нь бид 3 хамт миний машинаар Уянга сумын 6 дугаар баг Бөөрөлжүүт гэх газар очсон. Тэгээд тэнд 3-4 хоног шороо угаачихаад 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 22 цагийн орчимд хоол

ундаа идчихээд би машиндаа ороод унтсан. Харин Батнасан, Пүрэв 2 миний машины хажууд майхан бариад дотор нь ороод унтсан. Бид нарыг унтах гэж байхад харанхуй болсон хойно бид нарын амарч байсан газрын хажууханд нэг айлд хүмүүс шуугилдаад дуулж хуурдаад байсан. Тэр айлын гадна 1 жижиг тэрэг байгаа харагдсан. Тэгээд шөнө унтаж байхад 01 цаг 40 минутын орчимд байх миний машиныг зүүн хажуу талаас 1 машин мөргөөд зогссон. Тэгэхээр нь би машинаасаа гараад хартал нөгөө айлын гадаа байсан машин миний машиныг мөргөөд зогссон байсан. Гэтэл А.Пүрэв ах, Батнасан хоёрын унтаж байсан майхан дээгүүр тэр машин гараад миний машиныг мөргөсөн байсан бөгөөд машины жолооч жолоон дээрээ сууж байгаа харагдсан. Харин удалгүй жолоочийн нөхөр нь гүйгээд ирсэн. Бас 1, 2 хүн ирсэн. Тэгээд жолоочийн хажууд охин сууж байгаа харагдсан. Тухайн үед харанхуй байсан. Тэгээд Пүрэв ахыг авраарай гэхээр нь би жолоочийн нөхөртэй бас нэг хүнтэй хамт машиныг хажуугаас нь өргөөд доороос нь Пүрэв ах, Батнасан хоёрыг татаж гаргасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Уянга сумаас цагдаа, эмнэлгийн машин ирээд Батнасан, Пүрэв ах хоёрыг аваад явсан. Би машин дээрээ үлдсэн. Батнасан, Пүрэв ах бид 3 эрүүл байсан. Тэр осол гаргасан машины жолооч хүүхэн нь согтуу байгаа харагдсан. Тэр машинд өөр хүн байгаагүй. Нэг жаахан охин сууж байсан. Тэр осол яагаад гарах болсон талаар мэдэхгүй. Тухайн үед харанхуй байсан. Мөн бид нарыг унтаж байхад гэнэт осол гарсан. Тэр ослоос болж Батнасан цээжиндээ хөнгөн зэргийн гэмтэл авсан гэсэн. Мөн Пүрэв ахын аарцаг нь хугарч гэмтэл авсан гэсэн. Харанхуй байсан болохоор хаанаа ямар гэмтэл авсан талаар хараагүй. Өөр гэмтэл авсан хүн байгүй. Харин миний машины зүүн урд талд цөмөрч эвдэрсэн. Миний машины хаалгыг янзлуулж сольж өгсөн болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 51-52 хуудас/

Гэрч О.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би хүү Цэдэнжанчивтай хамт Уянга сум руу алтны шороо угаах гэж яваад шороо угааж байгаад нилээн орой болчихоор нь гэр рүүгээ харьж явахад манай хүүхэд Нямсүрэн эгч машинтайгаа машин дайрчихлаа гэж хэлсэн. Хүү бид 2 тухайн үед Нямсүрэн эгчийн гэрт байрлаж байсан болохоор шороогоо угаачихаад гэрт нь очих гэж явсан. Тэгээд хүү бид 2 гүйгээд очиход Нямсүрэн эгчийн нөхөр Бямбадорж бас бид хоёртой зэрэг тэр газар гүйгээд явган хүрээд ирсэн. Тэгээд тухайн газар очиход Нямсүрэн эгч машинтайгаа майхантай хүн дайраад цаана нь байсан машиныг мөргөсөн байсан. Тэгээд Нямсүрэн эгчийн дайрсан майханд байсан хөгшин хүн хойд талынх нь дугуйны хажууд босож чадахгүй хэвтэж байсан. Нөгөө хүн нь бол гайгүй байсан. Харин цаана машин дотор байсан хүн зүгээр байсан. Тэр машин нь Нямсүрэн эгчийн машинд мөргүүлээд эвдэрсэн байсан. Тэгээд Бямбадорж ах, манай хүү бид 3 Нямсүрэн эгчийн Приүс маркийн машиныг араас нь өргөж хажуугаас нөгөө өвгөнийг татаж гаргасан. Тэгээд тэр өвгөнийг машины доороос гаргачихаад байж байхад мөргүүлсэн машины жолооч цагдаад дуудлага өгсөн. Тэгэхээр нь манай хүү бид 2 Нямсүрэн эгчийн гэрт очсон. Харин Бямбадорж ах осол болсон газар нөгөө хүмүүстэй үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй. /хх-ийн 53 хуудас/

Гэрч Б.Цэдэнжанчив мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Уянга суманд ээжтэйгээ хамт алтны шороо угааж мөнгө олох гэж ирсэн. Тэгээд Уянга суманд ирээд Бямбадорж ах, Нямсүрэн эгч хоёртой таараад тэдний гэрт байрлаж шороо угааж байсан. Тэр өдөр ээж бид 2 шороо угааж байгаад нилээн орой болчихоор нь Нямсүрэн эгчийн гэр рүү явж байтал Нямсүрэн эгч машинтайгаа машин дайрчихсан. Тэр үед харанхуй байсан. Тэгэхээр нь би ээжид хэлээд ээж бид 2 гүйгээд очиход Нямсүрэн эгчийн нөхөр Бямбадорж ах бас бид хоёртой зэрэг тэр газар гүйгээд явган хүрээд ирсэн. Тухайн газар очиход Нямсүрэн эгчийн машин майхантай хүн дайраад цаана нь байсан машиныг мөргөсөн байсан. Тэгээд Нямсүрэн эгчийн дайрсан майханд байсан хөгшин хүн хойд талынх нь дугуйны хажууд босож чадахгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь Бямбадорж ах, ээж бид 3 Нямсүрэн эгчийн Приүс маркийн машиныг араас нь өргөсөн. Тэгээд бид гурвыг тэр машиныг өргөхөд хажуугаас нөгөө өвгөнийг татаж гаргасан. Тэр өвгөнийг машин доороос татаж гаргачихаад байж байхад мөргүүлсэн машины жолооч нь цагдаад дуудлага өгсөн. Тэгэхээр нь ээж бид 2 Нямсүрэн эгчийн гэрт очсон. Харин Бямбадорж ах осол болсон газар нөгөө хүмүүстэйгээ үлдсэн. Сүүлд бид хоёрыг гэрт байхад Нямсүрэн эгч араас орж ирчихээд гүйгээд гараад явчихсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Ээж бид 2 тэр өдөр 18 цагаас 24 цагийн хооронд шороо угаасан. /хх-ийн 54 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Нинжин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Тухайн үед би ээж, аав хоёртойгоо Уянга сумын Бөөрөлжүүт гэх газарт гэрт амьдарч байсан. Манай гэрт эгч хүүхэдтэйгээ хамт түр байдаг байсан. Тэр өдөр аав ажил руугаа явсан. Эгч хүүхэдтэйгээ шороо угаах гээд явсан байхад ээж бид 2 гэртээ хоёулаа байж байгаад Буянжаргал ахынд оччихоод ирье гээд хамт гэрээсээ гарсан. Тэгээд манай ээж машинаа бариад бид 2 явсан. Тэр үед манай гэрийн хажууханд хүмүүс маргалдаад ноцолдоод байсан. Ээж машинаа барьж явахдаа тэр маргалдаад байгаа хүн рүү харчихсан явж байсан. Би бас тэр хүмүүс рүү харчихсан явж байтал манай машин гэнэт нэг юм дээгүүр гараад машин мөргөөд зогссон. Тэгтэл ээж намайг гэр рүүгээ ор гэхээр нь би гэр рүүгээ гүйгээд харьсан. Тэр осол манай гэрийн дөнгөж хажууханд болсон. Манай ээж машинаа бариад би хажууд нь сууж явсан. Өөр хүн байгаагүй. Манай ээж тухайн үед жаахан архи дарс хэрэглэсэн байсан. Гэхдээ эрүүл байсан. Манай машины гэрэл асаж байсан. Хажуу тийшээ хараад машинтайгаа явж байсан болохоор тэр майхныг ээж бид 2 хараагүй. Манай ээж машин барих эрхийн үнэмлэхтэй. Намайг гадна тоглож байхад ээж, аав 2 хэдэн хүнтэй архи уусан. Ямар хэмжээтэй архи хэн нь уусан талаар мэдэхгүй. Аавыг нөгөө хүмүүстэйгээ хамт ажилдаа явсан хойно намайг гэртээ ороход ээжээс жаахан л архи үнэртэж байсан. /хх-ийн 55 хуудас/

Гэрч М.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Манай гэр Улаанбаатар хотод байдаг. Намайг Уянга сумын Бөөрөлжүүт гэх газарт алтны уурхайд харуулын ажил хийж байхад манай эхнэр хүүхэдтэйгээ амралтаараа ирсэн. Тэгээд хэд хоног Уянга суманд байхаар болоод би Уянга сумын Бөөрөлжүүт гэх газарт 5 ханатай гэр бариад эхнэр хүүхэдтэйгээ байсан. Тэр үед эхнэр бид хоёртой урьдийн танил Баярсайхан гэж хүүхэн хүү Цэдэнжанчивтайгаа таараад манайд хэд хонохоор болсон. Тэр 2 бас шороо угааж явсан юм байна лээ. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд би 1 найзтайгаа хамт айраг уунгаа 1 шил архи хувааж уусан. Тэр архинаас манай эхнэр 1 удаа татсан байх. Тэгээд би жаахан байж байгаад өөрийнхөө ажил руу явсан. Харин манай гэрт эхнэр хүүхэд 2 үлдсэн. Манай гэрийн гадна манай эхнэрийн 31-47 УНТ улсын дугаартай Приүс маркийн автомашин байсан. Тэгээд би ажлаасаа гараад шөнө харанхуйд гэр рүүгээ алхаж байтал шөнө 1 машиныг машин ирээд мөргөчихсөн. Тэгэхээр нь нягтлаад хартал манай машин байсан. Би сандраад гүйгээд очиход манай машин майхантай хүн дайраад цаана нь зогсож байсан машиныг мөргөсөн байсан. Яг тэр үед манайд байсан Баярсайхан хүүхэдтэйгээ бас гүйгээд ирсэн. Тэгээд сандраад майханд хүн байгаа гэхээр нь машиныг нь Баярсайхан, Цэрэнжанчив бид нар өргөөд доороос нь хүнийг нь гаргасан. Тэгэхэд Батнасан гэдэг хүн нь арай гайгүй, босоод зогссон, харин Пүрэв гэж хөгшин босож чадахгүй орилоод байсан. Тэгээд машины жолооч Болдбаатар цагдаа дуудсан. Цагдаа, эмнэлэг ирээд эмнэлэг рүү Батнасан, Пүрэв гуай хоёрыг аваад явсан. Өөр юу болсон талаар харанхуй шөнө байсан болохоор анзаараагүй. Манай эхнэр Нямсүрэн охинтойгоо хамт айлаас айраг авчрах гэж машинаа унаж яваад тэр ослыг гаргасан. Эхнэрийн ярьж байгаагаар манай хажууханд хүмүүс ноцолдоод байхаар нь тэр хүмүүс рүү харж яваад осол гаргасан гэсэн. Тухайн осолд өртсөн Батнасан, Пүрэв гуай нар манай гэрийн хажууханд майханд унтаж байсан юм байна лээ. Манай эхнэр харанхуй шөнө машин барьж явахдаа өөр тийшээ харж явж байж осол гаргасан байна лээ. Тухайн үед эхнэр охин хоёр л явсан. Өөр хүн байгаагүй. Тэр машин нь манай эхнэрийн машин. Манай эхнэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ согтуу байгаагүй. Орой архинаас 1 удаа л татсан байх. Тэрнээс хойш нилээн удсаны дараа тэр осол гарсан. Пүрэв гуай аарцгандаа гэмтэлтэй гэсэн. Батнасанд зөөлөн эдийн гэмтэл учирсан гэсэн. Болдбаатарын бие зүгээр харин машины кабин нь эвдэрсэн байсан. Манай эхнэр жолооны үнэмлэхтэй. Нилээд хэдэн жил машин барьж байгаа. /хх-ийн 58-59 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 270 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... А.Пүрэвийн биед зүүн 1 ширхэг хавирганы хугарал, умдаг ясны доод салааны хугарал зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.                  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 70 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7358 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:.... Шинжилгээнд ирүүлсэн “Ю.Нямсүрэн 44/эм” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ю.Нямсүрэн 44/эм” гэж хаягласан цусанд 1,1 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1,1 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 76 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… 31-47 УНТ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашин жолоодож явсан Ю.Нямсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.7.а заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-уудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явснаас зам тээврийн осол гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 31-47 УНТ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашин жолоодож явсан Ю.Нямсүрэн нь осол гарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй 24-76 ӨВР улсын дугаартай Ниссан Тино маркийн автомашиныг мөргөж зогссон байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Алтан-Эрдэний гаргасан ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 92 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан замын байдал, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал, бичиг баримт хураан авах тогтоол, бичиг баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ний 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ¹08/29, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ¹09/24 дугаартай үнэлгээний тайлангууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Пүрэвийн хохирол төлбөрт 3.220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Батнасангийн хохирол төлбөрт 1.075.000 төгрөг тус тус авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд /хх-ийн 1, 5-13, 20-26, 82-88, 102-103, 106, 119-133, 153 хуудас/

Шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2012 тоот болон аж байдлын тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа /хх-ийн 107, 112, 114, 118 хуудас/

Шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Ю.Нямсүрэн нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 01-02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөрөлжүүт” гэх газар өөрийн эзэмшлийн 31-74 УНТ улсын дугаартай Тоёота “Приүс-20” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.7.а-д “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч А.Пүрэвийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Пүрэвийн бид нарыг унтаж байхад гэнэт түжигнээд явчихсан. Тэгээд сэрээд босох гэтэл дээрээс юм дарчихсан байсан. Би тэр дарсан зүйлийг харахад машин байсан. Тэгээд хөдөлж болохгүй байхаар нь наад машинаа аваач гэсэн чинь хэдэн хүн машиныг өргөөд намайг гаргасан. Эмнэлэгт ирж үзүүлэхэд миний аарцаг ясыг гэмтэлтэй байна гээд аймгийн эмнэлэгт хэвтүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Д.Батнасангийн Пүрэв ахтай хамт майхан дотор унтаж байтал гэнэт дээрээс юм дарчих шиг болсон. Тэгээд тэр машиныг Пүрэв ах бид хоёрын дээрээс хүмүүс өргөж гаргасан. Намайг майхнаас гарч ирэхэд бид хоёрын дээрээс машин дарчихсан, тэр машиныг хүмүүс өргөөд холдуулсан байсан. Тухайн машин Болдбаатарын машиныг мөргөөд зогссон байсан. Жолоон дээр нь согтуу бололтой нэг хүүхэн сууж байсан. Гэрч Д.Болдбаатарын 2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын орчимд Уянга сумын 6 дугаар баг Бөөрөлжүүт гэх газар Батнасан, Пүрэв 2 миний машины хажууд майхан бариад дотор нь ороод унтаж байхад миний машиныг зүүн хажуу талаас 1 машин мөргөөд зогссон. Гараад хартал айлын гадаа байсан машин А.Пүрэв ах, Батнасан хоёрын унтаж байсан майхан дээгүүр гараад миний машиныг мөргөсөн байсан. Тэр осол гаргасан машины жолооч хүүхэн нь согтуу байгаа харагдсан. Гэрч О.Баярсайханы манай хүүхэд Нямсүрэн эгч машинтайгаа машин дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд хүү бид 2 гүйгээд очиход Нямсүрэн эгч машинтайгаа майхантай хүн дайраад цаана нь байсан машиныг мөргөсөн байсан. Гэрч Б.Цэдэнжанчивийн Нямсүрэн эгч машинтайгаа машин дайрчихсан. Ээж бид 2 гүйгээд очиход Нямсүрэн эгчийн машин майхантай хүн дайраад цаана нь байсан машиныг мөргөсөн байсан. Насанд хүрээгүй гэрч Б.Нинжингийн ээж бид 2 Буянжаргал ахынд оччихоод ирье гээд хамт гэрээсээ ээж машинаа бариад явсан. Манай машин гэнэт нэг юм дээгүүр гараад машин мөргөөд зогссон. Манай ээж тухайн үед жаахан архи дарс хэрэглэсэн байсан. Гэрч М.Бямбадоржийн ажлаасаа гараад шөнө харанхуйд гэр рүүгээ алхаж байтал шөнө 1 машиныг машин ирээд мөргөчихсөн. Тэгэхээр нь нягтлаад хартал манай машин майхантай хүн дайраад цаана нь зогсож байсан машинийг мөргөсөн байсан. Майханд хүн байгаа гэхээр нь машиныг нь Баярсайхан, Цэрэнжанчив бид нар өргөөд доороос нь хүнийг нь гаргасан. Манай эхнэр Нямсүрэн охинтойгоо хамт айлаас айраг авчрах гэж машинаа унаж яваад тэр ослыг гаргасан. Манай эхнэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 7358 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан замын байдал, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал, бичиг баримт хураан авах тогтоол, бичиг баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ний 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ¹08/29, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ¹09/24 дугаартай үнэлгээний тайлангууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ю.Нямсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ю.Нямсүрэн нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч А.Пүрэвийн хохирол төлбөрт 3.220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Батнасангийн хохирол төлбөрт 1.075.000 төгрөг тус тус авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ю.Нямсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн №294355 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,

Шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг саарал өнгийн 31-47 УНТ улсын дугаартай Тоёото “Приүс-20” маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Ю.Нямсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч А.Пүрэвт 3.220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Батнасанд 1.075.000 төгрөг, Д.Болдбаатарын автомашины эвдрэлд 830.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Илжигэн овогт Юмчиндоржийн Нямсүрэнг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ю.Нямсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ю.Нямсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ю.Нямсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн №294355 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ю.Нямсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч А.Пүрэвт 3.220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Батнасанд 1.075.000 төгрөг, Д.Болдбаатарын автомашины эвдрэлд 830.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөлөг саарал өнгийн 31-47 УНТ улсын дугаартай Тоёото “Приүс-20” маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ю.Нямсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Ю.Нямсүрэнгийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ю.Нямсүрэнд мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ю.Нямсүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ