Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 70

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Өлзиймаа

Улсын яллагч Б.С 

Шүүгдэгч О.Ц р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                            

                       

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1979 оны 10 сарын 15-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбадрах сумын Засаг даргын тамгын газар жолооч ажилтай,  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын   дүгээр багийн Нүдэнгийн  тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шаагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л овогт О.Ц  /РД: / холбогдох эрүүгийн 2220000000091 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц  нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багийн нүдэн гудамжны 5 тоотод эхнэр С.Дулмааг зодож, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Дулмаа бид 2 гэрлэлтийн баталгаатай, бид 12 жил хамт амьдарч байна. Тэр өдөр эхнэр маань надад хэлэхгүйгээр, согтуу машинаа жолоодоод явсан байсан. Согтуу машин жолоодлоо гэхэд би бас унах эрхтэй юм байгаа биз дээ гээд маргаан үүссэн. Би хацар руу нь гараа зангидаад 2 удаа цохьсон, газарт унахаар нь нэг удаа өшиглөсөн. Нүүрний, хавирганы гэмтлийг би учруулсан, бусад нь гэрээс гарах гэж байгаад довжоон дээрээс унасных байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байгаа ” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч С.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 06-р сарын 11-ний өдөр 15 цагийн орчим би сумын төвөөс баруун тийш 30 км  орчим байх байх хөдөө Дөлгөөн гэх найзтайгаа уулзах гээд машинаа унаад явсан. Замдаа явж байтал машины шатахуун дуусаад унтарсан. Би Улаанбадрах сум руу буцаад алхаж очсон. Намайг гэрт ирэхэд 23 цаг орчим болж байсан байх. Тухайн үедээ би шууд унтаад өгсөн. Өглөө нөхөр Цэнд-Очир уучихсан орж ирээд машинаа асуусан. Би машин унаж яваад шатахуун нь дуусчихсан талаар хэлсэн. Машин яагаад зөвшөөрөлгүй авч гарсан талаар бид хоёр харилцан маргалдаад  Цэнд-Очир миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгээд нөхөр бид хоёр явж машинаа авчирсан. Манай дүү Гансувд миний нүдийг харчихаад цагдаад мэдэгдсэн байсан. Манай нөхөр Цэнд-Очирыг Улаанбадрах сумын цагдаа утсаар холбогдон дуудахад согтуугаар машинаа жолоодоод цагдаагийн хэсэг дээр ирсэн. Миний зүүн нүд хэсэгт нэг удаа гараараа цохисон. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн өөр гэмтэл байхгүй. Намайг машиныг нь хэлэхгүй авч гараад элсэнд суулгачихлаа гэсэн, би битгий солиор гэж хэрэлдсэн. Манай нөхөр архи уучихсан байсан тэгээд миний нүд рүү  цохисон. Хэрэг болсон газар нөхөр бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Манай хоёр хүүхэд хадам ээжийнд очсон байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Танилцуулсан  дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг манай нөхөр О.Цэнд-Очир учруулсан, мөн би гэрийн довжоон дээрс унаж гэмтсэн. Миний хацар луу 2 удаа гараараа атгаж байгаад цохисон, намайг унасан байхад хавирга, нүүрний зүүн хэсэг рүү тус бүр нэг удаа хөлөөрөө өшиглөсөн өөр зодож цохисон зүйл байхгүй. Намайг  цохих үед би зугтаж байгаад гэрийн  довжоон дээр бүдэрч унасан тухайн үед гар хөлний хэсэгт гэмтлүүдийг авсан. .. Миний зүүн шанаа руу цохисон мөн нүүр лүү өшиглөсөн тухайн үед миний хамарснаас цус гарсан. Чулуугаар толгой руу цохисон зүйл байхгүй. Тухайн үед миний нүүр хавдаад муухай болчихсон байсан. Би өөрийгөө толинд харчихаад  уурандаа чулуугаар цохисон гээд хэлчихсэн юм. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13,16-17/

Хохирогч С.Д  хүлээн авсан 2022 оны 06 сарын 12-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24/

           

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 06 сарын 13-ны өдрийн “1. С.Дулмаагийн биед гэмтэл тогтоогдлоо.

2 С.Дулмаагийн биед нүүрний зүүн талаар зүүн хацар, эрүү орчмоор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна доод хэсэгт цус хуралт, зүүн шууны гадна дунд талд, зүүн тохой орчмоор, баруун бугалганы гадна доод талд, зүүн гарын ар талд, эрхий хурууны уг хэсэгт цус хуралт, 2 далан дээр, баруун гуяны урд дунд талд, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт, цээжний зүүн талд 10-р хавирга суганы дунд шугамаар цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4.Дээрх гэмтлүүдийн нүүрний зүүн талаар зүүн хацар, эрүү орчмоор цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/151 тоот дүгнэлт /хх-ийн 26-27/

 

Шүүгдэгч О.Ц  нь урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39/

 

Шүүгдэгч О.Цэ-ын согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 45/

 

            Шүүгдэгч О.Ц  Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх  тодорхойлолт /хх-ийн 52/

           

  регистрийн дугаартай Л овогт Оч.Цэ ,  1 регистрийн дугаартай Х  овогт С- Д  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/

 

 регистрийн дугаартай Л  овогт О.Ц  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Ц  нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багийн нүдэн гудамжны 5 тоотод эхнэр С.Дулмааг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэж,  нүүрний зүүн хэсэг рүү 2 удаа цохиж, газарт унахаар нь нэг удаа өшиглөж зодсоны улмаас хохирогчийн биед нүүрний зүүн талаар зүүн хацар, эрүү орчмоор цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талд 10-р хавирга суганы дунд шугамаар цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Дулмаагийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийг шинжээчээр тохилсон байх бөгөөд шинжээч эмч П.Гаваасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр “ хохирогчийн биед нүүрний зүүн талаар зүүн хацар, эрүү орчмоор цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хамаарах” болохыг тогтоосон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч,  харгалзан дэмжигч, гэр бүлд амьдарч байгаа хүн” зэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрахаар заасан байх ба хохирогч С.Дулмаа нь шүүгдэгчийн хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулан амьдарч байгаа эхнэр  болох нь хэрэгт авагдсан 0221364/16 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 56/ тогтоогдож байна.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн хэлбэртэй талаар заасан ба бие махбодын хүчирхийлэлд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдийн хэнийг ч боловч аливаа хэлбэрээр зодсон, гэмтэл учруулсан байхыг ойлгох юм.

Дээрх хуульзүйн ойлголтын хувьд үзвэл хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, шүүгдэгч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн гэж үзэх ба энэ  утгаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “ энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ц-н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 04/151 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүнд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч С.Дулмаагийн хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй байх /хх-ийн 12-13/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт О.Ц-г  /РД:/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Цэ-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Цэнд-Очир нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД