Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х 

Улсын яллагч Б.С 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э 

Шүүгдэгч Л.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1995 оны 07-р сарын 16-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дүгээр баг,  Т гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 1,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Л.Э  / /-д холбогдох эрүүгийн 2220000000096 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Эрдэнэбаярын зүүн гарын бугалга хэсэгт заазуураар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Болсон үйл явдлыг санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь сэрсэн чинь Батмөнхийн эхнэр намайг Эрдэнэбаярын гарыг зүссэн гэж хэлсэн. Хамт байсан хүмүүс дотор намайг хэрэгт гүтгэх хүн байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Эрдэнэбаярт эхлээд 200,000 төгрөг төлсөн. Дараа нь 400,000 төгрөгийн хэрэг байна гэхээр нь дансаар шилжүүлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын газарт 214,000 төгрөгийг төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгааг ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/,

Хэргийн газраас хураан авсан заазуурт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/,

 

Хохирогч Э.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 07-р сарын 13-нд эхнэр Сумъяасүрэнгийн хамтаар найз Батхуягийн гэрт очоод хорхог боодог хийгээд бид хэд 2,5 литрийн савалгаатай Сэрүүн пиво 6 ширхэгийг уугаад тоглоод нэг шөнийг өнгөрөөсөн,...тоглож дуусгаад байж байтал Эрдэнэхүү согтоод “пиздануудаа та нар газар нутаг үзсэн үү” гэх мэт хор шар малтсан үг хэллэг хэлээд байсан. Тэгэхээр нь чи одоо яагаад байгаа юм бэ гээд босоод бид хоёр барьцалдаад авсан.  Тэгээд бид хоёр гартал Эрдэнэхүү эргэж гэр лүү гүйж ороод заазуур аваад гарч ирээд цавчаад байсан,...миний зүүн гарын бугалга хэсгээс цус гараад байхаар нь Шүрэнцэцэг, Сумъяасүрэн, Баярсүрэн нар гар боосон. ...Эрдэнэхүү миний эмчилгээний зардал болох 200,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Иргэний нэхэмжлэгч Э.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.Эрдэнэбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Э.Эрдэнэбаяр нь 2022 оны 07-р сарын 16-ны өдрөөс 2022 оны 07-р сарын 31-ний өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Э-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч Б.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бүгдээрээ ямаа шарж идээд 2,5 литрийн савалгаатай Сэрүүн пиво 6 ширхэгийг хувааж уусан тэгээд би орой хүүхдээ унтуулаад унтаж байтал шуугилдаад Сумъяасүрэн орж ирээд Баяраа зүсүүлчихлээ боох юм байна уу гэхээр нь гэрт байсан уусмал, бинт марал байсныг өгөөд гаргасан.  Цус угаах зорилгоор шингэн саван устай аваачиж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч П.Сумъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрдэнэхүү манай нөхөр Эрдэнэбаяртай моринд хийсэн ажлын талаар маргалдаад байсан. Шүрэнцэцэг, Баярсүрэн бид 3 бие засах гээд гарсан. Тухайн үед эрчүүд бас гадаа гарсан байсан. Бид 3 гэр рүү явж байхад Эрдэнэхүү гэр рүү гүйгээд орж байсан. Эрдэнэхүү гэрээс заазуур бариад гарч ирээд Эрдэнэбаярын өөдөөс цавчаад дайрсан. Тэгтэл Батмөнх гараас нь бариад заазуурыг салгаж аваад  дарсан. Тэгээд би нөхөр дээрээ очоод хартал бугалганаас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч Э.Баярсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...00 ороод ирэхэд Эрдэнэхүү нь Эрдэнэбаярын өөдөөс заазуур бариад цавчаад дайраад байсан.  Тэгтэл манай нөхөр Батмөнх араас нь гарыг нь бариад заазуурыг нь аваад газар дараад гарыг нь хүлсэн. Тэгтэл Эрдэнэбаярын гарыг зүссэн байхаар нь хөвөн тавиад маарлаар боосон. Тэгээд манай нөхөр Батмөнх машинаа унаад эмнэлэгт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрдэнэхүү Эрдэнэбаяр хоёр моринд хийсэн ажлын талаар маргалдаад байсан. Тэгээд Эрдэнэхүү Эрдэнэбаяр нар зууралдаад байхаар нь салгаад гадаа гаргасан. Тэгтэл Эрдэнэхүү гэр рүү гүйж ороод эргээд гараад ирэхдээ гартаа заазуур бариад гараад ирсэн. Эрдэнэбаярын өөдөөс цавчаад дайрсан. Тэгэхээр нь би гараас нь бариад заазуурыг нь салгаж аваад дарж унагаад хэцний нарийн уяагаар гарыг нь ард нь хүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “1. Э.Эрдэнэбаярын биед зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарах болно.

6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн

хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/180 тоот дүгнэлт /хх-ийн 51-52/

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54/

 

Шүүгдэгч Л.Э  нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 67/

 

Шүүгдэгч Л.Э  регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73/

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн  Э.Эрдэнэбаярт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 83/

 

Шүүгдэгч Л.Э  Прокурорын газарт гаргасан “...миний бие Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оногдуулж болох эрүүгийн  хариуцлагыг ойлгон ухамсарлаж байна.  Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн бөгөөд эмчилгээний зардал 214,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 87/

 

Шүүгдэгч Л.Э  нь 100900020080 тоот дансанд Э.Эрдэнэбаярын эмнэлгийн тусламж үйлчилгээний авсаны зардал 214,000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Эрдэнэбаярын зүүн гарын бугалга хэсэгт заазуураар зүсэж, улмаар зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Хохирогч Э.Э -ын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Гаваасүрэн нь 2022 оны 07 сарын 19-ны өдөр 04/180 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Э  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Шүрэнцэцэг, П.Сумъяасүрэн, Э.Баярсүрэн, Б.Батмөнх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 04/180 тоот дүгнэлт /хх-ийн 51-52/, хэргийн газраас хураан авсан заазуурт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.Э  нь хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхтэй холбоотой зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Э.Эрдэнэбаярт 200,000 төгрөг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 214,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, ХААН банкны  банк хоорондын шилжүүлгийн баримтаар хэрэгт тогтоогдож байна.

 

Харин Э.Эрдэнэбаярт дансаар 400,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч тухайн данс нь хохирогч Э.Эрдэнэбаярын эзэмшлийн данс болох нь тодорхойгүй байна.  Иймд шүүгдэгчийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт 414,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэргийн хамт ирсэн иш нь ногоон өнгийн, 12,5 см урттай, ажлын хэсгийн урт 16,2 см урттай 1 ширхэг заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х  овогт Л.Э  /РД: /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х овогт Л.Э  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Э  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн хамт ирсэн иш нь ногоон өнгийн, 12,5 см урттай, ажлын хэсгийн урт 16,2 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.Э  нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэхүү урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД