Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2018/01185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багт оршин суух Г.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багт оршин суух, Н.Г-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Г.Э-, хариуцагч Н.Г  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.....Би нөхөр Н.Г-тэй 2014 оны 4 дүгээр сард танилцаж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Ц-ийг төрүүлсэн. Охин маань одоо 3 настай. Бид хоёр гэр бүл болсоноосоо хойш л хэрүүл маргаантай байсан. Хамт амьдраад 3 жил болоход архи ууж ирээд зодож, нүддэг, харддаг, үл ойлголцол байнга байсан.

Манай нөхөр байнга архи уудаггүй ч гэсэн уусан үедээ л “нууц амрагтайгаа ярьсан уу” гэх мэтээр хардаж зоддог. Би одоогоор өөрийн аав, ээж дээр охины хамт амьдарч байна. Нөхөр болох Н.Г-ийг зодож, нүдэх, янз бүрийн ааш араншин гаргах бүрт тэвчсээр ирсэн. Одоо энэ хүнтэй нэг гэр бүл болж хамт амьдрах ямар ч боломжгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж охин Г.Ц-ийг өөрийн асрамжинд хуульд заасны дагуу эцэг болох Н.Гэс хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би эхнэр хүүхэддээ маш их хайртай, салмааргүй байна. Мөн би байнга архи ууж “нууц амрагтайгаа ярьсан уу” гэж хэлдэггүй. Миний ганц нэг удаа согтуудаа хэлсэн зүйлийг “байнга” гэж хэлж байгаад нь гомдож байна. Бас байнга зодож нүдээд байдаггүй тул ганц удаа намайг уучилж болохгүй гэж үү.

Би өөрийн гэмээ ухаарч хань, үр хоёроо дахин гомдоож алдмааргүй байна. Нэг л удаа уучилаач, би гэмээ ухаарч, үр хүүхдээ бодож,хоёулаа сайхан амьдарч болохгүй гэж үү. ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч  Г.Э- нь нэгэнт цаашид дахин амьдрах хүсэлгүй байгаа гэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, охиноо ээжийнх нь асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, өөр ямар нэгэн маргах зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Н.Гд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2015 оны                  6 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 6701000088 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Ц- төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон 6701000469 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хариуцагч Н.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа охин Г.Ц-ийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, охин Г.Ц- нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Ц-ийг эх Г.Э-гийн асрамжид үлдээж, эцэг Н.Гэс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 30.844 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Ц-т Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг хариуцагчаас гаргуулан,нийт 101044 төгрөгийг нэхэмжлэгч Г.Э-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Э/, Н.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Ц-ийг төрсөн эх Г.Э-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Ц-ийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Гэс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Г, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Э- нарт тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 30.844 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийт 101.044 төгрөгийг нэхэмжлэгч Г.Э-д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ