Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0490

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0490

Улаанбаатар хот

 

 

“Замайнсервисиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч С.Энхбат нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Замайнсервисиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын ахлах байцаагч С.Энхбат, нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Болдбаатар, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Энх-Оюун нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Замайнсервисиз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын ахлах байцаагч С.Энхбат, нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Болдбаатар, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Энх-Оюун нарын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 360004042 тоот “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт”-ын Хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в-д 2010 оны 573,996,800.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн татвараа бууруулсан зөрчилд 57,399,680 төгрөгийн нөхөн татвар, 17,219,904 төгрөгийн торгууль, 28,699,840 төгрөгийн алданги ногдуулах гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр:

“Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.4.2, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Замайнсервисиз” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 360004042 тоот “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Хавсралт 1-ийн тогтоох хэсгийн 1.в-д 2010 оны 573,996,800.0 төгрөгийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан зөрчилд 57,399,680 төгрөгийн нөхөн татвар, 17,219,904 төгрөгийн торгууль, 28,699,840 төгрөгийн алданги ногдуулах гэснийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч татварын улсын байцаагч С.Энхбат, Ё.Энх-Оюун нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Замайнсервисиз” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 2010 оны 6 дугаар сараас 10 дугаар сард 573,996.8 мянган төгрөгийн худалдан авалтанд төлсөн 57399.6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил илэрсэн. Татварын улсын байцаагчид шалгалтаар илэрсэн зөрчил нь:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-д “үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн” гэж заасныг;

Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 тоот тушаалаар баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасны дагуу сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн хувьд хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл үйлчилгээг шинээр бий болгох эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөнд бодитой хийгдсэн байна”, 3.1.4-т “Энэ журмын 3.1.3-т заасан хөрөнгө оруулалтыг үндсэн хөрөнгөнд бодитой хийгдсэнийг 2.0 сая ба түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэгдэж, тайлагнаснаар нотлогдоно”;

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1.1-д “Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2.-т заасан “...хөрөнгө оруулалт ...нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөнд бодитой хийгдсэн байна” гэж заасныг тус тус зөрчиж 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн гэж үзэж татварын улсын байцаагчид актаар төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөр Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэгдэж хэвээр батлагдсан. Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “...“Замайнсервисиз” ХХК-ийг албан ёсоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн атлаа 5 жилийн дараа ийнхүү бүртгэсэн нь буруу байжээ гэх үндэслэлээр акт тавьсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ” гэж үзсэн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 337 дугаар шийдвэр гаргасан нь дээр дурдагдсан хуулийн заалтуудыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчаас “Замайнсервисиз” ХХК-ийг анх 2,0 сая ам.долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан талаар бус, гагцхүү энэхүү хөрөнгө оруулалт нь Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 тоот тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журмын 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан “...хөрөнгө оруулалт...” нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна”, Улсын Дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 11.1-д “хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байхыг ойлгоно” гэсэн шаардлагыг хангаагүй байсан гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.

Гэтэл компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээс үзэхэд “Замайнсервисиз” ХХК нь анх 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 2 гишүүнтэйгээр байгуулагдсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.4.2-т “үндсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2,0 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно” гэж заасны дагуу үүсгэн байгуулагчид болох “Таванбогд трейд” ХХК, Японы Марубени корпорациас тус тус 1,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улмаар хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэн, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст 2010 оны 5 дугаар 12-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэн тус хэлтсээс нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчийн 18901 тоот гэрчилгээг 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид олгосон, энэхүү гэрчилгээ одоог хүртэл хүчин төгөлдөр байна.

Ийнхүү татварын байгууллагаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчийн тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргах, хасалт хийлгэх, мөн илүү төлсөн, эсхүл хууль заасан бусад үндэслэлээр буцаан авах эрх үүссэн байх бөгөөд энэ хүрээнд 2010 онд нийтдээ 573.996.800 төгрөгийн худалдан авалтад төлсөн 57.399.680 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийснийг, тэр тусмаа үндэслэлгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Учир нь “Замайнсервисиз” ХХК-ийн дүрмийн сан болох 2,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт нь Татварын ерөнхий газрын даргын дээр дурдсан тушаалд заасанчлан тус компанийн үндсэн хөрөнгөд бодитойгоор хийгдээгүй, хэрэв мөнгөн хэлбэрээр дансанд байршиж байгаа нь сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзвэл тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэхээс татгалзах боломжтой байсан.

Өөөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлийг харьяа татварын албанд гаргах л эрхтэй болохоос бус уг өргөдлийг үндэслэн бүртгэж, гэрчилгээ олгох эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна.

Анхан шатны шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын Их Хурлаас 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй.

Хэдийгээр улсын байцаагчийн акт уг хууль батлагдахаас өмнө гарсан ч шүүхээс маргааныг шийдвэрлэх үед дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд тухайн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг шүүхээс хэрэглэх боломжтой.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хөрөнгө оруулалт гэдгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан биет болон бус хөрөнгийг ойлгохоор заасан, иймд “Замайнсервисиз” ХХК-ийн дүрмийн сан болох 2,0 сая ам.доллар нь тухайн үед биет бус хөрөнгө оруулалтад хамаарах төдийгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-ын “Монгол Улсад 2,0 сая ам.доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн” байх шаардлагыг ч тодорхой байдлаар хангасан гэж дүгнэхээр байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийг удирдлага болгосон, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан актаар тогтоогдсон төлбөрийн дүнг багасгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан атлаа улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 250 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.4.2, 14 дүгээр зүйлийн 14.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасныг баримтлан “Замайнсервисиз” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын ахлах байцаагч М.Энхбат, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч О.Болдбаатар, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Энх-Оюун нарын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 360004042 тоот актын тогтоох хэсгийн 1-ийн в-д 2010 оны 573.996.800.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж нэмэгдсэн өртгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчилд 57.399.680.0 төгрөгийн нөхөн татвар, 17.219.904.0 төгрөгийн торгууль, 28.699.840.0 төгрөгийн алданги ногдуулсныг тус тус хүчингүй болгож, актаар тогтоосон нийт төлбөрийг 103.319.424.0 төгрөгөөр багасгасугай” гэж; 2 дахь заалтын “...70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “...70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН