| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/0996/И |
| Дугаар | 155/ШШ2018/01157 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2018/01157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багийн - тоотод оршин суух Б-ийн Г-ын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багийн - тоотод оршин суух Б-ийн Б-д холбогдох
Зээлийн үлдэгдэл 4.000.000/Дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2016 оны 6 дугаар сард даралт харваж гэртээ байсан юм. Гэтэл Б. гэдэг хүн манайд ирж надаас 5.000.000 төгрөг зээл аваад “хүүхдийг чинь дагуулж наймаа хийгээд эм тарианы мөнгө ч болсон гаргаж өгч байя” гээд авсан. Тэгээд ганц ч удаа мөнгө өгөөгүй. Харин тус оныхоо 8-9 дүгээр сарын үед жимс авч хот руу ачаад байсан. Тэр үед мөнгийг минь өгөх байх гэж бодож байсан боловч өгөөгүй.
2017 оны хавар хүн гуйж хөөцөлдөж яваад 1.000.000 төгрөг авсан. Би олон удаа нэхэж гэрт нь очиж байсан боловч худал хэлээд явуулдаг байсан. Одоо хүүхэд маань “чи яах гэж Баясаад мөнгө өгсөн юм, одоо олж ир” гээд зоддог болсон. Энэ талаар хоёр ч удаа цагдаа дуудаж өгч байсан. Банкны зээлэнд одоо гэр орноо хураалгахаар битүүмжлүүлээд сэтгэл санааны хүнд дарамтанд байна. Иймд Б.Б-гаас 4.000.000 төгрөгийг нэн даруй гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:...Б.Г- нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...Б.Б- нь 2016 оны 6 дугаар сард 5.000.000 төгрөг зээлж авсан..." гэжээ.Энэ үндэслэлгүй.2016 оны намар Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд жимс авч Эрдэнэт болон Улаанбаатарт борлуулж нэлээд ашигтай ажилласан.Б.Г- энэ талаар сонсоод “Та их ашигтай ажиллах юм байна, надад "L-200 " маркийн машин байна, та түүнийг засаж аваад, манай бага хүү Гантөгсийг дагуулаад жимсний наймаа хийгээч би танд мөнгөний туслалцаа үзүүлье" гэсэн.
Ингээд 2.000.000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөнөөс 280.000 төгрөгөөр нь Гын өөрийнх нь машинд нэг талын урд мост авч тавьсан ба хүү Гантөгсийг нь дагуулж Цагаан-Уул сум руу жимс авахаар яваад нэг удаа шаварт сууж зүтгүүлэхэд урд мост дахин эвдэрсэн.Иймээс мостгүй машинаар Улаанбаатар хот явж авсан жимсээ борлуулаад 750 000 төгрөгөөр хос урд мост, дунд гупны /кардан гол/ шарик, хавчаар резиний хамт 110 000 төгрөг, пирда диск 45 000 төгрөгөөр тус тус худалдан авч тавьсан. Энэ бүхнийг Г өөрөө мэдэж байгаа, бага хүү Г нь надтай хамт явсан учир бүр тодорхой мэднэ, том хүү Н нь ч мэднэ.Учир нь энэ хүү нь дээрх машиныг эвдсэн юм билээ.
Ингэж Улаанбаатарт Гын машинд засвар хийлгээд буцаж Хөвсгөл аймагт ирж эргэлтийн мөнгө багассан учир Гаас 2.200 000 төгрөг нэмж авч Цэцэрлэг, Цагаан-Уул сумаар явж жимс авч борлуулсан энэ удаа ашиггүй ажилласан. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сард Гын бага хүү Гантөгс нь "Хувцас авч өмсөнө "гээд 500 000 төгрөг авсан, ах нь болох Номиндалай нь "Машинаа засуулна” гээд 1.500.000 төгрөг авсан. Ингээд эргэлтийн мөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон. 2017 оны 4 дүгээр сард Гад өөрт нь дансаар нь 1.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд Гад болон хүүхдүүдэд нь нийт 3.000.000 төгрөгийг бэлнээр буцааж өгч машинд нь 1.185.000 төгрөгийн сэлбэг авч тавьсан ба Мөрөнгөөс завсарчин авч Улаанбаатар хот руу авч явж сэлбэг авч машиныг нь засварлуулсан ба засварчны хөлсөнд 100.000 төгрөг өгсөнөөр нийт 4.285.000 төгрөгийг Б.Г-ад төлсөнөөр бидний хоорондын өр төлбөр дууссан юм. Тэгтэл Г нь өгсөн мөнгөний ашгийг надад өг, 2016 оны 4.000.000 төгрөг одоогийн 4.000.000 төгрөг хоёрын ханш өөр болсон учир ханшийн зөрүү өг,... чи надаас авсан мөнгөө миний хүүхдүүдэд өгсөн учир өөрөө миний хүүхдүүдээс буцааж авч надад өг гэх мэт учир нь үл ойлгогдох зүйл яриад мөнгө нэхээд байгаа. Түүний хүү Гантөгс, Номиндалай нар нь энэ мөнгөний зарцуулалтыг сайн мэдэж байгаа, өөрсдөө ч "Б. ахтай ямар ч тооцоо байхгүй" гэж хэлдэг.
Миний хувьд олон жил олон газар, олон хүнтэй харьцаж наймаа арилжаа хийж явсан, хүнийг арай ч хохироож хаяхгүй. Иймд Гын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээл 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигч нь 2016 онд зээлийн гэрээг амаар байгуулж нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Б.Б-д мөнгө зээлсэн болох нь нэхэмжлэгчийн “...Б.Б-д 5.000.000 төгрөг зээлсэн ба түүнээс 1.000.000 төгрөгийг авсан...” гэх тайлбар, хариуцагчийн”...Б.Г-аас 4.200.000 төгрөгийг авсан.Түүнээс 1.000.000 төгрөгийг буцаан өгсөн...” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтанд хэн аль нь маргаагүй.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч нь Б.Б-д 5.000.000 төгрөг зээлсэн. Түүнээс 1.000.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг аваагүй тул гаргуулж авна,
хариуцагч нь Б.Г-аас 4.200.000 төгрөг авсан.Үүнээс 1.000.000 төгрөгийг Б.Г-ад бэлнээр буцаан өгч үлдэгдэл мөнгийг түүний хүүхдүүд өгсөн.Мөн түүний машинд нь сэлбэг авч тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр зээлдэгч буюу хариуцагч Б.Б-д 5.000.000 төгрөг зээлсэн гэх боловч үүнийгээ нотлож чадаагүй, энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Г-ыг 5.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б-д өгсөн гэж үзэх боломжгүй байна.
Хэдийгээр Б.Г- нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч Б.Б- нь Б.Г-аас 4.200.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба зээлийн эргэн төлөлт буюу 1.000.000 төгрөгийг өгсөнтэй холбоотойгоор талууд маргаагүй болно.
Иймд энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээ байгуулснаас хойш хариуцагчаас өгсөн, нэхэмжлэгчийн авсан гэх 1.000.000 төгрөгийг хариуцагчийн төлөх ёстой үндсэн зээл 4.200.000 төгрөгнөөс хасч тооцоод хариуцагч Б.Б-гаас 3.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Б-д 2018 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 15 цаг 00 минутанд товлосон шүүх хуралдааны товыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түүний 94118034 дугаарын утас болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.200.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 66.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон