Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/548

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэл /томилолтоор/,       

хохирогч Э.С ,           

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П  Б  холбогдох эрүүгийн 22100012950781 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын ..........ний өдөр Дархан-Уул аймгийн .......... суманд төрсөн, 31 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .......... туслах ажилтан мэргэжилтэй, “И  ” ХХК-ийн хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, .............. тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох, нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18/312 дугаар тогтоолоор дуусгавар болсон, Б овогт П  Б  /РД:..................../    

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө  согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Э.С г бусадтай хардаж толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас бие махбодид нь “духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

   Хохирогч Э.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: П.Б бид хоёр гэр бүлийн харилцаагаа авч үлдээхийн тулд бид хоёр зөндөө ярилцсан. Одоо бид хоёр эвлэрсэн. Манай нөхөр ажлаа хийж амьдралаа авч явдаг. Энэ асуудлаас болоод ажлаасаа гарсан, ажилгүй санхүүгийн хувьд бид гурав үнэхээрийн хүндрэлтэй байгаа. Иймд энэ асуудлыг хурдан шийдэж ажил амьдралаа бодохыг хүсэж байна. Миний хувьд гомдол санал, нэхэмжилсэн зүйлгүй. Бид хоёр сайн ярилцаж, бие биенээсээ уучлалт гуйсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.   

 

Хоёр. Эрүүгийн 22100012950781 дугаартай хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 9 дэх тал/

Хохирогч Э.С гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 7473 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 44-46 дахь тал/

Шүүгдэгч П.Б ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрч Ц.Н мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын байрны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Э.С г бусадтай хардаж, толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

  

Дуудлагын лавлагааны хуудас: 2022 оны 05 дугаар сарын 21-ний 00 цаг 52 минутад “манай нөхөр зодсон” гэх дуудлага өгсөн /хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Хохирогч Э.С гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би ажилдаа яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр П.Б байрныхаа гадаа найзтайгаа архи ууж байсан. ...нөхөр Тодоогийн гэрт очиж архи уучихаад ирье гэсэн. Би намайг дуудчихаарай гэсэн. Тэгээд 22 цагийн үед найзынх нь эхнэр над руу залгаад “танай нөхөр гэртээ харина” гээд байна гэсэн. Би охиноо дагуулаад очсон ба 3-н найзыг нь Нисэхэд буулгаад буцаж ирээд Тодоогийн гэрт ороод нөхөрийгөө гэртээ харья гээд гэр рүүгээ явсан. Тэгээд П.Б машин дотор унтаад өгөхөөр нь сэрээх гэсэн чинь “хэн бэ, би чамаас айгаад байна” гэхээр нь би эхнэр чинь байна гэсэн. П.Б нь “чи намайг зүгээр тавьчих, чи намайг хуураад байна, чи Тоодоогийн гэрээс ирэх замдаа хүнтэй уулзаад байсан” гэхээр би явсан замаа хэлсэн чинь “чи тэгвэл хэдэн км явснаа хар” гэхээр нь би “14 км байна” гэсэн чинь “чи энэ хоёрын хооронд 14 км яваад байгаарай, чи тэр гудамжинд хүнтэй уулзсан байна” гээд намайг цохих гэхээр нь би машинаас гарах гэтэл намайг гаргахгүй үснээс зулгаагаад сугандаа хавчуулаад гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиод “уулзсан хүнийг чинь ална” гээд намайг зодоод байсан...тухайн үед хажууд хүн байгаагүй, мөн сандарсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Одоо бол нөхөртэйгөө эвлэрчихсэн. Урьд өмнө нь ийм асуудалд орж байгаагүй учир шууд цагдаагийн байгууллагад хандсан. Өмнө нь зөрчлийн байцаагч дээр мэдүүлэг өгөхдөө бол худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй ....” мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 7473 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Э.С гийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”
 /хавтаст хэргийн 25-26 дахь тал/  

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл:  “ ...бага...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 44-46 дахь тал/

 

Шүүгдэгч П.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би эхнэртэйгээ маргаж хардсаны улмаас маргаж, түүний толгойн хэсэгт гараараа 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч П.Б , хохирогч Ю.Сэвжидмаа нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй ч хамтран амьдардаг, дундаасаа хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

          Шүүгдэгч П.Б нь 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө  согтуурсан үедээ хохирогч Э.С г бусадтай хардаж зодсоны улмаас хохирогчийн биед нь духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд шүүгдэгч П.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав. 

 

Шүүгдэгч П.Б нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1–д зааснаар 450 нэгтээр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох, нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18/312 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болох нь шийтгэх тогтоол, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч П.Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Б  мэдэгдэж шийдвэрлэв.    

 

           3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

Хохирогч Э.С  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч  П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1. Б овогт П  Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Б  мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч  П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОДБАЯР