| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/56 |
| Огноо | 2022-05-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/56 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Д.М,
Иргэний нэхэмжлэгч: Б.Б,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Д-ийн М-д холбогдох 2228000090022 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Далтын хөндийд буюу Говь Гурвансайханы байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт 58-82 УНЭ улсын дугаартай LEXUS-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан 1 тооны аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.М нь манай байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 12.500.000 төгрөгийн зээлийг авсан. Бид 24 сарын хугацаатай, 2,9 хувийн хүүтэйгээр 12.500.000 төгрөгийн зээлүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан “Lexus LX 470” загварын автомашиныг барьцаанд авсан. Манай байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээнд заасны дагуу аливаа этгээдэд учирсан хохирлыг Д.М нь хариуцахаар тохиролцож гэрээ байгуулсан байгаа. 2023 оны 11 дүгээр сард зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа нь дуусахаар байгаа. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар буюу мэдүүлэг өгөх өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 11.388.800 төгрөг байсан. Манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгслийг гаргуулан авах хүсэлтэй байгаа.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах хүн томилж ирүүлэхийг хүссэн албан бичгийн дагуу намайг уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай байгууллагын даргын тушаал гарсан тул би энэ хэрэгт хохирогчоор оролцохоор ирсэн. Би хэргийн талаар бол нарийн мэдэхгүй байна. Аргаль нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан нэн ховор болон ховор амьтны жагсаалт болон амьтны Улаан номонд орсноор Монгол Улсын ховор амьтанд багтдаг юм. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор батлагдсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Аргалийн эр нь 11.000.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн аж ахуй нэгж байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаль орчин уур амьсгалын санд оруулна гэж заасан байдаг бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсгийн 2-д зааснаар Амьтны аймагт учирсан хохирлыг тухай амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг ноогдуулна гэж заасан байдаг. Иймд хууль бусаар агнагдсан 1 аргал нь эр байх юм бол экологи эдийн засгийн үнэлгээг буюу 11.000.000 төгрөгийг 2 дахин нэмж тооцно. Харин эм байх юм бол 13.000.000 төгрөгийг мөн 2 дахин нэмэгдүүлэн тооцож нэхэмжлэл гаргана. Баяндалай сумын Төхөм багийн нутаг Баянцагааны нуруу нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт харьяалагддаг бөгөөд танай байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын солбилцолын цэг нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаарч байна. Би хэргийн материалтай танилцахад холбогдогч Д.М нь эр аргаль алсан гэж мэдүүлсэн байна. Иймд манай байгууллага иргэн Д.Маас Байгаль орчны тухай хуульд заасны дагуу 11.000.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж хохирлыг Төрийн сангийн Говь Гурвансайханы байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 100110013006 тоот дансанд төлүүлж хохиролгүй болгох талаар нэхэмжилж байна. /хавтаст хэргийн 39 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Д.М манай нутгийн хуурай дүү байгаа юм. М хөдөө манайхаар очдог, би сумын төв орохоороо Мынхаар орж гардаг ийм л харилцаа холбоотой бусдаар ах дүү садангийн холбоо байхгүй. Надад галт зэвсэг эзэмших эрх байхгүй, гэхдээ би сумын хэсгийн төлөөлөгчид сургалтад суухаар бүртгүүлсэн байгаа. Миний нэр дээр албан ёсны бүртгэлтэй галт зэвсэг байхгүй. Энэ Тоз-8 маркийн галт зэвсэг нь миний өргөж авсан ааваас өвлөж үлдсэн буу байгаа юм. Өргөж авсан аав Ч.Ц 2010 оны үед нас барсан бөгөөд тэр үеэс энэ буу миний эзэмшлийнх болсон. Би энэ бууг бичиг баримтжуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төв дээр Мын гэрт аваачиж тавиад холбогдох бичиг баримтаа сумын хэсгийн төлөөлөгчид өгсөн байсан. Болж өгвөл буугаа л эргүүлж авмаар байна. Санал хүсэлт гомдол байхгүй. /хавтаст хэргийн 42 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Л.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай Жи Эс Би капитал ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны дагуу иргэд, байгууллагад зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Д.М 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай байгууллагаас зээл олгохоор хүсч хандсан манай байгууллага зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж мөн өдөр ЗГ1004210562 зээлийн гэрээ байгуулж 12.500.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийн баталгаа болгож 5882 УНЭ улсын дугаартай Lexus470 маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд мөн өдрийн ЗБ1004210562 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж шилжүүлсэн энэ гэрээний 2.3-т үүрэг гүйцэтгэгч хөрөнгийг гэрээний хугацаа нөхцөлийн хүрээнд эзэмшиж ашиглана гэж заасны дагуу автомашины өмчлөх эрх нь манай байгууллага дээр эзэмших, ашиглах эрх нь Д.М дээр байгаа, иймээс уг машин зээлдэгч Д.Мад байгаа. Зээлдэгчийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сард дуусах бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 11.388.857 төгрөг байна. Иймээс тээврийн хэрэгслийг улсын орлого болгох болон бусад байдлаар манай байгууллагын өмчлөлөөс шилжсэн тохиолдолд зээлдэгч Д.Маас зээлийн гэрээний үлдэгдлийг тухайн үеийн байдлаар гаргуулан авах хүсэлтэй байна. /хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн нутаг Шарлаг толгой аман ус гэх газарт өвөлжиж байгаа малчин хүн байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай хуурай дүү болох М нь манай гэрт хүнс авахаар ирсэн. Тухайн үед би Мыг ирэхэд нэлээд согтуу байсан. Тэгээд дүүд хотноосоо нэг хонин хүнс гаргаж өгөөд махыг нь машинд нь ачсан. Түүний дараагаар би үлдсэн хагас архиа татчихаад унтаад өгсөн. Харин М хойшоо айлд очих замдаа газар үзнэ орой эргэж ирнэ шүү гэж хэлээд машинтайгаа гэрийн гаднаас хөдөлсөн. Би гэртээ унтаж байгаад үд дунд сэрэхэд М гэрт ирчихсэн байсан. Тэгээд би гарч мал хуйгаа хотлуулаад орой хоол идчихээд Мын машинаар Мын хамт саахалт айлын Төрөөгийн гэрт очсон. Төрөөгийн гэрт ороход М машинаасаа нэг шил архи гаргаад М, Төрөө бид 3 хувааж уусан. Тухайн архи дуусах үед би тасраад Төрөөгийн гэрт унтаад өгсөн. Харин шөнө дунд Төрөө намайг дуудаж сэрээгээд гэрт хүргэж өгсөн байсан. Харин маргааш өглөө нь би босоход манай эхнэр надад Мын машин гэрийн зүүн талын хөндий дээр хоносон байна гэхээр нь би гайхаад хартал нээрээ машин нь манай гэрийн зүүн талын хөндий дээр байсан. Тэгээд гайхаад М руу утасдаж асуусан чинь би ан хийгээд цагдаад баригдчихлаа гэж байсан. Тухайн үед би хэзээ хаагуур явж ан хийсэн юм бэ гэхэд хуудас гарч аргаль агнасан юм аа гэж хэлж байсан. Би Мтай хуурай ах дүүсийн харьцаатай. Ямар нэгэн ах дүү төрөл садангийн харьцаа байхгүй. /хавтаст хэргийн 49 дэх тал/
Гэрч У.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн нутаг Таримал гэх газарт мал маллан амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 9 цагийн үед би эхнэр Отгонжаргалын хамтаар Баяндалай сумын төв рүү явсан. Тэгээд сумын төвд байж байгаад оройны 19 цагийн үед гэртээ ирсний дараагаар төд удалгүй саахалт айлын нэг ах, М гэх залуугийн хамтаар ирсэн. Тухайн үед тэр 2 нэг шил архи барьчихсан орж ирээд нөгөө архиа уусан. Би тухайн архинаас ганц нэг татсан. Харин Цүнээ ах ууж байгаад тасраад унтчихсан. Удалгүй М машинаа асаагаад гэрийн гаднаас хөдөлсөн. Тэгээд би Цүнээ ахыг гэрт нь хүргэж өгчөөд эргэж ирээд амарсан. Би Мын машин дотор нь суугаагүй, ямар ямар эд зүйлс байсныг мэдээгүй. /хавтаст хэргийн 51 дэх тал/
Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн лаборатори шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 07-ний 01 дугаартай дүнгийн хуудаст: Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хүзүү, цусны сорьц нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хүзүү, цус нь амьтан /угалз, аргалы/-ны мах болно. Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хузуу, цусаар хэдэн настайг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хүзүү, цуснаас хүйсийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1ш хааны хэсэгт галт зэвсгийн сумны ул мөр үлдсэн байна. /хавтаст хэргийн 59 дэх тал/
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1000977 дугаартай үнэлгээний тайланд: “Жи Эс би- капитал ББСБ”-ын эзэмшлийн 58-82 УНЭ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол Улсад орж ирсэн 470 LX маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022-01-10-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 23.000.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Уг автомашины баруун урд крыло цөмөрч чихэгдсэн, Баруун урд крылоны хөмсөгний хүрээ нугларсан байна.” /хавтаст хэргийн 64-66 дахь тал/
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-622/3115 дугаатай шинжээчийн дүгнэлтэд: “Тоз-8 маркийн галт зэвсэг, 1 ширхэг, нэгжийн үнэ 900.000 төгрөг /хуучин/, нийт үнэ 900.000 төгрөг:” /хавтаст хэргийн 72-74 дэх тал/
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Бага насаа Баяндалай сумын төвд аав, ээжийн гар дээр өнгөрөөгөөд 1991-2001 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд сурч 10 дугаар анги төгсөөд 2002-2005 онд Удирдлагын академи төгссөн. 2011 оноос өнөөг хүртэл Даян ХХК-д уурхайчнаар ажиллаж байгаа. 2003 онд Ж.Өлзийсүрэнтэй гэр бүл болж 2007 онд том хүү М.Оргил, 2013 онд дунд хүү М.Тэргэл, 2017 онд бага хүү М.Энэрэл нар төрсөн. Одоо Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг Зүүнсайхан 3-6 тоотод эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдарч байна. Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвлийн хүнсээ бэлдэхээр хуурай ах Угийн хөдөө гэрт ганцаараа очсон. У ахын гэрт хоол цай идэж уучихаад 1 хонь гаргаад өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн 58-82 УНЭ улсын дугаартай Lexus-470 маркийн атвомашинаар Баяндалай сумын Төхөм багийн нутаг Далтын хөндий рүү газар үзэхээр явсан. Тэгээд явж байхад Хөндийн арын хуудсанд 6 тооны аргаль явж байхаар нь машинтайгаа дөхөж очиход аргалууд үргэж зугтаасан. Тухайн үед нэг аргаль нь сүргээсээ салж явахад нь араас нь машинтайгаа туулгахад тухайн аргаль хөндлөн хараад зогссон. Тэгэхээр нь би машины ард байсан бууг авч аргалийг буудаж унагаасан. Аргалийг буудсан дараагаар машины зөв талын хаалганд байсан хутгыг авч шархадсан аргалийг зүрхэлж алсан. Тэгээд цусыг нь газар гоожуулаад толгой шийрийг нь салгаад хоёр гуя, нэг хаа, хүзүүг нь авч бусдыг нь хангайдаа үлдээсэн. Тэндээсээ хөдлөөд хоолой дагаж уруудаад У ахыг өөрийн машиндаа суулгаж Төрөөгийн гэрт хүргэж өгсөн. Тэр үед би өөрийн машинд байсан 1 шил 0,5 граммын Эдэн архийг задалж Төрөө, У ах нарын хамтаар хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад У ах унтаад өгөхөөр нь би өөрийн машинаараа гэр рүүгээ явахаар Төрөөгийн гаднаас хөдөлсөн. Би Төрөөгийн гаднаас хөдлөөд явж байхад араас танихгүй машин ирж миний хажууд зогсоод намайг хаалгаа нээ гэхээр нь би хаалгаа нээхгүй чигээрээ хөдлөөд явсан. Төрөөгийн гэрээс дээшээгээ замаас гарч яваад машины баруун гар талын дугуйгаар чулуу мөргөж зогсоод би машинаа үзэж байхад араас нөгөө машин ирээд миний машинд үзлэг хийгээд аргалийн мах байгааг илрүүлсэн. Тэгээд намайг сум руу аваад явсан. Надад өөрийн эзэмшлийн галт зэвсэг байхгүй. Би тухайн үед У ахын бууг сумын төв дээр байсныг аваачиж өгөх гэж явсан байсан. Тухайн бууг бичиг баримтжуулахаар бичиг баримтуудыг нь бүрдүүлж байсан. Би 58-82 УНЭ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд уг машиныг би 2021 оны 11 дүгээр сарын дундуур GSB Капитал ББСБ-аас зээлээр авсан байсан. Би одоогийн байдлаар хохирлоо төлөөгүй байгаа, цаашид байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулна. /хавтаст хэргийн 81-82 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дэх тал/
Өмнөговь аймаг Баяндалай сумын Төхөм багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 85 дахь тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 86 дахь тал/
Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 88 дахь тал/
Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 88, 91 дэх тал/
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Далтын хөндий гэх газарт 1 тооны аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Б.Бийн: ...Аргаль нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан нэн ховор болон ховор амьтны жагсаалт болон амьтны Улаан номонд орсноор Монгол Улсын ховор амьтанд багтдаг юм. Би хэргийн материалтай танилцахад холбогдогч Д.М нь эр аргаль алсан гэж мэдүүлсэн байна. /хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Угийн: ...Би энэ бууг бичиг баримтжуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төв дээр Мын гэрт аваачиж тавиад холбогдох бичиг баримтаа сумын хэсгийн төлөөлөгчид өгсөн байсан. Болж өгвөл буугаа л эргүүлж авмаар байна. Санал хүсэлт гомдол байхгүй. /хавтаст хэргийн 42 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Угийн: ...Харин маргааш өглөө нь би босоход манай эхнэр надад Мын машин гэрийн зүүн талын хөндий дээр хоносон байна гэхээр нь би гайхаад хартал нээрээ машин нь манай гэрийн зүүн талын хөндий дээр байсан. Тэгээд гайхаад М руу утасдаж асуусан чинь би ан хийгээд цагдаад баригдчихлаа гэж байсан. /хавтаст хэргийн 49 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мын буудаж агнасан амьтан аргаль мөн болох нь: Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн лаборатори шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 07-ний 01 дугаартай дүнгийн хуудаст: Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хүзүү, цусны сорьц нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хүзүү, цус нь амьтан /угалз, аргалы/-ны мах болно. Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хузуу, цусаар хэдэн настайг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2ш гуя, 1ш хаа, 1ш хүзүү, цуснаас хүйсийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1ш хааны хэсэгт галт зэвсгийн сумны ул мөр үлдсэн байна. /хавтаст хэргийн 59 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан Ховор амьтны жагсаалтын Хөхтөн бүлгийн 11 дүгээрт аргаль бүртгэгдсэн байх тул ховор амьтан мөн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Мыг ховор амьтан болох аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Далтын хөндийд буюу Говь Гурвансайханы байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт 58-82 УНЭ улсын дугаартай LEXUS-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан 1 тооны аргалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ ...шүүгдэгч Д.Маас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 11.000.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж хохирлыг Төрийн сангийн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дансанд төлүүлж, хохиролгүй болгох талаар нэхэмжилж байна гэх ба шүүгдэгч Д.М нь хохирол төлбөрт 22.000.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн хохирол төлбөр төлсөн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Мын хувийн байдал нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолтод: Д.М нь ам бүл 5 амьдардаг, тус багийн харъяат иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 85-р хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 86-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 92 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “Бүртгэгдээгүй” /хх-ийн 94 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Д.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж ... тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх тайлбар тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Д.М нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, галт зэвсгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Мад галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.М тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Лексус 470” маркийн 58-82 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ нь: “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1000977 дугаартай үнэлгээний тайланд: “Жи Эс би капитал-ны эзэмшлийн 58-82 УНЭ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол Улсад орж ирсэн 470 LX маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022-01-10-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 23.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. /хавтаст хэргийн 64-66 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
“Лексус 470” маркийн 58-82 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗБ1004210562 дугаартай фидуцийн гэрээ, 03563503 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 93 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар “GSB капитал ББСБ”-ын өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байх тул шүүх шударга өмчлөгчийн эрхийг хөндөхгүй байх нь зүйтэй гэж үзэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэ болох 23.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...надад галт зэвсэг эзэмших эрх байхгүй. Болж өгвөл буугаа л авмаар байна /хх-ийн 42 дахь тал/ гэх боловч уг тоз--8 /калибрь/ маркийн галт зэвсэг нь Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэлгүй болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан калибрь маркийн галт зэвсэг, галт зэвсгийн 6 ширхэг сум зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...тоз-8 маркийн галт зэвсэг нь миний өргөж авсан ааваас өвлөж үлдсэн буу байгаа юм. Тэр үеэс буу миний эзэмшлийнх болсон юм /хх-ийн 42 дахь тал/ гэснээр уг галт зэвсэг иргэний нэхэмжлэгч Д.Угийн эзэмшилд байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Маас галт зэвсгийн үнэ болох 900.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Уд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 килограмм 600 грамм мах, хуванцар савтай 1,29 грамм цус мэт улаан хүрэн шингэн зүйл, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн төмөр аяга, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн хатуу материалтай даавуу зэргийг цаашид ашиглах боломжгүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Жи Эс би капитал” ББСБ-ын өмчлөлд байгаа “Лексус 470” маркийн 58-82 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мад буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, Өмнөговь аймгийн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б/-т 22.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Д-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан /аргаль/-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Мад галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 килограмм 600 грамм мах, хуванцар савтай 1,29 грамм цус мэт улаан хүрэн шингэн зүйл, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн төмөр аяга, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн хатуу материалтай даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар калибрь маркийн галт зэвсэг, галт зэвсгийн 6 ширхэг сум зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Д.Маас галт зэвсгийн үнэ болох 900.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.У /Өмнөговь аймгийн Баяндалай сум, Төхөм багт оршин суух, регистрийн дугаар/-д олгож, шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Лексус 470” маркийн 58-82 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Жи Эс би капитал” ББСБ-ын өмчлөлд байгаа “Лексус 470” маркийн 58-82 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мад буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, Өмнөговь аймгийн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б/-т 22.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА