Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0056/Э |
Дугаар | 2022/ШЦТ/57 |
Огноо | 2022-05-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/57
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/57 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч, хохирогч: С.Г, Ч.Г,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Ч-ын Г, З овгийн С-ын Г нарт холбогдох 2228000620047 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч С.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Хавцгайт 6-5 тоотод орших гэртээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Ч.Гтай хардалтын улмаас маргалдаж, түүний биед халдаж, биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, хүзүү, баруун ташаан толгой, баруун суга, бугалга, хэвлий зүүн өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Хавцгайт 6-5 тоотод орших гэртээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нөхөр С.Гтай хардалтын улмаас маргалдаж, түүний биед халдаж, биед хүзүүний цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зөөлөн эдийн няцрал, цээжин дэх олон тооны жижиг зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Г, Ч.Г нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед хардалтын улмаас хоорондоо зодоон хийсэн байгаа. Би тэр үед баруун уул руугаа цай сүүнийхээ дээжийг өргөхөөр явсан. Энэ хооронд С.Г гэртээ үлдсэн. Өглөө энэ хүн намайг өдөж, хатгаж эхэлсэн. Би цай сүүнийхээ дээжийг өргөөд гэртээ ирсэн. Цагаан сарын айл хэсье хүрээд ир гэж дуудаад гэртээ ирэхэд гэртээ архи уугаад сууж байсан. Тэгээд намайг айл руу явъя гэж хэлэхэд яваагүй. Би ганцаараа хүүхдүүдээ дагуулаад дүүгийнх рүүгээ явсан. Тэгээд дүү минь С.Г ах яасан бэ, аваад ирэхгүй яасан юм бэ ганцааранг нь үлдээгээд гэж хэлэхээр нь би хүүхдүүдээ айлд үлдээчихээд ганцаараа нөхрийгөө авч ирэх гэж явсан. Гэрт ирсэн чинь намайг ямар нүүрээр ирж байгаа юм бэ гэж хэлээд хэрүүл маргаан үүсээд тэгээд миний өөдөөс гартаа таарсан бүхнийг авч идсэн. С.Гын хүзүү хоолойд нь улайсан хумсны мөр гарсан нь намайг газар мөргүүлж, шилэн хүзүүн дээр дарахаар нь би тэмцэх майканд нь гараа ороож байгаад дээшээ боссон тэр үед хүзүү, хоолой нь урагдсан. Энэ хүн утсаараа хүмүүс дуудсан. Хүмүүс бүх зүйл болоод дууссан дараа орж ирсэн.
Хохирогч Ч.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч С.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гын утсанд янз бүрийн хүмүүсээс чат ирсэн байхаар нь хардаад эхнэртэйгээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед маргалдсан. Тэгсэн чинь эхнэр уурлаад тавагтай идээгээ нураачихаар нь уурлаж бухимдаж нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж Гын хувцсыг урчихсан. Тэгээд хоорондоо зууралдаж байхдаа Гыг мөргөчихсөн. ...Би эхнэр Гтай 2013 оноос хойш амьдарч дундаасаа 3 хүүтэй болсон. Надад нэхэмжлэх хохирол байхгүй. /хх-ийн 13 дахь тал/
Хохирогч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Г намайг хардсанаас болж бид 2 хоорондоо маргалдаж улмаар би нөхөр Гтай зууралдаж цамцны захнаас нь базаж хоолойг нь шахсан. Г намайг мөргөж миний зүүн нүдийг хөхрүүлсэн. Мөн зууралдаж байхдаа баруун суга бугалга хэвлий зүүн өвдөг зэргийг хөхрүүлж гэмтэл учруулсан. Надад нэхэмжлэх хохирол байхгүй. Тухайн үед нүд хөхрөөд хавдчихсан байсан. Харин одоо эдгээд хэвэндээ орсон. /хх-ийн 16-17 дахь тал/
Гэрч Ч.Г-ийн мэдүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу шинийн 3-ны өдөр Г утсаар залгаад хүрээд ирээч гэхээр нь Ганбаатар ахыг гэрээс нь аваад Гын гэрт очиход Ганбаатар эхлээд машинаас буусан. Дараа нь би машинаас буухад Гын гэрт Ганбаатар ахын босооч ээ бос гэж хашхирах нь сонсогдсон. Би машинаа байрлуулчихаад Гын гэрт орсон чинь гэр нь эмх замбараагүй болчихсон, тавагтай идээ нь нурчихсан, Г цээжээрээ нүцгэн, цээж нь улаан эрээн болчихсон, Гын зүүн нүд нь хавдчихсан байсан. Ганбаатар хэлэхдээ гэрт нь ороод очиход Г нь Гынхаа дээр суучихсан байсныг нь загнаж босгосон гэсэн. /хх-ийн 26 дахь тал/
Гэрч Ч.Ганбаатарын мэдүүлэгт: ...Гын гэрт орж очиход Г Г нар гэрийн хойд талд хоймор хэсэгт нэг нэгийгээ заамдалцчихсан хувцас нь урагдчихсан дээр дороо ороод зууралдаад байж байхад нь би болиоч босоцгоо гэж загнахад Г, Г 2 зууралдахаа больж, бие биенийхээ зууралдсан хувцсыг тавьцгаахад Г нь хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэж байх хооронд Гантөмөр бутарсан идээ хагарсан зүйлсийг хамж авсан. Г хүүхдүүдийнхээ хувцсыг хамж аваад бид нараас түрүүлээд гараад явчихсан. /хх-ийн 29 дэх тал/
Гэрч Л.Б-ын мэдүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18-19 цагийн хооронд эхнэрийн дүү Гын нөхөр Г манай эхнэр Гантөмөр рүү залгаад Г бид 2 хоорондоо муудалцаад байна хүрээд ирээч гэж залгасан. Эхнэр бид 2 гэрээсээ гараад Ганбаатар ахын гэрээр орж Ганбаатар ахыг аваад Гын гэрт очиж Ганбаатар ах эхлээд орсны дараа би ороод миний араас Гантөмөр орж ирсэн. Намайг ороод очиход Г, Г 2 зогсчихсон Ганбаатар ах загнаж байсан. /хх-ийн 33 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Гын биед хүзүүний цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зөөлөн эдийн няцрал, цээжин дэх олон тооны жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 46-47 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Гын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи хүзүү, баруун ташаан толгой, баруун суга, бугалга, хэвлий зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ч.Гын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Гын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 52-53 дахь тал/
Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 04-ний өглөө эрт Г машиныхаа дугуйг засварлана гээд гарсан. Тэгээд 12 цагийн үед манай дүү Нямдаваа манайд эхнэртэйгээ ирээрэй гэсэн. Тэгээд би уул руу гарч ээждээ цайныхаа дээжийг өргөчихөөд ирье гэхэд хүүхдүүдээ аваад яв гэж Г хэлсэн. Тэгээд хүүхдүүдээ авч яваад эргээд ирэхэд Наранбат ах дуудаад байна хамт явъя гэж Гт хэлэхэд шөнө би нойргүй хонолоо чиний утсыг үзсэн чинь чи өөр хүмүүстэй чаталсан байна гэж уурлаад над руу чили /кетчуп/ цацаад хувцас муухай болгочихоор нь би тавагтай идээгээ гараараа цохиж нураасан чинь Г уурлаад ширээн дээр байсан архинаас уухаар нь би хүүхдүүдээ аваад Нямдаваагийнд очсон чинь Нямдаваа Г ахыг аваад ирэхгүй яасан юм гэхээр нь хүүхдүүдээ үлдээчихээд Гыг авахаар гэрт буцаад ирсэн чинь Г намайг ямар нүүрээрээ ирж байгаа юм гээд тавагтай чихэр аваад шал руу шидэж бутраахаар нь би гэрээс гарах гэхэд халуун савтай цайгаа авч шидсэн. Тэгээд намайг гарахгүй наанаа байж бай гээд босож ирээд миний бүснээс татаад чирж угзраад намайг гэрт оруулахаар нь би эргэж Гтай зууралдсан. Тэгж байгаад больё, тавь гэхэд Г тавихгүй хувцаснаас зуураад байхаар нь би гарыг нь тавиулах гээд хоёр гараараа зуурсан гарыг нь тавиулах гэж байхад Гын утас дуугарахад Г утсаа авсан чинь Нямдаваа залгасан байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаарай намайг аллаа гэж хашхирахад Нямдаваа утсаа тасалсаны дараа би Гыг унагах гэхэд Г намайг хананд шахаад мөргөхөөр нь би хашхираад гараад гүйх гэхэд миний араас барьж аваад хоёулаа зууралдаж байгаад хальтраад унасны дараа би босоод Гын дээр гараад гарыг нь бүсээрээ хүлэх гээд хоёр гартай нь зууралдаж байхад гаднаас Ганбаатар ах, хүргэн ах Батбаатар, дүү Нямдаваа нар орж ирээд болиулсан. /хх-ийн 65 дахь тал/
Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэрийгээ хардсаны улмаас маргалдаж уурлаж бухимдсанаас болж эхнэрийнхээ зүүн нүд рүү мөргөж гэмтэл учруулсан. Бусад болсон зүйлийн талаар гэрч, хохирогчийн мэдүүлэгтээ өгсөн байгаа. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ өөр хүмүүстэй хардаж улмаар маргалдаж зүүн нүд рүү нь мөргөж гэмтэл учруулсан нь миний буруу. /хх-ийн 68 дахь тал/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 111 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72, 88 дахь тал/
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 73 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дахь тал/
200619414 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 89 дэх тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 323 дугаартай тодорхойлолт /хх-ийн 93 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч, хохирогч Ч.Г, С.Г нар нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Хавцгайт 6-5 тоотод хардалтын улмаас хоорондоо маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Ч.Г нь хохирогч С.Гын биед халдаж гэмтэл учруулсан, шүүгдэгч С.Г нь хохирогч Ч.Гын биед халдаж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч С.Гын: Гын утсанд янз бүрийн хүмүүсээс чат ирсэн байхаар нь хардаад эхнэртэйгээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 16 цагийн үед маргалдсан. Тэгсэн чинь эхнэр уурлаад тавагтай идээгээ нураачихаар нь уурлаж бухимдаж нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж Гын хувцсыг урчихсан. Тэгээд хоорондоо зууралдаж байхдаа Гыг мөргөчихсөн. /хх-ийн 13 дахь тал/
Хохирогч Ч.Гын: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Г намайг хардсанаас болж бид 2 хоорондоо маргалдаж улмаар би нөхөр Гтай зууралдаж цамцны захнаас нь базаж хоолойг нь шахсан. Г намайг мөргөж миний зүүн нүдийг хөхрүүлсэн. Мөн зууралдаж байхдаа баруун суга бугалга хэвлий зүүн өвдөг зэргийг хөхрүүлж гэмтэл учруулсан. /хх-ийн 16-17 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Г-ийн: ...Би машинаа байрлуулчихаад Гын гэрт орсон чинь гэр нь эмх замбараагүй болчихсон, тавагтай идээ нь нурчихсан, Г цээжээрээ нүцгэн, цээж нь улаан эрээн болчихсон, Гын зүүн нүд нь хавдчихсан байсан. Ганбаатар хэлэхдээ гэрт нь ороод очиход Г нь Гынхаа дээр суучихсан байсныг нь загнаж босгосон гэсэн. /хх-ийн 26 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Ганбаатарын: ...Гын гэрт орж очиход Г Г нар гэрийн хойд талд хоймор хэсэгт нэг нэгийгээ заамдалцчихсан хувцас нь урагдчихсан дээр дороо ороод зууралдаад байж байхад нь би болиоч босоцгоо гэж загнахад Г, Г 2 зууралдахаа больж, бие биенийхээ зууралдсан хувцсыг тавьцгаахад Г нь хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэж байх хооронд Гантөмөр бутарсан идээ хагарсан зүйлсийг хамж авсан. /хх-ийн 29 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Батбаатарын: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18-19 цагийн хооронд эхнэрийн дүү Гын нөхөр Г манай эхнэр Гантөмөр рүү залгаад Г бид 2 хоорондоо муудалцаад байна хүрээд ирээч гэж залгасан. Эхнэр бид 2 гэрээсээ гараад Ганбаатар ахын гэрээр орж Ганбаатар ахыг аваад Гын гэрт очиж Ганбаатар ах эхлээд орсны дараа би ороод миний араас Гантөмөр орж ирсэн. Намайг ороод очиход Г, Г 2 зогсчихсон Ганбаатар ах загнаж байсан. /хх-ийн 33 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Гын биед хүзүүний цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зөөлөн эдийн няцрал, цээжин дэх олон тооны жижиг зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/-ээр,
Шүүгдэгч С.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч. Гын эрүүл мэндэд биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи хүзүү, баруун ташаан толгой, баруун суга, бугалга, хэвлий зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Хавцгайт 6-5 тоотод орших гэртээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Ч.Гтай хардалтын улмаас маргалдаж, түүний биед халдаж, биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, хүзүү, баруун ташаан толгой, баруун суга, бугалга, хэвлий зүүн өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Хавцгайт 6-5 тоотод орших гэртээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нөхөр С.Гтай хардалтын улмаас маргалдаж, түүний биед халдаж, биед хүзүүний цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зөөлөн эдийн няцрал, цээжин дэх олон тооны жижиг зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ч.Г, С.Г нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.Г, С.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Г, С.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Гын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 77 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 73 дахь тал/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 269 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 1996-1997 оны хичээлийн жилд Жаргал багштай 7д Ш.Г нь дунд үнэлгээтэй төгссөн байна. /хх-ийн 76 дахь тал/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч С.Гын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 85 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дахь тал/, 200619414 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбарт: С.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Тэмүүлэл цогцолбор сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 89 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ч.Г, С.Г нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасан ба шүүгдэгч Ч.Г өөрийгөө өмгөөлж ...надад ямар нэгэн санал гомдол байхгүй, шүүгдэгч С.Г өөрийгөө өмгөөлж ... надад гомдол байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г, С.Г нар нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, С.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Г, С.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ч-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З овогт С-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Г, Ч.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, Ч.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Г, Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, Ч.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА