Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Москва хороолол, Зоорийн давхарын  тоотод байрлах, СП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  хороо,  хороолол,  байрны  тоотод оршин суух, регистр, Олхонууд овогтой О-ын Б,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  хороо, Дүнжингарав хороолол,  байрны  тоотод оршин суух, регистр , Халх боржигон овогтой Д-ийн Д-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 3 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, Б.Жаргалсайхан,хариуцагч О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Д.Очирваань шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Манай байгууллага нь Хот суурин усан хангаж, ариутгах, ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6, 12,7, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.8 дахь хэсгүүдэд зааснаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ажиллагааныхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 47 дугаар байрны узелийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцаж байсан. Хажуу талд Д.Дэхчинсүрэнгийн нэр дээрх газар дээр О.Болормаа 20 айлын орон сууцны барилга барьсан, дулаанаа танайхаас авъя гэсэн асуудал ярьсан. Манай хувьд 2х50 мм голчтой дулааны шугамыг 2х76 мм голчтой болгож шугамыг өргөтгөхгүй бол дулааныг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд О.Болормаатай 2016 оны 11-р сарын 02-ны өдөр гэрээ хийж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Н.Хосбаярын барилгын салаа, н.Даваажавын барилга руу явсан 2х50 мм дулааны шугамыг 2х76 мм голчтой болгож шугамыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх, гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу Смарт план ХХК-ний ашиглалт хариуцсан 47-р байрны узельд шаардлагатай DUNFOSS фирмийн Ф25-ын ТСV хаалт, ELS удирдлагын үнэ болох 3 800 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манайд төлөхөөр тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл өгөөгүй. О.Болормаа, Д.Дэхчинсүрэн нараас нэхэмжилж байгаа. Манай байгууллага Д.Дэхчинсүрэн, О.Болормаа нарын барьсан барилгад дулаан өгөөгүй бол өнөөдрийг хүртэл дулаанаа авч чадахгүй байсан. Бид хариуцагчаар гэрээ байгуулсан иргэн О.Болормааг тодорхойлж байна. Д.Дэхчинсүрэн нь уг газрыг н.Баяраа гэж хүнд зарсан, н.Баяраа нь О.Болормаад шилжүүлсэн байдаг. Нэгэнт техникийн нөхцөл нь газар эзэмших эрх үүссэн Д.Дэхчинсүрэн гэж хүний нэр дээр гарсан учраас хариуцагчаар татсан боловч О.Болормаагаас 3 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Болормаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. О.Болормаа нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Дэхчинсүрэнгийн өмчлөлийн газарт хөрөнгө оруулж, 2016 онд 20 айлын орон сууцны барилгыг бариулсан. Энэ барилгын дулаанаар хангах техникийн нөхцөлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас авсан. Техникийн нөхцлийг иргэн н.Даваажав, Н.Хосбаяр нарын эзэмшлийн шугамаас авах боломжтой гэсний дагуу тэднээс зөвшөөрөл аваад холбуулах гэтэл Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Смарт план ХХК-тай гэрээ байгуулаад ир гэсэн шаардлага тавьсан. Смарт план ХХК дээр гэрээ байгуулах нөхцөлийг зөвшөөрч, гэрээ байгуулж, тэр өдөртөө холбогдсон. Ажил гүйцэтгэх гэрээг талууд хэлбэрийн төдий байгуулсан, ямар ч шугам өргөтгөх ажил хийгдээгүй. Иргэн Н.Хосбаярын шугамын өргөтгөх ажил огт хийгдээгүй, дулааны хаалт, удирдлага зэрэг шинээр авч тавиагүй. Ажил гүйцэтгэх гэрээ биелэгдээгүй, гэрээний гол зорилго нь Иргэний хуульд зааснаар ажлын үр дүн, мөн захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр заасан байдаг. О.Болормаагийн ашиглалтанд оруулсан барилгыг улсын комисс хүлээж авсан, дулааны шугам хэвийн , ямар ч доголдолгүй, ямар ч гомдол санал гараагүй байгаа. Шугамаа өргөтгөсний дараа DUNFOSS ФИРМИЙН Ф25-ын ТСV хаалт, ELS удирдлагын хамт тавигдах ёстой. Тухайн үед Смарт план ХХК-д тусгай зөвшөөрөл байгаагүй, дараа нь авсан байх гэж О.Болормаа хэлдэг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Дэхчинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие СХД-ийн 19-р хорооны нутаг, эрүүл мэндийн төвийн баруун хойд талд эмнэлэг, үйлчилгээний зориулалттай 180 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй байгаад хөрөнгө, санхүүгийн боломж гарахгүй байснаас барилга барьж чадаагүй учир уг газраа 2014 оны 4-р сарын сүүл орчимд Баярбатад Баянзүрх дүүргийн Сансар хорооллын зүүн талын замын зүүн талд орон сууцны байранд байрлаж байсан нотариатаар баталгаажуулан шилжүүлсэн билээ. Энэ үед Баяраа техникийн нөхцлүүдийг шилжүүлэхээр хүндрэлтэй байдаг тул уг техникийн нөхцлүүд таны нэр дээр байж байвал зүгээр байх гэснээр тухайн үед олгогдсон бүх техникийн нөхцлүүд миний нэр дээр үлдсэн байдаг юм. Газар эзэмших эрхээ бүрнээр нь бараг 5 жилийн өмнө шилжүүлсэн тул тухайн талбай дээр ямар барилга зориулалтын барилга хэрхэн баригдсан, хэнтэй ямар гэрээ хэлцэл хэрхэн хийж цахилгаан, дулааны хангамжаа шийдвэрлэсэн талаар мэдээлэл надад алга байна. Тиймээс нэхэмжлэгч тал гэрээ хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан тэр хүмүүс буюу барилга, газрыг эзэмшиж буй эздээс нь асуудлыг асууж шийдвэрлүүлбэл зохилтой. Түүнээс гадна, миний хувьд барилгын эзэн хэмээх Боломааг танихгүй. Иймд нэхэмжлэлийг миний бие хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлье гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Смарт план ХХК нь О.Болормаа, Д.Дэхчинсүрэн нарт холбодох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

О.Болормаа нь Смарт план ХХК-тай 2016 оны 11-р сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, иргэн Н.Хосбаярын барилгын салаа, одоо байгаа ДХ1-ДХ-2 хүртэлх 2х76 мм дулааны шугамыг 2х89 мм, Л.Даваажавын барилга руу явсан 2х50 мм дулааны шугамыг 2х76 мм голчтой болгож тус тус өргөтгөх ажлыг гүйцэтгэх гэрээ /хх 11-12/ байгуулж, Смарт план ХХК уг ажлыг 2017 оны халаалтын бус улиралд хийж гүйцэтгэх, захиалагч нь 35 000 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Энэ гэрээг байгуулах болсон үндэслэл нь О.Болормаагийн 2017 онд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 21 айлын орон сууцны барилгыг дулааны шугамд холбохтой холбоотой, өөрөөр хэлбэл, тухайн барилгын дулааныг иргэн Н.Хосбаяр, Л.Даваажавнарын шугамд холбох, эдгээр шугамыг өргөтгөх, өргөтгөх ажлыг Смарт план ХХК-иар гүйцэтгүүлэхээргэрээний 1.1, 3.1-т зорилгоо тодорхойлсон байна.

 

Гэрээний 3.5-т Б тал буюу Смарт план ХХК-ний ашиглалтыг нь хариуцсан Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 47-р байрны узельд шаардлагатай DUNFOSS ФИРМИЙН Ф25-ын ТСV хаалт, ELS удирдлагын үнэ 3 800 000 төгрөгийг А тал буюу О.Болормаа төлөхөөр тохирсон байх ба гэрээний энэ заалт нь үндсэн гэрээний зорилготой холбоотойгоор байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Смарт план ХХК нь гэрээний 3.5 дахь заалтаар тохирсон үүргээ О.Болормаа, Д.Дэхчинсүрэн нар биелүүлээгүй гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас дулааны шугамд холбох техникийн нөхцлийг авахад иргэн н.Даваажав, Н.Хосбаяр нарын эзэмшлийн шугамаас авах боломжтой гэсэн, ...тэднээс зөвшөөрөл аваад холбуулах гэтэл Смарт план ХХК-тай гэрээ байгуулаад ир гэсэн шаардлага тавьсан, Смарт план ХХК-ний гэрээ байгуулах нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулсан, тэр өдөртөө холбогдсон, шугам өргөтгөх шаардлага өнөөдрийг хүртэл байхгүй, хэвийн хангагдаж байгаа гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд гэрээний 3.1 дэх заалтыг 3.5-т зааснаар 3 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэж тайлбарлах боловч гэрээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон, 3.5 дахь заалтыг шугам өргөтгөх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй гэж үзэх, түүнээс салгаж дүгнэх үндэслэлгүй.

Эрчим хүчний тухай хуулийн 29-р зүйлийн 29.1.9 дэх хэсэгт зааснаар хангагч буюу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй, 30-р зүйлийн 30.1.11 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч иргэн Н.Хосбаяр, Л.Даваажав нар өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах үүрэгтэй, Смарт план ХХК нь Л.Даваажавын эзэмшлийн шугамыг шилжүүлэн авсан бол /хх 43-46/ энэ үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 189.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгуулагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно, 189.4-т зааснаар тодорхой нэр төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх талаар зах зээлд давамгайлж байгаа этгээд нь энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих эрхгүй.

 

Смарт план ХХК нь О.Болормаатай гэрээ байгуулахдаа шугам өргөтгөх ажлыг гүйцэтгэхээс гадна өөрийн ашиглалтыг нь хариуцдаг 47-р байрны узельд шаардлагатай хаалт, удирдлагын үнэ 3 800 000 төгрөгийг төлүүлэхээр санал тависан, нөгөө талаас саналаа зөвшөөрүүлсэн нь тэгш бус нөхцөл тулгасан гэх үндэслэлтэй.

 

Нөгөө талаас, Н.Хосбаяр, Л.Даваажав нарын шугамын өргөтгөлийн ажил хийгдээгүй, 47-р байрны узельд шаардлагатай гэх DUNFOSS ФИРМИЙН Ф25-ын ТСV хаалт, ELS удирдлагыг суурилуулсан ажил хийгдээгүй, энэ талаар талууд маргаагүй, өөрөөр хэлбэл, гэрээгээр тохирсон аль ч ажил гүйцэтгэгдээгүй, зардал, хохирол гаргаагүй байна.

 

Смарт план ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2.6-д заасан ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай 2017 оны 5-р сарын 19-ний өдрөөс 3 жилийн хугацаатай /хх 7-8/, Эрчим хүчний тухай хуулийн 16-р зүйлд заасан дулаан түгээх, 17-р зүйлд заасан дулаанаар зохицуулалттай хангах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 9-р сарын 07-ны өдрөөс 3 жилийн хугацаатай /хх 9-10/ тус тус олгосон байх ба нэхэмжлэгч үүнийг шинээр олгоогүй, сунгуулсан зөвшөөрөл гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Дэхчинсүрэн нь ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй тул түүнд холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Б, Д.Д нараас 3 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн СП ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА