| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/58 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/58
2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 2022/ШЦТ/58 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Б.Н, Т.Б,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т-ын Б нарт холбогдох 2128001240024 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Жаргалантын 2-1 тоотын гадна Ч.Быг тонгорч унаган, зүүн шууны богт ясанд далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Нтэй бүлэглэн тухайн газар цаг хугацаанд хохирогч Ч.Бын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулд шарх, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Бтай бүлэглэж 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Жаргалантын 2-1 тоотын гадна Ч.Бын нүүрэнд 2-3 удаа цохиж, нуруу хэсэгт нь өшиглөн зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулд шарх дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал баруун зүүн сарвуу баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Н, Т.Б нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр уулнаас ирчихээд Цэцэгжаргалынд хоол идэх гээд сууж байхад гаднаас Ч.Б ах согтуу хүн орж ирээд манай найз Цэцэгжаргалыг хэл амаар доромжлоод байхаар нь би араас нь гарч очоод нуруу руу нь өшиглөсөн. Нүүр рүү нь 2, 3 удаа цохьсон.
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр бид нар уул руу явчихаад Жаргалантын түрээсийн байранд ирсэн байсан. Тэгээд хоол идчихээд гарахын хооронд Ч.Б ах үүдээр шагайж манай байрны эзэн найзыг хэл амаар доромжилчихоод гараад явсан. Би хоол идчихээд гэртээ харих гэж гараад нойл орчихоод гарахад Б.Нтэй муудалцаад зогсож байсан. Би очоод салгах гэхэд намайг заамдаж хувцаснаас зуураад байхаар нь тонгорч унагаахад босож зугтаасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 05 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчимд манай хамт ажилладаг технологийн багш Ж.Баатартай сургууль дээрээс гарч гэрээр очиж, цай уугаад гэрээс 0,5 литртэй 1, 0,33 литртэй 2, нийт 3 ширхэг сөөжүү аваад Баатар багшийг гэрт дөхүүлж өгөнгөө гэрийнх нь гадаа ярьж суунгаа машинд 3 шил сөөжүүгээ уусан. Ингээд 23 цагийн орчимд нийтийн байранд гэр рүү нь оруулж өгсөн. Би өөрөө харихаар гарсан. Багш Баатарынхаас гарахад үүдний айлд нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдууллаа хажуугийн өрөөнд чинь настай хүн амрах гэж байна гэж хэлтэл цаанаас нэг хүүхэн хашхичаад эхэлсэн. Тэгэхээр нь нийтийн байранд байж аятайхан байцгаагаач гэж хэлтэл цаанаас нь 5 билүү 6 залуучууд шуугилдаад үүд рүү ирэх чимээгээр хэрэг бишдэх нь гэж бодоод гадагшаа гараад довжоон дээрээс буугаад эргээд хартал 5, 6 залуучууд шатан дээр гараад ирсэн. Тэгээд юу гээд байгаа юм бэ гээд шуугилдаад ирсэн. Өөдөөс коридорын гэрэл тусаад хүмүүсийг нь хэн бэ гэдгийг нь ялгаж хараагүй. Би та нар буруу хүнээрээ оролдлоо доо гэж хэлтэл яадаг юм гэж хэлсэн. Цагдаа дуудлаа гээд утсаа кармаанаасаа гаргаад иртэл “яасан их цагдаа дууддаг юм” гээд нэг залуу нь намайг цохьтол би сөхрөөд унасан. Энэ үед би урдаа байсан хүний хувцаснаас зуураад унасан. Ингээд тал талаас бүгдээрээ цохиж зодож эхэлсэн. Би “одоо болъё ахын дүү нар, та нар хүн алах нь байна одоо болъё” гэж хэлтэл болихгүй байсан. Тэгэхээр нь ерөөсөө босохгүй бол болохгүй нь гээд босохоор зүтгэж эхэлсэн. Яг энэ үед ухаан орж гараад балартаад эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш гэнэт ухаан ортол 4 дүгээр сургуулийн урд талын хаалганы тэнд гүйж явсан. Тэндээ зогсож араас нөгөө залуучуудыг ирж байна уу гэж харахад байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгөх гээд утсаа үзтэл утас байхгүй байсан. Сургууль орж жижүүрийн утсаар ярих гээд ортол жижүүр Л.Б ах “яав юу болов” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь хэдэн халамцуу залуучуудад зодуулчихлаа гээд утсаараа цагдаа дуудаач гэсэн утасных нь баттериа болохгүй байсан. Тэндээс хоёулаа миний утсыг хайж олохоор Ж.Баатар багшийнх руу явсан. Тэдний гадаа очиход нөгөө шуугилдаад байсан залуучууд харагдахгүй байсан. Гадаа довжооны хавьд утсаа хайсан боловч харагдаагүй, дотогшоо Ж.Баатар багшийнх руу орохоор хаалгыг нь цохьсон. Хаалгыг нь цохиход хаалгаа нээх удалгүй онгойлгосон. “Яав юу болсон бэ” гээд асуухад нь “танай үүдний айлд байсан залуучууд түрүүн намайг гарахад ийм болтол зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд утсаараа цагдаа дуудаад өг гээд цагдаад дуудлага өгүүлсэн. Ингээд жижүүр Л.Б сургууль руугаа явлаа гээд гарахад коридорт нэг нь хар хувцастай, нөгөөх нь улаан цамцтай 2 залуу явж байсан. Би энэ хоёрыг байж магадгүй гэж бодоод харж байсан. Би нөгөө залуучууд ороод ирж магадгүй гэж Баатарын гэрт нь ороод хаалгыг нь дотроос нь түгжээд байж байтал удалгүй цагдаа ирсэн. Би тухайн олон залуучууд байсан айлыг цагдаа нарт зааж өгсөн. Тэгтэл тэр айлаас коридорт харагдаж байсан хоёр залуу бас нэг хүүхэдтэй хүүхэн байсан. Дуудлагаар ирсэн цагдаа тэр хоёр залуутай хамт намайг аваад цагдаагийн газар ирээд энэ хоёр залуу таныг зодсон хүн мөн үү гэж хэлсэн. Тухайн үед би хүмүүсийг нь хараагүй учраас танихгүй байна гэтэл хамт цагдаа дээр ирсэн хоёр залуу цагдаа нар асууж тодруулаад байсан. Удалгүй цагдаа нар энэ хоёр хүн мөн үү гэхээр нь би сайн мэдэхгүй байсан. Тэр хоёр залуу байгаагүй гээд байсан. Тэхдээ улаан цамцтай залуу нь би байгаагүй, тэглээч би таныг танилгүй яахав гэхээр нь би энэ юун хүүхэд билээ гээд сайн харсан чинь одоогоос 4 билүү 5 жилийн өмнө манай гэрт амьдарч байсан манай эхнэрийн найзынх нь ганц хүү байсан болохоор би энэ хүүхэд бол худлаа ярих хүн биш намайг зодох хүн биш гэж бодоод цагдаа нарт энэ хоёр байгаагүй юм шиг байна гэж хэлсэн... Би гар утсаа нэхэмжилнэ, өөрсдийнх нь аав шиг хүнийг зодсонд би эмзэглэж байна, би гомдолтой байна... Би анхан шатны эмчилгээнүүдээ өрхийн эмнэлэгт хийлгэсэн. Дараа нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зураг авахуулж боолт хийлгэсэн. Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт үзүүлж имра зураг авахуулсан. Тухайн үед корона вирусийн халдварын тархалт ихтэй байсан болохоор Улаанбаатар хот руу очиж ирэхэд төвөгтэй байсан. Улаанбаатараас гарахад шинжилгээ, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ирээд мөн түргэвчилсэн шинжилгээ өгдөг байсан. Тэр болгоны зардал, мөн алга болсон гар утасны үнэтэй нийлээд, нийтдээ 1,500,000 төгрөг орчим болсон.” /хавтаст хэргийн 24-25, 28 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Би хэн нь миний биед хаана гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Намайг эхлээд цохиход нь би газар унаад миний урд зогсож байсан хүний хувцаснаас нь зуурч байгаад босож түлхчихээд зугтаасан. Тухайн зураг нь гэрт бичиг баримтууд байж байгаад хүүхдүүд гэр буулгаж барихад л алга болчихсон байх гэж бодож байна. Улаанбаатар хотод авахуулсан имра зураг одоо надад байхгүй. Имра зураг авахуулсан баримт, эм тарианы болон замын зардлуудын баримт байсныг хувцасны халаасаа шалгалгүй угаалга хийгээд бөөгнөрүүлээд мэдэгдэхээргүй болгоод хаячихсан. Надад өөр баримт байхгүй. Зодуулсныхаа маргааш нь шинжээч эмчид үзүүлэхэд гарынхаа зургийг авахуулаад ир гэхээр нь өрхийн эмнэлэг дээр очиж үзүүлээд 13А маягт аваад БОЭТ-д очиж рентген зураг авахуулахад зүүн гарын шууны савхан яс цуурсан гэсэн бичгийг зургийн хамт өгөөд сойлт хийгээд явуулахад нь би авахуулсан зургаа шүүхийн шинжилгээний албанд хүргэж өгсөн. Тэрнээс хойш 4-р багийн Өнө орших өрхийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт очиж имра зураг авахуулсан. Имра зураг авахуулахад 450,000 төгрөг болсон. Эм тарианд үндсэндээ 200,000-300,000 орчим мянган төгрөг, Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн 05-02 унс улсын дугаартай Тоёота альпард маркийн тээврийн хэрэгслээр явсан ба ирж очих шатахууны зардалд 250,000 орчим мянган төгрөг болсон байх. Намайг зодсон гэх Т.Б олдохгүй байсан ба 2022 оны 01 сарын эхэЭр олдсон. Тэгээд хэрэг мөрдөн байцаалтын шатан шилжихэд Нгийн ээж нь намайг таньдаг болохоор надтай уулзаад хохиролд нь 5,000,000 төгрөг өгье, та харин Нд битгий хэлээрэй, би хүүдээ хохирол 1,500,000 төгрөг өгнө гэж хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэрнээс ихийг өгснийг мэдвэл хүү маань уурлах байх, ганц хүүгээ шорон оронд оруулчихмааргүй байна гэхэд нь би ийм их мөнгө авахгүй, надад ийм их хохирол учраагүй гэхэд зүгээрээ хүнд гэмтэл учруулсан болохоор өдий хэмжээний мөнгө өгөх ёстой, харин та гомдолгүй л гэж хэлээрэй гэхэд нь би их ч өгсөн бага ч өгсөн гомдолгүй, залуу хүүхдүүд алдаа л биз гэж хэлсэн. Тэгэхэд Дэжидмаа надад бэлнээр 5 сая төгрөг өгчихөөд явсан юм. Тэрнээс өөр мөнгө аваагүй. Би Дэжидмааг таньдаг болохоор хохирлын мөнгө өг гэж хэлээгүй байхад л өөрөө надад 5 сая төгрөг өгсөн. Тэгээд 1,500,000 өгсөн байцаагчид болон, хүүхдүүдэд хэлээрэй гэж хэлэхээр нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Т.Б, Б.Н нараас 1,500,000 төгрөгний хохирол барагдуулсан гэсэн бичигт тайлбар бичиж гарын үсэг зурсан хуудсыг мөрдөгчид өгсөн. Би 2021 оны 05 сарын 19-ний шөнө нь бусдад зодуулаад 05 сарын 20-нд нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахад миний биед учирсан гэмтлийг тогтоолгохоор хэсгийн байцаагч Самданцоодол тогтоол үйлдэж намайг дагуулж яваад шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Баярхүү гэдэг эмчид намайг тогтоолынхоо хамт хүлээлгэж өгсөн. Тэгэхэд шинжээч эмч Баярхүү миний гарыг үзээд гаднаас нь хараад дүгнэлт гаргах боломгүй гарныхаа рентген зургийг авахуулж ир гээд явуулсан. Тэгээд би өрхийн эмнэлэг орж 13А хуудас бичүүлж БОЭТ-д рентген зураг авахуулж амбулаториор эмчлүүлэгсдийн картанд тэмдэглэл хийлгэж эмнэлгийн бичиг баримтыг аваад хэсгийн байцаагч Самданцоодолд эмнэлгийн бичиг баримтаа үзүүлээд, мэдүүлгээ өгчихөөд шүүхийн шинжилгээний алба руу очиж Баярхүү эмчтэй уулзах гэхэд Баярхүү эмч Ханбогд сум руу дуудлаганд явчихсан гэсэн ба Шүүхийн шинжилгээний албаны нарийн бичиг гэх нэг эмэгтэйд өгч үлдээсэн. Дэжидмааг надад өгсөн 5,000,000 сая төгрөгөө авна гэвэл эргүүлэн өгөх болно. /хх-ийн 170-171 дэх тал/
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 сарын 19-ний өдөр жижүүрийн үүргээ хүлээн аваад Ч.Б ажлын жилийн эцсийн тайлан бичээд Баатар багштай хамт сургуулиас гараад явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Ч.Б нь хувцас нь тоос болчихсон зүүн гар хөдлөхгүй байна, утас алга болчихлоо, намайг 4-5 залуучууд зодчихлоо гээд ороод ирсэн. Тэгээд сургуулиа түгжчихээд хашааны урдуур яваад Баатараа багшийнд очиход 2 залуу коридорт нь явж байсан. Тэгээд Баатараа багшийн утсаар Цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. /хх-ийн 112 дахь тал/
Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11, 12 цагийн үед Н, Б хоёртой уулзаад уул руу явж салхилахаар тохиролцоод би найз Нямаагийн машиныг гуйж аваад Н, Б, Цэцэгжаргал, Цэцэгжаргалын охин Сумъяа нарын хамт уул руу гарах замдаа Солонго дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил Хараа нэртэй архи ус ундаа зэргийг авсан. ...Тэгээд харуй бүрий болж байхад аймгийн төв дээр ирээд Цэцэгжаргалын амьдардаг байсан түрээсийн байрны гадна машин дотор Н, Б хоёртой юм яриад сууж байхдаа уулнаас ирэхэд үлдсэн архинаас уучихаад Цэцэгжаргалын байранд оролд шууд унтчихсан. /хх-ийн 174 дэх тал/
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 11 цаг өнгөрч байхад Н, Наранчулуун Б бид нар уул руу явцгаагаад гэгээ тасраад харанхуй болж байхад уулнаас ирээд Жаргалантын 2-1 тоотод манай байрны гадаа ирээд би байрандаа ороод хоол хийж байхад Наранчулуун, Н, Б нар гадаа машинд суугаад үлдсэн. Би хоол хийчихээд Наранчулуун, Н, Б нарыг орж ирж хоол ид гэж хэлэхэд тэр гурав байранд орж ирээд Наранчулуун хоолой өвдөөд байна гээд хоол идэхгүй унтчихсан. Б, Н нар хоол идээд шуугилдаад сууж байхад нэг ах манай хаалгаар шагайгаад чимээгүй байгаач пизда минь гэхэд нь би танд хамаагүй гэхэд нөгөө хүн намайг гичий чинь гэж хэлчихээд цаашаа явсан. Тэгээд удаагүй байхад Б харьлаа гээд гарч явсаны дараа Н мөн харьлаа гээд гарч явсан. Тэгэхээр нь би бие засах гээд гарахад Н, Б хоёр манай хаалгаар шагайж намайг гичий минь гэж хэлсэн хүнтэй зууралдчихсан байхаар нь би боль гээд салгахад нөгөө хүн босоод зугтаасан. /хх-ийн 177 дахь тал/
Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Ч.Б гэх хүнийг зодсон асуудал үүссэн. Тэгэхээр нь би Бтай утсаар яриад ямар нэгэн хохиролгүй болгоно гээд бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Би хохирлоо барагдуулъя гээд 5.000.000 төгрөг өгсөн. Би Ч.Быг утсаа алга хийсэн гэхээр нь үнэтэй утас барьдаг байх гэж бодсон юм. Тухайн үед корона элбэг байсан. Ч.Быг шинжилгээ өгөөд яваад байгаа байх гэж бодоод л хүнийг хохироогоод яах вэ гэж бодоод өгсөн. /хх-ийн 186 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.Бын биед зүүн шууны богт ясанд далд хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, доод уруулд шарх, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Ч.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Бын биед учирсан зүүн шууны богт ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Бын биед зүүн шууны богтос ясны доод үзүүрийн хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулын шарх, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвуу баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагаар бус хувиар тогтоодог болно. Ирүүлсэн шинжилгээний объектын хүрээнд Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баярхүүгийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай дүгнэлтэд дурьдагдаагүй гэмтэл тогтоогдсонгүй. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баярхүүгийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 207-209 дэх тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-621/2940 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Самсунг А20 гар утас, 1 ширхэг, нийт үнэ 310,000 төгрөг” /хавтаст хэргийн 46-48 дахь тал/
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “1995 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн аав Буянаа, ээж Дэжидмаа нарын ганц хүү болон мэндэлсэн. 2003 оноос 2011 он хүртэл Өмнөговь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуульд сурч, 2011 оноос 2013 он хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж, барилгын мужаан мэргэжлээр төгсөөд, үргэлжлүүлэн Ханбогд суманд хүнд машин механизмын сургалтад суралцаж төгсөөд, 2015 оноос 2017 оны хооронд Улаанбаатар хотын Төмөр замын дээд сургуульд 2 жил сураад дундаас нь төгсөөгүй гараад, Өмнөговь аймгийн Манлай суманд аавтайгаа хамт 2021 онд хүртэл мал малласан. 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс одоог хүртэл Цогтцэций суманд Монголын төмөр зам мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд туслах машинистаар суралцаж байгаа. Ээж Л.Дэжидмаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-д үйлчилгээний ажилтнаар ажилладаг. Аав Д.Буянаа Өмнөговь аймгийн Манлай сумын Далай 4 дүгээр багт малчин. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Цэцэгжаргал, Наранчулуун, Б нарын хамт 4 дүгээр сургуулийн баруун талд Жаргалант хороололд байдаг түрээсийн байранд хоол идэх гээд сууцгааж байхад Б ах орж ирээд Цэцэгжаргалыг гичий гэх мэтээр дуудаад доромжилж байгаад гараад явчихаар нь араас нь гарахад Б хашаанаас гарч байхаар нь би араас нь очоод дуудаж байгаад та яагаад манай найзыг доромжлоод байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд надтай маргалдсан. Тэгэхээр нь Бын нүүрэнд нь 2-3 удаа цохиод зугтаахад нь араас нь нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний араас найз Б гарч ирээд хохирогч Быг бас зодсон гэж хэлсэн. Хохирогч Быг манай найз Б хаана цохиж гэмтээсэн талаар би сайн мэдэхгүй байна. Намайг буцаад ороход найз Б гэртээ харихаар явчихсан байхад нь цагдаа нар ирээд түрээсийн өрөөндөө унтаж байсан Наранчулууныг надтай хамт авч явсан... Би бол хохирогч Б ахын нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд шүд нь эмтэрч, уруулын зөөлөн эдийн няцрал үүссэн байж магадгүй. Харин зүүн шууны яс хугаралт юунаас болж үүссэнийг би мэдэхгүй юм. Хохирогч Б ахыг манай найз Б ямар гэмтэл учруулсныг би мэдэхгүй.” /хавтаст хэргийн 57-58 дахь тал/
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Ээж Бямбажав, аав Т-ын дунд болон мэндэлсэн, дээрээ 1 эгч, доороо 1 дүүтэй. 2001 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Улсын тэргүүний 3 дугаар бүрэн дунд сургуульд 1-11 дүгээр анги хүртэл суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2011 оноос 2013 оны хооронд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үсчний ангид суралцаж үсчин мэргэжил эзэмшсэн, 2013 оноос 2017 оны барилгын туслах ажилтнаар ажилладаг байсан. 2017 онд политехникийн коллежид суралцаж хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй болоод зам ангид жолоочоор ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 01-нээс хойш “Ханбогд арвижих” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Цэцэгжаргал, Наранчулуун, Н нарын хамт Гурвансайхан уулын Мухар шивэртийн аманд очиж салхилчхаад орой /цаг хэд болж байсныг мэдэхгүй/ харуй бүрий болж байхад уулнаас ирээд 4 дүгээр сургуулийн баруун талын түрээсийн байранд Наранчулуун, Цэцэгжаргал нарын байранд очоод хоол идээд байж байхад Б гэдэг ах согтуу хаалгаар орж ирээд чимээгүй бай, зөөлөн бай гэхэд Цэцэгжаргал “та чинь ямар хаашаа юм бэ бид нар гэртээ байна” гэж хэлэхэд Б ах хаалга хаачихаад гарсны дараа би 5 орчим минутын дараа гэртээ харихаар байрнаас гарахад Б ах үүдэнд зогсож байхаар нь би хажуугаар нь гараад хашааны баруун урд талын жорлонд очиж бие засчихаад эргээд ирэхэд Б гэдэг ах Нтэй маргалдаад зогсож байхад нь би очсон чинь муу пизданууд буруу хүнээрээ оролдлоо гэхэд нь Н, Б гэх ахын нүүр рүү нь цохьчихоор нь би салгах гээд дундуур нь орсон чинь Б гэх ах намайг тонгороод унагахад нь би Б гэдэг ахаас зуурч унаад мушгиад доороо оруулаад дээрээс нь нүүр рүү нь 2-3 удаа цохьсон. Тэгэхэд Цэцэгжаргал ирээд салгахад Б ах зугтаасан. Би гэртээ харьсан. Намайг бие засчихаад эргээд ирэхэд Б гэдэг ах, Нтэй муудалцаад Н тэр ахыг нүүрэнд нь нэг удаа цохиход нь би салгах гэхэд намайг тонгороод унагачихаар нь би хувцаснаас зуурч унаад мушгиж доороо оруулаад нүүр рүү 2-3 удаа цохьсон.” /хавтаст хэргийн 61-62 дахь тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80, 100 дахь тал/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 65-69, 83-84, 87-89 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ч.Б, шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Жаргалантын 2-1 тоотын гадна маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Б.Н нь хохирогч Ч.Бын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохьсон, шүүгдэгч Т.Б нь хохирогч Ч.Быг тонгорч унагасан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бын: ... Цагдаа дуудлаа гээд утсаа халааснаасаа гаргаад иртэл “яасан их цагдаа дууддаг юм” гээд нэг залуу нь намайг цохьтол би сөхрөөд унасан. Энэ үед би урдаа байсан хүний хувцаснаас зуураад унасан. Ингээд тал талаас бүгдээрээ цохиж зодож эхэлсэн. Би “одоо болъё ахын дүү нар, та нар хүн алах нь байна одоо болъё” гэж хэлтэл болихгүй байсан. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Бын: ...Тэгээд 22 цаг өнгөрч байхад Ч.Б нь хувцас нь тоос болчихсон зүүн гар хөдлөхгүй байна, утас алга болчихлоо, намайг 4-5 залуучууд зодчихлоо гээд ороод ирсэн. /хх-ийн 112 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Т.Цэцэгжаргалын: ...Б, Н нар хоол идээд шуугилдаад сууж байхад нэг ах манай хаалгаар шагайгаад чимээгүй байгаач пизда минь гэхэд нь би танд хамаагүй гэхэд нөгөө хүн намайг гичий чинь гэж хэлчихээд цаашаа явсан. Тэгээд удаагүй байхад Б харьлаа гээд гарч явсаны дараа Н мөн харьлаа гээд гарч явсан. Тэгэхээр нь би бие засах гээд гарахад Н, Б хоёр манай хаалгаар шагайж намайг гичий минь гэж хэлсэн хүнтэй зууралдчихсан байхаар нь би боль гээд салгахад нөгөө хүн босоод зугтаасан. /хх-ийн 177 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н, Т.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Бын биед баруун дээд 1-р шүдний эмтрэл, доод уруулд шарх, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Бын биед зүүн шууны богт ясанд далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дэх тал/-ээр,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баярхүүгийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна /хх-ийн 207 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь бүлэглэн хохирогч Ч.Бын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан түүнд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Т.Б нь хохирогч Ч.Бын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Жаргалантын 2-1 тоотын гадна Ч.Быг тонгорч унаган, зүүн шууны богт ясанд далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Нтэй бүлэглэн тухайн газар цаг хугацаанд хохирогч Ч.Бын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулд шарх, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Бтай бүлэглэж 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Жаргалантын 2-1 тоотын гадна Ч.Бын нүүрэнд 2-3 удаа цохиж, нуруу хэсэгт нь өшиглөн зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулд шарх дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал баруун зүүн сарвуу баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...нийтдээ эмчилгээний зардал 1.500.000 төгрөг орчим болсон. ...Нгийн ээж нь намайг таньдаг болохоор надтай уулзаад хохирол 5.000.000 төгрөг өгсөн. ...Имра зураг авахуулсан баримт эм тарианы болон замын зардлуудын баримт байсныг хувцасны халаасаа шалгалгүй угаалга хийгээд бөөгнөрүүлээд мэдэгдэхгүй болгосон. Надад өөр баримт байхгүй. Дэжидмааг надад өгсөн 5.000.000 төгрөгөө авна гэвэл эргүүлэн өгөх болно” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтооно гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь хохирогчид нийт 5.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлснөөс нотлох баримтгүйгээр төлсөн 3.500.000 төгрөгийг хохирогчоос буцаан авч, хохирогч Ч.Бт 1.500.000 төгрөгийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүр 750.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н, Т.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Нгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 81 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66 дахь тал/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 67 дахь тал/, суурь боловсрол эзэмшсэн болох нь: 201120121 дугаартай Суурь боловсролын гэрчилгээний хуулбарт Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 68 дахь тал/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Т.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 101 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 дахь тал/, суурь боловсрол эзэмшсэн болох нь: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов. /хх-ийн 90 дэх тал/”Ханбогд арвижих” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолтод: Т.Б нь манай компанид агуулахын туслах жолоочоор 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаа нь үнэн болно. /хх-ийн 91 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс ...энэ гэмт хэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэх дүгнэлт гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдэж, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол үйлджээ.
Иймд яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх үзэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх ба шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Шүүх 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т-ын Б нарт холбогдох 2128001240024 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, 3.500.000 төгрөгийг буцаан авсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аръяабад овогт Б-ийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Т-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд .................. цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт ................ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ........................... төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ..................... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ........................... төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ................ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ................... төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ............... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ......................... төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг .................................................. төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ....... сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Н, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ч.Бт 5.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА