Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  хороо, Сэлбийн  дүгээр гудамжны  тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр, Боржигон овогт С-ын Г-ийг төлөөлж С.А-ын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  дүгээр хороо, Богд Ар хороолол  байрны  тоотод байрлах, АМ ХХК-д холбогдох батлан даалтын болон, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр АМ ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж төрсөн дүү С.О-ыг БНСУ-д эмчилгээ, оношлогоонд явахад нь батлан даасан. Мөн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 510 тоотод байрлах улсын бүртгэлийн 000488651 тоот дугаартай 98 м.кв орон сууц, улсын бүртгэлийн 000393110 тоот дугаартай 377 м.кв хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Барьцааны гэрээнд үнийг 10 000 000 төгрөг гэж байгаа. Барьцааны гэрээгээр С.Отгонжаргалыг Солонгос улсаас буцаж ирэх хүртэл батлан даасан. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заадаг. Гэтэл барьцааны гэрээнд хаяг, үнэ зэргийг заагаагүй, барьцааны зүйл нь байхгүй. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь заалт заасан шаардлагыг хангаагүй барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Мөн С.Ганхуягийн иргэний үнэмлэхний хугацаа дууссан байхад Батлан даалтын гэрээг байгуулсан. Батлан даалтын гэрээг нь нотариатч батлаад улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. С.Ганхуягийн иргэний үнэмлэхний хугацаа гэрээ хийхээс сарын өмнө дууссан байсан. Иймд дээрх үндэслэлээр батлан даалтын гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож, барьцааны хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ажим мөнх ХХК-ний захирал О.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ганхуяг нь хөдөө орон нутагт ажилладаг, дүү С.Отгонжаргал нь Солонгос улс руу аялангаа шинжилгээ өгнө гээд 370 000 төгрөгийн хураамжтайгаар манай компанитай зуучлалын гэрээгээр виз мэдүүлсэн. Манайх зөвшөөрлийн дагуу кодтой виз олгодог. С.Отгонжаргал нь эхлээд манай ах хөдөө орон нутагт ажилладаг гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч ирээд гэрээ хийнэ гэсэн, бид эзэн нь байхгүй учир гэрээ хийхгүй гэдгийг хэлсэн. Ингээд Өмнөговь аймгаас С.Ганхуяг өөрийн биеэр дүүтэйгээ хамт ирсэн. Мөн С.Отгонжаргал нь Ганболд гэж залуутай хамт явна, манай дүү гэж хэлсэн. Бид гэрээ хийх нөхцөлөө С.Ганхуягт танилцуулж, визний хугацаандаа орж ирэх ёстой, хэрвээ дүү чинь харлаад үлдвэл бид үл хөдлөх хөрөнгийг суллахгүй, энэ нөхцөлийг зөвшөөрвөл гэрээ хий гэсэн. С.Ганхуяг нь С.Отгонжаргал миний төрсөн дүү учраас дүүгээ батлан даана, харин н.Ганболд нь манай хамаатан биш учраас батлан даахгүй гэсэн. Тэгээд С.Ганхуяг манайхтай С.Отгонжаргалыг батлан дааж, барьцааны болон батлан даалтын гэрээг байгуулсан. С.Ганхуяг гэрээ хийхийг зөвшөөрсөн учир гэрээ нь дээрээ гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Түүнээс С.Ганхуяг мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад гэрээ хийгээгүй. С.Ганхуяг өөрийн биеэр иргэний үнэмлэхээ авч ирж гэрээгээ хийхдээ өөрөө иргэний үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл С.Отгонжаргал хууль зөрчиж жил гаруй Солонгос улсад харласан байгаа. Би С.Ганхуягт дүүгийн чинь визний хугацаа дууссан, дүүгээ оруулж ирээрэй гэж хоёр удаа хэлсэн. Тэгэхэд С.Ганхуяг би мэдэхгүй, хаана байгааг би олохгүй байгаа гэсэн. Барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгийн байршил тодорхой тусгагдсан, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Барьцааны хөрөнгийн харилцан тохиролцсон үнэ 10 000 000 төгрөг гэж тодорхой бүгдийг заасан. Гэрээ нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ганхуягийг төлөөлж С.Амар нь Ажим мөнх ХХК-д холбогдох батлан даалтын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Ажим мөнх ХХК нь 2017 оны 3-р сарын 31-ний өдөр С.Отгонжаргалтай Зуучлалын гэрээ байгуулж, БНСУ-д эрүүл мэндийн оношлогооо, нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд зуучлах, зуучлуулагч нь захиалга хийгдсэн эмчилгээний кодтой тухайн эмнэлэгт хугацаандаа үзүүлэх, визний хугацаандаа эх орондоо буцаж ирэх үүрэг /хх 4-5/ хүлээжээ.

 

Гэрээний 5-р зүйлийн 5.1-д зааснаар зуучлуулагч визний хугацаандаа эх орондоо ирсэн байх, хугацаа хэтэрч хууль бусаар үлдэхгүй байх, БНСУ-д үлдсэн тохиолдолд эрэн сурвалжилж албадан ирүүлэх шаардлагыг гүйцэтгэхээ баталж барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахаар тохирсон байна.

Харин С.Ганхуяг нь Ажим мөнх ХХК-тай 2017 оны 3-р сарын 31-ний өдөр Батлан даалтын гэрээ байгуулж, зуучлуулагч С.Отгонжаргалыг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрвээ үүргээ гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээж 10 сая хүртэлх төгрөгний үнийн дүнгийн хэмжээгээр хохирлыг арилгахаар, өөрөөр хэлбэл, БНСУ-аас хугацаандаа ирээгүй тохиолдолд үндсэн үүрэг, учирсан гэм хор, гэрээ дуусгавар болохтой холбоотой гарах зардал, хүү зэргийг хариуцахаар батлан даасан /хх 6/ байна.

 

Нэхэмжлэгч батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С.Ганхуягийн иргэний үнэмлэхний хугацаа дууссан байхад гэрээг байгуулсан гэж маргажээ.

 

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.3 дахь хэсэгт ...Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25, 45 насны иргэдэд сольж, 45-аас дээш насны иргэдэд хугацаагүй олгох-оор заасан байх ба С.Ганхуяг нь 2017 оны 02-р сарын 25-ны өдөр 45 нас хүрсэн, батлан даалтын болон барьцааны гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэхээ хуульд зааснаар солиулаагүй, улмаар 2017 оны 11-р сарын 14-ний өдөр түүнд иргэний үнэмлэхийг хугацаагүй олгосон нь батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх үндэслэл болохгүй, харин энэ нь 16-аас дээш насны иргэн бүр иргэний үнэмлэхтэй байх, хуулинд заасан насанд хүрснээр солиулах хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхтэй холбоотой тайлбар гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 459-р зүйлийн 459.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан, батлан даалтын гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, нөгөө талаас, гэрээний 5.1-т талууд батлан даалтын гэрээг нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр байхаар тохирч гэрчлүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Түүнчлэн С.Ганхуяг болон Ажим мөнх ХХК нь 2017 оны 3-р сарын 31-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204081989 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 510 тоот хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2204001241 дугаарт бүртгэгдсэн, тухайг хаягт байх 377 м.кв газрыг /хх 7, 18-19/ барьцаалжээ.

 

Нэхэмжлэгч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан үндэслэлээ Иргэний хуулийн хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь шаардлагыг хангаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд барьцааны гэрээнд талуудын нэр, оршин байгаа газар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 510 тоот, барьцаагаар хангагдах шаардлага нь гэрээний 3.4-т зуучлалын гэрээний үүрэг, гэрээтэй холбогдон гарах зардал, барьцааны зүйлийг худалдан борлуулахад гарах зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал зэрэг уг эд хөрөнгөнтэй холбоотой гарсан татвар, хураамж, төлбөрийн дүнгээр тодорхойлогдсон, хангагдах дээд хэмжээ 10 000 000 төгрөг, 3.1-т барьцаагаар хангагдах хугацаа нь зуучлалын гэрээгээр тодорхойлогдсон, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг талууд тохиролцон 10 000 000 төгрөгөөр тогтоосон, өөрөөр хэлбэл, барьцааны гэрээнд тусгах зүйлүүдийг заасан, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2 дахь заалтыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Нөгөө талаас, Ажим мөнх ХХК нь зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зуучлуулагч С.Отгонжаргал нь БНСУ-д 2017 оны 3-р сард зорчсон, харин зуучлуулагч нь хууль бусаар үлдсэн, өнөөг хүртэл ирээгүй байгаа талаар талууд маргаагүй, С.Ганхуяг нь батлан даалтын болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ дуусгавар болоогүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.3 дахь хэсэг, 160-р зүйлийн 160.1.6 дахь хэсэг, 458-р зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан АМ ХХК-д холбогдох батлан даалтын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн С-ын Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА