Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
Дугаар | 2022/ШЦТ/60 |
Огноо | 2022-05-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/60
2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 2022/ШЦТ/60 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: С.Ж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Сы Жт холбогдох 2228000000063 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч
Биеийн байцаалт:
Шүүгдэгч С.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутагт байрлах спорт цогцолборын 1 давхрын 00 өрөөнд насанд хүрээгүй хохирогч О.Уг архи ууж бэлтгэл тасалсан шалтгаанаар алгадаж, эрүүл мэндэд зүүн чихний хэнгэрэгний цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Жыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ж шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Насанд хүрээгүй хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 сарын 07-ны өдөр 14 цагийн үед Спорт цогцолбор дээр сагсны багийн хүүхдүүдээ цуглуулаад заал авч тоглох гээд байж байхад Ж ахтай таараад 00-руу Д бид хоёрыг дагуулаад орсон. Тэгснээ Дг шартаж үхлээ юу гээд 2 удаа нүүрэнд алгадчихаад бас намайг 1 удаа элэгдээд 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би, та яагаад байгаа юм бэ? Хүн цохих эрх танд байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь чи муу ямар том пизда вэ гээд дахиад 4-5 удаа зүүн шанаа хавьд алгадсан. ...Ж ах нүүр гараа сайн угаа гэж хэлсэн. Тэгээд нүүр гараа угаагаад Спорт цогцолбороос гараад гадаа байж байсан чинь Ж ах гарч ирээд хэнгэрэг чинь хагарчихсан уу доод эмнэлэг ороод үзүүлчихгүй юу даа гэсэн. Ж ах яваад өгсөн. Тэгээд би ээж рүү яриад хэлсэн чинь эмнэлэг рүү явж үзүүл гэхээр нь ах Мыг дагуулаад эмнэлэг орсон. Эмнэлэг ороод эмчид чихээ үзүүлэхэд зүүн чихний хэнгэрэг чинь хагарсан байна. Саяхны шарх байна гэж хэлээд 7 хоног эмээ дусааж байгаад 7 хоногийн дараа ирж үзүүл гэсэн. Миний зүүн талын чихний хэнгэрэг хагарсан байна гэж эмч хэлсэн. Өөр зодож цохиогүй, чих рүү зүүн шанаа руу алгадаад байсан. Эмчилгээтэй холбоотойгоор эмчид үзүүлсэн баримт байгаа тэрийгээ гаргаж өгнө. Цаашид хохиролтой холбоотойгоор гарсан зардлыг нэхэмжилнэ. /хх-ийн 13-14 дэх тал/
Насанд хүрээгүй хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр спорт цогцолборт Дийн хамт сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байсан юм. Тэгсэн Ж бид хоёрыг дуудсан. Тэгээд бэлтгэлээ хийсэнгүй гээд спорт цогцолборын бие засах газарт оруулаад эхлээд Дийг хоёр удаа алгадсан. Тэгээд ирээд намайг эхлээд хоёр алгадаад нэг удаа цээж хэсэгт цохьсон. Тэгэхээр нь би явдаг газраар нь явна гэсэн. Тэгсэн чинь дахиж миний зүүн хацар хэсэгт 5-6 удаа алгадахад нь чих дүнгэнээд хэнгэрэг хагарчих шиг болсон. Тэгээд тэр газраас гараад эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн талын хэнгэрэг хагарсан байна гэсэн. 2 удаагийн гүйлгээгээр 700.000 төгрөг өгсөн. Цаашид С.Ж надтай болон манай гэрийнхэнтэй Улаанбаатар хотод очиж хэнгэргийг нөхүүлэхээр тохиролцсон. /хх-ийн 17 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр У над руу залгаад Ж намайг зодчихлоо гэсэн. Тэгээд яасан гэж чамайг зодсон юм гэхэд намайг хэд хэд алгадаад миний чихний хэнгэрэг хагарчихлаа гэсэн. ...О.Угийн чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орохоор Жтай ярьж тохиролцсон. Одоогоор Ж нэг сая төгрөг өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор эмнэлэгт үзүүлсэн Цаашид Улаанбаатар хот орж хэнгэрэг нөхөх хагалгаанд орно. Яг хаана хэдэн төгрөгөөр хагалгаанд орохоо шийдээгүй байгаа. Улаанбаатар хотын хувийн эмнэлгээс асуухад нэг сая төгрөг болдог гэсэн. Одоогоор ямар нэгэн байдлаар эмчилгээ хийгдээгүй болохоор гаргаж өгөх баримт байхгүй байна. /хх-ийн 20 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр спорт цогцолбор дээр тэмцээн үзээд зогсож байсан чинь манай найз У дуудсан. Тэгээд хүрээд очтол Ж ах дуудаж байна гэсэн. Би Уг дагаад спорт цогцолборын нойлын өрөөнд ороход Ж ах зогсож байсан. Тэгээд эхлээд намайг хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гэхэд юм хэлэлгүй Уг хэд хэдэн удаа алгадаад гэдэс рүү нь элэгдээд ахиж алгадаад яасан гөлөгнүүд минь шартаж үхлээ юу гээд байсан. ...Тэгээд У бид хоёр нойлын өрөөнөөс гараад гадаа зогсож байхад Ж араас гарч ирээд уучлаарай ахын дүү гээд хэнгэрэг нь хагарчихсан уу. Тэгж байгаад эдгэх байх эмнэлэг явж үзүүлээч гэж хэлээд явсан. /хх-ийн 27 дахь тал/
Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хэрэг болохоос хоёр хоногийн өмнө О.У, Э.Д нар согтуу явж байгаад С.Ж бид хоёртой таарсан юм. Тэгээд хэрэг гардаг өдөр тэмцээн дээр С.Жтай хамт явж байхад О.У, Э.Д нар таарсан. Тэгээд С.Ж спорт цогцолборын бие засах өрөөнд дуудаж оруулж ирээд Э.Дийг хоёр алгадсан, О.Уг 5-6 удаа алгадсан. Тэгээд архи дарс битгий уугаад бай, бэлтгэл битгий тасдаад бай гээд загнасан. Тэгээд О.У, Э.Д нар бие засах өрөөнөөс гарч явсан. С.Ж бид хоёр араас нь гарсан. /хх-ийн 28 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Угийн биед зүүн чихний хэнгэрэгний цоорол гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 33-34 дэх тал/
Шүүгдэгч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэрчээр мэдүүлэг өгөх үед бол эмээ Алтанчимэг хөдөө явчихсан байсан учраас эгч Ариунаагийн гэрт байсан юм. Тухайн үед байгаа газрын хаягийг мэдүүлсэн. Миний яг амьдардаг хаяг бол Их-Уулын 19-08 тоот хаяг байгаа юм. Би өрхийн бүртгэлээр бол ам бүл 2 буюу ээж Золбообаярын хамт бүртгэлтэй байдаг. Болсон хэргийн талаар гэрчийн мэдүүлэгт тодорхой хэлсэн. Гэрчээр мэдүүлснээс өөрөөр дахиж мэдүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй. Бэлтгэлээ тасалсан байсан гол шалтгаан нь бол тэр хоёр архи уугаад согтуу явж байхаар нь ахын хувиар архи ууж болохгүй гээд хэлсэн юм. Би анх 2018 онд бокс тоглож эхэлсэн. Тэр үеэс хамт боксын секцэнд явж хамт бокс тоглох болсон. Тэмцээнд уралдаанд хамт явдаг хуурай дүү нар маань байгаа юм. /хх-ийн 46 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дахь тал/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 50 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 56, 57, 61 дэх тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны 267 дугаартай тодорхойлолт /хх-ийн 60 дахь тал/
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 75 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч С.Ж нь насанд хүрээгүй хохирогч О.Уг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутагт байрлах Спорт цогцолборын 1 давхрын 00 өрөөнд архи ууж бэлтгэл тасалсан шалтгаанаар алгадаж зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч С.Ж нь насанд хүрээгүй хохирогч О.Угийн зүүн чихэнд хэнгэрэгний цоорол гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Насанд хүрээгүй хохирогч О.Угийн: ...Тэгснээ Дг шартаж үхлээ юу гээд 2 удаа нүүрэнд нь алгадчихаад бас намайг 1 удаа элэгдээд 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би, та яагаад байгаа юм бэ? Хүн цохих эрх танд байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь чи муу ямар том пизда вэ гээд дахиад 4-5 удаа зүүн шанаа хавьд алгадсан. ...Эмнэлэг ороод эмчид чихээ үзүүлэхэд зүүн чихний хэнгэрэг чинь хагарсан байна. Саяхны шарх байна гэж хэлээд 7 хоног эмээ дусааж байгаад 7 хоногийн дараа ирж үзүүл гэсэн. /хх-ийн 13-14 дэх тал/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч О.Мын: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр У над руу залгаад Ж намайг зодчихлоо гэсэн. Тэгээд яасан гэж чамайг зодсон юм гэхэд намайг хэд хэд алгадаад миний чихний хэнгэрэг хагарчихлаа гэсэн. Тэгээд би Уг аваад эмнэлэгт үзүүлэхэд зүүн чихний хэнгэрэг нь хагарсан байсан. /хх-ийн 20 дахь тал/ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Э.Дийн: ...Тэгэхээр нь би яасан юм бэ гэхэд юм хэлэлгүй Уг хэд хэдэн удаа алгадаад гэдэс рүү нь элэгдээд дахиж алгадаад яасан гөлөгнүүд минь шартаж үхлээ юу гээд байсан. /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Гийн: ...Тэгээд С.Ж спорт цогцолборын бие засах өрөөнд дуудаж оруулж ирээд Э.Дийг хоёр алгадсан, О.Уг 5-6 удаа алгадсан. /хх-ийн 28 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Жын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Угийн биед зүүн чихний хэнгэрэгний цоорол бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутагт байрлах спорт цогцолборын 1 давхрын 00 өрөөнд насанд хүрээгүй хохирогч О.Уг архи ууж бэлтгэл тасалсан шалтгаанаар алгадаж, эрүүл мэндэд зүүн чихний хэнгэрэгний цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч О.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2 удаагийн гүйлгээгээр 700.000 төгрөг өгсөн. Цаашид С.Ж надтай болон манай гэрийнхэнтэй Улаанбаатар хотод очиж хэнгэргийг нөхүүлэхээр тохиролцсон” /хх-ийн 17 дахь тал/ гэх ба иргэний нэхэмжлэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Одоогоор Ж нэг сая төгрөг өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...Одоогоор ямар нэгэн байдлаар эмчилгээ хийгдээгүй болохоор гаргаж өгөх баримт байхгүй байна. /хх-ийн 20 дахь тал/ гэжээ.
Шүүгдэгч С.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч О.У, иргэний нэхэмжлэгч О.М нарт 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 56, 57, 61 дэх тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Жын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Жын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Жын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 67 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны 267 дугаартай тодорхойлолтод: Өмнөговь аймаг Даланзадгад сумын Хан-Уул 2 дугаар багийн Их-Уул 19-8 тоот хаягт С.Ж нь ам бүл 2 оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 60 дахь тал/, БҮ20192316497 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбарт: Өмнөговь аймаг Даланзадгад сум Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх олгов. /хх-ийн 75 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.Ж нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.Ж нь өөрийгөө өмгөөлж ... Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэх тайлбарыг гаргав.
Шүүх шүүгдэгч С.Жын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилжээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан боловч шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан тул торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй төдийгүй шүүгдэгч өөрөө энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
Шүүгдэгч С.Ж нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч О.Уд 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Сы Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ж нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч О.Уд 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА