| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 185/2019/0168/Э |
| Дугаар | 581 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1, |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 581
Г.Жд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Мөнхтогоо,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,
шүүгдэгч Г.Жгийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Ренченхорол, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Жд холбогдох 1809037200772 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Гын Ж, 1959 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ... тоотод түр оршин суух, /РД:.../;
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.
Г.Ж нь 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Багабаян” уулын энгэрт Ч.Баттөмөртэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар модоор цохиж алсан,
2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 50 тоотод иргэн Н.Шинэжилтэй “Байрны түрээсийн мөнгө нэхлээ” гэж маргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Жгийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Боржигон овогт Гын Жг хүнийг алсан, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Жд энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Жгийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Жгийн цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, 4.5 см өргөнтэй, бариул хэсэг нь 11.5 см урттай 2ш заазуур, хадаасаар холбосон мод 2ш, саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн малгай, улаан өнгийн футболк 1ш, хөх өнгийн дотоож 1ш, бараан өнгийн оймс 1 хос, цайвар хөх өнгийн өмд 1 хос, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Г.Жгаас 2.231.700 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэлээс 10.768.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Г.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюунцэцэг миний бие оролцож байгаа ба эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалтай танилцаж маш их гомдолтой байгаагаа хэлсэн. Түүнчлэн прокурор шүүхийн ажиллагаанд оролцох талаараа хэлсэн. Тэгтэл намайг оролцуулалгүй санал, хүсэлтийг минь авалгүйгээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй Зөвхөн шүүхийн шийтгэх тогтоол гэрийн хаягаар шуудангаар ирмэгц энэ талаар мэдсэн. Хүүгээ алдаад сэтгэл санаа хүнд байхад шүүх бидэнд мэдэгдэлгүй, биднийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн тул маш их гомдолтой байна. Мөн миний зүгээс төлбөрийн чадвар муутай байдлаасаа шалтгаалан хуульч, өмгөөлөгч авч чадаагүй. Түүнчлэн мөрдөн шалгах бүхий л ажиллагаанд хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас зарим нэг зүйлийг буруу, зөрүү ойлгосон. Энэ байдлыг шүүх хуралдаанаар зөвтгөж өгөх байх гэж бодож байна. Тэгтэл оролцуулаагүй. Гэмт хэрэгтэн Г.Ж нь миний хүүг зодож, толгой руу модоор удаа дараа цохиж алсан. Улмаар эмнэлгийн тусламж туслалцаа үзүүлээгүй байдлаас болоод амь насаа алдсан талаар дахин нягтлан шалгаж өгөөч, маш их гомдолтой байгаа тухай байцаагчид хэлсэн байтал ямар нэгэн арга хэмжээ аваагүй прокурорт шилжүүлсэн. Прокурорын шатанд энэ талаар юу хийсэн хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар огт хэлэлгүй шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн шүүх хуралдаанд оролцогчийг оролцуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч өмгөөлөгч аваагүй, үүнээсээ болоод хэргийн материалд гомдолтой байна гэж бичиж өгсөн баримт байдаг. Гэтэл прокурор яллах дүгнэлтийн хавсралтаар шүүх хуралдаанд хохирогчийн оролцуулах саналыг гаргаагүй байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг 4 дүгээр сард гардаж аваад хяналт тавьсан прокурор болон анхан шатны шүүхэд очсон. “Прокурор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргаагүй учраас бид хэн нэгнийг дуудах эрх байхгүй” гэж анхан шатны шүүхийн шүүгчийн туслах хэлсэн. 4 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэх тогтоолыг гардаж аваад маргааш нь амралтын өдөр таарааж ажлын өдөр эхэлсэн өдөр очиход хүүгийн минь амь хохирсон хэргийн шүүх хуралдаанд хохирогч талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан байна гэж надад хандсан. Шүүхээс хохиролд 4.000.000 төгрөг төлүүлэхээр заасан ч шүүх хуралдааны үед шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлал гуйх эсхүл шүүх хуралдаанд оролцсон бол миний гомдол бага ч гэсэн барагдах байсан гэдгийг хэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхээс танд шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч хэлэхдээ миний утас байнга холбоотой байхад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэдэг. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Бусад зүйл заалтыг нэмж нэгтгэсэн харагддаг. Гэтэл хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулаагүй, гомдолтой, мөн шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад гэм буруугийн хувьд шүүхээс гэм буруутайд тооцвол хэргээ хүлээе дээ, би хохирогчийг гараараа цохисон, модоор цохиогүй гэж гэм буруугаа хүлээгээгүй байхад анхан шатны шүүхээс хорих ялын доод хэмжээг оногдуулсан нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд хохирогчийг хууль ёсны дагуу оролцуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзээд давж заалдах гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгч анхнаасаа үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлдэг. Өмгөөлөгч Батгэрэлийн хамт өгсөн мэдүүлэгт хохирогчийг хэрхэн цохиж, гэмтэл учруулснаа санахгүй байна гэсэн байдаг. Харин өмгөөлөгч надтай хамт өгсөн мэдүүлэгтээ “хохирогчийн нүүр лүү 2 удаа өшиглөсөн, зодсон” талаар мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчээ “Хуульд гэм буруугаа хүлээсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдаг шүү” гэсэн зөвлөгөөг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрснөө хэлдэг. Шүүгдэгч хоригдож байсан учраас шүүгдэгчийн ар гэртэй холбогдсон. Г.Ж эхнэрээсээ салаад олон жил болсон. Гэр бүл, ах дүү нар нь тоохгүй байсан ч өмгөөлөгчийн зүгээс хүний амь нас хохирсон хэрэгт хохирол төлөх ёстой гэж шаардаж мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөгийг гаргуулсан. Прокурорын шатанд мөн хохиролд 1.000.000 төгрөг, анхан шатны шүүхийн шатанд 500.000 төгрөг төлсөн. Сүүлд өгсөн 500.000 төгрөгийн хувьд баримт үйлдээгүй. Г.Жгийн ах өндөр настай иргэн хохирол төлсөн талаар баримт үйлдээгүй өгсөн байдаг. Хохиролд бодит баримтаар 1.570.000 төгрөгийн гаргаж өгсөн. Гэхдээ оршуулгын зардалд тэтгэврийн зээл 2 удаа авч хэрэглэсэн гэдэг. Тэтгэврийн зээлийг оршуулгын зардалд зарцуулсан талаар баримт байхгүй ч үүнтэй маргахгүй хохирол барагдуулж өгөөрэй гэж шүүгдэгчийн ар гэрийнхэнд хэлэхэд 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг төлүүлсэн. Үлдсэн хохирлыг Г.Ж ялаа эдэлж байх явцдаа төлж барагдуулах байх. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сүүлд суусан гэх нөхөр нь анхан шатны шүүх дээр явж байсан. Г.Ж хохирлоо гүйцэт төлөөгүй, гомдолтой байна гэхэд нь шүүгчийн туслах хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн нь шүүх хуралдаанд оролцоно, таны саналыг харгалзахгүй гэж хэлсэн талаар хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хувьд анхан шатны шүүхэд хэрэг ирсэн гэдгийг мэдэж байсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар мод хурааж авсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн цус болох нь тогтоогдоогүй. Шинжээчээс байцаалт авахад хохирогчид учирсан гэмтэл модоор цохисноос учирч болно. Мөн гутлын ул ямар байхаас шалтгаалан уг гэмтэл учрах боломжтой гэсэн байдаг. Гэхдээ шүүгдэгчийн зүгээс модоор цохисонтой маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Прокуророос дээрх байдлыг харгалзан 8 жил хорих ялын санал гаргахад анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзээд 10 жилийн хугацаагаар хаалттай дэглэмд хорих ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс нээлттэй хорих ял шийтгэж өгөх хүсэлт гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчдээ ойлгуулахдаа анхан шатны шүүх тохирсон ял шийтгэл оногдуулсан тул давж заалдах гомдол гаргах хэрэггүй гэдгийг ойлгуулсан...” гэв.
Прокурор Д.Мөнхтогоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүх хуралдаанд хохирогч шүүх хуралдаанд оролцох эсэхээ бичгээр гаргасан тохиолдолд оролцуулахаар хуульчилсан байдаг. 2 дугаар хавтас хэргийн 4 дүгээр талд хэргийн материалтай танилцсан харин шүүх хуралдаанд оролцох эсэх талаар бичгээр хүсэлт гаргаагүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчид нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан. Хохирогч эрх үүрэгтэйгээ танилцаж гарын үсэг зурсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах хохирогчийн 2 холбогдох дугаар луу удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан талаар тэмдэглэл хэрэгт авагдсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ж нь 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Багабаян” уулын энгэрт эмийн ургамал түүн явж, хоноглохдоо архи ууж согтууран улмаар “Миний мөнгийг авсан байна. Намайг согтуу байхад зодсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж амь хохирогч Ч.Баттөмөртэй маргалдаж улмаар түүнийг зодож, толгойн тус газарт модоор цохиж алсан,
мөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 50 тоот нийтийн байранд иргэн Н.Шинэжилтэй “Байрны түрээсийн мөнгө нэхлээ” гэж маргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хэргийн газарт болон цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 7-22),
гэрч Б.Тогосоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бямбаа /Ж/ өвгөн дахин Баттөмөр рүү дайраад газраас мод авч, толгойн ард дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. талийгаачийн эрүү хэсэг нь шалбарсан, нилээн согтолттой байсан... Өөрийгөө Бямбаа гэж танилцуулсан. Бүтэн овог нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 36),
гэрч Н.Хишигсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөөгий бид хоёрыг хоол хийж байхад Бямбаа /Ж/ хөгшин талийгаачтай маргалдаад байсан ба талийгаачийн толгой хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 47-48),
гэрч Ж.Баттогтох мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нартай хадам эцэг болох Г.Ж нь холбоотой байдаггүй. Ихэвчлэн тэнүүчлэн явдаг ба гэртээ ирэхээрээ агсам тавьж, бүгдийг нь зодно, ална гэж айлгаж сүрдүүлдэг. Бид нартай таардаггүй байсан юм. ...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн, хурц араншинтай болчихдог...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 58),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1885 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 68-73),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12062 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 228-229),
шинжээч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чамархайн хуйханд шарх гэмтэл нь модоор цохих үед дээрх гэмтэл нь үүснэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 234-236),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 868 дугаартай “Г.Ж нь сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Ж нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Ж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Ж нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх шинжээч нарын дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 82-83),
шүүгдэгч Г.Ж яллагдагчаар өгсөн “...Тэгээд нөгөө олсон ногоон өнгийн савтай архиа задлаад ууж байгаад талийгаачтай би маргалдаж байсан. Нэг мэдсэн чинь гараараа цохиод өшиглөж байсан. ...Би зэвсгийн чанартай зүйл хэрэглэснээ санахгүй байна. Би зарим үйлдлээ мэдэхгүй байгаа. Согтолт их байсан. ...Маргааш өглөө нь 5 цагийн үед би сэрэхэд талийгаачийн дээгүүр хөнжил нөмөрчихсөн, хамар нь цус болчихсон байсан. Хишигээ, өрөөсөн нүдтэй залуу хоёр талийгаачийг “амьсгаа байхгүй байна” гэхэд өрөөсөн нүдтэй залуу талийгаачийн хамарт нь хуруугаа хүргэж үзээд “амьсгаа байхгүй байна” гэж хэлэхээр нь би “би зодсон нь үнэн юм чинь ерөөсөө явъя” гэж бодоод түрүүлээд ганцаараа явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 110-114),
хохирогч Н.Шинэжил мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд шөнө унтаж байхад Г.Ж гэрийн хаалга цохиж, би онгойлготол гэрт орж ирээд “Чи давраад байна уу” гээд орон дээр дарж аваад миний хүзүү рүү бор иштэй хутгаар хатгасан. Тэгээд миний хүзүүнээс цус гарсан. ... Г.Ж нь намайг түрээсийн мөнгө нэхлээ гэж намайг хутгаар хүзүү рүү хатгасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 144-145),
гэрч Ц.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд архинаас 1 хундагыг ууж байтал манай нөхөр Н.Шинэжил “Манай гэрт архи битгий уу. Гэртээ орж уу” гэхэд Г.Ж нь “энд чинь уухад яадаг юм” гээд маргалдсан. Тэгээд намайг “гараад цагдаа дууд” гээд манай нөхөр хэлэхээр нь гэрээс гараад нөхрийн дүү Н.Бат-Эрдэнийн гэрт очоод “Цагдаа дууд. Ахыг чинь хүн зодоод байна” гэж хэлээд буцаад гэртээ ирэхэд Г.Ж манай нөхрийн дээр нь гараад орон дээр хоолойг нь боож байхаар нь би “Яаж байгаа юм бэ, боль” гэхэд Г.Ж нь “нөхрийг чинь ална” гээд айлгаад байсан. Тэгээд миний даралт ихсээд ухаан алдаад унасан юм шиг байна лээ. Сэрээд хартал эмнэлэгт дусал хийлгээд хэвтэж байсан. Би юу болсон талаар сайн хараагүй. Сүүлд сонсоход нөхрийн минь хүзүү рүү нь хутгаар хатгасан гэж сонссон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 146-148),
гэрч Н.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ах Н.Шинэжил жаахан халамцуу хүзүүнийхээ урд хэсэгт 2 хатгуулж цус гоожуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд ах Н.Шинэжил “би хүнд хутгалуулчихлаа” гэхээр нь “хэнд” гэж асуухад ах маань “хажуу айлын эрэгтэйд хутгалуулсан” гэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 149-151),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5741 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 153),
шүүгдэгч Г.Ж яллагдагчаар өгсөн “...Тухайн үед хохирогч Н.Шинэжил бид хоёроос өөр хүн байгаагүй. Би Н.Шинэжилийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Уг нь тухайн үед Н.Шинэжил нь надад хэлэхдээ “надад гомдол санал байхгүй. Өргөдөл өгөхгүй гэж хэлж байхаар нь энэ хэргийг хаагдсан гэж ойлгосон. ...Би нилээн согтоод юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 168-172) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Жг хүнийг алсан, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж тус тус шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж зааснаар шүүгдэгч Г.Жгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг энэхүү магадлалд дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгийн “...надад хурлын товыг мэдэгдэлгүй анхан шатны шүүх хуралдааныг хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг судлахад, 2 дугаар хавтас хэргийн 32, 34 дэх талд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхээс тодорхой ажиллагаа хийж байсныг баталгаажуулан тэмдэглэсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр анхан шатны шүүх хуралдаан явуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц. ОЧ