| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2020/0705/З |
| Дугаар | 128/ШШ2021/0044 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0044
2021 оны 01 сарын 18 өдөр 128/ШШ2021/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: АМГТКХД
Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКД-ын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 235 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“М” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Увс аймгийн *******, сумын ******* нэртэй газарт орших 16004.59 гектар талбайг хамарсан *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 661 тоот шийдвэрээр “Т” ХХК-аас шилжүүлж авсан.
Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 тоот шийдвэрээр Ашигт малтмал тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Бид уг асуудлаар урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Ашигт малтмалын газрын тосны газрын даргад хандан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасныг зөрчиж мэдэгдэл өгөлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн агуулга бүхий гомдол гаргахад 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай гомдлын хариу албан бичигт “танай компанид тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот мэдэгдлийг “Орхон аймаг **** сум, *** дугаар баг, ****задгай” гэсэн хаягаар хүргүүлсэн гэж дурдсан.
Бидний зүгээс хариуцагчийн явуулсан тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдэл манай компанид ирээгүй шалтгааныг судлан үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон.
Хариуцагчаас шуудангаар явуулсан мэдэгдлийг “М” ХК-ийн Орхон аймгийн шуудангийн салбар хүлээн аваад 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 044 цагт "хаяг тодорхойгүй, утас холбогдоогүй” гэсэн шалтгаанаар буцаасан байсан. Хаяг тодорхойгүй үндэслэлээр буцаасан шалтгааныг тодруулахад Орхойн аймгийн Б******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хаягжуулалтын өөрчлөлт хийж манай компанийн хаягийг “******* баг, ***, *** тоот” болгож өөрчилсөн байсныг бид мэдээгүй. Миний бие энэ компанийг 2017 онд шилжүүлж авсан бөгөөд ийнхүү шилжүүлж авах үед хаягжуулалт өөрчлөгдсөн талаар төрийн байгууллага болон өмнөх хувьцаа эзэмшигчээс надад мэдэгдэж байгаагүй.
Дээрх мэдэгдлийн дугтуйн дээр бичсэн утасны дугаар холбогдоогүй шалтгаан нь дээрх компанийн гол хүн болох хувьцаа эзэмшигч захирал миний дугаарыг бичээгүй зөвхөн манай геологич С.М утасны дугаарыг бичсэний улмаас Орхон аймгийн шуудангийн салбарын зүгээс уг утасны дугаараар холбогдож чадаагүй байсан. Хэрэв дугтуйн дээр ядаж хувьцаа эзэмшигч, Захирал С.Ц миний утасны дугаарыг бичсэн байсан бол надтай холбогдох боломжтой байсан.
Учир нь хариуцагчаас сүүлд явуулсан “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** албан бичгийн дугтуйн дээр миний утасны дугаарыг бичиж явуулсан байсан ба “М” ХК-ийн Орхон аймгийн шуудангийн салбар уг утасны дугаараар надтай холбогдож мэдэгдлийг гардуулсан.
Манай компаниас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр геологич С.М нь ажлаа хүлээлгэн өгөх болсонтой холбоотойгоор “геологчи Цэнд-А овогтой Б, Утас:............, и-мэйл хаяг: .............” гэсэн холбоо барих мэдээллийг өөрчлөн бүртгүүлэхээр мэдэгдэл өгч байсан. Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдэл дээр уг хүний утасны дугаарыг ч бичээгүй, мөн и-мэйл хаягаар мэдэгдэл ирүүлээгүй.
Дээрх нөхцөл байдлууд нь манай компанид тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хуулийн дагуу хүргүүлсэн гэх нөхцөл байдал няцаах хангалттай үндэслэл болно гэж үзэн “М” ХК-ийн Орхон аймгийн шуудангийн салбараас тодорхойлолт, багийн зохион байгуулагч С.О хаягжуулалтын өөрчлөлтийн талаарх мэдээлэл, манай компаниас С.М нь ажлаа хүлээлгэн өгөх болсонтой холбоотойгоор “геологич Ц овогтой Б, Утас:______________ и-мэйл хаяг: ________________” гэсэн холбоо барих мэдээллийг өөрчлөн бүртгүүлэхээр өгч байсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж хариуцагчид дахин хүсэлт гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *** тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойшхи хугацаанд хайгуулын үйл ажиллагааны зардалд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж зардал гаргаад байгаа тул тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх төлөхгүй байх шалтгаан огт байхгүй юм” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020.7.06-ны өдрийн 235 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө төлөөгүй гэж үзээд дээрх шийдвэрийг гаргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 55.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө мэдэгдэх талаар заасан бөгөөд энэ дээр хамгийн гол нь энэ мэдэгдлийг хүлээж аваагүйн улмаас нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийнхөө жилийн төлбөрийг төлөөд тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байдлыг хадгалж үлдэх боломжийг олгоогүй гэдэг байдлаар нэхэмжлэлээ гаргаж байгаа. Хариуцагч талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хаяг тодорхойгүй, утас холбогдоогүй гэсэн байдлаар буцаад хариуцагч болох Ашигт малтмал газрын тосны газарт ирсэн байдаг. Хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлийн хувьд өмнөх хуралдаанд хэлсэнчлэн энэ компанийн хаяг нь 2014 онд Орхон аймгийн ИТХ-ийн 2014.8.06-ны өдрийн 03-р тогтоолоор хаягийн нэршил нь өөрчлөгдөж үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн М ХК-ийн салбар тухайн хаяг нь бүртгэл дээр байхгүй, тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаасан, мөн утас холбогдоогүй гэсэн тэмдэглэгээ хийсэн байдаг.
Утасны тухайд нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой гарч ирэх байх. Хариуцагчийн мэдээллийн системд захирал С.Ц ...... гэсэн дугаар, мөн геологич С.М ....... гэсэн дугаарууд бүртгэлтэй байсан. С.М н хувьд 2019.5.29-ний өдөр компаниас энэ хүн нь цаашид ажлаа өгөх гэж байгаа үүнтэй холбогдуулаад Ц.Б гэх хүний дугаарыг бүртгэж аваачээ гэсэн хүсэлтийг тухайд үед өгч байсан үүнтэй холбоотойгоор бүртгэлийн системд өөрчилсөн дугаарыг бүртгээгүй.
Нөгөөтээгүүр мэдэгдэл явуулахдаа анхны цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг явуулахдаа бэлээхэн 2 утасны дугаар байсаар байтал зөвхөн 1-г нь сонгож явуулсан нь холбогдох боломжгүй дугаар байж таарсан. Энэ байдлыг нэхэмжлэгчийн зүгээс буруутгаж байгаа. Нөгөөтээгүүр үнэхээр энэ утсыг тавиад болоод байна уу гэхээр сүүлд нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр, урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар газрын даргад гаргасан гомдлыг хариу, кадастрын хэлтсийн даргад гаргасан хүсэлтийн хариу нь дээр дандаа Ц******* захирлыг дугаарыг хамт бичээд явуулчихсан байдаг. Энэ бүх бичгийг нэхэмжлэгч гардан авсан байгаа. Хуулиас үзэхэд мэдэгдлийг заавал зохих журмын дагуу хүргүүлэх нь хариуцагчийн үүрэг байгаа. Уг мэдэгдлийг хариуцагч зохих журмын дагуу хийгээгүй байна гэсэн зүйл байна.
Хууль зүйн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д зааснаар тусгай зөвшөөрлөө хадгалан үлдэх боломж байдаг. Мэдэгдлийг зохих журмын дагуу ядаж утсыг нь бүрэн бүтэн тэмдэглээд явуулчихсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д зааснаар 30 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг нь төлөөд зөрчлийг арилгаад зөвшөөрлөө цуцлуулахгүй, хадгалаад аваад үлдэх боломж бүрдэхээр байсан. Зохих журмын дагуу мэдэгдлийг хүргүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020.07.О6-ны өдрийн 235 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Т ХХК-аас ирүүлсэн өргөдлийг хянан үзээд ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2017.11.23-ны өдрийн 661-р шийдвэрээр М ХХК-д шилжүүлжээ. М ХХК-ийн уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх өргөдлийг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрээр 943.23 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 15061.36 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хуулийн нөхцөл шаардлагыг хангасан тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс тооцон, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу М ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот албан бичгээр Кадастрын бүртгэлийн Уул уурхайн кадастрын мэдээллийн системд бүртгэлтэй хаяг болох Орхон аймгийн Б******* сумын ***-р хороо, *** задгай хаягаар хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх 2020 оны дэвтрийн **** дугаарт бүртгэгдсэн бүртгэлээр Хаяг дээр байхгүй, утас холбогдохгүй шалтгаанаар Буцаалт-аар тэмдэглэгдэн 2020.6.08-ны өдөр тус газарт ирсэн байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба М ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн албан тоот болон тус газрын 2020 оны Баримт бичиг хүлээлцэх дэвтэр-ийн хуулбараар баталгаажиж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заажээ. Гэтэл М ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчиж, 34 дүгээр зүйлийн 34 2-д дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй байсан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 235 тоот шийдвэрээр цуцалж улмаар 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** тоотоор мэдэгдлийг хүргүүлэн хуулийг хэрэгжүүлж ажилласан. Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид хайгуулын Х6-******* тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн нотолгоо тус компани /С.Ц*******/ 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34.2, 56 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 235 тоот шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” **** дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Увс аймгийн *******, сумын нутагт байрлах **** нэртэй 16004.59 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр “Т” ХХК-д анх олгосон байна.
“Т ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 661 дүгээр шийдвэрээр “М” ХХК-д шилжүүлсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр “... ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр “М” ХХК-ийн *** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Б******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны тогтоолоор хаягжуулалтын өөрчлөлт хийсний улмаас манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл манай компанид ирээгүй буцаагдсан, мөн шуудангийн дугтуйн дээр гадаад улс руу явсан геологич С.М н утсыг бичсэний улмаас цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдэл манай компанид ирээгүй, цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг явуулсан шуудангийн дугтуйн дээр компанийн захирал С.Ц болон шинээр томилогдсон геологич Ц.Б******* нарын утсыг бичих ёстой байсан” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйл Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг, 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” “М” ХХК-д хаягласан *** дугаар албан бичгийн шуудангийн дугтуйд хаягийг Орхон аймаг, Б******* сум, ** дугаар баг, *** задгай, Утас:.......... гэж бичсэн байна.
Орхон аймгийн Б******* сумын ИТХ-ын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Гэр хорооллын хаягжуулалтыг шинэчлэн тогтоох тухай” 03 дугаар тогтоолоор гэр хорооллын хаягжуулалтыг шинэчлэн тогтоосон байна, харин “М” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 661 дүгээр шийдвэрээр шилжүүлэн авсан байна.
Үүнээс үзэхэд “М” ХХК уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахаас өмнө Орхон аймгийн Б******* сумын ИТХ-ын 2014 оны 03 дугаар тогтоолоор хаягжуулалт өөрчлөгдсөн буюу шинэчлэгдсэн байна.
Орхон аймгийн Б******* сумын багийн зохион байгуулагч С.О тодорхойлолтоос[1] үзэхэд дээрх Б******* сумын ИТХ-ын 2014 оны 03 дугаар тогтоолын дагуу “М” ХХК-ийн Орхон аймаг Б******* сум, ******* баг задгай гэсэн хуучин хаягийг Б******* сум, ***** баг, Ургацын **** тоот гэж өөрчилсөн байна.
Нэхэмжлэлд хавсаргасан “М” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүрэмд шинэ хаягжуулалтын дагуу Орхон аймаг Б******* сум **** баг, Ургацын **** гэж бичигдсэн байх ба уг дүрэмд үүсгэн байгуулагч С.Ц гарын үсэг зурсан байна.
Дээрхээс үзэхэд Орхон аймаг Б******* сум ******* баг, Ургацын ******* тоот гэж хаяг шинэчлэгдсэнийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж үзэхээр байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д хаягийн өөрчлөлтөө төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг байхаар нарийвчлан зохицуулсан, мөн компанийн геологич өөрчлөгдөх, утасны дугаар өөрчлөгдөх, хаягийн өөрчлөлтийг шинэчлэн бүртгүүлэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн дотоод зохион байгуулалтын асуудал тул эдгээр үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “М” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” №27 дугаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэст хандсан албан бичгээр геологич С.М ажлаа өгсөн тул түүнийг орлон Ц.Б, геологичийг бүртгэл мэдээллийн санд бүртгэж өгнө үү” гэж геологич, түүний утас өөрчлөгдсөнийг мэдэгдсэн байхад уг Ц.Б******* геологичийн утсыг шуудангийн дугтуй дээр бичих ёстой байсан” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ““М” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” №27 дугаар албан бичгийг хаягийн өөрчлөлтийг Кадастрын хэлтэст албан ёсоор мэдэгдсэн хүсэлт, тодорхойлолт гэж үзэхгүй, хаягийн өөрчлөлтийг К04 маягтаар албан ёсоор Кадастрын хэлтэст мэдүүлэх ёстой, түүнчлэн уг №27 хүсэлт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хаяглагдаагүй, харин Геологи хайгуулын хэлтэст хаяглагдсан байх тул хаягийн өөрчлөлтийг мэдэгдсэн хүсэлт гэж үзэхгүй, геологич өөрчлөгдөх болон хаяг өөрчлөгдөх нь тусдаа тусдаа ойлголт” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэн түрүүнд биелүүлэх үндсэн үүрэг байх бөгөөд энэ үүргээ зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд тодорхой заасан байна.
*** дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаас үзэхэд “М” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн болох нь нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан байх ба энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтууд болон үйл баримтуудаас үзэхэд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үндсэн үүргээ “М” ХХК нь биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.12-т тус тус заасныг баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 235 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ