Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Х.Б

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.

 

Хэргийн индекс: 128/2023/0716/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нийгмийн даатгалын хуулийн /1994 оны/ 6 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, 5, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Х.Б-ийн ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг тооцож, тэтгэвэр тогтоохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалган” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...

2.1. Захиргааны актад гомдол гаргах .ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5, 54.1.8 заалтуудыг тус тус зөрчсөн. Тодруулбал, захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргахаар хуулиар журамласан, энэ журмыг зөрчиж тэтгэврийг тогтоосноос хойш 3 жил гаруй дараа дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн.

2.2. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч цалин хөлснөөс нь суутган нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй (1994 оны “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1), “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг" (1994 оны “Нийгмийн даатгалын тухай хууль’’-ийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5), шимтгэл төлж даатгуулсан иргэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй (1994 оны “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 1), нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан тогтооно (1994 оны “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 1), ажил олгогчийн буруугаас шимтгэл нь төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцна (1994 оны “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 2) заалтуудыг зөв хэрэглээгүй. Ажил олгогч шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас ажилтанд хохирол учирвал ажил олгогч хохирлыг бүрэн хариуцна гэж хуульчилсан байхад ажил олгогчийг уг хариуцлагаас чөлөөлж, нийгмийн даатгалын байгууллагад хариуцлагыг нь хүлээлгэж хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн. “Ах” ХХК 1995-2003 онд байгуулагдсан байсан уу, одоо байгаа юу, нийгмийн даатгалын байгууллагад хэзээ бүртгүүлсэн, нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалт хийх, шимтгэлийн өрийг ажил олгогчийн данснаас үл маргах журмаар гаргуулах үндэслэл, боломж байсан уу гэх мэт үйл баримтуудыг тогтоогоогүй байж хяналт шалгалт хийх, шимтгэлийг нь төлүүлэх үүргээ биелүүлээгүй, төлөгдөөгүй шимтгэлийг нь данснаас нь үл маргах журмаар гаргуулаагүй гэж нийгмийн даатгалын байгууллагыг буруутгасан. Улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээллээс үзэхэд “Ах” хоршоо 2011 онд байгуулагдсан байна. 1995-2003 онд бүртгэлгүй байсан ажил олгогчоор нийгмийн даатгалын байгууллага тухайн үед шимтгэл төлүүлэх боломжгүй, одоо ч боломжгүй гэсэн үг. Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаанаас үзэхэд “Ах” ХХК-ны 1999-2003 оны шимтгэлийн тайланд Х.Б-ийн нэр байхгүй бөгөөд энэ нь тухайн үед уг байгууллагад Х.Б ажиллаж байгаагүй байх боломжтой, даатгалын байгууллага тухайн үед шимтгэлийг нь төлүүлэх арга хэмжээ авах үндэслэл байгаагүй байж бас болно. Шүүх үнэн бодит байдлыг бүх талаас нь эргэлзээгүйгээр тогтоолгүйгээр шийдвэр гаргасан.

2.3. 1982-2003 он дуустал 21 жил нэг байгууллагад ажиллахдаа өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан эсэхийг мэдэхгүй явсан уу, мэдэж байсан бол төлүүлэх талаар шаардлага ажил олгогчдоо тавьсан эсэхийг хүртэл тогтоох нь хэргийг үнэн бодитой, үндэслэлтэй шийдэхэд ач холбогдолтой байсан.

2.4. Шүүхийн шийдвэрийн 3.9-д заасан эрхүүдээ нийгмийн даатгалын байгууллага эдлээгүйгээс болж иргэн хохирсон тул хариуцлага хүлээж, тэтгэврийг нь тогтоо гэжээ. Эрхээ эдлээгүй бол хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт эрх зүйн харилцаанд байхгүй.

2.5. Шимтгэл төлөх, төлүүлэх үүрэг хүлээсэн “Ах” ХХК, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 (Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.) заалтыг зөрчсөн.

2.6. Шүүхийн шийдвэрийн 3.11-д “Х.Б-ийг төлөгдөөгүй шимтгэлийг... төлөхийг шаардаж, ... олгохоос татгалзсан нь хуульд нийцээгүй байна” гэж нотлох баримтыг буруу үнэлж, хуулийн үндэслэлээ заалгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийг шимтгэлээ төлөхийг хариуцагч шаардаагүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй, тэтгэвэр олгохоос татгалзсан нь аль хуулийн ямар зүйл, заалтад нийцээгүйгээ заагаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4, 107 дугаар зүйлийн 107.4 заалтуудыг зөрчсөн.

2.7. Шийдвэрийн 3.15-д “ажиллаж байсан учраас шимтгэлээ суутгуулсан байх ёстой ба ийнхүү төлснөөр уг ажилласан хугацааг оруулан тэтгэвэр тогтоох нь зүйтэй” гэж дүгнэжээ. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-д “шимтгэл төлсөн хугацаа” гэдэг нь ажил олгогч .... нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг хэлнэ” гэж хуульчилсан. Нийгмийн даатгалын санд шимтгэлийг шилжүүлснээр шимтгэл төлсөн хугацаа тооцогдоно гэж хуульчилсныг шүүх хэрэглээгүй.

2.8. Шийдвэрийн 3.16, 3.17-д бичсэн дүгнэлт нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга ёс, хууль дээдлэх зарчмын эсрэг болжээ. Шимтгэл төлж даатгуулсан иргэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй (1994 оны “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 1) гэж хуульчилсныг зөрчиж, шимтгэл нь төлөгдөөгүй иргэнд хуулиар олгоогүй эрхийг эдлүүлж, шимтгэл төлөөгүй иргэнд тэтгэвэр тогтоох хуулиар олгогдоогүй үүргийг нийгмийн даатгалын байгууллагад хүлээлгэж, “хүний эрхийг эрхэмлэн дээдлэх”-дээ Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч ... гагцхүү хуульд захирагдана” гэж заасныг зөрчсөн.

2.9. Энэ шийдвэр нь ажил олгогч шимтгэл төлөх үүргээ биелүүлэхгүй байж болно, үүндээ хариуцлага хүлээхгүй, уг үүргээ биелүүлээгүйгээс иргэнд хохирол учирвал төр хариуцна, даатгуулагч өөрийнх нь шимтгэл төлөгдөж байгаа эсэхэд хяналт тавихгүй байж болно, шимтгэл нь төлөгдөөгүй байсан ч тэтгэвэр тогтоолгож болно, хуулиар олгоогүй эрх, үүргийг шүүхээс олгож болдог гэсэн сэдлийг нийгэмд төрүүлж байна.

2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

   Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Х.Б “... шүүхээр тогтоолгосон ажилласан жилээс 1995-2003 оны 9 жилийн хугацааг “нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэж үндэслэлгүйгээр хасаж, тэтгэврийг 17 жил 8 сараар тооцон  тэтгэвэр тогтоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 26 жил 8 сараар тооцон тогтоохыг хариуцагч нарт даалгах ”шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Анхан шатны шүүх “... Х.Б нь ажил олгогч “Ах” ХХК-ийн тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл, түүнд ногдох алданги, хүүг албадлага хэрэглэн гаргуулах эрх хэмжээгүй, ийм эрх хэмжээ нь нийгмийн даатгалын байцаагч, нийгмийн даатгалын хэлтэс, газарт байгаа, эдгээр нь хуульд заасан хугацаанд “нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тайлагнал”-д тавих хяналт шалгалтаа явуулаагүй тус албаны буруугаас болж, тэтгэвэр авах хугацаагаа зөв тогтоолгох эрх нь хөндөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.Б-ийн уг эрхийг сэргээн эдлүүлэх нь зүйтэй ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангахдаа нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс үндэслэл бүхий болоогүй байна.

3. Нийгмийн даатгалын тухай (1995.01.01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн) хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай[1]  хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийгмийн даатгалын байгууллагаас 1995 оноос хойш “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн” хугацааг харгалзаж “бүрэн”, эсхүл “хувь тэнцүүлсэн” тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх эрхтэй байх тул нэхэмжлэгчийн “зөвхөн шүүхээр ажилласан жил тогтоосон хугацаагаар тооцоогүй нь хууль бус” гэж маргасан нь үндэслэлгүй.

4. Тэрээр нэхэмжлэгч нь “... хэрэв тэтгэвэр тогтооход хэрэглэхгүй бол шүүхээр ажилласан жил тогтоолгох шаардлагагүй байсан” гэх боловч 1995 оноос өмнөх 11 жилийн хугацааны ажилласан жилийг хариуцагч хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтооход тооцсон, харин шүүхийн шийдвэрээр 1995 оноос дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацааны ажилласан жил тогтоосныг “нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан хугацаа”-г тогтоосон гэж шууд үзэхгүй, энэ нь ялгаатай ойлголт тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.

5. Анхан шатны шүүх уг хуулийг энэ агуулгаар хэрэглэсэн нь зөв бөгөөд харин хэрэгт авагдсан баримтаар 1995-2003 оны хооронд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэх, төлөгдөөгүй бол хэн буруутай нь тогтоогдоогүй байхад нийгмийн даатгалын байгууллагын тухайн үед “ажил олгогчид тавих хяналтаа хэрэгжүүлээгүй” болон ажил олгогчийн шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж шууд дүгнэн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

6. Хэрэгт нэхэмжлэгчийн 1995-2003 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэхтэй холбоотой авагдсан Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 408 дугаар албан бичигт “... Х.Б-ийн ажиллаж байсан Бугат сумын “Ах” ХК нь 1999-2003 оны шимтгэл төлсөн байгаа бөгөөд тайланд нэр байхгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэж дурдсанаас өөр баримт авагдаагүй байна.

7. Тухайн баримтаар 1995-1999 оны мэдээлэл байхгүйгээс гадна ажил олгогч Бугат сумын “Ах” ХК нь 1999-2003 онд тодорхой хэмжээнд шимтгэл төлж тайлангаа гаргаж байсан, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02217 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Б-ийг 1982 оноос 2003 он (20 жил 2 сар) дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэл болон “Ах” ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсныг тогтоосон, нэхэмжлэлд “... нэгдэл нь зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн “Ах” хоршоо болоход үргэлжлүүлэн ажиллаж байсан талаар дурдсан, мөн иргэний хэргийн шүүхэд гэрчээр асуугдсан иргэн Л.О-гийн тайлбарт “... нэгдэл болон “Ах” хоршоонд 23 жил тасралтгүй ня-бо-гоор ажиллахдаа Х.Бтай хамт ажилласан” гэж мэдүүлжээ.

8. Эдгээрээс үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч болон ажил олгогч төлж байсан эсэх, 1995 оноос хойш ямар нэртэйгээр, зохион байгуулалтын хэлбэр нь ямар хуулийн этгээд байсан /“хоршоо”, “компани”/-ныг тодруулж, тухайн нэрээр архивын баримтыг олох, шимтгэл төлөгдөөгүй бол хэний буруу болох, үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн /даатгуулагчийн/ төлөх ёстой байсан шимтгэлийн хэмжээ нь хэд болох, хэрхэн нөхөн төлүүлэх, ажил олгогчийн төлөх ёстой байсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүйгээр татан буугдсан тохиолдолд хэнд, ямар хууль зүйн үр дагавар үүсдэг, тухайн үр дагавар нь даатгуулагчид хэрхэн тусдаг буюу даатгуулагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болох эсэх, нөгөө талаас татан буугдахаас өмнө нэхэмжлэгч нь цалин хөлс авч байсан эсэх, цалин хөлснөөс нь нийгмийн даатгалын шимтгэл суутгагдсан эсэхийг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан эсэх тодруулсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

9. Иймд анхан шатны шүүх нь дээрх хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой баримтыг цуглуулан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] 2023.07.07-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл (2024.01.0.1) дагаж мөрдсөн.