Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Оюунгэрэл, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга А.Болор,

          Иргэдийн төлөөлөгч Б.Доржжүгдэр,

          Улсын яллагч Д.Цолмон,

          Хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч М.Нарангэрэл,

          Шүүгдэгч Г.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Одончимэг,

          Шүүгдэгч Д.Болдбаяр, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.Болдбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гантулга, Д.Болдбаяр нарт холбогдох 2016 2501 0175 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 41 дүгээр байрны 952 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 83 дугаар байрны 952 тоотод оршин суудаг, “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-д менежер ажилтай, улсаас авсан шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2/133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Хиад боржигон овогт Гомбосүрэнгийн Гантулга /Регистрийн дугаар: ЙЮ82022374/,

 

          2. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1981 оны 03 дугаар 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 31 тоотод оршин суудаг, “HARD BOX” ХХК-ний захирал ажилтай, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Дугар овогт Дүгэрсүрэнгийн Болдбаяр /Регистрийн дугаар: ЙЮ81032074/,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Г.Гантулга нь “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ний Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын мөнгөнөөс 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд 66.388.336 төгрөгийг, Д.Болдбаяртай бүлэглэн 2015 оны 04 дүгээр сард 81.000.000 төгрөгийг, нийт 147.388.336 төгрөгийг хувьдаа завшсан,

          Д.Болдбаяр нь Г.Гантулгыг АЙ энд ЭР МОНГОЛИА" ХХК-ний Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь буюу 2015 оны 04 дүгээр сард байгууллагын мөнгөнөөс 81.000.000 төгрөгийг өдөөн хатган гаргуулж бүлэглэн завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: “2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 287 дугаар өргөтгөлөөс 27.840.000 төгрөгийг, 350 дугаар өргөтгөлөөс 25.056.000 төгрөгийг, 04 дүгээр сарын 16-ны өдөр 340 дүгээр өргөтгөлөөс 27.840.000 төгрөгийг, өөрөөсөө 264.000 төгрөгийг гаргаж Болдбаатарт нийт 81.000.000 төгрөгийг өгсөн. Энэ хүмүүсээс зээлсэн мөнгөө өгөхийн тулд 04 дүгээр сарын 19-ний өдөр 194 дүгээр өргөтгөл буюу Эркагаас 40.000.000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлсэн. 04 дүгээр сарын 19-ний байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 97.100.000 төгрөг болсон байсан. 04 дүгээр сарын 29-ний өдөр 272 дугаар өргөтгөлөөс 27.840.000 төгрөгийг, 187 дугаар өргөтгөлөөс 5.280.000 төгрөгийг, 228 дугаар өргөтгөлөөс 5.280.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. 04 дүгээр сарын 29-ний байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 101.380.000 төгрөг болсон байсан. 05 дугаар сарын 06-ны өдөр 350 дугаар өргөтгөлөөс 19.480.000 төгрөгийг, 05 дугаар сарын 11-ний өдөр Жавхлантаас 11.136.000 төгрөгийг, 05 дугаар сарын 12-ны өдөр Эркагаас 41.760.000 төгрөгийг тус тус авч өмнөх зээлсэн мөнгөө өгсөн. 05 дугаар сарын 12-ны байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 108.657.600 төгрөг болсон байсан. 05 дугаар сарын 13-ны өдөр 275 дугаар өргөтгөлөөс 2.640.000 төгрөгийг, 187 дугаар өргөтгөлөөс 7.920.000 төгрөгийг, 386 дугаар өргөтгөлөөс 7.920.000 төгрөгийг, 05 дугаар сарын 14-ний өдөр 228 дугаар өргөтгөлөөс 10.056.000 төгрөгийг тус тус авч өмнөх зээлсэн мөнгөө өгсөн. 05 дугаар сарын 14-ний байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 113.937.600 төгрөг болсон байсан. 05 дугаар сарын 16-ны өдөр 361 дүгээр өргөтгөлөөс 27.840.000 төгрөгийг, 376 дугаар өргөтгөлөөс 13.920.000 төгрөгийг, 05 дугаар сарын 18-ны өдөр Амараагаас 27.840.000 төгрөгийг тус тус авч өмнөх зээлсэн мөнгөө өгсөн. 05 дугаар сарын 18-ны байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 120.897.600 төгрөг болсон байсан. 05 дугаар сарын 19-ний байдлаар 275 дугаар өргөтгөлөөс 27.840.000 төгрөгийг, 387 дугаар өргөтгөлөөс 27.840.000 төгрөгийг,  392   дугаар  өргөтгөлөөс  5.328.000  төгрөгийг,  78  дугаар   өргөтгөлөөс

5.280.000 төгрөгийг тус тус авч өмнөх зээлсэн мөнгөө өгсөн. 05 дугаар сарын 19-ний байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 127.525.600 төгрөг болсон байсан. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Жавхлантаас 13.920.000 төгрөгийг, 06 дугаар сарын 12-ны өдөр 350 дугаар өргөтгөлөөс 13.920.000 төгрөгийг, 06 дугаар сарын 15-ны өдөр 361 дүгээр өргөтгөлөөс 9.600.000 төгрөгийг тус тус авч өмнөх зээлсэн мөнгөө өгсөн. 06 дугаар сарын 15-ны байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 131.005.600 төгрөг болсон байсан. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Түмэнжаргал гэдэг хүнээс 2 сарын хугацаатай 05 хувийн хүүтэй мөнгө зээлж өмнөх зээлсэн мөнгөө өгсөн. 07 дугаар сарын 30-ны байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 137.505.600 төгрөг болсон байсан. 07 дугаар сарын 31-ний өдөр 275 дугаар өргөтгөлөөс 10.848.000 төгрөгийг, 07 дугаар сарын 23-ны өдөр 350 дугаар өргөтгөлөөс 19.480.000 төгрөгийг тус тус зээлж, нийт 30.320.000 төгрөгийг өмнөх зээлсэн мөнгөө өгсөн. 08 дугаар сарын 22-ны байдлаар хүүтэйгээ нийлээд миний зээлсэн мөнгө 140.537.600 төгрөг болсон байсан. 08 дугаар сарын 23-ны өдөр 187 дугаар өргөтгөлөөс 7.920.000 төгрөгийг, 272 дугаар өргөтгөлөөс 5.280.000 төгрөгийг, 340 дүгээр өргөтгөлөөс 27.840.000 төгрөгийг тус тус зээлж, нийт 41.040.000 төгрөгийг өмнөх зээлсөн мөнгөө өгсөн. 08 дугаар сарын 28-ны байдлаар 144.641.600 төгрөг болсон байсан. 349 дүгээр өргөтгөлөөс тооцооны зөрүү 388.000 төгрөг, 372 дугаар өргөтгөлөөс тооцооны зөрүү 532.000 төгрөг, Ундармал Сод Рашаанаас тооцооны зөрүү 86.200 төгрөг, Жавхлантаас хугацаа дууссан бараа 484.200 төгрөг болсон ба компанид уг бараа нь буцаалтаар оччихсон байгаа. Өргөтгөл Сарнай хугацаа дууссан бараа нь буцаалтаар компанид оччихсон байгаа гэсэн. Би үнийн дүнг нь мэдэхгүй байна. Нийт 147.388.336 төгрөг болсон.” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Болдбаярын өгсөн: “2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр найз Гантулгаасаа “Өндөр заяа” ХХК-ний буулгалтын ажлын гүйтцэтгэлийн баталгаа болох 81.000.0000 төгрөгийг харилцагч нараасаа зээлээд өгөөч гэж анх удаа гаргуулж авч байсан. Тэрнээс хойш ажил бүтэхгүй зээлсэн мөнгөний хүү нь өсч явсаар байгаад ийм байдалд хүрсэн юм.” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “Гантулга нь манай компанид жолоочоор анх ажилд ороод өдийг хүртэл олон жил ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний үеэр Гантулга нь эмнэлэгт хэвтэнэ гэсэн болохоор өөр хүнд ажлыг нь даатгах шаардлага гарсан. Тэгээд ажлыг нь хүлээлгэж өгөх гээд өмнөх харилцагч нартай нь тооцоо нийлэхэд зөрүү гарсан. Энэ талаар асуух гээд Гантулгатай холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй. Олон жил харилцсан харилцагч нар маань Гантулгаас бараа авах ёстой гээд жолооч нарыг явуулахгүй, машин тэргийг хаах гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж, манай компаний өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулж эхэлсэн. Тэгээд харилцагч нарынхаа барааг олгож, гомдолгүй болгосон. Манай компанид 147.338.336 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг өдийг хүртэл ямар нэгэн байдлаар төлж барагдуулаагүй. Компанид учирсан хохирлоо нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн   байцаалтанд   хохирогчийн   төлөөлөгч  М.Эрдэнэсүрэнгийн   өгсөн:

“Манай компанийн Нарантуул хариуцсан менежер Гомбосүрэн овогтой Гантулга гэх залуу 2015 оны 11 сарын 03-ны өдөр эмнэлэгт хэвтлээ гэж ажилдаа ирэхгүй болсон тул манай компани Гантулгын орны хүнийг томилж Нарантуул зах дээр очиж харилцагч нартай тооцоо нийлэхэд Гантулгын хариуцсан 21 тооны харилцагч нараас нийт 148.006.540 төгрөг бэлнээр дутсан. Ингээд бид уг асуудлыг мэдээд Гантулгатай удаа дараалан холбогдох гэж 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл арга хэмжээ авсан боловч холбогдож чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Гантулга нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байх лангуунаас мөнгө авахдаа бэлнээр болон өөрийнхөө хувийн дансаар шилжүүлэн авсан байдаг уг асуудлын талаар бид харилцагч нартай уулзаж байж мэдсэн.” гэх мэдүүлэг /хх.1.11-12/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Н.Мөнхтуяагийн өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Гантулга надад 500 авдар буюу нийт 12.000 ширхэг хүүхдийн пороро ундаа авчирч өгнө гээд надаас нийт өөрийнхөө Гантулга нэртэй ХААН банкны данс руу бэлнээр миний өөрийн ХААН банкны 5607644454 тоот данснаас нэг ширхэг ундааг 950 төгрөгөөр бодож нийт 11.400.000 төгрөг авсан, гэхдээ уг 12.000 ширхэг ундаанаас надад 9.600 ширхэгийг нь өгсөн одоо уг компаниас 2.400 ширхэг ундаа авах авлагатай байгаа. Гэтэл Гантулга уг компаниас миний нэрийг барьж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.400 ширхэг ундааг хуурамч баримт үйлдэн гаргасан байсан. Гантулга надаас мөнгө авах үедээ бэлэн мөнгөний падаан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан.” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Цогтбаатарын өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Гантулга надад 500 хайрцаг доширак авчирч өгнө гээд урьдчилаад надаас 13.920.000 төгрөгийг авсан. Уг компаниас би авах ёстой бүх бараагаа хүлээж авсан.” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Долзодмаагийн өгсөн: “... ингээд би Гантулгад нийт 1.400 хайрцаг доширак буюу 38.976.000 төгрөгийг ХААН банкных нь данс руу хийж өгсөн... үүнээс уг 1.000 хайрцаг доширакийг надад өгөхгүй зугатаад яваад байхаар нь би “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-нд хандахад эхлээд надад Гантулга өвчтэй байгаа гэж хэлсэн, тэгээд удалгүй Гантулга олон хүнээс бэлнээр өөрийнхөө дансаар мөнгө авсан байна гээд миний хохирол болон 1.000 хайрцаг доширакийг төлөхөөр болж ... намайг хохиролгүй болгож өгсөн.” гэх мэдүүлэг /хх.1.23-24/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Л.Долгорсүрэнгийн өгсөн: “... би мөнгийг Гантулгад дансаар хийж өгсөн. Яг ямар дансанд хийж өгснийг санахгүй байна. Гантулгын хувийн данс байсан байх… дээрх компани миний ундаануудыг бүгдийг нь өгсөн байгаа. Гантулга компанидаа өртэй үлдсэн байх... Урьд өмнө нь ямар нэгэн тооцооны асуудал гарч байгаагүй. 2015 оны 12 дугаар сард “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-наас нягтлан нь бас нэг хүнтэй ирээд та 2.760.000 төгрөгийн тооцоотой байна гэхээр нь би надад тийм асуудал байхгүй, би Гантулгад урьдчилж 300 авдар ундааны мөнгө өгөөд ундаагаа авсан шүү дээ л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх.1.29-30/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч А.Алтанцэцэгийн өгсөн: “... би энэ 100 авдар доширакийг Гантулгаас авч байсан он сарыг сайн санахгүй байна. Би энийг авсан даруйдаа мөнгийг нь өөрийнхөө 5013007971 тоот ХААН банкны дансаас шилжүүлж байсан. Харин Гантулга энэ мөнгийг компанидаа тушаагаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх.1.31/,

 

          “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ний ажилтны ажил үүргийн хуваарь /хх.1.88/,

 

          “Сүлд аудит” ХХК-ний “... 4. 3ах хариуцсан менежерээр ажиллаж байсан Г.Гантулгад үүсч байгаа 148.006.540 төгрөгийн дутагдалтай холбоотойгоор Г.Гантулгын хариуцсан 20 харилцагчийн тооцоог шалган үзэхэд 147.388.336 төгрөгийн дутагдал гарч байгаа нь холбогдох анхан шатны баримтаар нотлогдлоо...

          7. Харилцагчидтай өглөг авлагын тооцоогоо сар болгон хийж баталгаажуулж байгаагүйгээс зах хариуцан ажиллаж байсан менежер Г.Гантулга 147.388.336 төгрөгийг хувьдаа авч шамшигдуулах нөхцлийг бүрдүүлсэн байна...” гэх аудитын дүгнэлт /хх.1.40-41/,

 

          Шинжээчийн 49 дүгээр “Сүлд аудит” ХХК-ний гаргасан аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна. Г.Гантулга нь “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-д ажиллах хугацаандаа нийт 147.388.336 төгрөгийн дутагдал гаргасан байна.” гэх дүгнэлт /хх.1.50-51/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Г.Гантулгын өгсөн: “Болдбаяр анх надаас 81.000.000 төгрөг авахдаа тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна, би ажил авах гэж байна, удлаа гэхэд 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Тухайн үед би “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ний Нарантуул захыг хариуцсан борлуулалтын менежер ажилтай байсныг Болдбаяр сайн мэддэг, намайг их хэмжээний мөнгөтэй харьцдаг гэдгийг мэддэг байсан тул намайг борлуулалтын орлогоосоо хэдэн төгрөг өгөөчээ гэсэн. Ингээд үүнээс хойш Болдбаяр бид 2 Нарантуул захаар манай харилцагч нараас мөнгө асууж компаний орлогоос урьдчилан авах гэсэн боловч харилцагчдад мөнгө байгаагүй тул 7 хоногийн дараа өргөтгөлийн 287-р лангуунаас 27.840.000 төгрөгийг, өргөтгөлийн 350-р лангуунаас 12.160.000 төгрөгийг өргөтгөлийн 194-р лангууны Эрка гэх хүнээс 41 сая төгрөгийг авсан. Эдгээр мөнгө уул нь шууд компаний дансанд орох ёстой байсныг Болдбаяр мэдэж байсан. Анх Болдбаяр ажлаа эхлэх гэж надаас мөнгө асуухдаа чи компанийхаа орлогоос урамшуулал зарлаад мөнгө аваад өгөөчээ, миний ажлын мөнгө ороод ирэхээр алданги болон үндсэн мөнгийг би төлчихнө гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх.2.151-152/,

 

          Мөрдөн байцаалтанд яллагдагч Д.Болдбаярын өгсөн: “... Гантулгатай өмнө энэ ажлын талаар ярьж байсан учир нөгөө ажил чинь 80 сая төгрөг байвал бүтэх гэж байна, чи харилцагч нараасаа нэг сарын хугацаатай зээлээд өгөөч гэхэд Гантулга асууя гээд маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг өгсөн... 42.000.000 төгрөгийг Гантулга надад 2016 оны 04 сарын 20-ны өдөр өгсөн. Ингээд би нийтдээ Гантулгаас 81.000.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /хх.2.180/,

 

          -Гэрч Д.Болдбаярыг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.13-14/,

          Гэрч Г.Шинэцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.15-16/,

          -Гэрч Г.Одонтуяаг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.17/,

          -Гэрч Н.Мөнхтуяаг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.19/,

          -Гэрч З.Нямцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.25/,

          -Гэрч Б.Ариунааг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.35/,

          -Гэрч Ш.Дашдоржийг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.37/,

          -“Сүлд-аудит” ХХК-ийн 2016.03.07-ны өдрийн 16/21 дүгээр албан бичиг, аудитын тайлан /хх.1.38-45/,

          -Сүлд-аудит” ХХК-ийн тайлангаар илэрсэн дутагдлын дүн /хх.1.52/,

          -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.70/,

          -Г.Гантулгын хөдөлмөрийн гэрээ /хх.1.89-90/,

          -Хохирогч М.Эрдэнэсүрэн мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан тэмдэглэл /хх.1.214/,

          -Гэрч Д.Сарнайцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.1.218/,

          -“АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ийн зарлагын падаан /хх.2.6/,

          -Л.Болдбаярыг Иргэний хариуцагчаар татах тогтоол /хх.1.225/,

          -Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх.1.238/,

          -“АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ийн зарлагын падаан /хх.1.125-169/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Шүүгдэгч Г.Гантулга нь “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ний Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компаний мөнгөнөөс 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд 66.388.336 төгрөгийг, түүнчлэн Д.Болдбаяртай бүлэглэн 2015 оны 04 дүгээр сард 81.000.000 төгрөгийг, нийт 147.388.336 төгрөгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан,

          Шүүгдэгч Д.Болдбаяр нь Г.Гантулгыг “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ний Нарантуул  Олон  Улсын  Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж

байхад нь буюу 2015 оны 04 дүгээр сард тус компаний мөнгөнөөс 81.000.000 төгрөгийг өдөөн хатган гаргуулж бүлэглэн завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт /хх.1.11-12/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Эрдэнэсүрэнгийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Н.Мөнхтуяа /хх.1.19-20/, С.Цогтбаатар /хх.1.21-22/, С.Долзодмаа /хх.1.23-24/, Л.Долгорсүрэн /хх.1.29-30/, А.Алтанцэцэг /хх.1.31/ нарын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-ний ажилтны ажил үүргийн хуваарь /хх.1.88/, “Сүлд аудит” ХХК-ний гаргасан аудитын тайлан /хх.1.40-41/, шинжээчийн 49 дугаартай дүгнэлт /хх.1.50-51/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Г.Гантулга /хх.2.151-152/, Д.Болдбаяр /хх.2.180/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Гантулга нь “би харилцагч нараас мөнгө зээлж авсан” гэж, түүний өмгөөлөгч нар нь “Г.Гантулга иргэний хэлцлээр мөнгө зээлсэн, түүнд бусдын эд зүйлийг завшиж үрэгдүүлэх субьектив санаа, шунахай сэдэлт тогтоогдоогүй, аудитын дүгнэлт үндэслэл муутай, нэмэлт мөрдөн байцаалтанд хэргийг буцаах шаардлагатай” гэж, шүүгдэгч Б.Болдбаярын өмгөөлөгч нь “Б.Болдбаяр бусдын эд зүйлийг завшиж үрэгдүүлэх гэмт хэргийн субьект биш, мөн аудитын дүгнэлт учир дутагдалтай гарсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байх боловч Г.Гантулга нь Б.Болдбаярын гүйцэтгэхээр санал болгосон бизнесийн эргэлтэнд оруулах зорилгоор өөрийн ажиллаж байсан компаний харилцагч нараас борлуулалтын менежерийн эрх мэдлээ ашиглан “АЙ энд Эр МОНГОЛИА” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний үнээс онц их хэмжээний үнэлгээ бүхий барааны үнийг авч итгэмжлэгдэн хариуцсан этгээдийн хувьд компанидаа хүлээлгэн өгч шилжүүлэлгүй завшиж үрэгдүүлсэн, Б.Болдбаяр нь өөрийн гүйцэтгэх бизнесийн эргэлтэнд оруулж ашиг олох зорилгоор, Г.Гантулгыг бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдгийг мэдсээр байж, компанийхаа харилцагч нараас нийт онц их хэмжээний үнэлгээ бүхий барааны үнийг авч өөрт нь өгөхийг өдөөн түлхэж ятган, завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

 

Иймд шүүгдэгч Г.Гантулгыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Болдбаярыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Гантулга, Д.Болдбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

          Шүүгдэгч Г.Гантулга, Д.Болдбаяр урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлын 66.388.336 төгрөгийг шүүгдэгч Г.Гантулгаас, 81.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Болдбаяраас тус тус гаргуулж, хохирогч “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хиад боржигон овогт Гомбосүрэнгийн Гантулгыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, Дугар овогт Дүгэрсүрэнгийн Болдбаярыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт зааснаар Г.Гантулгад 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө  хурааж, 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дах хэсэгт зааснаар Д.Болдбаярт 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Г.Гантулгад оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, Д.Болдбаярт оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Г.Гантулга, Д.Болдбаяр нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1                     дэх хэсэгт зааснаар Г.Гантулгаас  66.388.336  төгрөгийг,  Д.Болдбаяраас  81.000.000

 

төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “АЙ энд ЭР МОНГОЛИА” ХХК-д олгосугай.

         

          6. Г.Гантулга, Д.Болдбаяр нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Г.Гантулга, Д.Болдбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ

 

                                            ШҮҮГЧИД                                С.ОЮУНГЭРЭЛ

 

                                                                                             С.ӨСӨХБАЯР