Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр                              Дугаар 2022/ШЦТ/61                                                     Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч: Б.Г,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Т.Н,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ийн Г-д холбогдох 2228000880050 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ц-ын эзэмшлийн 20-39 ӨМЭ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 5-44 тоотын хашаа болон жорлонг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн жорлонд байсан Н.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хашааны хохирол төлбөрөө авсан. Тухайн үед хашаа, жорлон эвдэрсэн байсан. Гурав хоногийн дотор  жорлон хийлгэж, хашааны нэг талын булан эвдэрсэн байсныг авч өгсөн.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 сарын 08-ны өдөр 12 цагийн үед бие засаад жорлонд сууж байхад ард юм түр гэх шиг болохоор нь босохын завдалгүй араас түжигнээд, жорлон мөргөөд би жорлонтой хамт түрэгдэж унаснаас болоод миний баруун гар гэмтэж, ясандаа гурван хугаралтай, гурван хадаас тавиулсан. Баруун гарын дунд хуруу зүсэгдэж язарсан, зүүн талын бөөр, бөгсний хэсгээр хөхөрсөн байсан. 20-39 ӨМЭ улсын дугаартай приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Г гэдэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хашаа мөргөөд, мөн намайг жорлонд бие засаж байхад мөргөсөн. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс ирээд машиныг нь өргөж холдуулж намайг жорлон дотроос гаргасан. ...Тухайн хашаа нь Т.Нын эзэмшлийн хашаа байгаа юм. 20-39 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г нь мөргөсөн хашаа, жорлон зэргийг засаж хуучин хэвэнд оруулж хохиролгүй болгосон талаар Н хэлж байсан. Намайг жорлонд бие засаж байхад мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч Г нь мөргөсөн хашаа, жорлон зэргийн хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн миний эмчилгээний зардалд гарсан хадаасны төлбөр 550,000 төгрөг, памп буюу өвчин намдаах тарианы 100,000 төгрөг зэргийг тухай бүрт нь гаргаж өгсөн. Түүнээс хойш гарсан зардал болох эм тарианы мөнгө, урсгал зардал зэргийн 1,149,166 төгрөгийн баримтыг авч ирсэн байгаа. Тухайн зардлыг төлж барагдуулна гэж Г хэлсэн. ...Б.Г миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1.150.000 төгрөгийг төлж барагдуулсан болохоор одоо надад санал гомдол байхгүй /хх-ийн 15-16, 19 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 дугаар сарын 08-ны 11 цаг гээд би хүнд бялуу хүргэж өгөхөөр явчихаад ирэхэд манай хашааны зүүн урд талыг машин мөргөж, хашаанд байсан жорлонг бас мөргөчихсөн, жорлонд бие засаж байсан А-ийн биед гэмтэл учруулсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа нар ирчихсэн байсан. Манай хашаа жорлонг мөргөж хохирол учруулсан. Гэхдээ манай хашаа, жорлонг мөргөсөн Г гэх хүн нь машинаар мөргөж эвдэлсэн хашаа, жорлонгоо 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр засаж хэвийн байдалд нь оруулж намайг хохиролгүй болгож өгсөн байгаа. /хх-ийн 24 дэх тал/

Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Гынд өөрийн эзэмшлийн 20-39 ӨМЭ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Тэгэхэд манай найз Бумандэлгэр ирээд авчихаач гэхээр нь Би Гыг гаднаас орж ирэхээр Бумааг аваад ирээч гээд машины түлхүүрээ өгөхөд Г гарч явсан. Тэгсэн чинь Гын эхнэр гаднаас орж ирээд яагаад Г чиний машиныг унаад явчихаж байгаа юм бэ, Г согтуу байсан шүү дээ гэхээр нь би Г руу залгасан боловч Г утсаа авахгүй байсан. Тэгээд удаагүй байтал миний машинтай явж байгаад айлын хашаа мөргөчихсөн байна гэсэн. Тэгэхээр нь хашаа мөргөсөн айл руу очиход Гурван сайхан 5-44 тоот айлын хашааг мөргөөд зогсчихсон байсан. Миний эзэмшлийн 20-39 ӨМЭ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн урд гуперны зүүн урд хэсэг нь зурагдаж бага зэрэг цуурсан байсан. Өөр эвдрэл учирсан зүйл байгаагүй. /хх-ийн 27 дахь тал/

Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр нь буюу 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 10-11 цагийн хооронд манай найз Ц залгаад намайг хаана байгаа юм Гынд хүрээд ирэх үү гэхээр нь би унаа байхгүй байна. Ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд миний утасны цэнэг дууссан байсан болохоор би дахиж залгаагүй. Намайг тухайн өдөртөө ирж аваагүй. 03 сарын 10-ны өдөр хөдөө яваад ирсэний дараа л Гыг намайг авах гэж яваад айлын хашаа жорлонг мөргөж жорлонд байсан хүнийг мөргөж гэмтээсэн талаар сонссон. /хх-ийн 126 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.А-ийн биед баруун атгаал ясанд далд хугарал, баруун сарвууны 3-р хуруунд шарх, баруун мөр, дал, нуруу, зүүн өгзөг; баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Н.А-ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.А-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 36 дахь тал/

Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 20-39 ӨМЭ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож явсан Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а (тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй

 

өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12,3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хариулт-б. Уг зам тээврийн осол нь гаргахад хүргэсэн шууд шалтгаан нь 20-39 ӨМЭ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож явсан Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 42 дахь тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 920 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 150.000 төгрөг /хх-ийн 56 дахь тал/

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ622-3344 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 3см зузаан банз 5 метр, 100*90 см 160 см өндөртэй нимгэн төмөр 00 нийт үнэ 802.000 төгрөг /хх-ийн 65 дахь тал/

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1976 оны 10 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд аав Х.Бямбаа, ээж Д.Бадам нарын том хүү болон мэндэлсэн ба дороо хоёр эрэгтэй дүүтэй. 1984-1992 он хүртэл Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн ба 1992-1993 оны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуульд суралцаж төгссөн. ...Эхнэр О.Батцэцэгтэй 2020 онд танилцаж хамтран амьдарч байгаа. Би болсон зүйлийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ярьчихсан байгаа болохоор нэмж ярих зүйл алга байна. Би өөрийн буруугаас бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Одоо хохиролтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэж бодож байна. Би хашааны эзэнд Нын мөргөж эвдсэн хашааг шинэ хашаагаар сольж, эвдэрсэн жорлонг нь засварлуулахад 450,000 төгрөг өгсөн. Машины эзэн Ц-ын машины урд гуперыг засварлуулахад 145,000 төгрөг болсон, хохирогч Н.А-ийн эмчилгээний зардалд болон унааны зардалд 1,150,000 төгрөгийг өгч барагдуулсан байгаа. /хх-ийн 73 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дэх тал/

Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 78-83 дахь тал/

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 96 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаартай тодорхойлолт /хх-ийн 98 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 99 дэх тал/

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагаа /хх-ийн 100 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 103-108 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Г 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ц-ын эзэмшлийн 20-39 ӨМЭ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин осол гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар хохирогч Н.А-ийн биед баруун атгаал ясанд далд хугарал, баруун сарвууны 3-р хуруунд шарх, баруун мөр, дал, нуруу, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн: 2022 оны 03 сарын 08-ны өдөр 12 цагийн үед бие засаад жорлонд сууж байхад ард юм түр гэх шиг болохоор нь босохын завдалгүй араас түжигнээд, жорлон мөргөөд би жорлонтой хамт түрэгдэж унаснаас болоод миний баруун гар гэмтэж, ясандаа гурван хугаралтай, гурван хадаас тавиулсан. Баруун гарын дунд хуруу зүсэгдэж язарсан, зүүн талын бөөр, бөгсний хэсгээр хөхөрсөн байсан. /хх-ийн 15-16, 19 дэх тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нын: 2022 оны 03 дугаар сарын 08-ны 11 цаг гээд би хүнд бялуу хүргэж өгөхөөр явчихаад ирэхэд манай хашааны зүүн урд талыг машин мөргөж, хашаанд байсан жорлонг бас мөргөчихсөн, жорлонд бие засаж байсан А-ийн биед гэмтэл учруулсан байсан. /хх-ийн 24 дэх тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Ц-ын: ...Тэгсэн чинь Гын эхнэр гаднаас орж ирээд яагаад Г чиний машиныг унаад явчихаж байгаа юм бэ, Г согтуу байсан шүү дээ гэхээр нь би Г руу залгасан боловч Г утсаа авахгүй байсан. Тэгээд удаагүй байтал миний машинтай явж байгаад айлын хашаа мөргөчихсөн байна гэсэн. Тэгэхээр нь хашаа мөргөсөн айл руу очиход Гурван сайхан 5-44 тоот айлын хашааг мөргөөд зогсчихсон байсан. /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Б-ийн: ...Намайг тухайн өдөртөө ирж аваагүй. 03 сарын 10-ны өдөр хөдөө яваад ирсэний дараа л Гыг намайг авах гэж яваад айлын хашаа жорлонг мөргөж жорлонд байсан хүнийг мөргөж гэмтээсэн талаар сонссон. /хх-ийн 126 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А-ийн биед баруун атгаал ясанд далд хугарал, баруун сарвууны 3-р хуруунд шарх, баруун мөр, дал, нуруу, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 20-39 ӨМЭ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож явсан Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а (тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12,3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” /хх-ийн 42 дахь тал/ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд хэргийн оролцогчид энэхүү магадлагааг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Б.Г нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.      

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ц-ын эзэмшлийн 20-39 ӨМЭ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайхан хорооллын 5-44 тоотын хашаа болон жорлонг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн жорлонд байсан Н.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А, Т.Ц, Т.Н нарт хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчид өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-ын эзэмшлийн 20-39 ӨМЭ улсын дугаартай приус 20 маркийн автомашинд 150.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 дахь тал/-ээр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нын эд хөрөнгөд 802.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ622-3344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Н.А-ийн... “Б.Г миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1.150.000 төгрөгийг төлж барагдуулсан болохоор одоо надад санал гомдол байхгүй” /хх-ийн 15-16, 19 дэх тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Нын: ...Г гэх хүн нь машинаар мөргөж эвдэлсэн хашаа, жорлонгоо 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр засаж хэвийн байдалд нь оруулж намайг хохиролгүй болгож өгсөн байгаа. /хх-ийн 24 дэх тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Ц-ын: ...Миний тээврийн хэрэгслийн урд гуперыг Б.Г засварлуулж, хэвийн болгож өгсөн байгаа /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Г нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Гын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан” /хавтаст хэргийн 74 дэх тал/, Өмнөговь аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0343657 дугаартай шийдвэрт: Хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоохоор шийдвэрлэв. /хх-ийн 96 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаартай тодорхойлолтод: Б.Г нь Даланзадгад сум Баруунсайхан 1 дүгээр баг, Гурвансайхан 2-14 тоотод ам бүл 2 оршин суудаг болохыг Хүн ам өрхийн мэдээллийн сангаас үндэслэн тодорхойлов. /хх-ийн 98 дахь тал/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 99 дэх тал/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 1992-1993 оны хичээлийн жилд Д.Оюунчимэг багштай 9б ангийг дунд дүнтэй төгссөн байна /хх-ийн 100 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Г нь өөрийгөө өмгөөлж ...Би хориход байж байгаад нэг нүдээ сохолсон. Энэ жилээс эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээ хийлгэж чадахгүй бол хараагүй болох учраас энэ байдлыг минь харгалзаж үзэхийг хүсэж байна гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж хуульчилсан тул шүүх шүүгдэгч Б.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овгийн Б-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Гад зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.    
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.   
  5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

       

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА