Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн ард аюуш 5-р гудамж 130 тоотод оршин суух, Тренд мебель ХХК-д оёдолчин ажилтай, регистр ОЮ90021629, Дарна овогтой Төмөрхүүгийн Батчимэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн ард аюуш 5-р гудамж 130 тоотод оршин суух, Орхон бэлх ХХК-д боруулалтын менежер ажилтай, регистр УШ 91061651, Тайж овогтой Мөнхтөрийн Билгүүнд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Батчимэг, хариуцагч М.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би М.Билгүүнтэй 2015 онд танилцаж, 2015 оны 5 дугаар сараас хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Маргад маань төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй. М.Билгүүн ажил хийхгүй, ажлаа их сольдог, РС тоглодог, архи уугаад гэр орондоо ирдэггүй. Би жирэмсэн байхдаа зээлтэй байсан учраас өөрийнхөө ээмэг, бөгжийг ломбарданд тавьж алдсан. Ажил хийж байна гээд гэр орондоо сар гаруй ирээгүй. Гэтэл ажил хийгээгүй байсан, түүнийг РС тоглоомын газраас М.Билгүүнийг олсон. Хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Би хүүхдээ 4 сар хүргээд ажилдаа орсон. 2017 оны 8 дугаар сар хүртэл би хүүхдээ зөөсөн. Тэгээд М.Билгүүн би хүүхдээ авмаар байна гэхээр нь би хүүхэдтэйгээ уулзаж байна шүү гээд хүүхдээ өгсөн. Гэтэл 2018 оны 2 дугаар сар хүртэл уулзуулаад түүнээс хойш хүүхэдтэй маань уулзуулахгүй байгаа. Хүүхдээ шүүхээрээ яваад ав гээд гэрээсээ хөөсөн. Одоо би хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн цаашид 18 нас хүртэл нь цэцэрлэг сургуулийнх нь зардлыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Батчимэгтэй 2015 оны 2 дугаар сард танилцаж, 2015 оны 4 дүгээр сард гэрт нь хамт амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Маргад маань төрсөн. Хүүгээ төрүүлээд 2 сарын дараа Т.Батчимэг ажилдаа орсон. Миний хүү угжаар хооллодог байсан. Би Т.Батчимэгийг жирэмсэн байх хугацаанд баруун гараа хугалж, тодорхой хугацаанд ажил хийх боломжгүй болсон. Хамтран амьдрах хугацаандаа 3-4 удаа ажил сольсон. Гэхдээ ажилгүй удаан байгаагүй. Нэхэмжлэлд дурьдсан шиг байнга зодож, дарамталсан зүйл байхгүй. 2017 оны 8 дугаар сараас бид тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдээ надаа өгдөггүй байсан гэж байна. Нэг удаа хүүхдээ аваад Түнхэлд ээжийндээ орхисон байсан. Тэгээд миний хүү бүлтэлзүүр болсон байхаар нь би хүүхдээ өөр дээрээ авсан. Гэтэл хүү маань шөнө жаахан уйлагнаад байхаар нь би өөрөө залгаж, чи хүүхдээ авах уу гэж асуухад, аваад Хөвсгөл явна гэсэн. Гэтэл манай ээж дургүйцэж 3, 4 сар аваагүй байж, хөдөө авч явах гэлээ гэсэн. Би хүүхдэдээ байнга вакцинд хамруулдаг. Хэрвээ хүүхдийг Т.Батчимэгийн асрамжид үлдээсэн тохиолдолд би хүүхдийн тэтгэлгийг хүүхдэдээ зориулж, хүү болон өөрийн нэр дээрээ данс нээж, хүүхдийн тэтгэлгийг дансанд хийнэ. Хүүхдийг миний асрамжид үлдээсэн тохиолдолд би Т.Батчимэгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Батчимэг нь М.Билгүүнд холбогдох хүүхдийн хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Т.Батчимэг, М.Билгүүн нар нь гэр бүл болох зорилгоор 2015 оноос хамт амьдарч 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Маргадыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Харин талууд хамт амьдрах хугацаандаа М.Билгүүн нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архи уудаг, гэр бүлдээ халамж анхаарал тавьдаггүй, хүүхдээ харж ханддаггүй зэрэг таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 8-р сараас тусдаа амьдарсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Талууд тусдаа амьдарсан хугацаанд хүү Б.Маргадыг эцэг нь асрамжиндаа байлгасан боловч хүүхэд бага насны, эхийнх нь хүүхдэд тавих анхаарал халамж, ёс суртахууны төлөвшсөн байдал, ахуйн нөхцөл бололцоо, эцэг М.Билгүүний хувийн байдал, хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хүүхдийг эхийн нь асрамжинд үлдээх нь түүний эрх ашигт нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд хүү Б.Маргадыг эхийн асрамжинд үлдээж, эцэг М.Билгүүнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.М-ыг эх Т.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг М.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА