Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1638

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10-р хороо, өөрийн байр, Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал Төрийн өмчит ААТҮГ-ыг төлөөлж Б.Алтаншагайгийн гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 5Б-р байрны 47 тоотод оршин суух, Скайтел ХХК-д харилцааны менежер ажилтай, регистр ЛЮ80032579, Овоот овогтой Зоригтбаатарын Төгөлдөрт холбогдох байгууллагт учруулсан хохиролд 6 710 000 төгрөг гаргуулахыг хүссэн, Чингис хаан олон улсын нисэх буудалд холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж 5 975 670 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтаншагай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, гэрч Ц.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Алтаншагай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Төгөлдөр нь тус нисэх буудалд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/154 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтэст Захирлын нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2015 оны 1-р сарын 07-ны өдрийн Б/06 тоот тушаалаар эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ажил хүлээлцэх явцад З.Төгөлдөр нь өөрийн хүлээж авсан, захирлын албан хэрэгцээнд хэрэглэх зориулалттай ipad air 16 gb 4g, imac pro i7 загварын нөүтбүүк зэргийг хүлээлгэн өгөөгүй байгууллагад нийт 6 710 000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд З.Төгөлдөрөөс 6 710 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал ТӨААТҮГазрын  хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн картаар З.Төгөлдөрийн нэр дээр ipad air 16 gb 4g, imac pro i7 загварын нөүтбүүк зэрэг бүртгэлгүй байдаг. Тойрох хуудсаа зуруулаад тооцоогүй болоод ажлаа хүлээлгэж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал ТӨААТҮГ-аасЗ.Төгөлдөрийг ажлаас гарахад 6 сарын хугацаатай тэтгэмж олгоно гэсэн боловч олгоогүй. З.Төгөлдөр нь тэтгэмжийг удаа дараа олгож өгөөч гэж албан бичгээр болон амаараа шаардаж байсан. Хүлээж бай өгнө гэх зэргээр өдийг хүртэл явуулсан байдаг. Тийм учраас сөрөг нэхэмжлэлээр 6 сарын тэтгэмж 5 975 970 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Алтаншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: З.Төгөлдөр нь нисэх буудлын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/112 тоот тушаалаар З.Төгөлдөрт олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж 3 сарын тэтгэмж болгож өөрчилсөн. Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг харахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.3, дахь хэсгүүдэд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд олгодог тэтгэмж байгаа. З.Төгөлдөр нь тус нисэх буудалд ажиллаж байхдаа орон нутгийн зорчигчийн танхим болон олон улсын бизнес танхимуудаас конъяк, архи зэргийг авсан байдаг. Уг авсан зүйлийнхээ төлбөрийг ажлаас гарахдаа төлөөгүй. Үүний дагуу 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3/430 тоот Үндэсний Аудитын газраас ирсэн аудитын тайлан хүргүүлэх тухай албан бичигт З.Төгөлдөрт олгох тэтгэмжийг олгохгүйгээр суутгах талаар заасан. Үүний дагуу байгууллага тодорхой хэмжээгээр төлбөрийг суутгаж авсан. З.Төгөлдөрийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Энэ хугацаанд гомдлоо гаргаагүй. Мөн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой заалтыг шууд шүүхэд гомдол гаргахаар байдаггүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан асуудал биш. Тийм учраас урьдчилан хянан шийдвэрлэх буюу тухайн байгууллагын маргаан таслах комисс зэргээр шийдвэрлүүлсэн байх шаардлагатай гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал Төрийн өмчит ААТҮГ-ыг төлөөлж Б.Алтаншагай нь З.Төгөлдөрт холбогдох байгууллагт учруулсан хохиролд 6 710 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, З.Төгөлдөр нь Чингис хаан олон улсын нисэх буудалд холбогдох ажлаас халагдсаны тэтгэмж 5 975 670 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 987 835 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

З.Төгөлдөр нь 2014 оны 6-р сарын 09-ний өдрөөс Чингис хаан олон улсын нисэх буудлын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст захирлын Чингис нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 1-р сарын 07-ны өдрийн Б/06 тоот тушаалаар эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх 5-10/ цуцалжээ.

 

Нэхэмжлэгч нь З.Төгөлдөр нь ажил хүлээлцэхдээ өөрийн хүлээж авсан, захирлын албан хэрэгцээнд хэрэглэх зориулалттай ipad air 16 gb 4g, imac pro i7 загварын нөүтбүүк зэргийг хүлээлгэн өгөөгүй байгууллагад хохирол учруулсан гэж маргасан бол, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тойрох хуудсаа зуруулаад ажлаа хүлээлгэж өгөөд гарсан, эд хөрөнгийн бүртгэлд ipad air 16 gb 4g, imac pro i7 нөүтбүүк байхгүй, захирлын албан хэрэгцээнд байсан гэж тайлбарлажээ.

 

Ажил олгогч нь 2014 оны 12-р сарын 19-ний өдрийн эд хөрөнгийн бүртгэлээр нарийн бичгийн дарга З.Төгөлдөрийн ажлын хэрэгцээнд 32 нэр төрлийн эд зүйлийг шилжүүлсэн /хх 24-25/ байх ба бүртгэлээр ipad air 16 gb 4g, imac pro i7 загварын нөүтбүүк ашиглуулахаар шилжүүлээгүй, ажилтан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаа хүлээлгэж өгөхдөө Тойрох тооцооны хуудас-аар байгууллагатай тооцоо хийж дууссан /хх 60/, ямар нэг төлбөр тооцоо гараагүй байна.

 

Харин эдгээр эд зүйлийг ерөнхий захирал О.Намбатын албан хэрэгцээнд 2015 оны 12-р сарын 12-ны өдрийн бүртгэлийн 21, 30 дугаарт бүртгэж /хх 11-12/ шилжүүлсэн, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байх ба гэрч О.Намбатын ...би 2014 оноос Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын даргаар ажилласан, ...2015 оны 3-р сараас эдгээр эд хөрөнгийг авсан гэж намайг цагдаад шалгуулсан, прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн, Авилгатай тэмцэх газарт шалгуулсан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүний дараа 2015 оны 12-р сард ИНЕГ нь эд хөрөнгөд учруулсан хохиролд 32 400 000 төгрөг нэхэмжилсэн, үүний дотор Ipad, notebook орсон байсан, үнэ нь 6 710 000 төгрөг гэж, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ...эдгээрийг миний албан хэрэгцээнд зориулагдаж хэрэглэгдэж байсан, ...2017 оны 2-р сарын 6-ны өдрийн 183/ШШ2017/00348 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19 383 928 төгрөгийг надад олгож шийдвэрлэсэн, дээрх эд хөрөнгийн үнэ болох 6 710 000 төгрөгийг суутган авсан байдаг гэсэн мэдүүлгээр /хх 68-69/ эдгээр эд зүйлийг З.Төгөлдөр ашиглаж байгаагүй нь тогтоогдсон, байгууллагат 6 710 000 төгрөгийн хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, Иргэний нисэхийн ерөнхий газар нь О.Намбатаас эдгээрийн үнийг гаргуулахаар нэхэмжилснийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01084 дугаар шийдвэрээр /хх 72-75/ хэрэгсэхгүй болгосон, шийдвэр хүчинтэй байна.

 

Түүнчлэн О.Намбатад шүүхийн шийдвэрээр олгох ажилгүй байсан хугацааны олговороос 6 710 000 төгрөгийг суутгаж тооцсон гэсэн гэрчийн мэдүүлгийг няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Ц.Пүрэвсүрэн нь маргааны зүйлийн талаар ач хоблогдол бүхий тодорхой мэдүүлэг өгөөгүйг дурьдах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын 2015 оны 1-р сарын 07-ны өдрийн Б/06 тоот тушаалаар З.Төгөлдөртэй хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу түүнд 6 сарын дундаж хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор, Байгууллагын дотоод журмын 3.2.1.д заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд ИНЕГ, түүний харъяа байгууллагат ажилласан жилээс шалтгаалан 1-6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа /5 жил хүртэл ажилласан бол 1-3 сарын.../ олгохоор заасан байх ба тушаалаар олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжийг олгоогүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Харин нэхэмжлэгч тэтгэмжийг олгоогүй үндэслэлээ ...тушаалаар 6 сарын гэснийг 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор өөрчилсөн, тэтгэмжийг байгууллагын авлагат суутгасан гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журамдаа нийцүүлэн захирлын 2015 оны 2-р сарын 23-ны өдрийн Б/112 тоот тушаалаар тэтгэмж олгох заалтаа өөрчилсөн боловч /хх 59/ энэ тухайгаа хариуцагчид мэдэгдээгүй нь буруу болжээ.

 

Нөгөө талаас, ажлаас халагдсаны тэтгэмж олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлд тусгайлан зохицуулсан нь ажилтны эрүүл мэндийн байдлын улмаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан ажил олгогчоос даатгуулагчид олгож байгаа тэтгэмж байдаг.

 

Хөдөлмөрийн тухай хуульд тэтгэмжээс суутгал хийх талаар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т ...тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний...тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол олгох тэтгэмжээс суутгал хийж болох бөгөөд энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд ...тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэж нарийвчлан зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь З.Төгөлдөрт олгох тэтгэмжээс суутгал хийсэн талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргаснаар хариуцагч энэ талаар мэдсэн, энэ үеэс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, түүнчлэн үндэслэлгүйгээр тэтгэмжээс суутгал хийсэн нь гэж дүгнэлээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар З.Төгөлдөрийн нэг сарын дундаж цалинг 995 945 төгрөгөөр тооцож 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 2 987 835 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлийн 135.1, 135-р зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан З-ын Т-өөс 6 710 000 /зургаан сая даолоон зуун арван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГазрыг төлөөлж Б.Алтаншагайгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингис хаан олон улсын нисэх буудал Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2 987 835 төгрөг гаргуулж З.Т-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2 987 835 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 310 төгрөг, хариуцагчаас төлсөн 110 600 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, Чингс хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-аас 62 755 төгрөг гаргуулж З.Т-т олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА