Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Авто замчдын гудамжны  дүгээр байр   тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, Н-ийн М-ыг төлөөлж Г.Н-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүгийн  дугаар хороо, Нөхөрлөлийн гудамж-, өөрийн байр, С ХХК-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Г.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Н.Мандах нь Силпро ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Силпро ХХК-ийг төлөөлж эрүүгийн 20151600029 дугаартай хэрэгт иргэний хариуцагч компанийг төлөөлж хууль зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан тус эрүүгийн хэрэгт оролцсон. Уг эрүүгийн хэрэг нь Тээврийн прокурорын газрын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 600 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Тухайн үед эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан Силпро ХХК-ийн данснуудыг битүүмжлээд үйл ажиллагаа нь зогсонг байдалд хүрсэн байсан. Үүнийг нь Н.Мандах өмгөөлөгч хүсэлт гаргаж, дансны битүүмжлэлийг нь цуцлуулсан. Силпро ХХК нь ослын улмаас нас барсан хохирогчийн ар гэрт оршуулгын зардлыг сайн дураараа өгсөн. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчдээ ямар ч мөнгө гаргуулахгүй гэсэн амлалт өгөхгүй, энэ нь өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой, хориотой зүйл. Мөн 2015 оны 3 дугаар сарын 14-ний 15/07 дугаарын албан бичгээр Н.Мандах өмгөөлөгчийг Силпро ХХК нь хэрэг дээр авч ажиллуулсан талаарх албан бичиг авагдсан байгаа. Өмгөөлөгчийн хувьд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн, харин 2 000 000 төгрөгийн хөлсийг хариуцагч компани төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Силпро компанид хөлсөө төлөхийг удаа дараа утсаар мэдэгдэж, захирлаас нь шаардаж байсан боловч хөдөө явж байна, дараа уулзъя гэх зэргээ тайлбар хийж төлөөгүй. Иймд Силпро ХХКиас гэрээний үүргийн биелэлтэд 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярбаясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт томилолтоор явж байсан ажилчид авто машины осолд орж, нэг жолооч нас барсан. Тухайн үед манай ажилчдын нэг нь согтуу байсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж магадгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Нас барсан жолоочийн ар гэр нь манай компаниас тодорхой хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Мөнгө нэхэмжилсэн асуудал дээр нь Н.Мандах өмгөөлөгчтэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Харин Эрүүгийн хэрэг нь манайд хамааралгүй учраас өмгөөлөгчөөөр ажиллуулаагүй. Манайх талийгаачийн ар гэрт мөнгө өгөх ёстой юм уу, ёсгүй юм уу энэ талаар эрх зүйн туслалцаа авахаар Н.Мандахтай гэрээ байгуулсан. Н.Мандах эргээд манай компанид энэ ажлыг ингэж хийлээ гэсэн талаар ямар нэгэн тайлан гаргаж өгөөгүй. Тэгэхээр Н.Мандах өмгөөлөгчийг ажлаа хийсэн гэж үзэээгүй учраас өмгөөллийн хөлс төлөхөөс татгалзаж байгаа. Энэ хэрэгт Силпро ХХК-ийг иргэний хариуцагчаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр татсан байдаг. Тиймээс компани эрүүгийн хэрэгт хамааралгүй. Хэргийн материалтай танилцахад ганцхан удаа Н.Мандах өмгөөлөгч албан бичиг прокурорт бичсэн байдаг. Өөрөөр хэргийн матераилд Н.Мандах өмгөөлөгч оролцсон талаарх баримт байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Өмгөөлөгч Н.Мандахыг төлөөлж Г.Наранцэцэг нь Силпро ХХК-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Өмгөөлөгч Н.Мандах нь Силпро ХХК-тай 2015 оны 4-р сарын 15-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, эрүүгйн байцаан шийтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, Силпро ХХК нь өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Силпро ХХК-ний засварын механикч Ш.Санжаадамба нь 2015 оны 1-р сарын 23-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт автомашины ослоор нас барсан, улмаар 201516000029 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Тухайн хэрэгт мөрдөн байцаагчийн 2015 оны 3-р сарын 16-ны өдрийн тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх иргэний хариуцагчаар Силпро ХХК-ний захирал Н.Наранмөнхийг татсан /хх 25/, 2015 оны 7-р сарын 10-ны өдрийн тогтоолоор Силпро ХХК-ийг тус тус татсан /хх 26/, Силпро ХХК нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэргийн асуудлаар өмгөөлөгч Н.Мандах ажиллаж байгаа, өмгөөлөгчөөр дамжуулан хэргийн үйл явц болон бусад холбогдох асуудлаар хандах хүсэлтээ 2015 оны 3-р сарын 04-ний өдрийн 15/07 тоот албан бичгээр хүргүүлсэн /хх 24/ байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч нь Тээврийн прокурорын газарт 2015 оны 8-р сарын 3-ны өдөр Силпро ХХК-ний арилжааны дахь данс битүүмжилсан тогтоолыг хүчингүй болгох тухай хүсэлтийг гаргасан /хх 32/ байх ба мөрдөн байцаагчийн тогтоолоор ХААН, Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкин дахь данс битүүмжилсэн тогтоолуудыг цуцлуулсан, энэ талаар прокурор хариу өгч байжээ.

 

Эдгээрээр дүгнэвэл, өмгөөлөгч нь гэрээний 2.1, 2.2, 2.3-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын тайлангаа үйлчлүүлэгчид хүргүүлсэн, харин Силпро ХХК нь хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Хариуцагчийн хохирогчид оршуулгын зардал төлөх эсэх асуудлаар эрх зүйн туслалцаа авсан, эрүүгийн хэрэгт ажиллагаагүй гэсэн татгалзал үндэслэлгүй, нөгөө талаас, хохирогчид оршуулгын зардалд 11 000 000 төгрөг төлсөн нь өмгөөлөгчийн хөлсийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулж Н-ийн М-т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА