Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2018/00553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 4-2, Бодь интернэйшнл группийн байранд оршин байгаа, “” ХХК /рд:2088606/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 56, Цома оффис, 709 тоот хаягт оршин байгаа “” ХХК /рд:5775558/-д холбогдох,

 

Нийт 290,693,400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Д.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“” ХХК нь 2017 оны 07 сарын 01-ний өдөр “Паломино ойл энд энержи” ХХК-тай FIA1001711003524 тоот төлбөр тасалдлын даатгалын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу “Паломино ойл энд энержи” ХХК-ийн “” ХХК-тай 2017 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” тухай гэрээний хуваарьт төлбөрийг худалдан авагч болох “” ХХК нь гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоор хэтрүүлэх, төлөгдөөгүй байхыг даатгалын тохиолдол гэж үзэн уг төлөгдөөгүй төлбөрийг “” ХХК-иас “Паломино ойл энд энержи” ХХК-д төлөх, “Паломино ойл энд энержи” ХХК нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэвч “” ХХК нь гэрээнд заасан хуваарьт төлбөр болох нийт 680,639,400 төгрөгөөс 390,000,000 төгрөгийг төлж үлдэх 290,639,400 төгрөгийг төлөөгүй байна.

Үүнээс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд буюу 2017 оны 11 сарын 28-ны өдөр даатгалын гэрээнд заасны дагуу “Паломино ойл энд энержи” ХХК-д нөхөн төлбөрт шилжүүлсэн 13,137,090 төгрөгийг даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу, үлдэх 277,502,310 төгрөгийг “” ХХК-ийн “Паломино ойл энд энержи” ХХК-тай 2017 оны 12 сарын 06-ны өдөр байгуулсан “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээ болон мөн сарын 07-ны өдрийн 2017/204 тоот албан бичгээр шаардах эрх шилжүүлж авсны үндсэн дээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу нэхэмжилж байсан билээ.

Уг хэргийг хянан хэлэлцэх явцад “” ХХК нь “Паломино ойл энд энержи” ХХК-д 2017 оны 08 сарын 19-ний өдөр төлөх ёстой байсан 68,796,000 төгрөгийг төлөх ёстой байсан ба дээрх хугацаанаас 90 хоног хэтэрсэн боловч төлөөгүй.

Ийнхүү төлөөгүйн улмаас “” ХХК болон “Паломино ойл энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан “Төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-ний 2-р зүйлийн 2.1.9-д заасны дагуу даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн нөхөн төлбөрт 58,476,600 төгрөгийг “Паломино ойл энд энержи” ХХК-д төлсөн.

Манай компани нь дээрх нөхөн төлбөрийг төлөхдөө “Паломино ойл энд энержи” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр даатгалын гэрээний хураамжид төлөх ёстой байсан 5,100,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 53,376,600 төгрөгийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр болон мөн сарын 31-ний өдөр тус тус “Паломино ойл энд энержи” ХХК-ийн Хаан банк дахь 5173040347 тоот дансанд шилжүүлсэн.

Нийт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 13,137,090 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу нэхэмжилж байсныг нэмэгдүүлж 71,613,690 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу нэхэмжилж байна.

Үлдэх 219,079,710 төгрөгийг “” ХХК-ийн “Паломино ойл энд энержи” ХХК-тай 2017 оны 12 сарын 06-ны өдөр байгуулсан “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээ болон мөн сарын 07-ны өдрийн 2017/204 тоот албан бичгээр шаардах эрх шилжүүлж авсны үндсэн дээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК-иуд хоорондоо FIA100171103524 дугаартай “Төлбөр тасалдлын гэрээ”-г байгуулан ажилласан байна. Энэ гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгуулагч буюу “Паломино ойл энд энержи” ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу “” ХХК-иас төлөх ёстой байсан төлбөр тасалдсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар тохиролцсон байна.

Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн “” ХХК-иас 2017 оны 11 сарын 28-ны өдөр 13,137,090 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Энэ нотлох баримт нь банкны ямар ч тамгагүй байгаа нь үнэхээр даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

“Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-нд суурь гэрээ гэсэн ойлголт байна. Энэ гэрээ хэрэгт авагдаагүй байна. Зүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Гэвч энэ худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдаагүй байгаа нь үнэхээр гэрээний дагуу шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна.

Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу мөнгө гаргуулах, эсхүл худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө гаргуулах нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүрэг үүснэ. Гэтэл үүрэг үүссэнийг нотлох баримт байхгүй байхад хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд үл нийцнэ.

Дээрх байдлаас дүгнэн үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байна гэсэн дүгнэлт гарч байна. Иймд энэхүү нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл болох нь тодорхой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

“Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК нь 2017 оны 11 сарын 27-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 13,137,0920 төгрөгийг шаардах эрхээ “” ХХК-д шилжүүлсэн байна. 

Ийнхүү “Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК-иуд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8-д заасны дагуу бичгээр гэрээ байгуулсны үндсэн дээр шаардах эрх шилжсэн гэж үзэхээр байна.

“Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК-иуд 13,137,090 төгрөгийн шаардах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан шилжүүлсэн атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 290,693,400 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д эрх шилжүүлэх гэрээний хэлбэрийг зохицуулсан байдаг. Шаардах эрх шилжүүлэх гэрээний хэлбэр нь тухайн шилжүүлж буй шаардах эрхийг үндэслэж бий болсон гэрээний хэлбэртэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан бол түүний шаардах эрхийг мөн адил бичгийн хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулах замаар шилжүүлнэ гэсэн үг.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 290,693,400 төгрөгийн шаардах эрх нь “” ХХК-д шилжээгүй байх тул шаардах эрхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

         

          Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан нийт 290,693,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

          Нэхэмжлэгч “” ХХК нь өөрийн шаардлага болох 290,693,400 төгрөгийн 71,613,690 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу, үлдэх 219,079,710 төгрөгийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу шаарддаг.

 

          Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нийт 290,693,400 төгрөгийг бүхэлд нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу буюу “” ХХК болон “Паломино ойл энд энержи” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 06-ны өдрийн “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шаардаж байна гэж нэхэмжлэгч тал шаардлагынхаа үндэслэлийг тодруулдаг.

 

          Хариуцагч “” ХХК нь “” ХХК-д шаардах эрх шилжээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж маргадаг.

 

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          “Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК нар 2017 оны 12 сарын 06-ны өдөр “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулжээ.

 

          “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3-т зааснаас үзэхэд “Паломино ойл энд энержи” ХХК нь 2017 оны 06 сарын 30-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “” ХХК-д нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу “” ХХК-д шилжүүлсэн гэж дүгнэхээр байна.

 

          “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.4-т “Энэхүү гэрээ байгуулагдсанаар даатгуулагч нь шаардах эрхээ бүхэлд нь даатгагчид шилжүүлсэн тухай албан бичиг гаргаж өгөх бөгөөд даатгагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад тус албан бичгийг үндэслэл болгож ашиглана” гэж заасны дагуу “Паломино ойл энд энержи” ХХК-ийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 2017/204 тоот албан бичгээр “” ХХК-тай байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болон гэрээнд заасан алданги шаардах эрхийг бүхэлд нь Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.2, 123.6-д заасны дагуу “” ХХК-д шилжүүлж байгаа талаар дурьдсан байна.

 

          Иймд “Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК-иудын хооронд анх байгуулагдсан даатгалын гэрээний дагуу, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр тухай бүр шаардах эрх шилжиж байсан боловч хожим талууд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой үлдэгдэл төлбөр, алданги шаардах эрхийг бүхэлд нь шилжүүлсэн байх тул уг шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн 290,693,400 төгрөгийг шаардаж байгааг, мөн 2017 оны 07 сарын 01-ний өдрийн FIA100171103524 тоот “Төлбөр тасалдалын даатгалын гэрээ” ач холбогдолгүй гэсэн “” ХХК-ийн тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Шилжүүлсэн гэх шаардах эрх нь өөрөө нотлогдох учиртай тул “Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”, түүнтэй холбоотой төлбөр тооцооны талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

 

          “Паломино ойл энд энержи” ХХК болон “” ХХК-иуд 2017 оны 06 сарын 30-ны өдөр S2017/21 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Паломино ойл энд энержи” ХХК нь MNS 2016:2006 Монгол Улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “” ХХК нь хүлээн авсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

          Хэрэгт авагдсан “Паломино ойл энд энержи” ХХК-ийн “Зарлагын баримт”-аар “” ХХК нь 2017 оны 06 сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 сарын 17-ны өдрийн хооронд худалдагчаас нийт 463,020 литр түлшийг хүлээн авсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч “” ХХК нь хүлээн авсан түлшний үнэ болох 463,020 литр х 1,470 төгрөг = 680,639,400 төгрөгийг худалдагч “Паломино ойл энд энержи” ХХК-д төлөх үүргийг хүлээнэ.

 

          Үүнээс хэрэгт авагдсан “Паломино ойл энд энержи” ХХК-ийн Хаан банк дахь 5173040347 тоот дансны хуулгаар нотлогдож байгаа “” ХХК-иас түлшний үнэд төлсөн нийт 390,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

 

          Иймд худалдагч “Паломино ойл энд энержи” ХХК нь худалдан авагч “” ХХК-иас шаардах эрхтэй 680,639,400 – 390,000,000 = 290,639,400 төгрөгийг шаардах эрхийг “” ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчаас нийт 290,639,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

          Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжихээр заасны дагуу “Паломино ойл энд энержи” ХХК-иас “” ХХК-д “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу алданги шаардах эрхийг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардаагүй.

 

          Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь гэрээний дагуу алдангийг дараа шаардах болно хэмээн тайлбарлаж байх боловч шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг дүгнэн шийдвэр гаргаснаар гэрээний үүрэг дуусгавар болдог тул хариуцагчаас хожим алданги шаардах эрхгүй гэж үзэв.

 

          Түүнчлэн, “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу  “Паломино ойл энд энержи” ХХК-ийн өмнө “” ХХК-ийн хүлээх мөнгөн төлбөрийн үүргийг Иргэний хуульд заасан шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн учир хожим худалдах, худалдан авах гэрээний үүргийг “Паломино ойл энд энержи” ХХК нь “” ХХК-иас шаардах эрхгүй юм.

 

          “Паломино ойл энд энержи” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Люс Янник Алайн /Luce Yannick Alain/-ийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх боловч “Паломино ойл энд энержи” ХХК, “” ХХК нарын хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”, “Паломино ойл энд энержи” ХХК, “” ХХК нарын хооронд байгуулагдсан “Төлбөр тасалдалын даатгалын гэрээ”, “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх гэрээ”, “Паломино ойл энд энержи” ХХК-иас “” ХХК-д явуулсан албан бичиг зэрэг баримтанд “гүйцэтгэх захирал П.Одмаа” гэж гарын үсэг зурсан, мөн дээр дурьдсан гэрээнүүд нь бодитоор хэрэгжсэн үйл баримтаас үзэхэд Ерөнхий захирал Люс Янник Алайн /Luce Yannick Alain/ нь 2016 оны 09 сарын 01-ний өдөр П.Одмааг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үнэн зөв болох нь тогтоогдож байх ба энэ талаар Ерөнхий захирлын тушаал хэрэгт авагдсан байдаг.

 

          Хариуцагчийн төлөөлөгчид 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааныг товыг 2018 оны 02 сарын 23-ны өдөр мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

          Хэрэгт авагдсан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь шүүх хуралдаан дууссаны хойно буюу 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 10 цаг 50 минутад шүүхэд ирсэн байх тул шүүх энэхүү хүсэлтийг хэлэлцэх хууль зүйн боломжгүй байсныг дурьдах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т зааснаар хариуцагч “” ХХК-иас 290,693,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,834,790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 223,373 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамж 1,611,417 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.НЯМБАЗАР