Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

 

2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр                   Дугаар 2022/ШЦТ/77                                        Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Д.Т,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Д-ийн Тд холбогдох 2228000820068 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 55 дугаар байрны 19 тоотод иргэн Г.Г-ийн гэрт Т.Бтай маргаж, улмаар гараараа цохих хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож, цээжний зүүн талд 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Тг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ттэй хамт архи уусан. Тэгээд Т нь гадаа архины шилээ хаяж болохгүй гэхэд намайг зодсон. Тухайн үед би хавирга хугарсан гэдгээ мэдээгүй. Сүүлд нь 2-3 хоногийн дараа бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь 5 хавирга хугарчихсан байсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Би Тг танихаас цаашгүй. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Т намайг зодож байхад манай найз Г хамт байсан. ...Миний цээжний хэсэгт зүүн тал руу өшиглөсөн үү, цохьсон уу сайн мэдэхгүй. Зүүн талын 5 хавирга хугарчихсан байна гэж эмч хэлсэн. Өөр гэмтэж бэртсэн газар байхгүй. Хэдий төгрөг зарцуулагдсаныг би мэдэхгүй. Баримт гарвал тооцож болох байх. Намайг зодсонд нь гомдолтой байна. Би эмчилгээний зардлыг тооцож гаргуулна. Өөр нэмж ярих зүйлгүй. (хх-ийн 12-13 дахь тал)

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Г манайд ирээд би Гтай хамт таксигаар Г-ийнд очиж 0,5 литрийн архи уусан. Тэгээд юу болсоныг нэг сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан Т намайг цохиход нь Г салгасан гээд байгаа юм. Ер нь Г болсон зүйлийн талаар сайн мэдэж байгаа байх. Өөрөө бол согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байгаад байна. Тухайн үед би хэнд зодуулснаа ч мэдэхгүй согтуу байсан. Миний цээжний зүүн талын 5-12 дугаар хавирганууд хугарсан байсан. Өөр гэмтэл учирсан зүйл байгаагүй. Миний хавирга хугарсан хэсэгт нэг зүйл унжаад байгаа юм шиг мэдрэгдээд байгаа. Манай хүү Эрхэмбаяр Улаанбаатар хотод байдаг. Хүү маань хүрээд ир энд үзүүлж эмчлүүлэх талаар ярьсан. Удахгүй Улаанбаатар хот явж үзүүлэх гэж байгаа. Миний эмчилгээний зардалд гарсан баримт байхгүй. Ахмад настан гээд миний эмчлүүлэх хугацааны ор хоногийн мөнгийг аваагүй гэсэн. Надад одоо гаргаад өгчих хохирлын баримт байхгүй байна. Ямар ч байсан Улаанбаатар хот явж үзүүлж ирж байж л хохирол нэхэмжлэхээр болж байна. Үзүүлж ирээд баримтаа өгөх болно. Би эмнэлгээс гарснаасаа хойш дахиж үзүүлээгүй, зураг авхуулсан зүйл байхгүй. Би эмнэлгээс гараад эм тариа хэрэглэсэн зүйл байхгүй. (хх-ийн хуудас 16-17 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би Тд өгөх өр, өглөг байхгүй. Харин Тг ямар учраас надаас мөнгө нэхсэнийг нь мэдэхгүй байна. Тухайн үед согтуу байсан гэж өмнө мэдүүлэгтээ өгсөн. Тухайн өдөр Г манайд ирээд би Гтай хамт гэрт очсон байсан. Би хэнд зодуулаад гэмтсэнээ ч мэдэхгүй байсан. Сүүлд нь Гаас Тд зодуулсан талаараа мэдсэн. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Миний биеийн байдал бас сайнгүй л байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна. /хх-ийн 19-20 дахь тал/

 

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би Т.Бтай найз нөхдийн холбоотой. Харин Тг нь зүс танихаас цаашгүй. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш орой болж байх үед гаднаас Т орж ирэхээр нь би аяга цай хийж өгөхөд Т цай уучихаад Баас бензиний мөнгө нэхээд, чи мөнгө яасан бэ гэж загнаж байгаад цохиж унагаад, өшиглөж, дэвсээд байхаар нь би голоор нь орж салгаад гэрээсээ гаргаж явуулсан. Тэр үед Бын хамраас нь цус гарчихсан, амьсгаа авч чадахгүй байна гээд байсан. Тэгж байхад манай бага хүү Цэрэнтогтох гэрээс юм авах гээд ирэхэд нь Быг дөхүүлээд өгчих гэж хэлээд гэрт нь хүргүүлэхээр явуулсан. Д.Т нь Баас бензиний мөнгө нэхээд байх шиг байсан. Тэгээд маргалдаж байгаад Быг сууж байхад Т нь очиж гараараа цохих шиг болсон чинь Б хажуугаараа уначихсан. Тэгсэн чинь Т дээрээс нь дэвсэж, хөшиглөөд байхаар нь би дундуур нь орж салгасан. Мөнгөний асуудал л яриад байх шиг байсан. Тэгээд загнаад өшиглөөд байсан. Бын хамраас нь цус гараад шалан дээр дусчихсан байсан. Тэгэхээр нь би өргөж босгоход амьсгаа авч чадахгүй ёолоод байсан. Тэрнээс хойш дахиж Бтай уулзаагүй. Харин эмнэлэгт хэвтсэн дараа нь уулзсан. Манай гэрээс гарахдаа өөрөө босоод гарч явсан байхаа. Ямар ч байсан хүү Цэрэнтогтох л хүргэж өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 08-ны 12 цагийн үед би Бынд оччихоод Бтай хамт гэртээ 15-16 цагийн хооронд гэртээ ирсэн. Гэртээ ирээд 0,5 литрийн Хараа нэртэй архи байсныг ихэнхийг нь уучихсан байхад Т гаднаас орж ирсэн. Харин намайг Бынд очихоос өмнө Б архи уусан байсан үгүйг би мэдэхгүй байна. Т нь манайд ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Т нь манай гэрт урьд нь ирж байгаагүй. Манай гэрийг мэдэхгүй байх ёстой. Яаж манайхыг олж ирсэнийг би мэдэхгүй байна. Д.Т нь Быг зодож байх үед надаас өөр хүн байгаагүй. Намайг Бынд очиход Бын биед ямар нэгэн зовиур байгаагүй. (хх-ийн 28 дахь тал)

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би Т.Б ахыг танина. Харин Т гэдэг ахыг бол танихгүй. 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед Т.Б ахынд очиход тэр Т гэдэг ах Б ахын гэрийн гадна зогсож байсан. Тэгээд Б ахыг асуухаар нь би Г ахынд байгаа гэж хэлсэн. Тэгэхэд намайг Г ахын гэрийг заагаад өгчих гэхээр нь би Г ахын гэрийг зааж өгч оруулчихаад явсан. Т гээд байгаа тэр ах Б ахаас бензиний мөнгө авах ёстой гээд байсан. хх-ийн 31-р хуудас)

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Бын биед цээжний зүүн талд 7, 8, 9, 10,11,12-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.  Т.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Т.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох нь журмын хүндэвтэр зэрэгт хамаарна. (хх-ийн 36 дахь тал)

 

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1975-1985 оны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Уншиж, бичиж чадна. Би өмгөөлөгч аваагүй, мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй мэдүүлэг өгнө. Би 1967 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аав Содномын Дашдорж, ээж Уумын Б нарын 5 дахь хүү болон мэндэлсэн ба дээрээ 2 эгч, 2 ахтай, доороо 2 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. Хүүхэд ахуй насандаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 1975-1985 оны хооронд Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1985-1988 оны хооронд Украйны улсын Цэргийн нисэхийн дээд сургуульд суралцаж төгсөлгүй дундаас нь орхиж буцаж ирээд байгууллагад 1990 он хүртэл сан техникчээр ажиллаж байгаад 1990-1994 он хүртэл Уурын зууханд механикаар ажиллаж байсан. 1994 оноос хойш хувиараа ажил эрхэлж хийж болох ажлуудыг хийсээр өнөөг хүрч байна. 1986 онд эхнэр Б.С-тэй танилцаж 1988 онд нэг гэртээ орж хамтран амьдарч 1991 онд том хүү Т.Ер, 1994 онд бага хүү Т.М нар мэндэлсэн. Эхнэр дагавар нэг хүүтэй байсан. Тэгээд 1998 онд эхнэр, хүүхдээсээ салж ганцаар амьдрах болсон. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй. Би өөрөө бас сайн санахгүй байна. Тухайн үед сар шинэ байсан болохоор би бас архи уучихсан байсан. Тэгээд тэнэж явж байгаад Б гуайнд очиход Б ирсэн. Тэгэхээр нь би Б ах хаана байна гэхэд Г ахынд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Баар хүргүүлж Г ахынд очсон. 48-р байрны урд талын шинэ байранд 4 давхарт нь Г гуайн гэр байсан санагдаж байна. Тэгээд Г гуайнд ороход Б ах, Г ах хоёр нэг шил архи задалчихсан ууцгааж байсан. Г ах архинаасаа хоёр хундага хийж өгсөнийг уусан. Тэгээд юунаас болж Б ахыг явах уу гэхэд явахгүй, чи зайл гэхээр нь миний дургүй хүрээд Б ахыг түлхэж унагаад дээрээс нь өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгэхэд Г ах намайг яв гээд гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд би гэртээ харьж амарсан. Б ахыг явах уу, харих уу гэхэд явахгүй чи зайл гэхээр нь миний дургүй хүрээд түлхэж унагаад дээрээс нь өвдөглөчихсөн. Би Б ахыг түлхэж унагаад дээрээс нь өвдгөөрөө өвдөглөсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг Г ах хөөж гаргахад Б ах өнгөрөөд ширээний хажууд сууж байсан. Б ахыг би түлхэж унагаад өвдөглөхөд хавирга нь хугарсан байх. Б ах надаас эмчилгээний зардал нэхэмжилсэн зүйл байхгүй. (хх-ийн 60-61 дэх тал)

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дахь тал/

Өвчтөний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн жагсаалт /хх-ийн 40-52 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын тодорхойлолт /хх-ийн 70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Т.Б, шүүгдэгч Д.Т нар нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 55 дугаар байрны 19 тоотод иргэн Г.Г-ийн гэрт Т.Бтай маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Д.Т нь хохирогч Т.Быг гараараа цохих хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бын: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ттэй хамт архи уусан. Тэгээд Т нь гадаа архины шилээ хаяж болохгүй гэхэд намайг зодсон. Тухайн үед би хавирга хугарсан гэдгээ мэдээгүй. Сүүлд нь 2-3 хоногийн дараа бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь 5 хавирга хугарчихсан байсан (хх-ийн 12-13 дахь тал) гэх мэдүүлэг,

 

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Сүүлд нь Гаас Тд зодуулсан талаараа мэдсэн. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Миний биеийн байдал бас сайнгүй л байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна. /хх-ийн 19-20 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Г-ийн: Би Т.Бтай найз нөхдийн холбоотой. Харин Тг нь зүс танихаас цаашгүй. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш орой болж байх үед гаднаас Т орж ирэхээр нь би аяга цай хийж өгөхөд Т цай уучихаад Баас бензиний мөнгө нэхээд, чи мөнгө яасан бэ гэж загнаж байгаад цохиж унагаад, өшиглөж, дэвсээд байхаар нь би голоор нь орж салгаад гэрээсээ гаргаж явуулсан. Тэр үед Бын хамраас нь цус гарчихсан, амьсгаа авч чадахгүй байна гээд байсан (хх-ийн 28 дахь тал) гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бын эрүүл мэндэд цээжний зүүн талд 7, 8, 9, 10,11,12-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 55 дугаар байрны 19 тоотод иргэн Г.Г-ийн гэрт Т.Бтай маргаж, улмаар гараараа цохих хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож, цээжний зүүн талд 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Т.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Тгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Д.Тгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Тгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 62 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-65- дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181 дугаартай тодорхойлолтод: Д.Т нь тус сургуулийг 1985 онд М.Банзрагч багштай 10б ангийг төгссөн нь үнэн болно. /хх-ийн 70 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Д.Т нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Д.Т нь өөрийгөө өмгөөлж ... Би их гэмшиж байна. Дахиж ийм алдаа дахиж гаргахгүй. Миний зүрх өвддөг. Миний хамгийн том ах зүрхний шигдээсээр нас барсан учраас сэтгэл гундаж архи уусан гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Г овгийн Д-ийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА