Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр                                          Дугаар 2022/ШЦТ/80                                                    Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: И.Б,

Өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А овогт И-ийн Б-д холбогдох 2128001960103 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг “Гучин Сүүжийн ус” гэх газарт байх А.Бямбацэрэнгийн гэрт Б.Баттөртэй үл ялих зүйлийн улмаас маргаж, Б.Б-рүү аяга шидсэний улмаас гэрийн үүдэнд байсан бага насны буюу 3 настай Т.Гын толгойн тус газарт онож, биед нь тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Быг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хонь эргүүлж яваад А.Бямбацэрэнгийн гэрт ирэхэд хүмүүс ирсэн байсан. Үл ялих зүйлээс болж маргалдаж аяга шидсэн. Хүүхдийн биед хохирол учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Н.Өтай 2016 онд танилцаж үерхээд 2017 онд  гэр бүл болж Улаанбаатар хотод хамтран амьдрах болсон юм. Бид хоёр 2018 онд охинтой болж миний охин Г төрсөн. ...Манай эхнэр, хүүхэд хоёр хөдөө аав, ээж дээрээ амарч байгаад 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эмээ Бямбацэрэнд очиж золгохоор явсан юм байна лээ. Тухайн үед Бямбацэрэнгийнх нь Цогт-Овоо сумын нутагт байсан гэсэн. Эмээгийндээ очоод байж байхад нь Н.Өын нагац ах Б нь хүргэн Баттөр болон тэнд байсан хүмүүст уурлаад Баттөр рүү аяга шидсэн чинь гэрийн хаалган дээр очиж хагараад хагарсан аяганы хэсэг нь эргэж ойгоод миний охины толгойг оносон гэсэн. Би өөрөө тухайн үед байгаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Эхнэрийн хэлснээр ярьж байна. /хх-ийн 12-13 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч П.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний охин Т.Г нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр И.Бы бусад руу шидсэн аяганд оногдож толгойдоо хүнд гэмтэл авсаны улмаас Улаанбаатар хотод ГССҮТ-ийн тархины тасагт хэвтэж эмчлүүлж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Миний охины эмчилгээний зардал болон Улаанбаатар, Даланзадгадын чиглэлд явсан тээврийн зардал, унаа, хоол хүнсэнд нийт 6 орчим сая төгрөг орсон. Үүн дээр нэмэгдээд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Мөн хүүхдийн толгой хамгаалах малгай авмаар байна. Энэ малгай нь Монгол улсад хийдэггүй. Америкийн нэгдсэн улсад хийдэг бөгөөд үнийн хувьд монгол мөнгөөр 9-11 сая орчим төгрөгний үнэлгээтэй байдаг юм байна. Эдгээр мөнгийг нэхэмжилж байна. /хх-ийн 16-17 дахь тал/

Гэрч Н.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Бид нар очоод гэр рүү орж цай уучихаад гараад ямаа саалцаж байхад эмээ гэр рүү ороод хоол хийсэн. Бид нар ямаа сааж дуусгаад гэрт ороод хоол унд идчихээд байж байхад Б, О нар мотоциклиор хүрээд ирсэн. Б гаднаас ирээд бид нартай мэндэлчихээд гэрт ороод хэсэг юм ярьж суусан. Тэгж байхдаа хүргэн Баттөрийн аймгаас авч очсон айрагнаас ууж сууж байгаад гэнэт та нар баян цатгалан хүмүүс байж намайг тоохгүй байна гэж уурлаад байсан. Тэгээд хүргэн Баттөр рүү дайраад байхаар нь Баттөр гэрээс гараад явсан. Б гэрт байсан. Бид нар руу та нар намайг том жижиггүй тоодоггүй гээд байсан. Тэгж байхад Баттөр гаднаас орж ирээд гэрийн баруун урд талын хаяанд суусан. Тэгсэн чинь Баттөрийг янз бүрээр хэлээд бид нарт уурлаад байхаар нь би гэрээс хүүхдээ аваад гарах гээд гэрийн баруун талаар явж байхад тас гэсэн чимээ гарсан. Тэгсэн манай хүүхэд час хийгээд уйлаад эхэлсэн. Би хүүхдээ хөтлөөд гэрээс гараад харсан чинь миний охины баруун талын дух хэсэг цаашаа цөмрөөд орсон байдалтай цус гарч байсан. Би охиныгоо тийм байдалтай байгааг хараад шоконд орсон. Би хүүхдийнхээ цусыг сальфетикаар дараад цусыг нь арчаад зогсож байхад гэр дотор хүмүүс муудалцаад байх шиг байсан. Хэн хэнтэйгээ муудалцсан талаар мэдээгүй. Удалгүй хүргэн Баттөр, эгч Отгонцэцэг нар гарч ирээд бид нар шууд Цогт-Овоо сум руу явсан. Цогт-Овоо сумын эмнэлэг дээр орой очоод үзүүлсэн чинь эмч нь анхан шатны тусламж үзүүлээд бид нарыг аваад аймаг руу явсан. Аймагт ирээд БОЭТ-ийн хүлээн авах дээр ирж үзүүлэхэд охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд Мэс заслын тасагт хэвтүүлсэн. Маргааш нь манай охины толгойд 4 оёдол тавьж өгсөн. Тэгээд 1 дэх өдрийн өглөө буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өглөө мэс заслын эмч Батцэнгэл үзээд яаралтай Улаанбаатар яв гэж 13/А маягт хийж өгсөний дагуу охин бид хоёр эгч Отгонцэцэгийн хамтаар эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод ГССҮТ-ийн хүлээн авах дээр нь очиход шинжилгээнүүд аваад тэр оройгоо ГССҮТ-ийн тархины тасагт хэвтүүлсэн. Охин бид хоёрыг эмнэлэгт хэвтээд 3 хоног эмчилгээ хийгээд 4 дэх хоног дээр нь миний охинд тархины хагалгаа хийсэн. Хагалгаа амжилттай болоод охин бид хоёр 8 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гэртээ гарсан. Гэртээ гараад харъяа дүүргийн эмнэлэг дээр 3 хоногт 1 удаа боолт хийлгэж байгаад оёдлоо авхуулсан юм. /хх-ийн 24-25 дахь тал/

Гэрч И.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: И овогтой Б 1982 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд И-ийн 3 дахь хүү болж төрсөн бөгөөд бага насаа ээж Бямбацэрэн, эмээ Амгалан нарын гар дээр мал аж ахуй эрхэлж өссөн. Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуульд 1990 онд 1 дүгээр ангид орсон боловч эхний 2 сар суугаад сургуулиас гарсан бичиг, үсэг огт мэдэхгүй хүн байгаа юм. Ээж, эмээ нарын хамтаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт мал маллаж амьдарч байгаад 2013 онд Номинзул гэдэг хүнтэй гэр бүл болж хамт амьдарсан боловч хүүхэд гаргаагүй. Тэр хоёр гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Номинзул, Б нар 7-8 жил хамт амьдарч байгаад салсан юм. Одоо Б аминдаа 200 орчим малтай. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт ганц биеэрээ амьдардаг юм. И.Бд 5 ханатай 1 гэр, 4 ханатай гэр байгаа. 200 гаруй мал байгаа 1 мотоцикль, 1 муухан портер машин байх ёстой. Өөр хөрөнгө байхгүй. ...Сүүлд сонсоход аяга шидээд нөгөө аяга нь ээжийн гэрийн хаалгыг онож хагараад манай төрсөн эгчийн охин Өын охин Гын толгойд гэмтэл учруулсан гэж сонссон. /хх-ийн 31 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Гын биед тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Т.Гын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Т.Гын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 34-35 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Гын биед духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух ясанд цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Т.Гын биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Т.Гын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 40-41-р хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 34/21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжээчид тавьсан асуулт: а/ И.Б нь сэтгэл, мэдрэл .Эрүүл мэндийн хувьд эрүүл эсэх? Хэрэв өвчтэй бол ямар өвчтэй вэ? б/ И.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх? в/ Й.Б нь хэрэв сэтгэцийн өвчтэй бол цаашид ямар эмчилгээнд хамрагдах шаардлагатай эсэх. Түүнд өгсөн хариулт, түүний үндэслэл: а/ И.Б нь сэтгэцийн хувьд эрүүл болно. И.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай /хх-ийн 46-р хуудас/

Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бага насны хүүхдийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. /хх-ийн 53-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай албан тоот /хх-ийн 56-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 81-р хуудас/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/

Өвчний түүх /хх-ийн 91-101, 103-116-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 126-127-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг “Гучин Сүүжийн ус” гэх газарт байх А.Бямбацэрэнгийн гэрт Б.Баттөртэй үл ялих зүйлийн улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч И.Б иргэн Б.Баттөр рүү аяга шидсэний улмаас гэрийн үүдэнд байсан бага насны буюу 3 настай Т.Гын толгойн тус газарт оносон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Тгийн: ...Эмээгийндээ очоод байж байхад нь Н.Өын нагац ах Б нь хүргэн Баттөр болон тэнд байсан хүмүүст уурлаад Баттөр рүү аяга шидсэн чинь гэрийн хаалган дээр очиж хагараад хагарсан аяганы хэсэг нь эргэж ойгоод миний охины толгойг оносон гэсэн. /хх-ийн 12-13 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Өын: ... Тэгж байхад Баттөр гаднаас орж ирээд гэрийн баруун урд талын хаяанд суусан. Тэгсэн чинь Баттөрийг янз бүрээр хэлээд бид нарт уурлаад байхаар нь би гэрээс хүүхдээ аваад гарах гээд гэрийн баруун талаар явж байхад тас гэсэн чимээ гарсан. Тэгсэн манай хүүхэд час хийгээд уйлаад эхэлсэн. Би хүүхдээ хөтлөөд гэрээс гараад харсан чинь миний охины баруун талын дух хэсэг цаашаа цөмрөөд орсон байдалтай цус гарч байсан. /хх-ийн 24-25 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч И.Эийн: ...Сүүлд сонсоход аяга шидээд нөгөө аяга нь ээжийн гэрийн хаалгыг онож хагараад манай төрсөн эгчийн охин Өын охин Гын толгойд гэмтэл учруулсан гэж сонссон. /хх-ийн 31 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.Бы үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Гын эрүүл мэндэд духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух ясанд цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг “Гучин Сүүжийн ус” гэх газарт байх А.Бямбацэрэнгийн гэрт Б.Баттөртэй үл ялих зүйлийн улмаас маргаж, Б.Б-рүү аяга шидсэний улмаас гэрийн үүдэнд байсан бага насны буюу 3 настай Т.Гын толгойн тус газарт онож, биед нь тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний охин Т.Гд гэмтэл учруулсан И.Бд холбогдуулан гаргах гомдол санал байхгүй болохоо ...үүгээр мэдэгдэж байна. Цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар эмчилгээний зардлаа шүүгдэгч И.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг минь баталгаажуулж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүгдэгч И.Б нь хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 8.000.000 төгрөг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Т.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгааг харгалзан цаашид хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж, нэхэмжлэлээ хангуулах хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч И.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч И.Бы хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн...” хх-ийн 67 дахь тал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай албан тоот /хх-ийн 56-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 81-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж харамсаж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ялыг хуульд заасан бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. И.Б нь 3 сар 10 хоногийн хугацаанд цагдан хоригдсон хугацааг ялаас нь хасаж тооцож өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилсан ба шүүгдэгч И.Бд оногдуулсан 10.000.000 /арван сая / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүх улсын яллагчийн ...шүүгдэгч И.Бы цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ... И.Бы 3 сар 10 хоногийн цагдан хоригдсон хугацааг ялаас нь хасаж тооцож өгнө үү гэх саналыг тус тус хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бы цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэн, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж, 1.470.000 төгрөгийг торгох ялаас хасахаар тогтоож шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.Б нь 98 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бага насны хохирогч Т.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нарт 8.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн И-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бы цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, 1.470.000 төгрөгийг торгох ялаас хасахаар тогтоосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч И.Б нь 98 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бага насны хохирогч Т.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нарт 8.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг

шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА