| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2019/0577/Э |
| Дугаар | 582 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 582
О.Нт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Цэрэнжамц,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 604 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Н болон түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын давж заалдах гомдлуудад үндэслэн О.Нт холбогдох 1806061190629 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Шаавай овгийн Оы Н, 1988 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.
О.Н нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Шар хад”-ны эцэст байх баарнаас Н.Обаттай хамт гарч гудамжинд алхаж яваад урд тааралдсан том шалбаагийг “Утасны гэрэл тусган гаргаад өгье” гэж “Huawei Р-smart” загварын гар утсыг нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шаавай овогт Оы Ныг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Нт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Нын урьд хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Наас 350.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Обатад олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө нь төлж барагдуулахаар олон удаа утасдаж залгасан боловч хохирогчийн утас холбогдохгүй байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулах болно. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс учруулсан хохирлоо огт нөхөн төлөөгүй. Урьд нь зөрчил үйлдэж байсан мөн хувийн байдлыг харгалзан үзэж гэх шалтгаанаар улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг харгалзалгүй 3 жил хаалттай байгууллагад ял эдлүүлэхээр хүндрүүлсэн шийдвэр гаргасан нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг эрс дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Би хуулийн мэдлэггүйн улмаас амьдралдаа дахин хар толбо суулгасан энэ хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Энэ гэм буруутай үйлдлийн маань золиосонд бие муутай эцэг, эх, 2 настай бяцхан охин минь бүгд сэтгэлийн шарх эдлэн хоцорч байгаад миний бие харамсаад ч барахгүй байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн минь хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснар хорих ял эдлэх дэглэмийг минь өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ О.Н нь 2016 онд 2 удаа хулгайн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс баривчлах болон хорих ял шийтгүүлсэн... , энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо огт нөхөн төлөөгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хангах шаардлагагүй гэж дүгнэлээ гэжээ. О.Н нь 2016 онд 2 удаа ял шийтгүүлсэн, 2017 оны 07 дугаар сарын 01 өмнө ялын хугацаа дуусаж, хорих ангиас суллагдсан нь 2016 оны 12 дугаар сарын 03 өдрийн эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцогдохгүйн дээр ялтай байдал нь эрүүгийн хуульд байхгүй болсон. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан, нэг удаагийн үйлдэлтэй, бага хэмжээний хохиролтой зэргийг харгалзан нийтэд тустай ял оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Н нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байсан боловч прокурорын шатнаас хэрэг шүүх рүү шилжүүлэх үед нийт 5 удаа дуудахад ирээгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн. Прокуророос нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан боловч анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нь хувийн байдлынхаа хувьд ял шийтгэл эдлээд суллагдсаныхаа дараа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байгаа учраас шүүхээс хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч О.Н нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Шар хад”-ны эцэст байх бааранд хохирогч Н.Обаттай танилцан, түүнтэй хамт гарч гудамжинд алхаж явахдаа урд тааралдсан том шалбаагийг “Утасны гэрэл тусгаад гаргана” гэж хохирогчийн “Huawei Р-smart” загварын гар утсыг нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Обатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гар утсаа гаргаж ирээд гэрлийг нь асааж зам руу тусгасан. О.Н нь “алив утсаа өгч бай, энэ талаар гарч болох нь уу би хараадхъя” гээд гараа сарвайхаар нь би гар утсаа өгсөн. О.Н нь миний утсыг авч шалбаагны хажуу талаар гэрэл тусгаж гараад намайг араас нь гарч амжаагүй байхад тэр чигтээ зугтаад гүйгээд явсан. Би араас нь хайгаад гүйцээгүй ба олоогүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 14-17),
хөрөнгийн үнэлгээний “Тод” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 03/134 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 26),
шүүгдэгч О.Нын яллагдагчаар өгсөн “...Тэгэхээр нь би нөгөө залуугаас “утсаа өгч байгаач гэрэл тусгая” гэж хэлсэн. Нөгөө залуу надад утсаа өгөхөөр нь би гэрэл тусгаад шалбааг туулж гараад явсан. Нөгөө залуу ард үлдсэн. Би тэр залууг сайн танихгүй. Тэр өдөр караоке бааранд танилцсан. Нэрийг нь Н.Обат гэсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 36-37) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн О.Ныг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаар 1 хуудас нотлох баримтыг гарган өгчээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж...” гэж дүгнэсэн атлаа бусдын эд хөрөнгийг залилж авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр 3 жил хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзнэ.
Харин шүүгдэгчийн урьд хорих ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, шүүгдэгч О.Нт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр давж заалдах шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч О.Нын гаргасан давж заалдах гомдлын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хэсгийг хангав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар О.Нт оногдуулсан нэг жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.ОЧ