Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/00781

 

 

 

   2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2018/00781

       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, “Эн Ти Эн” цамхаг, 5 давхарт оршин байгаа, “” ХХК /рд:5138833/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Төгөлдөр 12 хотхон, 101 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5722438/-д холбогдох,

 

78,600,000 төгрөгийн үнэ бүхий 00-17 УБВ улсын дугаартай Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“” ХХК нь тус компанитай 2015 оны 07 сарын 31-ний өдөр 4100199 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 00-17 УБВ улсын дугаартай Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг 48 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр авсан билээ.

Хариуцагч нь 2017 оны 08 сарын 14-ний өдрөөс хойш гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй бөгөөд бидний зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан.

Хариуцагч нь дээрх байдлаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүй тул бид Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авах талаар хариуцагчид мэдэгдэх гэсэн боловч хариуцагч бидэнтэй огт уулздаггүй, утсаа авдаггүйгээс түрээсийн зүйл болох автомашиныг өнөөдрийг хүртэл бидэнд хүлээлгэж өгөхгүй байна.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтад заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авах үндэслэл бий болсон тул хариуцагчаас 78,600,000 төгрөгийн үнэ бүхий 00-17 УБВ улсын дугаартай Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, санхүүгийн түрээсийн зүйл болох 00-17 УБВ улсын дугаартай Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Талууд 2015 оны 07 сарын 31-ний өдөр 41000199 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, түрээсийн зүйлийг ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу түрээслэгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-6-9х/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Хэрэгт авагдсан Дансны хуулгаар түрээслэгч “” ХХК нь түрээсийн зүйл болох 00-17 УБВ улсын дугаартай Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашины түрээсийн төлбөрийг 2017 оны 08 сарын 14-ний өдрөөс хойш төлөөгүй үйл баримт тогтоогдож байна. /хх-11х/

 

Мөн нэхэмжлэгч “” ХХК нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу түрээсийн зүйлийг түр буцаан авах тухай “” ХХК-д 2017 оны 06 сарын 22-ны өдрийн шаардах хуудсаар урьдчилан мэдэгджээ. /хх-12х/

 

Иймд түрээслүүлэгч “” ХХК нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй” тохиолдолд түрээсийн зүйлийг түрээслүүлэгчээс түр буцаан авах эрхтэй гэж заасны дагуу 00-17 УБВ улсын дугаартай Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг гаргуулахаар шаардах эрхтэй. 

 

Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 03 сарын 09-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр “” ХХК-д холбогдуулан гаргасан “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Энэхүү шийдвэр нь талуудын хооронд үүссэн Санхүүгийн түрээсийн гэрээний харилцааг дуусгавар болгохгүй бөгөөд хууль болон гэрээнд заасны дагуу талууд эрх, үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг тусад нь захирамжаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар 00-17 УБВ улсын дугаартай, JTMHV09J904172777 арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн Тоёота Лэнд Круйзер 200 /Toyota Land Cruiser 200/ маркийн автомашиныг хариуцагч “” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.   

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 551,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д буцаан олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.НЯМБАЗАР