Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

 

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр                   Дугаар 2022/ШЦТ/83                                        Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ш.С,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Ш-ын Сд холбогдох 2228001280079 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Ш.С нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 20-1 тоот хашаанд Д.Отой нурсан хашаан дээр хүүхэд тоглосон асуудлаас болж маргалдаж, түүний толгой бие хэсэг рүү чулуу шидэж турба төмрөөр зүүн гар цээж бүсэлхий хэсэгт цохиж олсоор бие хэсэгт шавхарч биед нь тархины доргилт дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр бугалга шуу баруун гуя өвдөгний цус хуралт, цээжний ар бүсэлхий дэх зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С-ийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр салхинд нурсан хашааг манай 5 настай хоёр ирэх хүүхдийг нураасан гэж муудалцсан. Д.О Их-Уулын 20-03 тоотод манай хашаанд орж ирж намайг зодсон. Өөрийгөө хамгаалах гэж тухайн үйлдлийг гаргасан. Д.О манай хашаанд орж ирж янз бүрийн үйлдэл гаргаагүй байсан бол би тийм үйлдэл гаргахгүй байсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дэлгүүр орчихоод буцаад гэррүүгээ явж байтал манай баруун хашааны хүүхдүүд манай хоёрын голын хашааны шургаа нь хугарч хашаа нь нурах гээд жайжийсан хэсэгт тоглоод байсан. Тэгэхээр нь би хашаан дээрээс буу наадах чинь нурж ойчоод та нарыг дарж ойчвол яах юм бэ? Бэртэж гэмтвэл хэн хариуцах юм бэ гэж хэлчихээд хашаандаа ортол том том чулуу хашаан дээгүүр шидлээд байсан. Тэгээд сүүлдээ тоосго яс зэрэг шидээд байсан. Би баруун хашааны хүүхдүүд шидлээд байна гэж бодоод боль гээд очиход хүүхдүүд биш С байсан. Тэгээд би болиоч чи толгой хагаллаа гэхэд яадаг юм чи дандаа хүүхдүүд хашаан дээрээс буу гэж загнадаг гээл хашхираад намайг хараагаад нурсан хашааны хэсгээр манай хашаанд орж ирээд хашаанд байсан том том чулууг над руу шидсэн. Уг шидсэн чулуунууд нь миний толгой давсаг, гэдэс, хөл, гар хэсэгт оносон. Тэгээд би болиоч чи ямар солиотой юм бэ гэхэд хуц яадаг юм бэ гээд манай хашаанд орж ирэхдээ гартаа барьсан байсан хуруу хэртэй бүдүүн бөөрөнхий цагаан өнгийн олсоор миний толгой хэсэгт 4-5 удаа шавхарсан. Тэгээд нүүр нүдгүй шороо чулуу самардаад цацсан боль гэхэд яадаг юм гээд байсан. Арай гайгүй болоод маргалдаад хүүхдүүд чинь гэмтвэл яах юм гэхэд тэр чамд ямар хамаатай юм. Гэмтэж л байг гээд маргалдаад гэрийнхээ үүдэнд байсан тогоотой өөхөн тосыг над руу цацаад нөгөө тогоогоороо миний толгой руу цохьсон. Тэр нь хүчтэй бол оноогүй. Тэгээд газарт байсан турба төмрөөр зүүн гар бие хэсэгт цохьсон. Би дахиж цохиулахгүйн тулд Сэгийн зүүн гарыг нь бариад цохиулахгүй хориод байж байтал цагдаа ирсэн. ...Над руу тос цацсаны улмаас миний тухайн үед өмсөж байсан өмд цамц бохирдоод тос нь салахгүй байгаа. Түүнийгээ төлүүлж авмаар байна. Мөн эм тариа авсан 80.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Уг эм тариа авсан баримтаа хаячихсан юм. Миний өмсөж байсан хувцаснууд нийт 40.000 төгрөгийн үнэтэй хувцас байсан. /хх-ийн 24 дэх тал/

 

Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдрийн 10 цаг өнгөрч байхад Ш.С нь Цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй байгаа тул оршин суух хаягт нь очих хэрэгтэй байна гэсний дагуу мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа А.Т, мөрдөгч дэд ахлагч Б.С нарын хамт Хан-Уулын 20-3 тоот хашаанд очсон. Уг газарт очоод мөрдөгч Б.С ганцаараа иргэн Ш.Стэй уулзан гэрт нь очиж ярилцсан бөгөөд тухайн үед би гэрийн гадаа зогсож байсан. Гэрт яригдаж байгаа яриаг сонсож байхад мөрдөгч Б.С та Цагдаагийн байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй. Таныг дуудсан боловч та ирэхгүй байна. Тиймээс бид таны гэрт ирж тантай уулзаж байна. Та одоо бид нартай хамт явах юмуу? Араас очих юмуу? Гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагатай байна. О гэх хүнтэй маргалдаж биед нь халдсан хэргийн талаар мэдүүлэг авах гэсэн юм гэж хэлж ярихад С мөрдөгч Б.Сыг эсэргүүцэн өмнөөс нь хашхичин хулгайч писда гэх мэтчилэн хараалын үг хэлж хэл амаар доромжлон очиж чадахгүй явахгүй гэсэн утга бүхий зүйлс хэлж эсэргүүцэж байсан. Мөрдөгч Б.С гэрт 10 орчим минут болсны дараа дэд хурандаа А.Т гэрт орсон. Би араас нь ороход Ш.С нь А.Т-ыг нарийн хар өнгийн зөөлөн зүйлээр хөл хэсэгт нь шавхарч би явахгүй хэмээн хэл амаар доромжлон эсэргүүцэл үзүүлсэн ба Цагдаагийн байгууллага хүч хэрэглэн авч явах гэхэд гэрийн хойно ширээн дээр байсан халуун савыг авч дэд хурандаа А.Т-ын толгой хэсэгт шууд цохиход уг халуун сав хагарсан ба Сэлэнгийг баривчилж  цагдаагийн байгууллагад авчирсан. /хх-ийн 28 дахь тал/

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: С О руу шороо чулуу цацаад байсан. Тэгээд С гэрийнхээ үүдэнд байсан тогоотой тосыг аваад О руу цацаад төмөр турба аваад гар хөл нуруу руу цохьсон. Тэгсэн О намайг цагдаа дуудаад өг гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд О С-ийн гараас нь бариад цохиулахгүй хориглоод маргалдаад байж байтал цагдаа нар ирж уг маргааныг зогсоосон. /хх-ийн 30 дахь тал/

 

Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөгч, цагдаагийн дэд ахлагч Б.С нь Ш.С гэх эмэгтэйг гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан боловч ирэхгүй байна гэж илтгэсний дагуу нөхцөл байдалтай танилцахаар мөрдөгч цагдаагийн дэд ахлагч Б.С ахлагч А.Ц нарын хамт Ш.С-ийн хаягаар гэрт очсон. Эхлээд мөрдөгч Б.С холбогдогчийн гэрт орж удалгүй чанга дуугарах чимээгээр гэрт ороход Ш.С нь намайг шууд хэл амаар доромжилж эхэлсэн ба гэрт байсан нарийн хар өнгийн туялзсан урт зүйлээр миний хөл хэсэгт шавхарсан. Би Ш.С-ийн уг үйлдлийг хориглон хязгаарлах үйлдэл хийх үед Ш.С нь гэрийн хойно ширээн дээр байсан халуун саваар миний толгой хэсэгт цохьсон ба Ш.С-ийн үйлдлийг биеийн хүч хэрэглэн таслан зогсоож ахлагч А.Цийн гаваар гарыг нь гавалж Цагдаагийн байгууллагад авчирсан. /хх-ийн 33 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Оы биед тархины доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга шуу, баруун гуя, өвдөгний цус хуралт, цээжний ар, бүсэлхий дэх зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 39 дэх тал/

 

Шүүх сэтгэцийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжлүүлэгч Ш.С нь сэтгэцийн хувьд эрүүл, шинжлүүлэгч Ш.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, шинжлүүлэгч Ш.С нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 44 дэх тал/

 

Шүүгдэгч Ш.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр маргалдаад О руу газраас чулуу аваад хэд хэдэн удаа шидсэн юм. Уг шидсэн чулуунууд том чулуу бол байгаагүй. Тэгээд бид хоёр маргалдаж хэрэлдсэн. О манай хашаанд орж ирээд чамайг ална энэ хашаанаас чинь зайлуулна гээд хашхичаад зууралдаад байхаар нь зайл миний биеэс тавь гэсэн чинь тавихгүй байсан. Би тэгэхээр нь газарт байсан олсыг аваад Оы мөр гар толгой бие хэсэгт нь хэд хэдэн удаа шавхарсан. Тухайн үед О миний биеэс зуураад нуруу хэсэгт утас барьж байсан гараараа цохиод байх шиг байсан. Тэгээд би гэрийн үүдэнд байсан тогоотой тосыг аваад цацахад Оы хувцас тос болсон. Уг тос нь хөрчихсөн тос байсан. Би тостой байсан тогоогоор Оыг цохиход хальт оносон. Хүчтэй бол оноогүй. Тэгээд газарт байсан турба төмрөөр зүүн гар бие хэсэгт нь цохьсон. Би нэг их цохиж зодоод сүйд болоогүй. О бол урьд өмнө нь манай хүүхдүүдийг загнаж, гудманд байсан хогийг хүртэл танайх хаясан гэж гэрт орж ирж бид нарыг загнаж дарамталдаг. /хх-ийн 07 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.О, шүүгдэгч Ш.С нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 20-1 тоот хашаанд Д.Отой нурсан хашаан дээр хүүхэд тоглосон асуудлаас болж маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Ш.С нь хохирогч Д.Оы түүний толгой бие хэсэг рүү чулуу шидэж турба төмрөөр зүүн гар цээж бүсэлхий хэсэгт цохиж олсоор бие хэсэгт шавхарсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оы: 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дэлгүүр орчихоод буцаад гэр рүүгээ явж байтал манай баруун хашааны хүүхдүүд манай хоёрын голын хашааны шургаа нь хугарч хашаа нь нурах гээд жайжийсан хэсэгт тоглоод байсан. Тэгэхээр нь би хашаан дээрээс буу наадах чинь нурж ойчоод та нарыг дарж ойчвол яах юм бэ? Бэртэж гэмтвэл хэн хариуцах юм бэ гэж хэлчихээд хашаандаа ортол том том чулуу хашаан дээгүүр шидлээд байсан. Уг шидсэн чулуунууд нь миний толгой давсаг, гэдэс, хөл, гар хэсэгт оносон. Тэгээд би болиоч чи ямар солиотой юм бэ гэхэд хуц яадаг юм бэ гээд манай хашаанд орж ирэхдээ гартаа барьсан байсан хуруу хэртэй бүдүүн бөөрөнхий цагаан өнгийн олсоор миний толгой хэсэгт 4-5 удаа шавхарсан. Тэгээд нүүр нүдгүй шороо чулуу самардаад цацсан боль гэхэд яадаг юм гээд байсан. хх-ийн 24 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: С О руу шороо чулуу цацаад байсан. Тэгээд С гэрийнхээ үүдэнд байсан тогоотой тосыг аваад О руу цацаад төмөр турба аваад гар хөл нуруу руу цохьсон. Тэгсэн О намайг цагдаа дуудаад өг гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд О С-ийн гараас нь бариад цохиулахгүй хориглоод маргалдаад байж байтал цагдаа нар ирж уг маргааныг зогсоосон /хх-ийн 30 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Оы эрүүл мэндэд тархины доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга шуу, баруун гуя, өвдөгний цус хуралт, цээжний ар, бүсэлхий дэх зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дэх тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.С нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 20-1 тоот хашаанд Д.Отой нурсан хашаан дээр хүүхэд тоглосон асуудлаас болж маргалдаж, түүний толгой бие хэсэг рүү чулуу шидэж турба төмрөөр зүүн гар цээж бүсэлхий хэсэгт цохиж олсоор бие хэсэгт шавхарч биед нь тархины доргилт дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр бугалга шуу баруун гуя өвдөгний цус хуралт, цээжний ар бүсэлхий дэх зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Д.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Мөн эм тариа авсан 80.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Уг эм тариа авсан баримтаа хаячихсан юм. Миний өмсөж байсан хувцаснууд нийт 40.000 төгрөгийн үнэтэй хувцас байсан /хх-ийн 24 дэх тал/ гэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ш.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж шийдвэрээ гаргахаар хуульчилсан боловч хохирогч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүйн улмаас шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх хэдий ч шүүгдэгч шүүх хуралдаанд ... Би тал хувийг нь төлье гэсэн бодолтой байна гэх тайлбар гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Сэс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 60.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Од олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Ш.С-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Ш.С-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ш.С-ийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 58 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ш.С нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ш.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Ш.С нь өөрийгөө өмгөөлж ... Би хурдан хугацаанд их мөнгө гаргаж өгөх боломжгүй. Ихэр хүүхдээ хараад гэртээ суудаг гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ш.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 4 хүүхдийн мөнгөөр амьдардаг болох нь түүний хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг, яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт зэргээр тогтоогдож байх тул түүнд торгох шийтгэл оногдуулах нь түүний хувийн байдалд нийцэхгүй гэж үзэж шүүгдэгч Ш.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Сд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Од 60.000 төгрөгийн төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Тайж овгийн Ш-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сэс 60.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О /Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Их-Уулын 20-04 тоотод оршин суух, регистрийн дугаар:/-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Д.О-д 60.000 төгрөгийн төлөх төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА