| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/00497/И |
| Дугаар | 181/ШШ2018/00841 |
| Огноо | 2018-04-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2018/00841
| 2018 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 181/ШШ2018/00846 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-4, өөрийн байранд оршин байгаа, “” ХХК /рд:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байгаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 4/1956 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, Г.Баттөгс, хариуцагчийн төлөөлөгч Ч.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2111 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 947 тоот магадлалаар иргэн Д.Баттулгаас зээл хүүгийн төлбөрт 43,175,764 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 373,828 төгрөг, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00525 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 482 тоот магадлалаар иргэн Д.Баттулгаас зээл, хүүгийн төлбөрт 54,382,061 төгрөгийг тус тус гаргуулж инд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрүүдэд албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигдэн гарсныг банк 2016 оны 06 сарын 17-нд мөн 2016 оны 08 сарын 17-нд тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зээлийн үүрэгт барьцаалагдсан иргэн Д.Баттулгын өмчлөлийн Ү-2203017196 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Нуурын 7 дугаар гудамжны 68 тоотод орших 338 м.кв талбайтай хувийн сууц, иргэн Д.Баттулгын өмчлөлийн Ү-2203004165 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Нуурын 7 дугаар гудамжны 68 тоот орших, 337 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын тус тус НШШГГ-аас 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 14/17 тоот тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас 2018 он 01 сарын 09-ний өдөр үнэлгээний тайланг НШШГГ-т хүргүүлсэн байна.
Тус банкинд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 4/1956 тоот мэдэгдлээр зээлийн барьцаа хөрөнгө болон хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 354,600,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг мэдэгдсэн.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заажээ.
Банк нь дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд барьцааны үл хөдлөх хөрөнгө нь төвийн дулааны шугам сүлжээ болон цэвэр, бохир, бохир усны шугаманд холбогдоогүй мөн гурван тал модон хагас дутуу хашаатай, гадны тохижилт, зам талбай байхгүй болно.
Энэ нь тус банкны барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт өндөр үнэлгээ тогтоосон нь хууль бус байна. Мөн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо төв зам дагуух нүүрэн талын үл хөдлөх эд хөрөнгө болон газартай харьцуулж үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй юм.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 4/1956 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00525 дугаар шийдвэрээр Д.Баттулгаас 54,811,922 төгрөг гаргуулж инд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Д.Баттулгын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017196, Г-2203004165 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Нуурын 7-р гудамжны 68 тоот, 338 м.кв талбайтай хувийн сууц, 337 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49-р зүйлд заасны дагуу 2016 оны 10 сарын 06-ны өдөр битүүмжлэн, 2017 оны 09 сарын 26-ны өдөр хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 12 сарын 12-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилоход Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Нуурын 7 дугаар гудамжны 68 тоот, 338 м.кв талбайтай хувийн сууц, 337 м.кв талбайтай газрыг 354,600,000 төгрөгөөр үнэлсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Нуурын 7 гудамж, 68 тоот хаягт байрлах 338 м.кв талбайтай хувийн сууц, 337 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 354,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 4/1956 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 4/1956 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан.
Шүүх дараах үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00525 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн 482 дугаар магадлалаар хариуцагч Д.Баттулгаас 54,811,922 төгрөгийг гаргуулж, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/2111 дүгээр шийдвэрээр хариуцагч Д.Баттулгаас 43,549,592 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 162808000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-наас Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, нуурын 7 гудамж, 68 тоот хаягт байрлах 338 м.кв талбайтай хувийн сууц, 337 м.кв талбайтай газрыг 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 153/10/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 153/9/26 тоот тогтоолоор хураасан байна.
Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 17/04 тоот тогтоолоор үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр хувийн сууц, газрын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилжээ.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2018 оны 01 сарын 09-ний өдөр дүгнэлтийг бичгээр гаргасан байх ба хувийн сууц, газар эзэмших эрхийн зах зээлийн үнийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн байдлаар 354,600,000 төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 4/1956 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Д.Баттулга болон төлбөр авагч “” ХХК-д тус тус мэдэгдсэн байна.
“” ХХК нь дээр дурьдсан үнэлгээг эс зөвшөөрч 2018 оны 02 сарын 05-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь үнэлгээг хуулийн хугацаанд танилцуулагүй, хувийн сууц, газрыг зах зээлийн ханшаас хэт өндрөөр үнэлсэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлд заасан журмыг зөрчсөн гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргадаг.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжин тайлбарласан шаардлагын үндэслэл тус бүрийг дүгнэхэд:
а/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж ...” хэмээн заажээ.
Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ нь 2018 оны 01 сарын 09-ний өдөр гэсэн огноотой байх боловч түүнийг шийдвэр гүйцэтгэгч хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй буюу үнэлгээнд тусгагдсан огноог шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан огноо гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацааг хэтрүүлсэн нь тухайн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
б/. Нэхэмжлэгч тал тухайн хувийн сууц, газар эзэмших эрхийг зах зээлийн ханшаас хэт өндрөөр үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч түүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу зах зээлийн ханшаас хэт өндрөөр үнэлсэн болох нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, адил чанар, байршил, талбай бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ ханш хэд байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх зах зээлийн ханшаас хэт өндөр байгаа эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.
в/. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 14/14 дүгээр “Шинжээч томилох тухай” тогтоолд ямар этгээдийг шинжээчээр томилж байгаа нь тодорхойгүй, мөн дүгнэлт гарган ирүүлэх хугацааг заагаагүй байна.
Иймд дээр дурьдсан тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон гэж үзэх үндэслэлгүй, улмаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд цаашид ашиглах боломжгүй байна.
Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу шинжээчид Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан талаар, 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу шинжээч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж дүгнэв.
Дээр дурьдсан үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: